Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 128/2016/0188/З/ |
Дугаар | 33 |
Огноо | 2017-01-30 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 33
“Монре констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ундрахтамир, хариуцагч нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С.Болорцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Э.Нарангарав, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 748 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 766 дугаар магадлалтай, “Монре констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С.Болорцэцэгт холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 748 дугаар шийдвэрээр Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4, 5 дугаар зүйлийн 5.6, 5.7, 5.9, 5.11, 52 дугаар зүйлийн 52.2, 52.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Монре констракшн” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 02-04-129/1459 тоот дүгнэлтийн “Монре констракшн” ХХК-д холбогдох 1, 2, 3 дахь заалтыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд 766 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 748 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхижээ.
Хариуцагч нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С.Болорцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг буруу үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, багасгах, ихэсгэх эрхгүй этгээдээс нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байхад хэрэг хянан шийдвэрлэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн төдийгүй шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
1. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 02/1711 тоот албан бичигт “Монре констракшн” ХХК-ийн эзэмшил газрын баруун талд “Мөнхийн үсэг” ХХК нь ...тухайн газрыг шалгаж, тухайн газар дээрх зөрчлийг арилгуулж эрчим хүчээр хангахгүй байхыг хангагч байгууллагууд руу мэдэгдэл өгч хамтран ажиллана уу” гэжээ. Дээрх албан бичигтэй танилцан шалгахад нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 30 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн хэмжээнд газар ашиглалттай холбогдон үүссэн зөрчлийг арилгахад баримтлах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1.1-д “нийслэлийн газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөө, хот байгуулалтын баримт бичиг буюу хотын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөг зөрчиж газар эзэмшиж, ашигласан”, 2.1.4-т “эзэмшил газрын хэмжээг дур мэдэн ихэсгэсэн”, 2.1.6-д “Барилга, байгууламжийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй өргөтгөсөн, шинээр барьсан”, 2.1.11-д “зурвас газар, хамгаалалтын бүс, аюулгүйн болон эрүүл ахуйн бүс, зам, шугам сүлжээ бүхий газарт газар эзэмшиж, ашигласан” гэж тус тус заасан бөгөөд уг заалтуудад тусгагдсан зөрчил зөрчил гэж нийслэлийн нутаг дэвсгэрт хууль тогтоомж, бүх нийтээр дагаж мөрдүүлэхээр тогтоосон захиргааны журмыг санаатай буюу болгоомжгүйгээр зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй байсан бөгөөд 5 дугаар зүйлийн 5.10.2-т “зөрчлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу таслан зогсоох арга хэмжээ авах, зөрчлийг арилгах талаар эрх бүхий этгээдийн шийдвэр гаргах” заалтыг үндэслэн шийдвэр гаргахаар хяналт шалгалтын ажлыг эхлүүлсэн.
Дээрх албан бичигт дурдагдсан “Мөнхийн үсэг” ХХК, “Монре констракшн” ХХК-иуд нь Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлд тусгагдсан маргаан биш тус компаниудад газар олголтын асуудлыг шийдвэрлэхдээ төрийн байгууллага нь Газрын тухай хууль, Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 102 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга байгууламж, борооны болон хөрсний ус зайлуулах шугамын хамгаалалтын зурвас, засвар үйлчилгээний журам”, Эрүүл мэндийн сайдын 2009 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 51/75 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн дэглэм”-д заасан заалтуудыг мөрдөхгүйгээр газар олгосон зөрчлүүдэд улсын байцаагчийн эрхийн хүрээнд GS-11-0223:2013 дугаар стандартын дагуу дүгнэлтийг үйлдэн гаргасан нь хяналтын хамрах хүрээг хэтрүүлээгүй бөгөөд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.3-т “төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ” гэж заасныг зөрчөөгүй.
Мөн удирдамжид нийслэлийн Өмчийн харилцааны газар, “Мөнхийн үсэг” ХХК, “Монре констракшн” ХХК-иудыг хамруулан хяналт шалгалтыг хийнэ гэсэн нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д “хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ”, 52 дугаар зүйлийн 52.3-т “төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ” гэж заасныг зөрчөөгүй бөгөөд зөрчил гаргасан нийслэлийн Газрын албаны /хуучин нэрээр/ мэргэжилтэн Ц.Шижирт арга хэмжээ авахуулах талаар 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 02-02/2990 тоот албан бичгийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт хүргүүлсэн.
2. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 02/1711 тоот албан бичгийг манай байгууллагад ирүүлснээр Дэд бүтцийн хяналтын хэлтэст шалгагдаж байгаад 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтэст шилжин ирснээр хэлтсийн дарга Д.Бат-Өлзий нь “холбогдох материал дээр дүгнэлт гаргах” цохолттойгоор надад хүлээлгэн өгсөн тул 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 02-02/515 тоот “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжийг боловсруулж дэд дарга Э.Болорчулуунаар батлуулан хяналт шалгалтыг хуульд заасан хугацаанд буюу 4 хоногийн дотор эхлүүлсэн юм.
Шалгалтын хугацаанд нотлох баримт болох хяналтын хэмжилт хийж ирээгүйгээс удирдамжийн хугацаа нь дууссан тул GS-11-0223:2013 дугаар бүхий Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандартын 9 дүгээр зүйлийн 1.15-д “Хяналт шалгалтын удирдамж нь эрх бүхий албан тушаалтнаар батлагдсан, нэгдсэн дугаартай байж хүчин төгөлдөр баримт бичиг болохоос гадна зөвхөн удирдамж баталсан албан тушаалтан удирдамжийн хугацаа, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж болно” гэж заасныг үндэслэн шалгалтын үргэлжлэх хугацааг сунгах гэсэн боловч дэд дарга Э.Болорчулуун амралттай сунгах боломжгүй байсан тул дахин 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 02-03/589 тоот “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжийг боловсруулж дэд дарга С.Даваасүрэнгээр батлуулсан.
Энэ нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т “энэ хуулийн 52.1-д заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллийг зохих нотлох баримтын хамт хяналт шалгалтын байгууллагад ирүүлэх бөгөөд уг өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл нь үндэслэлтэй гэж хяналт шалгалтын байгууллага үзсэн тохиолдолд хяналт шалгалтыг ажлын 5 өдрийн дотор эхлүүлнэ” гэж заасныг зөрчөөгүй.
3. Хяналт шалгалтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, дуусгахдаа нийслэлийн Өмчийн харилцааны газрын Хан-Уул дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч Ц.Отгонбямба, “Монре констракшн” ХХК, “Мөнхийн үсэг” ХХК-иудын холбогдох хүмүүстэй 2015 оны 7 дугаар сард өөрийн биеэр уулзаж, шалгалтын зорилго, бүрэлдэхүүн, удирдамжийн талаар танилцуулж, дээрх компаниудаас шаардлагатай нотлох баримтуудыг авсан. “Монре констракшн” ХХК-ийн захиралтай удаа дараа холбогдсоны эцэст 8 хуудас материалыг менежер нь авчирч өгсөн, мөн тус компанийн захирал нь өөрөө 2015 оны 9 дүгээр сард утсаар над руу залган “манай компанитай холбоотой дүгнэлт гарсан уу” гэж асууж байсан нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах бөгөөд энэхүү хяналт шалгалт нь хараат бус, шударга, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх”, 4.1.4-т “шалгуулагч этгээдэд адил тэгш хандаж, түүний хууль ёсны эрх, ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэн харилцах”, 5 дугаар зүйлийн 5.6-д “хяналт шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтан шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөх бөгөөд улсын байцаагч албаны үнэмлэхээ үзүүлнэ” гэж тус тус заасныг мөн зөрчөөгүй болно.
4. Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Д.Бат-Өлзийгийн “холбогдох материал дээр дүгнэлт гаргах” цохолт, мөн газар олголтыг шийдвэрлэхдээ холбогдох хууль, журмуудыг зөрчсөн тул нийслэлийн Өмчийн харилцааны газрын Хан-Уул дүүргийг хариуцсан газар зохион байгуулагч Ц.Отгонбямбатай уулзан шалгалтын тэмдэглэлийг 2 хувь үйлдэж, 1 хувийг нь өгсөн билээ. Энэ нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.9-д “хяналт шалгалтын явцад улсын байцаагч шалгалтын тэмдэглэлийг хоёр хувь үйлдэх бөгөөд нэг хувийг шалгуулагч этгээдэд өгөх ба шалгалтын тэмдэглэлд дараах үндсэн мэдээллийг тусгана” гэж заасныг зөрчөөгүй.
5. Шалгалтын явц, үр дүн, шалгалтаар гаргаж байгаа шийдвэрийн талаар удирдамжид заасны дагуу тухай бүр нь дээд удирдах албан тушаалтанд танилцуулсан нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.11-д “улсын байцаагч шалгалтын тэмдэглэл болон үр дүнгийн талаар дээд шатны улсын байцаагчид тухайн шалгалт дууссанаас хойш ажлын 5 өдрийн дотор танилцуулна” гэж заасныг зөрчөөгүй болно.
6. “Монре констракшн” ХХК нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 02-04-129/1459 тоот дүгнэлтийг бүхэлд нь илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлж өгнө үү” гэж нэхэмжлэлийг гаргасан байхад 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр болон 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ундрахтамир нь “... дүгнэлтийн тус компанид холбогдох 1, 2, 3 дахь хэсэг буюу өөрт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” гэж өөрчлөөд байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх, багасгах, өөрчлөх эрхгүй этгээд гаргаж байна гэж үзэж байна.
7. Анхан шатны шүүхээс зөвхөн хяналт шалгалтын үйл явц, процесстой холбогдуулан дүгнэлт хийх байдлаар хэргийг шийдвэрлэсэн. Гэтэл “Монре констракшн” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дээрх процессын гэх зөрчлөөс гадна дүгнэлтийг хууль бус гэж үзэхдээ дүгнэлтийн 1 дэх хэсэгт “өөрийн эзэмшил газраа хураалгах нэрийн дор шинээр 8000 м.кв газрыг эзэмшихээр хүсэлт гаргасан... гэх бөгөөд энэ нь 2004 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа манай эзэмшил газрын үргэлжлэл талбай учраас Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т заасан зохицуулалт хамаарахгүй, 2 дахь заалтын газар доорх дулааны шугам, үерийн далан газар эзэмшүүлсэн нь үндэслэлгүй...” гэх зэргээр дүгнэлтийг хууль зүйн үндэслэлийг буруутгадаг.
Гэтэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т “үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тус бүрт дүгнэлт өгөлгүйгээр зөвхөн журам зөрчсөн гэх үндэслэлээр маргааныг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, улсын байцаагчийн 02-04-129/1459 тоот дүгнэлтийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
Хянавал:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, геодези, зураг зүйн хяналтын байцаагч С.Болорцэцэгийн 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн “Газрын тухай” 02-04-129/1459 дүгээр дүгнэлтээр “... “Монре констракшн” ХХК нь өөрийн эзэмшил газраа хуваалгах нэрийн дор шинээр нэмж 8000 м.кв газар эзэмших хүсэлт гаргасан нь Газрын тухай хуулийн 31.2-т заасныг; уг хүсэлтийн дагуу нэмж эзэмшүүлсэн 8000 м.кв газар нь дулааны шугам, үерийн хамгаалалтын далан бүхий газар байгаа нь Газрын тухай хуулийн 33.4-т заасныг; “Монре констракшн”-ийн эзэмшиж буй нэгж талбарын 18639309397448 дугаар бүхий газар нь бүхэлдээ газар доорх дулааны шугам, үерийн хамгаалалтын далан, хамгаалалтын зурваст, “Мөнхийн үсэг” ХХК-ийн эзэмшлийн газрын хойд хэсэг нь үерийн хамгаалалтын далангийн хамгаалалтын зурваст орсон нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 102 дугаар тогтоолын 2.2-т заасныг; “Мөнхийн үсэг” компани нь барилга барихдаа 1837.64 м.кв хэмжээгээр хэтрүүлэн “Монре констракшн” компанийн эзэмшил газарт оруулан барьж Газрын тухай хуулийн 35.3.5-т заасныг тус тус зөрчсөн” гэх зөрчил тогтоон эдгээр компаниудыг буруутгасан байна.
Нэхэмжлэгч “Монре констрашн” ХХК нь уг дүгнэлтийн тус компанид хамаарах 1, 2, 3 дахь заалтуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж “төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн нэрээр хууль бус дүгнэлт гаргасан, хамааралгүй хуулийн заалтаар буруутгасан, дулааны шугам, үерийн хамгаалалтын далан суваг дээр газар эзэмшсэн мэтээр үндэслэлгүй дүгнэсэн” гэж маргажээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, “Монре констракшн” компанийн эзэмшлийн газар дээр “Мөнхийн үсэг” компани нь дур мэдэн сэндвичин барилга барьсан гэх асуудлаар эдгээрийн хооронд маргаан гарч, уг барилгыг барихдаа “зөвшөөрөл авсан эсэх”-ийг шалгуулах тухай “Монре констракшн” ХХК-ийн хүсэлтийн дагуу Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 02/1711 дугаартай албан бичигт “...“Монре констракшн” компанийн эзэмшлийн газар дээр “Мөнхийн үсэг” ХХК барилга барьсан, уг барилгыг барихдаа зөвшөөрөл аваагүй”-г дурдаж, газрын зөрчлийг шалгаж арилгуулах, холбогдох байгууллагуудад мэдэгдэл өгч, тухайн барилгыг эрчим хүчээр хангуулахгүй байх арга хэмжээ авахуулахаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт ханджээ.
Уг албан бичиг нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, геодези, зураг зүйн улсын байцаагч С.Болорцэцэгийн шалгалт хийх үндэслэл болж, “төлөвлөгөөт бус шалгалт” хийхээр 2 удаа удирдамж батлуулсан, эхний 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 02-02/515 дугаартай хяналт шалгалтын удирдамжид зааснаар уг шалгалтыг байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын ахлах байцаагч Б.Ууганбаяртай хамтарч мөн өдрөөс 10 хоногийн дотор, дараагийн 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 02-03/589 дугаартай хяналт шалгалтын удирдамжид зааснаар шалгалтыг дангаар 8 дугаар сарын 03-ны өдрөөс ажлын 10 хоногт хийхээр төлөвлөжээ.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага хуульд заасан үндэслэл, журмын дагуу хяналт шалгалтыг хийх бөгөөд хяналт шалгалтыг төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн гэж ангилна”, 5.2-т “төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх...”, 52 дугаар зүйлийн 52.1-д “төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, ...бусад үндэслэлээр хийнэ”, 52.2-т “энэ хуулийн 52.1-д заасан ...байгууллага өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллийг зохих нотлох баримтын хамт хяналт шалгалтын байгууллагад ирүүлэх бөгөөд уг өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл нь үндэслэлтэй гэж хяналт шалгалтын байгууллага үзсэн тохиолдолд хяналт шалгалтыг ажлын 5 өдрийн дотор эхлүүлнэ”,52.3-т “төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ”, 52.4-т “хуульд өөрөөр заагаагүй бол тухайн объект дээр хийх төлөвлөгөөт бус хяналт шалгалтын үргэлжлэх хугацаа ажлын 10 өдрөөс илүүгүй байх бөгөөд үүнд шалгалтын дүнг гаргах хугацаа хамаарахгүй” гэж тус тус зааж төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх үндэслэл, журмыг тусгайлан зохицуулсан байна.
Харин төлөвлөгөөт бус шалгалт хийх үндэслэл болсон Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний дээрх албан бичигт дурдагдсан “зөрчил”-тэй холбогдох баримтыг хавсаргаагүй байхад хариуцагч нь уг хүсэлтийг “үндэслэлтэй” гэж үзэж, хяналт шалгалт явуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд анх батлуулсан удирдамжийн дагуу зохих хугацаандаа шалгалт хийгээгүй атлаа дахин удирдамж батлуулан шалгалт хийх болсон үндэслэл нь тодорхойгүй, энэ талаарх баримтгүй, шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, удирдамжийг танилцуулах, шалгалтын явц, шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдлын талаар тэмдэглэл үйлдэх, шалгуулагчид тэмдэглэлийг танилцуулах, баталгаажуулах зэрэг ажиллагааг огт хийгээгүй, “шалгалт хийлгэх үндэслэл”-д заасан асуудлын хүрээнээс хальж шалгасан, өөрийн эрх хэмжээнд хамааралгүй асуудлаар дүгнэлт гаргасан зэрэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.
Түүнчлэн хариуцагч нь дээрх байдлаар шалгалт хийхдээ өөрийн хариуцсан байгаль орчин, геодези, зураг зүйн хяналтын чиг үүрэгт хамааралгүй буюу “Монре консракшн” ХХК-д нэмж газар эзэмшүүлсэн асуудлыг шалгаж, дүгнэлт гаргасан нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т “эрхийн гэрчилгээгээр газар эзэмшүүлэх шийдвэрийн талаар үүссэн маргааныг энэ хуулийн 60.1.1-д заасны дагуу шийдвэрлэнэ” гэж заасны дагуу уг маргааныг Засаг дарга шийдвэрлэх хуулийн зохицуулалтыг зөрчсөн байна.
Иймд, хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж явуулсан хяналт шалгалтын үр дүнд гаргасан дүгнэлтийг хууль ёсных гэж дүгнэх боломжгүй тул “хяналтын хамрах хүрээг хэтрүүлээгүй, Газрын тухай хууль тогтоомжийг зөрчиж газар олгосон зөрчлүүдэд дүгнэлт гаргасан байхад шүүх зөвхөн хяналт шалгалтын үйл явц, процесстой холбогдуулан дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн” гэх хариуцагчийн хяналтын гомдлыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй.
Хэрэгт авагдсан “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-нд нэхэмжлэгч нь өмгөөлөгч Д.Ундрахтамирт өөрийгөө бүрэн төлөөлөх эрхийг олгосон учир өмгөөлөгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан нэхэмжлэгчийн эрхийг эдэлж, маргаан бүхий актыг бүхэлд нь биш зөвхөн нэхэмжлэгчид хамаарах заалтуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг багасгасныг өөрт олгогдоогүй эрхийг эдэлсэн гэж үзэхгүй, энэ талаарх хариуцагчийн гомдол мөн үндэслэлгүй байна.
Анхан болон давж заалдах маргааны үйл баримтад холбогдуулан нотлох баримтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсний дагуу үнэлж, 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, ...хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж заасны дагуу улсын байцаагчийн дүгнэлтийн нэхэмжлэгчид хамаарах 1, 2, 3 дугаар заалтуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
Дээрх байдалд үндэслэн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахаар гаргасан хариуцагчийн хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 748 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 766 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ