Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Мягмарын Энхмандах |
Хэргийн индекс | 157/2022/0023/Э |
Дугаар | 2022/ШЦТ/25 |
Огноо | 2022-04-13 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Ш.Дамдинбазар |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 2022/ШЦТ/25
Амыба
ГЭХ ТОГТООЛ
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
157ыӨЫАЫЫЫЫ
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа
Улсын яллагч Ш.Дамдинбазар
Шүүгдэгч С.Ц нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ш.Дамдинбазараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч С.Ц-д холбогдох эрүүгийн 2240000000020 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ................ яс үндэс халх, 41 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, лобарант мэргэжилтэй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, С.Ц.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч С.Ц нь 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн ................ нөхөр Ч.Б-ийн толгойн тус газар галын хайчаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Хохирогч Ч.Б-ийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: “Би 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр эхнэрийн хамт цехээс зохион байгуулсан шоунд оролцсон. Шоун дээр 6-7 хүн дундаа 2 шил архи, нэг хүний 1 ширхэг лаазтай пиво ууцгаасан. Зохион байгуулсан үйл ажиллагаа 00 цаг өнгөрөөгөөд тарсан. Би Цээл ресторанаас хэзээ яаж гарсан гэдгээ мэдэхгүй байна. Гэр рүүгээ эхнэртэйгээ хүргүүлсэн гэсэн. Би яг юу болсон гэдгийг мэдэхгүй байна. Арай гайгүй болоход эмнэлэг дээр оёдол хийлгэж байсан. Миний толгойг миний эхнэр Ц галын хайчаар цохиод хагалсан гэсэн. Би бага хүүхдээ уйлууллаа гээд дунд хүүхдээ алгадснаас болоод намайг галын хайчаар цохьсон юм шиг байна лээ. Миний толгойн зулайн зүүн хэсэгт хагарсан, толгойдоо 6 ширхэг оёдол тавиулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/
- Хохирогч Ч.Б-ийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр дахин өгсөн: “...Надад гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 38/
-Насанд хүрээгүй гэрч Б.О-ийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: “Би сургууль дээр хичээлдээ сууж байгаад 2022 оны 03 дугаар сарын 04-ний 18 цагийн үед хичээл тараад харьсан. Гэртээ ирсэн аав, ээж хоёр явчихсан байхаар нь хойд талын айлаас 1 нас 10 сартай Б.О гэдэг дүүгээ аваад гэртээ орсон. Тэгээд гэртээ дүүгээ хараад байж байх үед 00 цагийн үед аав, ээж хоёр ирсэн. Гэрт аав ирэхдээ нилээн согтуу байсан, ээж гайгүй байсан. Тэр хоёр гэрт орж ирээд сууж байх үед дүү уйлсан аав авах гэхээр нь би хажуунаас нь та дүүг аваад хэрэггүй гэж хэлсэн. Намайг нэг удаа баруун хацар руу зөөлхөн алгадсан. Намайг алгадсан ээж босч ирээд яагаад хүүхэд алгадаж байгаа юм гэсэн аав ээжийг үсдээд авсан. Ээж үсээ тавиулаад зуухны хажууд байсан галын хайчаар аавын толгой руу нэг удаа цохьсон. Ээж аавыг цохьсны дараа аавын толгойноос цус гараад байсан. Ээж түргэн дуудаад аавыг эмнэлэг явуулах гэсэн аав явахгүй болохоор нь цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/
-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ж-ийн гаргасан 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №258 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1.Ч.Б-ийн биед толгойд шарх гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо ирмэгтэй хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5.Дээрх толгойн шарх нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-20/
-Шүүгдэгч С.Ц-ийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: “Би 2022 оны 03 дугаар сарын 04-ний орой ...... суманд үйл ажиллагаа явуулдаг “Цээл” ресторанд ажлаараа цэргийн баяр, эмэгтэйчүүдийн баярыг дундаа тэмдэглэсэн. Баяр тэмдэглэж байх үед манай нөхөр Ч.Б архи уусан. Би 0.5 литрийн нэг ширхэг шар айраг уусан. Тэгээд баяр дуусаад ажлынхаа Б гэдэг эмэгтэйгээр гэр рүүгээ нөхөртэйгөө хамт хүргүүлсэн. Гэрт манай хоёр хүүхдээс өөр хүн байгаагүй. Б үүдэнд буулгаж өгчихөөд л явсан. Тэгээд гэртээ ороод сууж байсан нөхөр Ч.Б манай бага хүү Б.О-ийг дүүгээ уйлууллаа гээд Б.О-ийг алгадаад авахаар нь би гүйж очоод нөхрийгөө алгадаад авсан. Намайг алгадаад авсан зөрүүлээд үснээс татахаар нь галын хайч аваад толгой руу нь нэг удаа галын хайчны бариул хэсгээс нь барьж байгаад үзүүр хэсгээр нь цохьсон. Намайг цохьсон цус гарахаар нь шууд эмнэлэг дуудсан. Эмнэлэг дуудаад түргэний эмчтэй явахгүй байхаар нь цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/
-Шүүгдэгч С.Ц-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Би өөрийн хийсэн үйлдэлд гэмшиж байна. Би нөхрийнхөө толгой руу галын хайчаар цохиод гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд:
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:
Шүүгдэгч С.Ц нь “2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр .................... нөхөр Ч.Б-ийн толгойн тус газар галын хайчаар цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ч.Б, насанд хүрээгүй гэрч Б.О нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №258 тоот шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм буруутай үйлдлийн талаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч С.Ц-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэж тодорхойлжээ. Шүүх эмнэлгийн шинжээч эмч дээрх шалгуур шинжийг үндэслэн хохирогчийн бие махбодид учирсан гэмтлийг “хөнгөн” зэрэгт тооцсон нь үндэслэлтэй байх бөгөөд улсын яллагч, хохирогч, шүүгдэгч нарын зүгээс хүсэлт гаргаагүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явууллаа.
Хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №258 тоот шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ч.Б-ийн биед хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын Прокурорын газрын Ерөнхий прокуророос шүүгдэгч С.Ц-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Ц нь хохирогч Ч.Б-ийн толгойн тус газар галын хайчаар цохиж, гэмтэл учруулах болсон шалтгаан нь шүүгдэгчийн хууль бус, зүй бус үйлдэл, шүүгдэгч, хохирогч нарын архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал нөлөөлсөн бөгөөд хохирогч Ч.Б-ийн толгойд хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Шүүгдэгч С.Ц-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгон, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.
Шүүх шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.Ц нь өөрийн үйлдэл, учирч болох аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтой талаар урьдчилан мэдсэн, мэдэх боломжтой байсан тул шүүх түүнийг гэмт хэрэг шууд санаатай үйлдсэн гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч С.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.
Шүүгдэгч С.Ц нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар
Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Б-ийн биед хөнгөн хохирол /хөнгөн гэмтэл/ учирсан нь тогтоогдсон бөгөөд хохирогч Ч.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад: “...нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол, саналгүй” гэх мэдүүлгийг өгсөн байна.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч нь энэ хэрэгт холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол нэхэмжлэхгүй, ямар нэгэн гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч С.Ц-ийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч С.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Ц-д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” нь Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Ц өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 48/
Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч С.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгийн торгох ял оногдуулж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Ц-ийн эрхэлсэн ажил, сарын орлого, торгох ялын хэмжээ зэргийг харгалзан үзээд шүүхээс түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 62 см урттай галын хайч 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн “Эд мөрийн баримт устгах” комисст даалгаж, шүүгдэгч С.Ц нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1, 36.2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц-г 450 (дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 (ер) хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 62 см урттай галын хайч 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн “Эд мөрийн баримт устгах” комисст даалгасугай.
6.Шүүгдэгч С.Ц нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ