Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/85

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж

Нарийн бичгийн дарга                М.Баярмэнд

Улсын яллагч                               Н.Баасанжав

Шүүгдэгч                      Л.Мөнхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Мөнхбаатарт холбогдох 2223000200075 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.    

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн Отгон суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 4, аав, ээж, ахын  нарын хамт амьдардаг, Завхан аймгийн  Улиастай  сумын Товцог баг Барилагчдын хэсгийн 204 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Авга овогт Лхагвасүрэнгийн Мөнхбаатар  /РД:ИЙ99060516/

Шүүгдэгч Л.Мөнхбаатар нь 2021 оны 12 дугаар сарын  18-наас 19-нд шилжих шөнө , Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн нутаг дэвсгэрт иргэн Г.Жамбалсүрэнг зодож, түүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Л.Мөнхбаатарын холбогдсон  гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 Шүүгдэгч Авга овогт Лхагвасүрэнгийн Мөнхбаатар нь 2021 оны 12 дугаар сарын  18-наас 19-нд шилжих шөнө  Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн нутаг дэвсгэрт шалтгаангүйгээр Г.Жамбалсүрэнг зодсон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Л.Мөнхбаатар өөрийг нь зодсон талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч Г.Жамбалсүрэнгийн  “...надтай маргалдаад байсан  үл таних гурван залуу миний урд явж байсан. Би тэр гурвын араас нь  гүйгээд очиход тэр гурав гурван тийшээ салахаар нь улаан дээлтэй залуугийнхаа араас хөөж байтал нөгөө хоёр залуу нь миний араас ирээд намайг зодсон. Би энэ үед эхлээд хаана яаж цохиулснаа мэдэхгүй байна. Нэг ухаан ороход үл таних залуучууд намайг  газарт унагаачихсан миний дээрээс өшиглөөд байсан гэхдээ яг хэдэн хүн цохисныг мэдэхгүй байна. Тэгтэл нэг хүн миний дух руу нэг удаа өшиглөсөн ... духнаас цус гараад байсан ... үл таних 3 залуу намайг зодож байгаад зугтаад явсны дараа Золзаяа араас гүйж ирээд намайг зодуулсныг мэдсэн. Би зодуулахаасаа өмнө Золзаяагаас түрүүлээд гүйгээд явсан байсан. Миний хувьд бусдыг цохиж зодсон зүйл байхгүй...”гэсэн мэдүүлгээр /13-15 дахь тал/ 

Л.Мөнхбаатар Г.Жамбалсүрэнг зодсоныг харснаа шууд тусган мэдүүлсэн гэрч Б.Нямсүрэнгийн “... Л.Мөнхбаатар үл таних залууг халамжийн урд талын шороон дээр гадуур хувцасных нь малгайнаас нь татаж байгаад нүүрэн тус газарт гараа атгаж байгаад нэг удаа цохисон дараа нь газарт унасан байхад нь хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Би яг хаашаа өшиглөж байгааг сайн хараагүй...” гэсэн мэдүүлгээр /22-24 дахь тал/

гэрч Г.Алтанцоожийн “.... Мөнхбаатар нийгмийн даатгал руу буюу 30 айл руу гүйгээд явахаар нь гүйгээд очиход хохирогч баарны гадаа маргалдаж байсан үл таних /Г.Жамбалсүрэн/ залуугийн  нүүрэн тус газарт нь нэг удаа цохиход нөгөө залуу газарт унасан.  Тэгтэл түүний нүүрэн тус газар 2 удаа  өшиглөхөөр нь би очиж салгаж аваад цаашаа аваад явсан. Намайг очиж салгахад үл таних залуугийн нүүр нь цус болсон байдалтай байсан өөр ил харагдах гэмтэл байхгүй байсан...” гэх мэдүүлгээр /26-28 дахь тал/

Шүүгдэгч Л.Мөнхбаатарын мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би хохирогч гэх залууг ганцаараа зодсон. Би түүний баруун талын шанаа руу нь нэг удаа гараараа цохиод толгой, нуруу руу нь нэг нэг удаа л өшиглөсөн. Би Нямсүрэн, Алтанцоож хоёртой Мөнхнаранг хайж явахдаа хохирогч 30 айлыг чиглээд явж байхаар нь араас нь гүйж очоод зодсон...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна./85 дахь тал/

Л.Мөнхбаатарын үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 000000040 дугаартай “...1.Иргэн Г.Жамбалсүрэнгийн биед: тархи доргилт, духны зүүн дээд хэсэгт шарх, баруун гарын эрхий хурууны арын үений ар хэсэгт шарх, хүзүүний хэсэгт цус хуралт гэмтэл учирсан байна. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүснэ...4.Тухайн гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5.Иргэн Г.Жамбалсүрэнгийн   биед үүссэн гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр нотлогдсон байна. /70-71 дэх тал/

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгч нь хохирогчийг цохиж зодоход түүний биед гэмтэл учирч хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа аюулаа хүсч хийсэн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна.

Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 2.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан  байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч Л.Мөнхбаатар хохирогч Г.Жамбалсүрэнг зодсон үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.

Шүүгдэгч Л.Мөнхбаатар нь хохирогчийг зодсон үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ.

Шүүгдэгч Л.Мөнхбаатар нь хохирогч Г.Жамбалсүрэнгийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг шууд санаатай зодсон үйлдлийн улмаас  түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.

Иймд Л.Мөнхбаатарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчээс хохирогч эмчилгээний зардал 238.000 төгрөг нэхэмжилсэн ба энэ нь Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгт төлбөр төлсөн баримтаар /74 дэх тал/ нотлогдсон байх тул шүүгдэгчээс 238.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Жамбалсүрэнд олгох нь зүйтэй байна.

Мөрдөгч Завхан аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга Д.Цэндсүрэнг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь буруу байна.

Зүй нь хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож эрх бүхий албан тушаалтныг иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр оролцуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлд нийцнэ. Мөн иргэний нэхэмжлэлд холбогдох баримтууд хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцлийг шүүх хуралдааны явцад тодруулахад шүүгдэгч хохирогчид хохирол төлөөгүй нь түүний мэдүүлгээр тогтоогдсон тул шүүх хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Л.Мөнхбаатарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“  гэж тус  тус  заасныг үндэслэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Хохирогч шинжээчийн дүгнэлт гаргуулах зардалд 8000 төгрөг төлсөн нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албанд 8000 төгрөг төлсөн баримтаар тогтоогдож байна. Дээрх төлбөр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан зардал учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгчээс 8000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа ажил хөдөлмөр эрхэлдэггүй зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд  270 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.7, 1.9, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Авга овогт Лхагвасүрэнгийн Мөнхбаатарыг Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Мөнхбаатарыг 270 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мөнхбаатарт оногдуулсан 270 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар тогтоож, шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын  8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

5. Шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч Л.Мөнхбаатараас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар 238.000 төгрөг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8000 төгрөг нийт 246000 төгрөг гаргуулж хохирогч Г.Жамбалсүрэнд олгосугай.

7. Шүүгдэгч  нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, иргэний нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч улсын яллагч түүний дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

                

           

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         З.НАНДИНЦЭЦЭГ