| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 180/2022/0064/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/64 |
| Огноо | 2022-03-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ч |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/64
2022.03.28 2022/ШЦТ/64
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2022/0064/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Д.Чулуунпүрэв
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр,
Шүүгдэгч С.Ууганбаяр нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Урантуяагаар хөтлүүлж, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мандал овгийн Сүхбаатарын Ууганбаярт холбогдох 2239000000055 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 2-46 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Мандал овгийн Сүхбаатарын Ууганбаяр /РД:СК90021616/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч С.Ууганбаяр нь 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 2-45 тоотод З.Мөнхтөрийг 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 11 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 2-45 тоотод “ Батхүүтэй маргалдахад дундуур орж салгасан гэх шалтгаанаар 3.Мөнхтөрийг 1 метр 18 см урттай хүрэн өнгийн тэлээгээр толгой хэсэг, ар нуруу хэсэгт нь 2-3 удаа цохих зэргээр зодож З.Мөнхтөрийн биед зулайн тал хуйханд мэс заслын оёдол бүхий шарх, ар нуруу, баруун шуунд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч З.Мөнхтөрийн өгсөн:...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 2-45 тоотод эх******* Нарангэрэлийн хамт амьдардаг юм. Би Баян-Эрдэс уурын зууханд галч ажил хийдэг юм. Манай гэрт 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр манай зүүн талын хашааны айлын залуугийн төрсөн ах нь гэх Ууганаа манайд орж ирээд дүү уурлаад байна ах Бор-Өндөр явах гэтэл унаа олдохгүй байна хоёр, гурав хоног хоноё гэхээр нь за тэг гээд манайд 3 хоносон юм. Ууганаа манайхаар хааяа орж ирдэг юм зүс таньдаг юм. Өчигдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өглөө 11 цагийн үед манай гэрт манай эх*******ийн найз Баатархүү, Ууганаа хоёр хоорондоо маргалдаад байхаар нь дундуур нь салгах гэтэл намайг Ууганаа өөрийнхөө өмдөндөө зүүж байсан цэрэг тэлээгээ тайлаад тэлээнийхээ арлаар нь нурууны ард хэсэг рүү хоёроос гурван удаа ороолгож толгой руу тэлээнийхээ арал хэсгээр нь нэг удаа цохьчихоод гараад явсан юм...Тухайн үед манайд манай эх******* Нарангэрэл, Баатархүү, Ууганаа бид 4 байсан. Тэр өдрийн өглөө нь 4-үүлээ 0.5 литрийн Монгол стандарт *******тэй архи 2-ыг уусан байсан...Би толгойдоо 2 оёдол тавиулсан, нурууны ар талд шалбарсан...гомдолгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 16 хуу/
Гэрч Д.Баатархүүгийн өгсөн:... Ууганаа гэдэг залуу орон дээр нь завилаад суугаад байхаар нь нүүрс түлээг нь оруулаад өгчихгүй чи яав гэж хэлэхэд надтай маргалдаад намайг түлхэхээр нь Мөнхтөр дундуур нь намайг өмөөрөөд салгах гэтэл Ууганаа өмдөнд зүүсэн байсан тэлээгээрээ Мөнхтөрийг ороолгосон...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 95 дугаартай дүгнэлт:
1.2. З.Мөнхтөрийн биед зулайн зүүн тал хуйханд мэс заслын оёдол бүхий шарх, ар нуруу, баруун шуунд шарх гэмтлүүд тогтоогдлоо.
3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4.5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
6. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ болон нийтдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт / хх-ийн 36-37 хуу /
Яллагдагч С.Ууганбаярын өгсөн:.. Би тухайн үед Баатархүү гэх залуутай маргалдаж муудалцсан юм. Тэгэхэд Баатархүү гэх залуу бид хоёрын дундуур Мөнхтөр ах ороод ирсэн. Тэгэхээр нь би Баатархүүд уурласан уурандаа өөрийнхөө өмдний тэлээгээр Мөнхтөр ахыг ороолгож зодож цохин биед нь гэмтэл шарх учруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 хуу/
С.Ууганбаяр нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 хуу/
С.Ууганбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49 хуу/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 67-68 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч С.Ууганбаярт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч С.Ууганбаяр нь 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 11 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 2-45 тоотод хохирогч З.Мөнхтөртэй согтуугаар маргалдан 1 метр 18 см урттай өмдний тэлээгээр толгой, ар нуруу хэсэгт нь цохиж З.Мөнхтөрийн биед зулайн зүүн талын хуйх болон ар нуруу, баруун шуунд шарх бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч С.Ууганбаяр нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч З.Мөнхтөр, гэрч Д.Баатархүү нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдааны үед хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч С.Ууганбаяр нь хохирогч З.Мөнхтөрийг зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч С.Ууганбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч З.Мөнхтөр нь мөрдөн байцаалтын үед “гомдолгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 16 хуу/” өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлагын талаар
Улсын яллагч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч нь 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтүүдийг тус тус гаргасан.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Ууганбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 метр 18 см урттай хүрэн өнгийн тэлээ 1 ширхэгийг устгахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Мандал овгийн Сүхбаатарын Ууганбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ууганбаярыг 600 /зургаан зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч С.Ууганбаяр нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тусгай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч С.Ууганбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 метр 18 см урттай хүрэн өнгийн тэлээ 1 ширхэгийг устгасугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ууганбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ