Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/72

 

 

 

 

 

 

 

2022.04.06                                         2022/ШЦТ/72

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2022/0092/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Улсын яллагч                                                Б.Нарангэрэл

Шүүгдэгч                                           Д.Чинтөгс  нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Урантуяагаар  хөтлүүлж,

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлээс  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Намид овгийн Доржбаасангийн Чинтөгсөд холбогдох 2239000000100 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Чинтөгс нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 21 цагийн орчимд Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр баг задгай хэсэг гэх газарт байрлах Г.Баттулгын гэрт “гэрээсээ хөөлөө” гэх шалтгааны улмаас хохирогч Г.Баттулгатай маргалдаж улмаар 2 удаа толгой хэсэг хүү өшиглөж түүний эрүүл мэндэд хуйхны орой болон баруун дэлбэнгийн дээд хэсгүүдийн язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Г.Баттулгын  өгсөн:..Миний бие Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багт оршин суух хаягтай ч гэсэн тус сумын төв буюу 4-р багт эх******* хоёр хүүхдийн хамт оршин суудаг. Миний бие 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр тус сумын 4-р багт байх гэртээ амарчихаад өглөө 09 цагийн үед босоод ойр зуурын амжуулаад мод түлээгээ бэлдчихээд эх*******тэйгээ хоёулаа хамт сууж байгаад гэрт байсан хараа *******тэй 0.75 литрийн савлагаатай архиа ганцаараа уучихаад хэвтэж байтал гаднаас Баян-Овоо сумын 2-р багт оршин суух Чинтөгс ах манай гэрт орой 21 цагийн үед орж ирээд мэнд мэдсэн. Тэгээд цагаан *******тэй 0.5 литрийн савлагаатай архи Чинтөгс ах манай гэрт авч орж ирсэн. Бид хоёр хуурай ах дүү гэж явдаг болохоор хэсэг сууж ойр зуурын аж амьдрал талынхаа зүйлийг ярьж байгаад Чинтөгс ахын авчирсан цагаан *******тэй 0.5 литрийн архийг хоёулаа хувааж уусан. Тухайн үед Чинтөгс ах бид хоёроос өөр хүн манай гэрт байгаагүй манай эх******* хадам ээжийнх рүү очиж хонох гээд явчихсан байсан. Би тухайн үед Чинтөгс ахтай яг юунаас болж маргалдсанаа бол сайн санахгүй байна. Өдөр нь би ганцаараа хараа *******тэй 0.5 литрийн архи ганцаараа уучихсан байсан  болохоор нэлээн согтуу хэвтэж байсан. Манай хуурай  ах Чинтөгс гэрт маань орж ирэхдээ согтууруулах ундааны зүйл нэлээн хэрэглэчихсэн ирсэн. Нэг хэсэг болсон үйл явдлыг санахгүй байна. Тэгэхээр яг юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Ямар ч гэсэн толгойн зүүн талын орой хэсэг болон баруун чихны дээд хэсэгт халуун оргиод байхаар нь босоод хартал Чинтөгс ах орны хажууд зогсож байсан. Гэрийн баруун талын орны даавуу хөнжил нилэнхүйдээ цус болчихсон. Надад өөр санах зүйл байхгүй байна ямар ч гэсэн Чинтөгс ах миний толгой хэсэг рүү цохисон харин гараараа юу аль эсвэл хатуу биет зүйлээр цохисныг нь мэдэхгүй байна...Надад ямар нэгэн гомдол нэхэмжлэх зүйл байхгүй ...гэх мэдүүлэг /хх-ийн 08 хуу/

 

Гэрч Б.Хэрлэнчимэгийн өгсөн:.. Манай нөхөр Баттулга өөрийн хуурай ах болох Чинтөгстэй хамт тус сумын 4 дүгээр баг задгай гэх газарт байх манай гэрт хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа хоорондоо маргалдаад манай нөхрийн толгой руу хоёр удаа өшиглөсөн гэж манай нөхөр Баттулга надад хэлсэн...гэх мэдүүлэг/ хх-ийн 18 хуу/

 

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар  сарын 21-ний  өдрийн 165 дугаартай дүгнэлт:

  1. Г.Баттулгын биед толгойн хуйхны орой болон баруун дэлбэнгийн дээд хэсгүүдийн язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид дээрх гэмтлүүд нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...гэх дүгнэлт  /хх-ий 22-23 хуу/

           

Д.Чинтөгсийн яллагдагчаар өгсөн:... би Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр багт Баттулгын гэрт байхад Баттулга намайг хэвтэж байхдаа та яв гээд хөөхөөр нь уур хүрээд толгой хэсэгт нь өшиглөөд гэрээс нь гараад явсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм асуудал үүсгэхгүй. Хийсэн зүйлдээ их гэмшиж ухаарч ойлгож байна...Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Надад хөнгөн ял оноож өгнө үү...гэх мэдүүлэг/ хх-ийн 32-33 хуу/  

Д.Чинтөгсийн иргэний үнэмлэхийн лавлагаа   /хх-ийн 36 хуу/

Д.Чинтөгс нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 хуу/

Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 63-64 хуу/

Хохирогч  Г.Баттулгын гаргасан “Д.Чинтөгсөд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тухай” нотариатаар батлуулсан тодорхойлолт  /хх-ийн 66 хуу/

Яллагдагч Д.Чинтөгсийн гаргасан “хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” хүсэлт /хх-ийн 67 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Д.Чинтөгсөд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.Чинтөгс нь 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 21 цагийн орчимд Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр баг Задгай хэсэг гэх газарт хохирогч Г.Баттулгатай “гэрээсээ хөөлөө” гэх шалтгаанаар маргалдаж  2 удаа толгойд нь 2 удаа өшиглөж  хуйхны орой болон баруун дэлбэнгийн дээд хэсгүүдийн язарсан шарх бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

  1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Д.Чинтөгс нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Г.Баттулгын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа  шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч Д.Чинтөгсийн үйлдлийн улмаас хохирогч Г.Баттулгын эрүүл мэндэд учирсан толгойн хуйхны орой болон баруун дэлбэнгийн дээд хэсгүүдийн язарсан шарх бүхий гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Д.Чинтөгсийн үйлдлийг хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт  хэргийн шинжтэй байна гэж үзлээ.  

 

 Иймд шүүгдэгч Д.Чинтөгсийг хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан буюу Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан  гэмт хэрэг  үйлдсэн  гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

  1. Эрүүгийн хариуцлагын талаар

 

Аймгийн Прокурорын газраас Д.Чинтөгсийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.         

Яллагдагч Д.Чинтөгс нь  хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу /хх-ийн 67 хуу/ прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 68 хуу/ гарган яллагдагчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг  яллагдагчид танилцуулсныг яллагдагч Д.Чинтөгс хүлээн зөвшөөрч /хх-ийн  74 хуу/  гарын үсэг зуржээ. 

Иймд шүүгдэгч Д.Чинтөгсөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй болохыг дурдаж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Д.Чинтөгсөд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, орлого олох боломжийг нь харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр  шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй болохыг дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Намид овгийн Доржбаасангийн Чинтөгсийг хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг  үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Д.Чинтөгсийг 450 /дөрвөн зуун тавь/  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавь мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Д.Чинтөгс нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Д.Чинтөгс нь  шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Д.Чинтөгс нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Чинтөгсөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Э.ОДХҮҮ