Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/74

 

 

 

2022 оны 04 сарын 07 өдөр                     2022/ШЦТ/74                                Хэрлэн сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Хэргийн индекс: 180/2022/0093

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Улсын яллагч                                         Б.Нарангэрэл

Шүүгдэгч нарын өмгөөлөгч                          Б.Жавхлан  

Шүүгдэгч                              Л.Пүрэвсүх,  Б.Хаш-Эрдэнэ нарыг оролцуулан  шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэнгээр хөтлүүлж,

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлээс  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Пүрэвсүх, Б.Хаш-Эрдэнэ нарт холбогдох 2239000000060 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн нарын биеийн байцаалт :

 

 Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Хаш-Эрдэнэ нь Л.Пүрэвсүхтэй бүлэглэн машин механизм буюу 86-38 УНД улсын дугаартай “Тоёота приус”-11 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 29-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1-р багийн нутаг Хар толгой гэх газраас П.Ганбаатарын  өмчлөлийн  түлхүүр имтэй сарман улаан халзан зүсний 1 тооны сувай үхрийг хулгайлж хохирогч П.Ганбаатарт 1.440.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Л.Пүрэвсүх нь Б.Хаш-Эрдэнэтэй бүлэглэн машин механизм буюу 86-38 УНД улсын дугаартай “Тоёота приус”-11 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 29-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1-р багийн нутаг Хар толгой гэх газраас П.Ганбаатарын  өмчлөлийн  түлхүүр имтэй сарман улаан халзан зүсний 1 тооны сувай үхрийг хулгайлж хохирогч П.Ганбаатарт 1.440.000 төгрөгийн  хохирол учруулсан  гэмт хэрэгт  холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн байцаалтын үед:

 

Хохирогч П.Ганбаатарын өгсөн: ...Би Улаанбаатар хотод оршин суудаг. Манай мал Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр баг Хэрлэнбаян-Улаан тосгоны нутагт миний төрсөн П.Хатанбаатарынд байдаг юм. Өнгөрсөн 2021 оны 10 дугаар сарын сүүлээр миний үхрээс сарман улаан халзан зүсмийн нэг тооны үхэр алдагдсан гэж манай ах Хатанбаатар хэлж байсан. Тухайн үедээ би ойр хавийн айлын үхэр малаар сарнисан байх гэж хайгаад цагдаагийн байгууллагад бүртгүүлээгүй...Сарман улаан халзан зүсмийн сувай үнээ түлхүүр имтэй байсан. Би үхрээ 1.800.000 төгрөгөөр үнэлж байна....Манай мал Хэрлэнбаян-Улаан тосгоны хар толгой, Далт, Майхан, Сэртэн гэх газраар бэлчдэг... гэх мэдүүлэг / хх-ийн 21-23 хуу/

 

Иргэний нэхэмжлэгч Ч.Отгонбаганы өгсөн: ...Дээрх тээврийн хэрэгсэл нь миний ******* дээр байдаг миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм л даа. Би 2021 оны намар дээрх 86-38 УНД улсын дугаартай цагаан өнгийн приус-11 маркийн тээврийн хэрэгслийг холын хамаатан Пүрэвсүхэд 6.000.000 төгрөгөөр зараад одоо үлдэгдэл 3.500.000 төгрөг дутуу байгаа юм... Миний хувьд Пүрэвсүх гэх хүнээс 86-38 УНД улсын дугаартай цагаан өнгийн приус-11 маркийн тээврийн хэрэгслээ нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 26 хуу/

 

Гэрч Х.Даваажаргалын өгсөн:... 2021 он 11 дүгээр сарын эхээр өдрийг сайн санахгүй байна 09 цагийн үед үл таних нэг залуу ирээд 1 тооны үхрийн мах зарах гэсэн юм махны ханш хэдтэй байгаа вэ гэхээр нь өнөөдрийн ханш сайн тарган мах бол 8.500 байгаа махыг чинь харъя гээд махыг нь харахад дундын таргатай мах байсан. Тэр залуу надад хэлэхдээ эх******* төрөх гээд мөнгөний хэрэг гараад хөдөөнөөс яаруу сандруу ирлээ гэж ярьж байсан. Тэгээд махыг нь хиллэхэд 150 килограмм татаж байсан. Тэгээд би тийм сайн тарган мах биш байна гэхдээ эх******* хүүхэд нь төрөх гэж байгаа юм байна би хэлсэн ханшиндаа авъя гээд 1 килограммыг нь 8.500 бодож авсан ба нийт 1.275.000 мянган төгрөг болж байна дансаа гэхэд надад виза карт байхгүй мөнгөө бэлнээр авмаар байна гэхээр нь би мөнгийг нь бэлэн өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 хуу/

 

Хохирогч П.Ганбаатарын алдсан 1 тооны үхрийн үнэлгээг 1.440.000 төгрөгөөр тогтоосон Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн  ХХК-ий шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШД23 дугаартай дүгнэлт /хх-ийн 62-63 хуу/

 

86-38 унд улсын дугаартай Toyoto prius 11 маркийн тээврийн хэрэгслийн  үнэлгээг 5.300.000 төгрөгөөр тогтоосон Фэйр Валуэшн  ХХК-ий шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2022/ШД-36 дүгнэлт /1 хх-ийн 68-70 хуу/

 

Л.Пүрэвсүхийн яллагдагчаар өгсөн: ... Би 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 10 дугаар сарын 29-ний шилжих шөнө өөрийн хуурай дүү Хаш-Эрдэний хамтаар Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан 1 дүгээр баг хөдөө хэсэг “Хар толгой” гэх газарт өөрийн 86-38 УНД улсын дугаартай цагаан өнгийн приус-11 маркийн машинтай явж байхад замын хажууд олон тооны үхэр байхаар нь нэг үхийг нь салгаж машинтайгаа туугаад замын хажууд байсан жалганд оруулж олсоор барьж аваад Хаш-Эрдэний хамтаар дээрх үхрийг ажиллаж махаад арьс толгой шийрийг нь тэнд нь үлдээгээд махыг нь Улаанбаатар хотын Багануур дүүрэгт ченжид 1 сая 200 гаран мянган төгрөг болгоод Хаш-Эрдэнэд 500.000 төгрөгийг өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 84-85 хуу/

 

Б.Хаш-Эрдэний яллагдагчаар өгсөн:...Тухайн үед Л.Пүрэвсүх ах бид 2 түүний найз болох Т.Ган-Эрдэнийг Улаанбаатар хотын Багануур дүүргээс Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан 1 дүгээр баг хөдөө хэсэгт нэг айлд хүргэж өгөөд буцаад гэр рүүгээ явах замд 10 гаран тооны үхэр шороон замын ойролцоо бэлчиж явахад Л.Пүрэвсүх надад хандан: Ах нь энэ үхрүүдээс нэг үхрийг тасдаад хөөе замаас гараад жалга руу чи очихоор нь буугаад олсоор барьж аваарай гэж хэлсэн. Тэгээд бид 2 нэг үхрийг Л.Пүрэвсүх ахын цагаан өнгийн 86-38 УНД улсын дугаартай приус-11 маркийн машинтай замын хажуу талын жалга руу хөөж оруулаад би олсоор бариад тэр газартаа үхрээ Л.Пүрэвсүх ах бид 2 нийлж байгаад ажиллаж махлаад арьс толгой шийрийг нь тэнд нь үлдээгээд махыг нь ачиж Улаанбаатар хотын Багануур дүүрэгт ченжид зарж борлуулсан...Л.Пүрэвсүх ах надад 500.000 төгрөг өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 87-90 хуу/

“86-38 унд улсын дугаартай Toyoto prius  маркийн автомашин автомашины  эзэмшигч нь Ч.Отгонбагана  болох тухай”  тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 17 хуу/

Л.Пүрэвсүхийн  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 91 хуу/

Л.Пүрэвсүх нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 94 хуу/

Б.Хаш-Эрдэний  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 107 хуу/

Б.Хаш-Эрдэнэ нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 108 хуу/

2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр  Д.Төмөрсүхээс хохирогч П.Ганбаатарын дансанд “ Хаш-Эрдэнэ, Пүрэвсүх нарын үхэрний төлбөр төлөв” гэсэн гүйлгээний утгаар 1.800.000 төгрөг шилжүүлсэн тухай гялс банкны интернэт-гүйлгээний мэдээлэл, Төрийн банкны харилцагчийн хуулга / хх-ийн 134-134 хуу/

Хохирогч П.Ганбаатарын гаргасан “Л.Пүрэвсүх, Хаш-Эрдэнэ нараас хохирлын мөнгө 1.800.000 төгрөг хүлээн авлаа” гэх нотариатаар батлуулсан тодорхойлолт /1 хх-ийн 158 хуу/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 120-123 хуу/

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Л.Пүрэвсүх, Б.Хаш-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Хаш-Эрдэнэ, Л.Пүрэвсүх нар нь 2021 оны 10 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1-р багийн нутаг Хар толгой гэх газарт хохирогч П.Ганбаатарын  өмчлөлийн  1.440.000 төгрөгийн үнэ бүхий улаан халзан зүсний нэг тооны сувай үхрийг  86-38 УНД улсын дугаартай “Тоёота приус”-11 маркийн автомашин ашиглан хулгайлж, махыг нь уг автомашинаар тээвэрлэж Улаанбаатар хотын Багануур дүүрэгт зарсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

  1. Гэм буруугийн талаар

 Шүүгдэгч нар нь мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны үед гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд тэдний мэдүүлэг нь хэрэгт авагдсан хохирогч П.Ганбаатар, гэрч Х.Даваажаргалын  мэдүүлгээр нотлогдож байгаа, шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, учруулсан хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч  Л.Пүрэвсүх нь яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө “86-38 УНД улсын дугаартай цагаан өнгийн приус-11 маркийн машинтай явж байхад замын хажууд олон тооны үхэр байхаар нь нэг үхийг нь салгаж машинтайгаа туугаад замын хажууд байсан жалганд оруулж олсоор барьж аваад” гэж,  Б.Хаш-Эрдэнэ нь яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө “бид 2 нэг үхрийг Л.Пүрэвсүх ахын цагаан өнгийн 86-38 УНД улсын дугаартай приус-11 маркийн машинтай замын хажуу талын жалга руу хөөж оруулаад би олсоор бариад” гэж тус тус мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч нар  нь 86-38 унд улсын дугаартай Toyoto prius 11 маркийн автомашиныг мал хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх зорилгоор ашигласан  гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд Л.Пүрэвсүх, Б.Хаш-Эрдэнэ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад заасан буюу мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэн машин механизм ашиглаж үйлдсэн  гэм буруутайд  тус тус  тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Хохирогч П.Ганбаатар нь “хохиролд тооцож 1.800.000 төгрөг авсан” тухай  нотариатаар батлуулсан тодорхойлолт /1 хх-ийн 158 хуу/ гаргасан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

  1. Эрүүгийн хариуцлагын талаар

 

 Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын хуралдаанд шүүгдэгч Л.Пүрэвсүх, Б.Хаш-Эрдэнэ нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтуудад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх  дүгнэлт гаргасан.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нь шүүгдэгч Л.Пүрэвсүх, Б.Хаш-Эрдэнэ нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтуудад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан.

 

Шүүгдэгч Л.Пүрэвсүх, Б.Хаш-Эрдэнэ нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, учруулсан хохирлоо төлсөн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Б.Хаш-Эрдэний хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1  дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, тэдний гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад  зааснаар шүүгдэгч  Л.Пүрэвсүхэд  1 жил 3 сарын  хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Б.Хаш-Эрдэнэд 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

            Мөн шүүгдэгч  Л.Пүрэвсүх, Б.Хаш-Эрдэнэ нар нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 86-38 унд улсын дугаартай Toyoto prius 11 маркийн автомашины  эзэмшигч нь Ч.Отгонбагана гэх хүн болох нь тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар уг тээврийн хэрэгслийн  үнийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус тус 2.650.000 төгрөг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна.

           

Иргэний нэхэмжлэгч Ч.Отгонбагана нь “Би 2021 оны намар дээрх 86-38 УНД улсын дугаартай цагаан өнгийн приус-11 маркийн тээврийн хэрэгслийг холын хамаатан Пүрэвсүхэд 6.000.000 төгрөгөөр зараад одоо үлдэгдэл 3.500.000 төгрөг дутуу байгаа юм... Миний хувьд Пүрэвсүх гэх хүнээс 86-38 УНД улсын дугаартай цагаан өнгийн приус-11 маркийн тээврийн хэрэгслээ нэхэмжилнэ” гэж мэдүүлэг өгсөн байх бөгөөд дээр дурдсан гэмт хэргийн улмаас түүнд эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй байх тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.Пүрэвсүх, Б.Хаш-Эрдэнэ нар нь  энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 86-38 унд улсын дугаартай Toyoto prius 11 маркийн автомашиныг битүүмжилсэн Хэнтий аймгийн прокурорын газрын 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 08 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулсан тул өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж,  шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.12 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Харчин овгийн Лхамсүрэнгийн Пүрэвсүх, Боржигон овгийн Батбилэгийн Хаш-Эрдэнэ нарыг мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Л.Пүрэвсүхийг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Хаш-Эрдэнийг  1 /нэг/ жил 1 /нэг / сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Л.Пүрэвсүхэд оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Хаш-Эрдэнэд оногдуулсан  1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй  хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Л.Пүрэвсүх, Б.Хаш-Эрдэнэ нарт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 86-38 унд улсын дугаартай Toyoto prius 11 маркийн автомашины  үнэ болох 5.300.000 төгрөгийг хувь тэнцүүлэн  тус тус  2.650.000 /хоёр сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

5.Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 86-38 унд улсын дугаартай Toyoto prius 11 маркийн автомашиныг битүүмжилсэн Хэнтий аймгийн прокурорын газрын 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 08 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Иргэний нэхэмжлэгч Ч.Отгонбаганы гаргасан “Л.Пүрэвсүхээс 86-38 УНД улсын дугаартай цагаан өнгийн приус-11 маркийн автомашинаа нэхэмжилнэ” гэсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

7.Шүүгдэгч Л.Пүрэвсүх, Б.Хаш-Эрдэнэ нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж,  шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих,  иргэний нэхэмжлэгч нь шийтгэх тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Пүрэвсүх, Б.Хаш-Эрдэнэ  нарт авсан цагдан хорих арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Э.ОДХҮҮ