Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 52

 

           Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Б.Гансүх даргалж, 

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Баярмагнай, 
    Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Бунжаа, 
    Насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч: Б.Батцог, Б
    Шүүгдэгч: Б.Цоггэрэл, 
    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн насанд хзрээгүй шүүгдэгч Цагаагчууд овгийн Батбаярын Цоггэрэлд холбогдох эрүүгийн 201620000122  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
    Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, гэмт хэрэгт холбогдох үеийн байдлаар 17 нас 6 сар 15 хоногтой байсан, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаангом сумын Цогцолбор 1 дүгээр сургуулийн 12в ангид сурдаг, ам бүл-6, аав, ээж, ах, эгч нарын хамт Увс аймгийн Улаангом сумын 11-р баг 09-11 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД:ОЮ98110315, Цагаагчууд овгийн Батбаярын Цоггэрэл. 
            Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Цоггэрэл нь 2016 оны 05 дугаар сарын 08-аас 19-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутагт байрлах Хөдөлмөрийн дээд сургуулийн орчим шөнийн 23 цагийн үед хохирогч П.Золбаяртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний хөлөн тус газар нь өшиглөж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 
ТОДОРХОЙЛОХ нь:
            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд : 
           1. Хохирогч П.Золбаярын мөрдөн байцаалтад өгсөн: "Би Хөдөлмөрийн дээд сургуулийн Увс аймаг дахь салбар сургуулийн 2-р курсын оюутан бөгөөд 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр сургууль дээрээ шалгалтаа өгчихөөд үдээс хойш оройхон найз Дашбалбарын төрсөн өдөр болж байсан тул гадуур явж байгаад "Их наяд" цогцолборт орсон. Тус бааранд Моломдагва, Дашбалбар, Баадайхүү бид 4 ороод хүн тус бүрдээ Нийслэл нэртэй 0.5 литерийн пиво авч ууцгаагаад сууж байтал Дашбалбар "Эгч дуудаж байна би явлаа" гэж хэлээд баарнаас гараад явсан. Моломдагва, Баадайхүү бид 3 хэсэг сууж байгаад баарнаас гарч "Их наяд" цогцолборын үүдэн дээрээс салцгаасан. Тэгээд би урагшаа гэрлүүгээ алаж,  Моломдагва, Баадайхүү нар доошоо явсан. Тэгээд намайг явж байтал замд 2 хүүхэд тааралдахаар нь би зогсоогоод "Тамхи байвал өг" гэхэд "Байхгүй" гэж хэлэхээр нь би толгойруу нь алгадсан. Тэгтэл тэр 2 хүүхдийн нэг болох Цоггэрэл нь миний хацарлуу гараараа цохисон. Араас нь Молом гэх хүүхэд нэг удаа миний толгойн тус газарт цохичихоод зугатаагаад яваад өгсөн. Тэгэхээр нь би салаад Улаангом сумын 5-р багт байрлах гэрлүүгээ алхаж явтал миний араас 5 залуу ирэхэд тэдний дотор миний зүс таних залуу Түмэн-Өлзий байсан бөгөөд Түмэн-Өлзий надад хандаж "Чи миний дүү нараас тамхи асуусан юмуу" гэж хэлээд намайг Хөдөлмөрийн дээд сургуулийн урд байрлах 12 айлын орон сууцны урд талын нарийн гудамжны дэргэд дагуулж очоод Молом, Цоггэрэл нарыг дуудаад "За одоо та нар учраа олцгоо" гэж хэлсэн. Тэгтэл Цоггэрэл нь намайг хавирах үед би газарт унаад толгойгоо дараад хэвтэж байтал Цоггэрэл, Молом хоёр миний хөлрүү өшиглөөд дэвсээд байсан. Тэр үед миний баруун хөл янгинаж өвдсөн. Тэгэхээр нь би "Яаая миний хөл" гээд орилоход Цоггэрэл, Молом нар намайг зодохоо зогсоосон. Тэгээд би хөл дээрээ босоод зогсоход гишгэж болохгүй байсан бөгөөд нөгөө хэд надад хандаж "Чи хэний хүүхэд юм бэ? хаанахын залуу юм" гэж асуухад "Би Тариалангийнх" гэхэд "Уг нь нэг нутгийнх юм байна шүү дээ" гэж хэлчихээд яваад өгсөн. Тэд нарыг явсаны дараа би тухайн газраас явах гэсэн боловч хөл өвдөөд гишгэж болохгүй байхаар нь хэсэг сууж байгаад гишгэж болохгүй байсан тул замруу гарч такси аваад гэртээ очсон. Би гэрлүүгээ орохдоо нэг хөл дээрээ догноцож гүйгээд орсон. Гэртээ унтаж амраад өглөө босоод ирэхэд миний баруун хөл шилбэ хэсгээрээ нэлэхүүдээ хавдсан байсан тул би дахин нэг хоноод 2016 оны 05 сарын 20-ны өдөр эмнэлэг орж рентген зураг авахуулж эмчид үзүүлэхэд "Баруун хөлийн шилбэний жижиг яс зөрүүгүй хугаралтай байна" гэж хэлээд боолт хийсэн. Түүнээс хойш өдөр бүр боолт хийлгэж яс бэхжүүлдэг эм ууж байгаа. Миний хөлийг Молом, Цоггэрэл нар л өшиглөж хугалсан. Молом, Цоггэрэл нараас өөр хэн нэгэн намайг зодож цохиогүй. Би намайг зодсон хүмүүсийг өмнө нь огт таньдаггүй байсан. Тухайн үед Молом, Цоггэрэл нар нь эрүүл, харин хамт явсан хүмүүс нь архи уучихсан байсан. Тэд нарыг хир зэргийн согтолттой байсныг мэдэхгүй байна. Би ч гэсэн тухайн үед 1 шил пиво уучихсан байсан. Миний биед хөл хугарсанаас өөр ямар нэгэн бэртэл гэмтэл байхгүй. Намайг 2 хүүхэд зодох гээд хашааны дэргэд очоод Цоггэрэл миний урд зогсоод миний ард Молом зогсож байтал Цоггэрэл намайг хавирч унагаагаад миний хөл дээр нэг л удаа дэвссэн. Тэгтэл миний хөл янгинаад өвдөөд явчихсан бөгөөд өөрөөр нэмж зодсон зүйл байхгүй. Миний хөл дээр нэг удаа дэвссэн гэж бодож байна. Учир нь нэг л удаа миний хөл дээр дэвссэн. Б.Цоггэрэл надад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж хэлэхэд Молом гэх хүүхэд намайг цохиогүй. Зөвхөн Цоггэрэл хөлрүү өшиглөж хавсарч унагаасан. Тухайн үед Молон, Цоггэрэл нар хамт байсан, мөн харанхуй байсан болохоор тэр хоёрыг хамт цохисон юм байх гэж бодсон. Мөрдөн байцаалты явцад Цоггэрэл ганцаараа намайг цохисон гэдэг нь тогтоогдсон. Цоггэрэлд хөнгөн ял шийтгэж өгнө үү" гэх мэдүүлэг /хх-ийн 11-12, 13, 14-р тал/,
           2. Гэрч Ж.Пүрэвжавын мөрдөн байцаалтад өгсөн: "2016 оны 05 сарын 18-ны өглөө миний хүү Золбаяр нь хичээлдээ явахаар гэрээсээ гарсан бөгөөд орой намайг унтаж байхад гэртээ ирж амарсан байсан. Тэгээд 05 сарын 19-ний өглөө босоход Золбаяр "Миний хөлийн шөрмөс татаад байна. Явж болохгүй байна" гэж хэлээд баруун хөл дээрээ гишгиж чадахгүй доголоод гараад явсан. Тэгээд үдээс хойш гэртээ таксигаар ирээд амарчихаад 05 дугаар сарын 20-ны өдөр эмнэлэгт очиж үзүүлэхэд "Баруун хөл нь хугарсан байна. Хэвтэрийн дэглэм сахь" гэж хэлсэн байсан. Тэгээд би Золбаяраас яагаад юунаас болж ийм асуудал болсон талаар асуухад надад ямар нэгэн зүйл хэлээгүй. Тэгхээр нь би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан юм. Золбаяр өмнө нь бэртэж гэмтэж байгаагүй. Золбаярын хөлийг хугалсан гэх хүүхдийн ах Батцог гэдэг залуу манайд ирээд "Миний дүү танай хүүгийн хөлийг хугалсан байна уучлаарай. Учирсан хохирлыг тань төлнө" гэж хэлж байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал/, 
            3. Гэрч Г.Түмэн-Өлзийгийн мөрдөн байцаалтад өгсөн: "Молом нь миний нагац ахын хүүхэд бөгөөд миний нагац дүү юм. Цоггэрэлийг Моломын найз гэдгээр нь танина. Би 2016 оны 05 дугаар сарын 18-ны орой 22 цагийн үед Моломын аав Сайнхүү ахын Улаангом сумын 11-р багт байрлах Тобу төвийн хажууд байх гэрт нь утсаа оруулж цэнэглэсэн бөгөөд тухайн үед тэднийд Молом, Цоггэрэл нар байсан. Би утсаа цэнэглэж орхичихоод Улаангом сумын 5-р багт байрлах Ритм бүжгийн клубд очоод бүжиглэж байгаад 23 цагийн үед Цоггэрэлрүү залгаад "Ахынхаа утсыг аваад ирээч. Би Ритм бүжгийн клубээс гараад явж байна" гэж хэлсэн. Тэгээд Ритм бүжгийн клубээс гараад ахлаж байтал Цоггэрэл надтай цуг явсан Мөнгөн-Өлзий ахын дугаарлуу залгаад "Молом бид хоёрыг нэг залуу дээрэлхээд явуулахгүй байна. Одоо Хөдөлмөрийн дээд сургуулийн хажууд явж байна" гэж хэлсэн. Удалгүй Молом, Цоггэрэл хоёр  миний утсыг авч ирж өгсөн ба бид нар урд 4 замын дээд талд байрлах "Хаан зоог" гэх рестораны дэргэд уулзсан. Тэгээд "Нөгөө залуу чинь хаана байна" гэхэд тэр гээд заасан. Тэр үед Хөдөлмөрийн дээд сургуулийн дээд талаас нэг залуу ганцаараа гүйгээд ирэхээр нь би дөхөж очоод харахад миний зүс таних залуу Золбаяр байсан. Тэгээд би Золбаяр, Молом, Цоггэрэл нараас "Юу болсон бэ" гэхэд Цоггэрэл, Молом нар "Энэ залуу бид хоёрыг өдөж хоргоосон" гэж хэлсэн. Тэр үед Золбаяр нь Цоггэрэл, Молом нарыг дагуулаад "Ийшээ яваад уулзчихая" гэж хэлээд тэд нар алхаад орон сууцны буланд очсон. Араас нь Эрдэнэтамир бид хоёр яваад очиход Золбаяр газар уначихсан Молом, Цоггэрэл нар хажууд нь зогсож байсан. Би Молом, Цоггэрэл нарыг салгаж аваад Золбаярыг яв гэж хэлж явуулчихаад бид нар гэр гэрлүүгээ явцгаасан. Цоггэрэл, Молом, Золбаяр нарлуу дөхөж очих үед Мөнгөн-Өлзий, Соёлдөлгөөн нар тамхи татаад үлдсэн. Золбаяр бид нараас салаад цааш нь эргээд явж байсан. Тухайн үед хөл нь доглож явж харагдаагүй. Золбаярын хөлийг хэн хугалсан талаар надад мэдэх зүйл байхгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р тал/,
           4. Гэрч Б.Дашбалбарын мөрдөн байцаалтад өгсөн: "Золбаяр бид хоёр Хөдөлмөрийн дээд сургуульд нэг ангид сурдаг найз нөхдийн холбоотой хүмүүс юм. 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр миний төрсөн өдөр болсон бөгөөд Золбаяр, Баадайхүү, Моломдагва бид 4 сургууль дээр шалгалт өгөөд өдөржин хамт байж байгаад орой 22 цагийн үед "Их наяд" цогцолборт орж хүн тус бүрдээ 1 ширхэг 0.5 литерийн Нийслэл нэртэй пиво уугаад сууж байтал манай эгч 22 цаг 30 минутанд намайг дуудсан тул би хамт явсан хүмүүсээсээ түрүүлээд "Их наяд"-аас гараад явсан. Цааш нь юу болсныг би мэдэхгүй. "Их наяд" Цогцолборт Золбаяр, Баадайхүү, Моломдагва нар үлдсэн. Маргааш нь би Золбаяртай сургууль дээр уулзахад хөл нь доголчихсон байсан. Тухайн үед Золбаярыг манай найзууд ээлжилж сугадаж тулж явж байсан бөгөөд би Золбаяраас "Юу болсон, яагаад ийм зүйл болов" гэж асуухад "2016 оны 05 дугаар сарын 18-ны орой "Их наяд" цогцолбороос гараад ганцаараа явж байгаад хүүхдүүдэд зодуулчихлаа" гэж хэлж байсан. Тэгээд би цааш нь өөр зүйл асуугаагүй бөгөөд "Ямар хүүхдэд зодуулсан юм" гэж асуухад "Сайн танихгүй харвал танина" гэж хэлж байсан. Золбаяр хүүхдүүдэд зодуулж байгаад хөл дээрээ дэвсүүлчихлээ гэж хэлж байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 19-р тал/, 
           5. Гэрч Ц.Баадайхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: "Золбаяр бид хоёр Хөдөлмөрийн дээд сургуульд сурдаг найз нөхдийн холбоотой хүмүүс юм. 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр миний найз Дашбалбарын төрсөн өдөр болсон бөгөөд Моломдагва, Золбаяр, Дашбалбар бид 4 "Их наяд" цогцолборт орж хүн тус бүрдээ 1 ширхэг 0.5 литерийн Нийслэл нэртэй пиво уугаад сууж байтал Дашбалбар "Эгч дуудаж байна" гэж хэлээд гараад явсан. Тэгээд Золбаяр, Моломдагва бид 3 тухайн газраас 22 цаг өнгөрч байхад гарч гэр гэрлүүгээ явцгаасан. Моломдагва бид хоёрын гэр Тээврийн хороонд байдаг болохоор бид хоёр доошоо хамт алхаад явсан. Золбаяр урагшаа ганцаараа гэрлүүгээ явсан. Тэгээд би гэртээ очиж амраад маргааш нь Золбаяртай уулзахад хөл нь доголчихсон байсан. Тэгхээр нь би "Хөл чинь яачихсан юм бэ" гэхэд "Өнгөрсөн шөнө та хоёроос салаад явж байгаад хэдэн залуучуудтай тааралдаад тамхи асууснаас болж маргалдаад зодолдсон. Тэгтэл намайг газар унагааж зодоод хөл дээр дэвсээд хөл эвгүй болчихлоо, гишгэж болохгүй байна" гэж хэлсэн. Золбаяр хэдэн хүнд зодуулснаа хэлээгүй бөгөөд хэдэн залуучуудтай тааралдаад л гэж хэлж байсан. Мөн Золбаяр "Газарт унахад хөл дээр нь гишгэсэн" гэж хэлж байсан бөгөөд хэн гишгэсэн талаар хэлээгүй, өөрөө ч гэсэн тухайн үед "Зодолдсон залуучуудаа танихгүй зүс танина" гэж хэлж байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/,
6. Гэрч А.Моломдагвын мөрдөн байцаалтад өгсөн: "Золбаяр бид хоёр Хөдөлмөрийн дээд сургуульд нэг ангид сурдаг найз нөхдийн холбоотой хүмүүс юм. 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр миний найз Дашбалбарын төрсөн өдөр болсон бөгөөд Золбаяр, Баадайхүү бид 4 "Их наяд" цогцолборт орж хүн тус бүрдээ 1 ширхэг 0.5 литерийн Нийслэл нэртэй пиво уусан. Тухайн үед Дашбалбар бид нараас түрүүлээд явсан бөгөөд Дашбалбар явснаас хойш 15 минутын дараа Золбаяр, Баадайхүү бид 3 гарч гэр гэрлүүгээ явцгаасан. Баадайхүү бид хоёрын гэр тээврийн хороонд байдаг болохоор бид хоёр доошоо хамт алхаад явсан. Харин Золбаяр урагшаа ганцаараа гэрлүүгээ явсан. Тэгээд би гэртээ очиж амраад маргааш нь Золбаяртай уулзахад "Өчигдөр шөнө та хоёроос салж яваад хүмүүст зодуулж хөлөө хугалчих шиг боллоо" гэж хэлж байсан. Золбаярыг хэн хэн хэрхэн яаж зодож цохисон талаар би юу ч мэдэхгүй тухайн үед би байгаагүй. Яг юунаас болсон талаар нь асуугаагүй Золбаяр "Хүнээр зодууллаа" л гэж хэлж байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 21-р тал/,
7.  Гэрч Д.Эрдэнэтамирын мөрдөн байцаалтад өгсөн: "2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр би найз Түмэн-Өлзий, Соёлдөлгөөн, Мөнгөн-Өлзий нартай биллъярд тоглочихоод "Их наяд" бааранд орж нэг нэг лааз пиво уусан. Тэгээд гараад хамт явж байтал Түмэн-Өлзийгийн ахынхан хүү Молом Түмэн-Өлзийтэй утсаар ярьсан. Түмэн-Өлзий Моломтой ярьж дуусаад "Миний дүү Моломыг хүн зодох гэж байна гэнэ" гэж хэлээд бид нараас түрүүлээд алхаад явсан. Бид хоёр араас нь явж очиход "Хаан зоог"-ийн дэргэд Молом, Цоггэрэл, Түмэн-Өлзий, Золбаяр нар зогсож байсан бөгөөд Түмэн-Өлзий Золбаяр дээр очоод "Чамайг арай миний дүү нарыг дээрэлхэж байна гэж бодсонгүй. Та нар учраа олцгоо" гэж хэлсэн. Тэгтэл Цоггэрэл, Молом, Золбаяр нар "Хаан зоог"-ийн ард байрлах 12 айлын орон сууцны урд өнцөгт очоод Цоггэрэл нь Золбаярыг хавирч унагаагаад өшиглөж харагдсан. Тэр үед Түмэн-Өлзий очиж салгаад Цоггэрэл, Молом хоёрыг "Та хоёр одоо харьцгаа" гэж хэлээд явуулсан. Тэр үед  Мөнгөн-Өлзий Золбаярыг "Чи яагаад хүүхдүүдийг дээрлэхээд байгаа юм бэ" гэж хэлээд барьж авчихаад мөргөх гэхэд нь би гүйж очиж салгасан. Тэгээд бид нар салаад явцгаасан. Цоггэрэл, Молом нарыг явсны дараа ямар нэгэн зодоон болоогүй. Би урд тайлбартаа мөргөсөн гэж хэлсэн. Уг нь бол тухайн үед Мөнгөн-Өлзий Золбаярыг барьж авчихаад "Чи яагаад сургуулийн хүүхдүүдийг дээрэлхэж байгаа юм бэ" гэж хэлээд мөргөх гэхээр нь би очиж салгасан. Яг  мөргөсөн асуудал бол гаргаагүй, урьд тайлбартаа мөргөсөн гээд хэлчихсэн нь миний буруу. Тухайн үед бидний дунд ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй. Цоггэрэл, Молом нараас Золбаярыг салгахад Золбаяр босож ирээд хөл дээрээ зогсчихоод баруун хөлийн өвдөг дээрээ гараараа дараад "хөл" гээд байсан. Тэр үед яасан юу болсон гэж бид нар сонирхож асуугаагүй. Тэгээд Золбаяр бид нараас салаад хөл дээрээ алхаад цааш нь эргээд явж харагдсан. Бид нар ч гэсэн салаад гэр гэрлүүгээ явцгаасан. Цоггэрэл нь Золбаярыг хавирч унагаагаад хөл хавьд нь өшиглөж харагдсан. Харин Молом Золбаярыг цохиж байхыг би хараагүй. Миний харсанаар бол Молом нь Цоггэрэл, Золбаяр нарын хажууд зогсож байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р тал/,
8. Гэрч Ц.Мөнгөн-Өлзийгийн мөрдөн байцаалтад өгсөн: "2016 оны 05 сарын 18-ны өдөр би цуг нэг салбарт ажилладаг Түмэн-Өлзий, Эрдэнэтамир, Соёлдөлгөөн нартай биллъярд тоглоод гадуур явж байгаад тус аймгийн Улаангом сумын 5-р багт байрлах Ритм бүжгийн клуб орчихоод замаар доош алхаж явтал Түмэн-Өлзий утсаар ярьж байгаад "Манай дүүг хүн зодсон байна" гэж хэлээд бид нараас түрүүлээд алхаад явсан. Тэгээд бид нар араас нь явахад Түмэн-Өлзий "Хаан зоог"-ийн хажууд зогсож байсан бөгөөд Соёлдөлгөөн бид хоёр хажууд нь очоод тамхи татаж байтал Түмэн-Өлзийгийн дүү нар бололтой 2 залуу нэг залуутай хамт тэнд зогсож байсан. Соёлдөлгөөн бид хоёр тамхиа татаж дуусаад тэнд байсан залуучууд /Түмэн-Өлзий, Эрдэнэтамир, Золбаяр, Молом, Цоггэрэл/ дээр очиход Түмэн-Өлзий нь Молом, Цоггэрэл нарыг "Та хоёр одоо харь" гээд явуулж байсан. Түмэн-Өлзий бид нар замаар доош алхаж байхад Түмэн-Өлзий миний дүүг хүн зодож байна гэж хэлсэн болохоор би тэнд байсан Золбаярыг Түмэн-Өлзийгийн дүү нарыг дээрэлхэж зодсон байх гэж бодоод "Чи хэний хүүхэд бэ" гэхэд "Би Тариалан сумын Пүрэвжав жолоочийн хүүхэд" гэж хэлсэн. Тэгхээр нь би Золбаярт хандаж "Чи ахын дүү ингэж хүн амьтантай маргалдаж болохгүй. Одоо харьж амар. Нэг нутгийн хүүхэд юм байна шүү дээ. Би аав, ээжийг чинь таньж мэдэх юм байна" гэж хэлээд бид нар салаад явсан. Тухайн үед би зодоон болж байхыг анзаарч хараагүй. Учир нь Соёлдөлгөөн бид хоёр "Хаан зоог"-ийн зүүн урд талын өнцөгт тамхи татаж байгаад тамхиа татаж дуусаад "Хаан зоог"-ийн баруун талд тойроод гараад ирэхэд Хөдөлмөрийн дээд сургуулийн урд талд байрлах 12 айлын орон сууцны урд талын буланд Түмэн-Өлзий, Эрдэнэтамир, Золбаяр, Молом, Цоггэрэл нар зогсож байсан. Би хэн нэгнийг зодож цохиогүй. Би тухайн үед хамгийн ахмад нь байсан болохоор "Дүү нар явж амарцгаа" гэж хэлсэн. Би Золбаярыг огт зодож цохиогүй. Золбаярын аавынхан нэрийг асуугаад "Пүрэвжав жолоочийн хүүхэд" гэхэд нь "таньдаг айлын хүүхэд байна чи явж амар" гэж л хэлсэн. Тухайн үед Золбаярын хөл нь хугарсан эсэхийг нь би мэдэхгүй. Золбаяр нь алхаад л явж харагдсан. Золбаярын алхаа гишгээ нь хэр байсан, доголсон, сүдгэлсэн зүйл байсан эсэхийг би нарийн сайн ажиглаж хараагүй" гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р тал/,
9. Гэрч Б.Батцогийн мөрдөн байцаалтад өгсөн: "Би тухайн болсон асуудлын талаар Цоггэрэлээс сонссон. Цоггэрэл хэлэхдээ "Хяргас нуур" зочид буудлын дэргэд нэг танихгүй залуутай тааралдсан. Тэр залуу нь тамхи асуугаад байхгүй гэхэд нь "Олж ир" гэж хэлсэн гэсэн. тэгээд Хөдөлмөрийн дээд сургуулийн дэргэд явж байтал нөгөө залуу хүрч ирээд дахин манай дүүтэй маргалдаж манай дүү Цоггэрэлийн толгойруу нь алгадсан байсан. Тэгтэл Цоггэрэл уурлаад "Хавирч унагаагаад өшиглөсөн" гэж хэлж байсан. Тухайн үед би өөрөө байгаагүй болохоор яг юу болсныг сайн мэдэхгүй байна. Цоггэрэл надад ингэж л хэлсэн. Цоггэрэл нь эцэг эхээс 4-үүлээ бөгөөд дээрээ 2 эгч, 1 ахтай айлын бага хүү юм. Цоггэрэл нь Улаангом суманд 1998 онд төрсөн. Бага байхдаа цэцэрлэгт явж байгаад Улаангом сумын Ахлах 1-р сургуулийн 1-р ангид элсэн ороод энэ жил 12-р ангиа төгсөж байгаа. Одоогоор Цогцолбор 1-р сургуулийн 12в ангид суралцдаг. Хичээл суралгандаа сайн. Хөгжим тоглох авъяастай. Цоггэрэл нь Кизиль хотод суралцах урилгатай тул энэ жил сургуулиа төгсөөд ОХУ-ын Кизиль хотод очиж хөгжмийн чиглэлээр суралцахаар болсон. Хувийн зан байлдын хувьд бусадтай зөв боловсон харьцаатай, элдэв муу зуршилгүй, бусадтай нийтэч зантай хүүхэд юм. Манай аав, ээж Улаанбаатар хотод амьдардаг бөгөөд миний дүү Цоггэрэл нь манай гэрт амьдардаг юм" гэх мэдүүлэг /хх-ийн 27-р тал/, 
10. Гэрч З.Жаргалын мөрдөн байцаалтад өгсөн: "Манайх 2 гэртэй бөгөөд нэг гэр маань Улаангом сумын 5-р баг Улаан уулын урд талд байдаг. Нөгөө нэг гэр маань Улаангом сумын 11-р багийн нутаг Хяргас нуур зочид буудлын ар тал, Тобу төвийн дээд талын хашаанд байдаг юм. 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр би 11-р багт байрлах гэртээ хүү Моломын хамт байсан бөгөөд миний хүү Моломын найз болох Цоггэрэл тухайн үед манай гэрт байсан. Би өдөр ажилтай явж байгаад орой гэртээ ирэхэд Цоггэрэл, Молом хоёр гэрт байсан. Гэрт ороод удаагүй байтал манай гэрт нэг утас дуугарсан бөгөөд тэр утсыг Молом, Цоггэрэл 2 аваад "Түмэн-Өлзий ах утас аваад ир гэж байна. Энэ утас Түмэн-Өлзий ахын утас юм. Манайд цэнэглэчихээд гараад явсан" гэж хэлээд орой 22 цагийн үед утас аваад гараад явсан. Тэгээд 30-40 минутын дараа буцаж ирээд унтаж амарсан" гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р тал/, 
11. Гэрч О.Оюуны мөрдөн байцаалтад өгсөн: "2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр миний хүү Золбаяр нь хичээлдээ явахаар гарсан бөгөөд шөнө ирээд унтчихсан байсан. Хэдэн цагт ирсэн талаар нь мэдээгүй. Хэн хэний хамт ирсэнийг нь ч мэдээгүй. Тэгээд би 2016 оны 05 дугаар сарын 19-ний өглөө босоод Золбаярт "Чи босож хичээлдээ яв шалгалттай шүү дээ" гэж хэлээд босгоход баруун хөл нь хавдчихсан байсан.  Тэгээд би "Юу болсон бэ, яасан бэ" гэж асуухад надад юу ч хэлээгүй чимээгүй байгаад байхаар нь "Босоод хичээлдээ яв" гэхэд хөл дээрээ гишгэж чадахгүй байсан. Тэгээд би Золбаярыг тулаад таксигаар Хөдөлмөрийн дээд сургууль дээр хүргэж өгсөн. Учир нь тэр өдөр Золбаяр хичээлийн шалгалттай байсан юм. Золбаяр нь 05 дугаар сарын 18-ны өглөө хичээлдээ явахад биед нь бэртэл гэмтэл байгаагүй, зүгээр алхаад явсан. Мөн хөлд нь ямар нэгэн бэртэл гэмтэл байгаагүй. Золбаяр нь оюутан цэрэгт явах гээд 2016 оны 04 сарын 01-нээс 06 сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд бэлтгэлд гарах байсан бөгөөд тухайн бэлтгэлдээ явж байсан. Одоогоор цуг бэлтгэлд гарсан хүүхдүүд нь цэрэгтээ явж байгаа. Тухайн үед буюу хөлдөө бэртэл авдаг үеэр нь шалгалт нь эхэлчихсэн байсан болохоор таксигаар зөөж байсан. Миний хүү Золбаярын хөлийг сургуулийн хүүхдүүд хугалсан гэж миний хүү хэлсэн. Мөн Цоггэрэл гэдэг хүүхэд манай гэрээр ах, эгч нартайгаа удаа дараа ирээд "Би таны хүүгийн хөлийг хугалсан, уучлаарай. Гомдол тэмцэл байхгүй гээд хэлээд өгөөч" гэж байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 32-р тал/, 
12.  Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 243 дугаартай шинжээчийн: "Үзүүлэгч П.Золбаярын биед тухайн үед гэмтэл учирсан байна. Баруун хөлний шилбэний жижиг яс дунд хэсгээрээ хугарсан, зөрөөгүй, боолт хийлгэсэн байна. Дээрхи гэмтэл нь гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт удаан хугацаанд нөлөөлнө" гэх дүгнэлт/хх-ийн 35-р тал/, 
13. Шинжээч О.Пунцагийн мөрдөн байцаалтад өгсөн: "Миний бие 2016.05.26-ны өдрийн 243 тоот шинжээчийн дүгнэлтийг гаргасан. П.Золбаярын биед үүссэн гэмтэл нь шинэ гэмтэл байсан. Өөрийнх нь хэлж буй цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл юм. Учир нь П.Золбаярын баруун хөлний шилбэний 1 яс /жижиг хавчаар яс/ битүү хугарсан гэмтэлтэй байсан. Дээрх гэмтэл нь нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт удаан хугацаанд нөлөөлөх гэмтэл учраас хүндэвтэр гэмтэл юм.  Хүний хөлний 1 яс хугарсан тохиолдолд гишгэж явах боломжтой. Учир нь нөгөө яс нь тулгуур болж өгдөг. П.Золбаярын хувьд шилбэний жижиг яс хугарсан учир хөл дээрээ алхаад явах боломжтой. Мөн тухайн хүн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бол өвчнөө мэдрэхгүй явах тохиолдол байдаг" гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р тал/, 
           14. Шүүгдэгч Б.Цоггэрэлийн  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа  /хх-ийн 65-р тал/, 
           15. Шүүгдэгч Б.Цоггэрэлийн хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн 59, 61, 63, 72, 74, 75-78-р тал/, 
    16. Шүүгдэгч Б.Цоггэрэлийн Нас тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 71-р тал/, 
    17. Увс аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсээс 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гаргасан 180 тоот хүсэлт /шүүх хуралдаанд гаргаж өгсөн/
            18. Шүүгдэгч Б.Цоггэрэлийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "Би 2016 оны 05 дугаар сарын 18-ны орой тус аймгийн 11-р багт байрлах Тобу төвийн дэргэд байдаг найз Моломын гэрт байж байтал Моломын хамаатны залуу болох Түмэн-Өлзий гэдэг ах орж ирээд утсаа цэнэглэчихээд гараад явсан. Тэгээд 2 цаг гаруйн дараа Моломруу залгаад "Миний утсыг аваад ирээч" гэхээр нь Молом бид хоёр Түмэн-Өлзийгийн утсыг хүргэж өгөх гээд 23 цагийн үед Моломын гэрээс гараад Хяргас нуур зочид буудлын хажуугаар явж байтал нэг танихгүй залуу /Золбаяр/ дуудаад "Тамхи байвал өгчих" гэж хэлээд бид хоёрыг өдөж хоргоогоод байсан. Тухайн үед Золбаяр бид хоёроос "Одоо хаачих гэж байна" гэж асуухаар нь "Хүнтэй уулзах гэж байна" гэж хэлэхэд "Зогсож бай" гэж хэлээд араас гүйж ирээд миний 2 хөлнөөс зуураад авахаар нь би түлхэж унагаачихаад Молом бид хоёр зугатаачихсан. Тэгээд Молом бид хоёр Түмэн-Өлзийд утсыг нь аваачиж өгөөд зогсож байтал нөгөө танихгүй залуу хүрч ирээд "Та хоёр яагаад зугатааж байгаа юм" гэж хэлсэн. Тэр залуу Түмэн-Өлзийг таньдаг юм шиг байсан. Тэгээд Молом бид хоёрыг "Уулзъя" гэж хэлээд Хөдөлмөрийн дээд сургуулийн урд талын орон сууцны буланд очоод намайг нэг алгадсан. Тэгэхээр нь би хөрлүү нь хавираад газарт унагаагаад хөлрүү нь өшиглөж дэвссэн. Тэгж байтал Түмэн-Өлзий ирж салгаад бид нар гэр гэрлүүгээ явцгаасан. Газарт хэвтэж байсан Золбаяр босоод цаашаа явж харагдсан. Дараа нь би ангийнхаа хүүхдүүдтэй хамт зугаалганд явж байгаад ирэхэд Түмэн-Өлзий надруу залгаад "Золбаярын хөл хугарсан байна" гэж хэлсэн. Тухайн үед Молом нь Золбаярыг цохисон эсэхийг би анзаарч хараагүй. Золбаярыг би өмнө нь танидаггүй байсан, бид хоёрын дунд өр авлага, өш хонзонгийн асуудал байхгүй. Тухайн үед Золбаяр миний өөдөөс хажуу тийш хараад унасан байсан болохоор би дээрээс нь ташаа, сүүж хавьд нь дэвссэн. Мөн тухайн үед Молом бид хоёр огт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл, харин Золбаяр согтуу байсан. Би надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа тул надад хөнгөн ял шийтгэж өгнө үү" гэх  мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно. 

 Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч Б.Цоггэрэл нь 2016 оны 05 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутагт байрлах Хөдөлмөрийн дээд сургуулийн орчим шөнийн 23 цагийн үед хохирогч П.Золбаяртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний хөлөн тус газар нь өшиглөж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч П.Золбаяр, гэрч Ж.Пүрэвжав, Г.Түмэн-Өлзий, Б.дашбалбар, Ц.Баадайхүү, А.Моломдагва, Д.Эрдэнэтамир, Ц.Мөнгөн-Өлзий, Б.Батцог, О.Оюун, шинжээч эмч О.Пунцаг нарын мэдүүлэг, Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 243 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Б.Цоггэрэлийн үйлдсэн хэрэг болон гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Цоггэрэл, хохирогч П.Золбаяр нар нь тухайн хэрэг гарсан өдөр гудамжинд тааралдсан, хохирогч П.Золбаяр нь эхэлж Б.Цоггэрэлээс тамхи асууж, өдөж хоргоосоноос тэдний дунд хувийн таарамжгүй харилцаа үүсэж, Б.Цоггэрэл нь П.Золбаярын хөлөн тус газарт нь өшиглөж /дэвсэж/ түүний баруун хөлний шилбэний жижиг ясыг дунд хэсгээр нь хугалсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон. 
Шүүгдэгч Б.Цоггэрэлийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч П.Золбаярын биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгч Б.Цоггэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэв.              
            Шүүгдэгч Б.Цоггэрэл нь хохирогч П.Золбаярт учирсан хохирлыг төлж барагдуулсан,  хохирогч П.Золбаяр нь шүүгдэгчээс нэхэмжлэх хохирол төлбөргүй, гомдолгүй болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хохирогчийн цагдаагийн газарт 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гаргаж өгсөн тодорхойлолтоор тус тус нотлогдож байх тул шүүгдэгч Б.Цоггэрэлийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн  гэж үзэх үндэслэлтэй байна.             
           
           Шүүгдэгч Б.Цоггэрэл нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.    
   
    Шүүгдэгч Б.Цоггэрэл нь 1998 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хохирогч П.Золбаярын биед хүндэвтэр гэмтэл учруулах үедээ 17 нас 06 сар 15 хоногтой буюу насанд хүрээгүй байсан,  хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед буюу 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 17 нас 08 сар 18 хоногтой, насанд хүрээгүй байна. 
                Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, 18 насанд хүрээгүй байхдаа анх удаа хүндэвтэр ангиллын гэмт хэрэг үйлдсэн, өөрийн гэм буруугаа ухамсарлаж гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тэрээр ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангийг төгссөн ба цаашид суралцах боломжийг олгох, түүнчлэн түүний хувийн зан байдал, Увс аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс ирүүлсэн саналыг тус тус  харгалзан үзэж, түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах боломжтой гэж дүгнэв.
          

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 286 дугаар зүйлийн 286.1, 294-296, 297 дугаар зүйлийн 297.1-5 дахь хэсэг, 298 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь : 
            1. Шүүгдэгч Цагаагчууд овгийн Батбаярын Цоггэрэлийг бусдын  бие махбодид  хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч Б.Цоггэрэлд 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй. 
            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8-д заасныг баримтлан  шүүгдэгч Б.Цоггэрэлд оногдуулсан 1 жил хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоосугай.  
            4. Шүүгдэгч Б.Цоггэрэл нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдсугай. 
    5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2-д заасныг баримтлан Б.Цоггэрэлд оногдуулсан 1 жил хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, түүний засрал хүмүүжилд дөхөм үзүүлэхийг Увс аймгийн Цагдаагийн газарт даалгаж, хараа хяналтандаа байлгахыг шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батцог-д хариуцуулсугай. 
            6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шүүгдэгч Б.Цоггэрэлд өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.  
   Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.


                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ГАНСҮХ