Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2018/ДШМ/89

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 12 өдөр                        

 2018/ДШМ/89                                                                  Зуунмод

                                               Д.Ц-д холбогдох эрүүгийн

                                                             хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           Прокурор Б.Сувд-Эрдэнэ,

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Буяндэлгэр,

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Бурмаа,

 Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга,

 нарийн бичгийн дарга Э.Уртнасан нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн, 2018 оны 07 сарын 02 өдрийн 190 дугаар шийтгэх тогтоолтой Д.Ц-д холбогдох 1834001100169 дугаартай 2 хавтас бүхий эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Буяндэлгэрийн гаргасан гомдлыг  үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 09 сарын 10 өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Д.Ц , 1973 оны 07 сарын 27-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, кранчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянзүрх ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар:А...2719,

 

 Д.Ц  нь Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар багийн нутаг "Хурлын толгой" гэх газарт 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 11 цагийн орчимд өөрийн эзэмшлийн 98-04 УНР улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 дахь хэсэгт "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөнөөс эсрэг урсгал руу орж, улмаар Замын хөдөлгөөний дүрмийн дагуу замын хөдөлгөөнд оролцож явсан жолооч Д.Буяндэлгэрийн жолоодож явсан 92-05 УНР улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн урдаас мөргөж, уг ослын улмаас 92-05 УНР улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн зорчигч Б.Уянгын амь нас хохирч, 98-04 УНР улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийн зорчигч Т.Дарьхандын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 сарын 02 өдрийн 190 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Д.Ц-г  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, 1 хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Ц-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Ц-д шүүхээс тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж,

Шүүгдэгч Дашборжигон овгийн Дагвадоржийн Цолмон цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор 31.500.000 төгрөг төлсөнийг, мөн нөхөн төлөхөө илэрхийлснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Дашборжигон овгийн Дагвадоржийн Цолмонгийн жолоочийн ВС ангиллын 624730 дугаарын үнэмлэхийг зохих байгууллагад шилжүүлэхийг тус шүүхийн Тамгын газарт даалгахыг тус тус дурдсугай.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгч Д.Ц-с  оршуулгын, эмчилгээний зардал 2.537.500 /хоёр сая таван зуун гучин долоон мянга таван зуу/ төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ИО81061115 дугаарын регистртэй, Хотгоод овгийн Дашпунцагийн Буяндэлгэрт олгохыг,

түүнчлэн тэжээгчээ алдсан тэтгэмжийн зөрүүг амь хохирогчийн 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Хотгоод овгийн Буяндэлгэрийн Од-Эрхэсийг 16 насанд хүртэл, харин суралцаж байгаа бол 18 нас хүртэл гэм хор учруулсны төлбөр cap бүр 62.000 /жаран хоёр мянга/ төгрөгөөр, нэг жилд 744.000 /долоон зуун дөчин дөрвөн мянга/ төгрөгөөр, арван хоёр жилд 8.928.000 /найман сая есөн зуун хорин найман мянга/ төгрөгөөр тооцож, шүүгдэгч Д.Ц-р  нөхөн төлүүлэхийг тус тус дурдаж,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Буяндэлгэрийн нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөгийг, давхардсан зардал 47.500 төгрөг, сэтгэл санааны хохирол 50.000.000 төгрөгийг энэ шийтгэх тогтоолоор тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Буяндэлгэр гаргасан давж заалдах гомдолдоо: “Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 190 тоот шийтгэх тогтоолыг хүлээн авч танилцаад дараах гомдлыг гаргаж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Буяндэлгэр миний бие 2018 оны 02 сарын 16 ны өдрийн 11 цагийн орчимд өөрийн эзэмшилийн 92-05 УНР улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн машиныг унаад эхнэр хүүгийн хамт Эрдэнэт хотод амьдардаг өөрийн төрсөн эгч нартайгаа золгохоор Төв аймгийн Баянчандмань сумын 3-дугаар багийн нутаг "Хурлын толгой " гэх газар явж байтал 98-04 УНР улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.Ц  урсгал сөрж Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас миний хайртай хань, 6 настай хүүгийн минь ээж Б.Уянга уг ослын улмаас нас барсан. Анхан шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд сэтгэл санааны хохирол болон өмгөөлөгчийн зардлыг нэхэмжилсэн боловч анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргасанд гомдолтой байна. Хэрэв Д.Ц  урсгал сөрж Замын хөделгөөний дүрэм зөрчиж энэ осол гаргаагүй бол надад өмгөөлөгч авах ямарч шаардлага гарахгүй байсан. Зургаахан настай бяцхан үр минь амьдралд тохиох анхны том баяр болох Үсэглэлийн баяраараа надад "Ээж рүү минь утасдаад өгөөч миний баярыг үзчихээд буцаад тэнгэрийн орон луугаа буцаад явж болдоггүй юм уу. Бүх хүүхдийн ээж ирсэн байна. Би л ганцаараа аавтайгаа байна шүү дээ гэж "хэлээд баярт оролцож байсан бүх хүмүүсийн зүрхийг зүсэж уйлуулахгүй байсан шүү дээ. Хүү минь эхний 1-2 сард ээжийгээ нэхээд байдаггүй байсан боловч сүүлийн үед орондоо шээж, нойрондоо ээжийгээ дуудаад уйлж сэрдэг болсон ба бүх биеэр нь юу нь үл мэдэгдэх тууралт гарч загатнах болсон бөгөөд эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлсэн. Улмаар өнөөдрийг хүртэл гадуур эмчилгээ үргэлжилж байна. Эмч нар сэтгэл санааны хямралаас үүссэн аль болох тайван ээжийг нь санагдахааргүй олон хүнтэй газар байлга гэж зөвлөсны улмаас зуны амралтын үеэр миний бие ажил төрлөө хийлгүй зөвхөн хүүгийнхээ амгалан тайван байдал, сэтгэл санааг тайвшируулах, ээжийг нь мартуулах зорилгоор байнга хөдөө сувилалд дагуулж явж, ах дүү хамаатан садан болох айлаар хэсч амьдрах боллоо. Цаашид энэ хүүхэд эхийгээ санаж бэтгэрч, сэтгэл гутралд орж сэтгэцийн эдгэшгүй өвтэй болохыг үгүйсгэхгүй. Хэрэв миний хүүгийн ээж амьд мэнд бид элэг бүтэн хоёулаа байсан бол хүүгийн минь сурч боловсрох нөхцөл ирээдүйн амьдрал тэр бүү хэл идэх хоол нь хүртэл халуун бүлээн, амттай байх байсан. Миний хувьд 30 гаруйхан цэл залуу насандаа нэг насны ханиа алдчихаад сэтгэл санаагаар унаагүй гэж хэлж чадахгүй ээ. Энэ зовлонг зөвхөн хань ижлээ алдаж үзсэн хүн л мэдэх байх даа. Бяцхан хүүгээ харахаар сэтгэл зүрх минь өвдөж, хүнээс нуугдан уйлж шөнө болгоныг нойтон дэр тэвэрч хонох болсон гэдгийг зүрх, сэтгэлтэй хүн бүхэн ойлгож байгаа бизээ. Цаг хугацааны эрхээр залуу хүний хувьд дахин амьдрал зохиож болох боловч тэр аймшигт цагаан сарын өдрийг насан туршдаа хараар харж уй гашуунд дарагдах болно. Би дахин энэ насандаа ханиа алдсан хар өдрийг мартаад ах дүү үр хүүхэдтэйгээ " Уламжлалт цагаан сарыг " тэмдэглэж чадахгүй билээ. Хүү бид хоёрын хувьд талийгаач минь маш их үнэ цэнэтэй хүн байсан бөгөөд тэр хүний амь нас энэ гэмт хэргийн улмаас бидэнд учирсан асар их хохирол, хор уршиг мөнөөс мөн байхад анхан шатны шүүх сэтгэл санааны хохирол болон өмгөөлөгчийн зардлыг буруутай этгээдээс гаргуулж өгөөгүй нь шударга бус байна гэж үзэж энэ гомдлыг гаргаж байна.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сувд-Эрдэнэ гаргасан тайлбар дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Буяндэлгэр гаргасан тайлбартаа: Энэ хэрэг санаатай гараагүй ч бид хоёрын хувьд маш их гарз гарсан. Хүүхдийн маань хүнд байдалтай байна. Ээж нь байсан бол халуун дулаан хайр, халуун хоолтой, дотроо байгаа бухимдлаа ээждээ ярих байсан. Хүүхэд байнга орондоо шээдэг, биеэр нь юм туурдаг болсон. Би өглөө хичээлд хүргэж өгөөд, оройд нь авдаг. Ажил хийх ямар ч боломжгүй болсон. Хүү маань цаашид ямар ч өвчтэй болохыг үгүйсгэхгүй гэв.  

Давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Бурмаа гаргасан тайлбартаа: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5  дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу сэтгэл санааны хохирол 50 сая төгрөгийг нэхэмжилж байгаа. Энэ залуу хүн одоо хүүхдээ сургууль нь хүргэж өгч, аваад ажил хийх ямар ч боломжгүй болсон байгаа. Өмгөөлөгчийн хөлсийг гаргах боломжгүй гэж би хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хэлсэн. Сэтгэл санааны хохирол болох 50 сая төгрөгийг хангаж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан. 31.500.000 төгрөгийг шүүгдэгчийн зүгээс төлсөн байгаа. Хавтаст хэрэгт байгаа баримттай болон баримтгүй нэхэмжилсэн хохирлыг хүлээн зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй. Шүүгдэгч өнөөдөр хөлний үе солиулах мэс засалд орж байгаа учраас ирж чадаагүй. Сэтгэл санааны хохиролтой холбоотой нотлох баримт байхгүй байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Д.Ц-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүй бүхэлд нь хянаж үзэв.

 

Шүүгдэгч Д.Ц  нь 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 11 цагийн орчимд Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар багийн нутаг "Хурлын толгой" гэх газар өөрийн эзэмшлийн “Соната-6” маркийн 98-04 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 дахь хэсэгт заасан "эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгал руу орж, жолооч Д.Буяндэлгэрийн жолоодож явсан “Тоёота Приус-20” маркийн 92-05 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн урдаас мөргөж, зам тээврийн осол гарган, уг ослын улмаас “Тоёота Приус-20” маркийн 92-05 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Б.Уянгын амь нас хохирч, “Соната-6” маркийн 98-04 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Т.Дарьхандын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь: хохирогч Т.Дарьханд /хх-ийн 39 дугаар хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Буяндэлгэр /хх-ийн 43-46 дугаар хуудас/, гэрч Б.Баатархүү /хх-ийн 51 дүгээр хуудас/, мөрдөн байцаалтад мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч Ц.Үүрийнцолмон /хх-ийн 58 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд, Шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гаргасан 122 дугаартай /хх-ийн 68 дугаар хуудас/, 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 33 дугаартай /хх-ийн 72-73 дугаар хуудас/, техникийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2571 /хх-ийн 100-109 дугаар хуудас/, 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2478 /хх-ийн 111-123 дугаар хуудас/, 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 47 дугаартай /хх-ийн 125 дугаар хуудас/ дүгнэлтүүд, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 6 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 9-11 дүгээр хуудас/, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-22 дугаар хуудас/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 23-28 дугаар хуудас/, хувцасанд үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 30 дугаар хуудас/, “Хан-Үнэлэмж” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-ийн 83-89 дүгээр хуудас/ болон мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.  

Д.Ц-д холбогдох хэргийг мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, мөн шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Ц-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Ц-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч хорих ял оногдуулахгүйгээр  2 жилийн хугацаагаар тэнссэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, шүүгдэгчид хүлээлгэсэн эрүүгийн хариуцлагын талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс санал, гомдол гаргаагүй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын асуудлыг эрүүгийн хэрэгт хянан шийдвэрлэхдээ шүүх Иргэний хуулийн гэм хор учруулснаас үүсэх үүргийг зохицуулсан холбогдох зүйл, заалтыг баримтална. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “ Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр төлнө” гэж заасан. Монгол улсад хүний амь нас, бие эрхтэн, өвчин, зовиур шаналал, сэтгэл санааны байдал зэрэг эдийн бус хохирлыг үнэлэх хуулийн зохицуулалт байхгүй тул анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Буяндэлгэрийн нэхэмжилсэн сэтгэл санааны хохирол 50.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөгийг Иргэний хуулийн 229 дүгээр зүйл, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар гэм хор гэж үзэх боломжгүй юм.  Хэрэв өмгөөлөгчийн хөлсийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гэж үзэн нэхэмжилж байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд заасан зардалд хамаарахгүй байна.   

  

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Д.Ц-д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэдий үеэс тоолохыг заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангаагүй байх тул шүүгдэгч Д.Ц-д оногдуулсан эрх хасах ялыг хэзээнээс тоолох тухай заасан өөрчлөлтийг орууллаа.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Д.Ц-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэмэлт оруулав.

 

Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 6 дахь хэсэгт заасан ял оногдуулах, албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шийдвэрлэх тухай заалтууд болон иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэсэн хэсэгт Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.3 дахь заалтуудыг нэмж оруулах нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 190 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтад “ 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Ц-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.” гэж,

3 дугаар заалтад “ 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Ц-д шүүхээс тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учирсан хохирол , хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг  мэдэгдсүгэй.” гэж,

5 дугаар заалтад “5. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508. 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Ц-с  оршуулгын, эмчилгээний зардал 2.537.500 /хоёр сая таван зуун гучин долоон мянга таван зуу/ төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ИО81061115 дугаарын регистртэй, Хотгоод овгийн Дашпунцагийн Буяндэлгэрт олгохыг, түүнчлэн тэжээгчээ алдсан тэтгэмжийн зөрүүг амь хохирогчийн 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Хотгоод овгийн Буяндэлгэрийн Од-Эрхэсийг 16 насанд хүртэл, харин суралцаж байгаа бол 18 нас хүртэл гэм хор учруулсаны төлбөр сар бүр 62.000 /жаран хоёр мянга/ төгрөгөөр, нэг жилд 744.000 /долоон зуун дөчин дөрвөн мянга/ төгрөгөөр, арван хоёр жилд 8.928.000 /найман сая есөн зуун хорин найман мянга/ төгрөгөөр тооцож, шүүгдэгч Д.Ц-р  нөхөн төлүүлэхийг тус тус дурдсугай.” гэж,

7 дугаар заалтад “7. Шүүгдэгч Д.Ц-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан ялыг түүнд албадлагын арга хэмжээ авсан үеэс буюу шийтгэх тогтоол гарсан үеэс эхлэн тоолсугай.” гэж ,

10 дугаар заалтад “10. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Ц д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

3. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогчид хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болно.

                                          
 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Г.БОЛОРМАА

 

   ШҮҮГЧИД                                                                   Т.ЭНХМАА

 

                                                                                       Р.МӨНХ-ЭРДЭНЭ