Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2020/0044/з |
Дугаар | 128/ШШ2020/0230 |
Огноо | 2020-04-08 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 128/ШШ2020/0230
2020 оны 04 сарын 08-ны өдөр Дугаар 128/ШШ2020/0230 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Н,
Хариуцагч: ГЕГ,
Нэхэмжлэлийн шаардлага: ГЕГ даргын 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/466 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулж, эрүүл мэнд, ниймгийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н, түүний өмгөөлөгч Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 1969 онд Х******* аймгийн Ц******* суманд төрсөн. Одоо 51 настай, 10 жилээ онц сурлагатай төгссөн. Шугам зургийн олимпиад болон математикийн олимпиадаас хүрэл медаль авч байсан. Намайг дээд боловсролгүй гэж хариуцагч тал тайлбарладаг. Үүнийг намайг мэдэх миний эргэн тойрны хүмүүс маш их гайхаж байгаа. Миний бие 10 дугаар ангиа төгсөөд ЗХУ-ын Уул уурхайн дээд сургуулийн Зөвлөлтийн инженерийн бэлтгэлийн ангид шалгалт өгч эхний 6 дугаар байранд жагсаж байсан. Би айлын бага хүүхэд байсан бөгөөд ар гэрийн гачигдлаас болж 2 дугаар курсээс сургуулиасаа гарч байсан. Учир нь миний аав, ээж хоёр өндөр настай хүмүүс бөгөөд аавын минь бие муудаж 1990 онд сургуулиасаа гарсан. Улмаар 1990 онд миний бие цэргийн алба хааж байх хугацаандаа 800 цэргээс хуульч мэргэжлийн шалгалт авч тэнцээд үлдсэн нэг жилийг цагдаагийн алба хаагчаар хаасан. 1992 онд би дахин сурах хүсэл сонирхолтой байсан бөгөөд сургуульд орохын тулд 2 жил ажилласан байх шаардлагатай байсан. Тиймээс ахуй үйлчилгээний комбинатын эвлэлийн хүрээлэнд гуталчин хийж байгаад Хөдөө аж ахуйн дээд сургуулийн Статистик нягтлан бодогчийн эчнээ ангид орж суралцсан. Хөдөө аж ахуйн их сургуулийн эчнээ анги нь тухайн үед 3.5 жилээр төгсдөг байсан. Эхний 1 жилийн хугацаанд ерөнхий эрдмийн хичээл, 2 дугаар курстээ мэргэжлийнхээ бүх хичээлийг үзсэн.
Харин зардлын бүртгэл, корпорацын санхүү гэсэн 2 хичээлийг 3 дугаар курстээ үзээд, дараагийн семестр дадлага хийж хамгийн сүүлд дипломоо хамгаалж төгсдөг байсан. Хавтаст хэрэгт “2 дугаар курсийн оюутан Ныг өөрийн хүсэлтээр Монгол Улсын их сургуулийн эчнээ ангид шилжүүлэв” гэсэн баримт байгаа. Энэ нь намайг Хөдөө аж ахуйн дээд сургуульд 2 жил суралцсан гэдгийг нотолж байгаа нотлох баримт юм. Архивын газраас Төрийн албаны зөвлөлд өгсөн өргөдлийн дагуу Төрийн албаны зөвлөлөөс материал авах гэтэл ямар ч материал гарч ирээгүй. Хөдөө аж ахуйн их сургууль дээр очиж лавлахад “та эчнээгээр сурч байсан ба манай сургуулиас шилжсэн байна, манай арын өрөөнд маш их материал байгаа, та эндээс хайгаад үзвэл гарч ирнэ, заримыг нь шатаачихсан, заримыг нь устгалд оруулна” гэж хэлж байсан. Тухайн үеийн сургуулиудын архив нь бичиг баримтыг бүрэн гүйцэд өгдөггүй байсан. Мөн Монгол Улсын их сургуульд шилжихдээ өөрийнхөө хамгийн том ах Б.Н******* гэх хүнээр яриулсан. Би Хөдөө аж ахуйн их сургуульд онц сурч байсан ба бүх хичээлээ одоог хүртэл цээжээрээ мэддэг. Намайг сайн сурдаг болохоор Монгол Улсын их сургуульд орж суралц гэж хэлсэн. Тухайн үед маш их баярласан ч Хөдөө аж ахуйн их сургуулийг төгсөж чадахгүй болохоороо ахаараа яриулж Монгол Улсын их сургуульд орсон гэж бодож болохгүй. Харин зөвхөн өөр сургууль руу шилжихийн тулд ахаараа яриулсан. Би өөрийн толгойгоороо Хөдөө аж ахуйн их сургуулийг төгсөж чадах байсан. Монгол Улсын их сургуулиас намайг “таныг өдрийн ангид авч чадахгүй, эчнээ анги болон хандивын анги гэж байна” гэж хэлж байсан.
Улмаар 1995 оны эчнээ ангийн хичээл нь цуглараад дуусчихсан байсан тул би “зардлын бүртгэл болон корпорацын санхүү, дипломын сэдвийг сонгоогүй байгаа” гэдгээ хэлсэн. Миний бие англи хэлнээс бусад хичээлдээ онц дүнтэй ирсэн. Намайг англи хэлээ засуулаад үлдсэн хичээлүүддээ онц сурч чадвал ажилд авъя гэж хэлж байсан. Тиймээс өдрийн ангийн зардлын бүртгэлийн хичээлд сууж бай гэж хэлсэн. Би хичээлдээ суугаад 2 шалгалтаа онц дүнтэй өгсөн ч өдрийн ангийн жагсаалтдаа оруулалгүй хандивын журмаар явж байгаа хүүхэд гэж тухайн үедээ хэлж байсан. Миний бие дипломынхоо ажлыг “санхүүгийн шинэ, хуучин тайлан тэнцлийг харьцуулсан судалгаа” гэсэн нэртэйгээр хийж, тухайн үед Монгол улс шинэ бүртгэлд орж байсан. Тийм учраас би хуучин болон шинэ бүртгэлийг сайн үзэх ёстойгоо ойлгон харьцуулан судалж н.С******* багш дээр дипломоо хамгаалсан ч их сургуульд ангигүй байсан болохоор хүмүүс сайн таниагүй. Надад тэр жил диплом өгөөгүй. Яагаад гэвэл намайг албан ёсоор шилжүүлсэн гэсэн албан бичиг байгаагүй.
1996 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн архиваас холбогдох баримтыг аваачиж өгөхөд намайг дараа өвөл ирээрэй гэж хэлсэн. Би мөн дараах өвөл нь Удирдлагын академид шалгалт өгөхөд тэнцсэн. Намайг удирдлагын академид сурч байхад ганц надад диплом гардуулж өгсөн. Миний хувьд диплом хуурамчаар хийх ямар ч боломж байхгүй. Тэр үед канон, принтер гэж байгаагүй. Тийм зүйл би мэддэггүй байсан. Удирдлагын академи төгсөөд Х******* аймагт нефть хангамжийн бааз нь шатахуун түгээгүүрийн баазтай нийлж аймгийнхаа бүх төсөв санхүүг мэддэг том бааз болсон. Тус байгууллагад ажилладаг 50 жил ерөнхий нягтлан хийсэн н.Ц*******ийг ажлаас нь чөлөөлнө гээд орон тоон дээр нь намайг шалгалт өг гэсэн. Би тухайн орон тоонд шалгалт өгөөд тэнцсэн. Тухайн үед би санхүүгийн албаны даргаар томилогдон ажиллаж, доороо 8 тооцооны нягтлантай, нягтлан тус бүрийн тооцоог гаргаж нэгтгээд хянадаг байсан. Шатахууны тайлангийн сургалтыг огт заагаагүй байхад би өөрөө сурсан.
Миний бие олон улсын нягтлан бодолтын стандартын дагуу нойр хоолгүй сууж ажлаа хийдэг байсан. Жил орчмын дараа нефть хувьчлагдахаар болж Шатахуун тээврийн баазыг Эрдэнэтийн улаан толгой руу татаад явчихсан. Гэтэл манай том ах “чи төрийн албанд ор” гэж хэлсэн болохоор би төрийн албанд орохоор шийдсэн. Намайг сайн ажиллаж байсан болохоор намайг нэг сарын цалингаар шагнаж гаргасан. Би ГЕГ татвар бүрдүүлэлтийн хэлтсийн нягтлан бодогчоор ажилд орсон. Харин намайг урьд ажиллаж байсан газраасаа тодорхойлолт авч ир гэж шаардсан учраас урьд ажиллаж байсан байгууллагаасаа тодорхойлолтоо авчирч өгсөн. Тухайн үед миний дипломын хуулбарыг авч байсан байх. Би сайн санахгүй байна.
Түүнчлэн Гаалийн байгууллагад орж ажиллахад надад маш амархан байсан. Мөн цалин бага учраас ажиллаж байх хугацаандаа тооцооны нягтлан болон сургалтын төвийн нягтлан, Дорнод аймгийн татвар бүрдүүлэлтийн хэлтсийн нягтлан гэх зэрэг ажлыг давхар хийж, 2 өдрийн дотор улирлын тайланг нь гаргадаг байсан. 2004, 2008 онуудад Гаалийн байгууллагад ажилладаг бүх хүмүүсийг шалгасан. Тэр үед хэдэн хүн диплом хуурамч гэх үндэслэлээр ажлаас гарч миний диплом ч шалгагдаж байсан. Би сургуулиа онц төгсөж байсан учраас бахархалтайгаар дипломоо өгч шалгуулсан. 2019 онд болсон шалгалтын өмнө Гаалийн ерөнхий газраас шалгалт хийгээд бүх байцаагч нараас шинээр төрийн албаны анкет бичүүлж, бөглүүлсэн.
Мөн би Монгол Улсын их сургууль дээр очиж уулзахад дипломоо аваад ир гэж хэлсэн. Би дипломоо бариад очтол дипломыг шинжилнэ гэж хэлсэн. Дипломын дугаар, гарын үсэг бүгд таарч тухайн оныхтой таарч байсан. Гэхдээ хуулийн сургуулийн хүний дугаартай давхацсан байна гэж хэлсэн. Би хуурамчаар диплом авна гэж хэзээ ч байхгүй. н.Э******* захиралтай муудалцаад цагдаад өгнө гэж өргөдөл бичээд өгөхөд таны гомдлын хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн Сүхбаатар дүүргийн шүүхээс буцаасан. Хэрвээ би дипломоо хуурамчаар хийсэн бол ийм үйлдэл хийхгүй байсан. Удирдлагын академид сурсан нь дамжаа биш байсан. Энэ нь хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудсанд байгаа. Диплом болон дипломын хавсралтад “Санхүүгийн эрхзүйн үндсийг бүрдүүлэх нь” гэсэн сэдвээр дипломын ажлыг 1991 онд “онц хамгаалав” гэж бичсэн байгаа. Би өдрийн ангид уртасгасан цагаар буюу өглөөний 8 цагаас орой 20 цаг хүртэл хичээллэдэг байсан. 7 хоног болгон курсийн ажил бичиж, Аудитын хууль 1996 онд батлагдаж байсан. Аудитын хуулиар дипломынхоо ажлыг хийж байсан.
Улмаар 16 газар ажиллаж байхдаа 15 газар нь хөдөө хилийн боомтууд дээр 1-2 жилийн хугацаатайгаар ажилласан. 2012 онд ирэхдээ би эхнэрээсээ салсан. Яагаад гэвэл хил дээр сардаа нэг удаа ирж, сүүлийн 4 жил л хотод суурьшиж байна. Намайг ажлаас халагдсанаас болоод 01 дүгээр сарын 04-ний өдөр 91 настай аав минь цус харваад, зүрх нь хаагдаж нас барсан. Энэ нь намайг ажлаас халагдсантай шууд холбоотой. Өөрөөр хэлбэл, 9 дүгээр сарын 26-ны өдөр ажлаасаа халагдаад ааваасаа нууж байгаад 11 дүгээр сард баригдаад аав минь нас барсан. Миний ээж одоо хэвтэрт байгаа. Гаалийн ерөнхий газраас манай гэрийг очиж шалгасан. Би үнэхээр гайхаж байсан. Намайг Сэлэнгэ аймаг руу 3 жилийн хугацаагаар томилсон. Би ээжийгээ хардаг гэх бүх нотлох баримтаа цуглуулж өгөөд 4 сар болоод буцаж ирсэн. Би ажиллаж байх хугацаандаа муу ажиллаагүй. Байнга хөдөөгүүр явдаг байсан учраас шагнал авч байгаагүй.
Намайг 01 дүгээр сарын 01-ний өдөр, 3 дугаар сард халах боломжтой байсан. Яагаад намайг 9 дүгээр сард халсан бэ гэвэл тухайн үед шуудангийн дарга н.М******* гэж хүн байсан. Тэр хүн доошоо хэтэрхий хатуу, дээшээ хэтэрхий пялдага, шударга бус хүн байсан. Би ажлаа маш сайн хийж, 9 дүгээр сарын 24-ний өдөр Гаалийн Ерөнхий газар бүх хүмүүстэйгээ хурал хийсэн. Тэр үед н.М******* хурал дээр ирээгүй ч хурал дээр н.М******* гэх хүнийг шударга биш гэдгийг нь миний бие шүүмжилж, арга хэмжээ авч өгөхийг шаардсан. Өмнө нь ийм тохиолдол гарч байгаагүй болохоор дарга нар маш эмзэг хүлээж авсан. Гэтэл тэр өдөр н.М*******ыг Авлигатай тэмцэх газраас барьсан. Би тэр талаар мэдээгүй байсан.
Нэхэмжлэлийн шаардлага буюу ГЕГ 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Б/466 дугаартай тушаалын тухайд дараах тайлбарыг гаргаж байна. Тус тушаалын хуулийн үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.3, 44 дүгээр зүйлийн 44.1, 47 дугаар зүйлийн 47.1.6-т тус тус заасан заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна” гэж заасан. Гэтэл дээрх актад тодорхой зүйл огт байхгүй. Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4-т “энэ хуульд заасан бусад үндэслэл” гэж заасан боловч уг тушаалд бусад үндэслэл гэх зүйл огт байхгүй байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт “Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана” гэж заасан. Гэтэл мөн л тодорхой заасан зүйл байхгүй. Тодорхой заагаагүй гэдэг нь хариуцагчийн ирүүлсэн хариу тайлбараас харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, дээд боловсролгүй гэж үзэж ажлаас халсан мэт харагдаж байгаа ч хууль бус бичиг баримтаар нотлогдсон гэсэн хариу тайлбарыг хүргүүлсэн.
Гаалийн ерөнхий газар хуурамч бичиг баримт гэдгийг нотолсон баримт байхгүй бөгөөд “...суралцаж төгсөөгүй” гэсэн хариу албан бичгүүд ирсэн бөгөөд хуурамч албан бичгээр Гаалийн ерөнхий газарт ажиллаж байна гэсэн албан бичиг ирээгүй. Гаалийн ерөнхий газар нь сахилгын хороогоороо дамжуулан надаас тайлбар аваад, залруулга хийгээд, эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлээд албан ёсоор нотолсон баримт байхгүй. Мөн хуурамч бичиг баримтаар ажилласан, эсхүл дээд боловсролгүй гэх үндэслэлүүдийг холбож ажлаас халсан гэх баримтууд байхгүй. Төрийн албаны тухай хуульд хуурамч бичиг баримт бүрдүүлэн ажилласан бол ажлаас хална гэсэн заалт огт байхгүй. Тиймээс намайг ажлаас халсан хуулийн зүйл заалтууд нь ямар ч үндэслэлгүй байна.
Мөн ажлаас халахдаа үндэслэл болгосон Гаалийн тухай хуулийн 2701 дүгээр зүйлд “хална” гэсэн зохицуулалт огт байхгүй. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлд ажлаас чөлөөлөх гэсэн тусгай заалт байна. “Чөлөөлнө” гэдэг нь тухайн этгээдийн өөрийнх нь хүсэлтийг үндэслэн гарсан шийдвэрийг ойлгоно. Захиргааны санаачилгаар оногдуулж байгаа шийдвэрийг ажлаас халах гэж ойлгоно. Өөрөөр хэлбэл, намайг ажлаас халах тушаалд Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийг үндэслэл болгосон бөгөөд халах гэсэн зохицуулалт ороогүй хуулийн зүйл заалтыг үндэслэсэн.
Миний бие Тагнуулын ерөнхий газрын сургуулийн эрх зүйн ангийн төгсөлтийн 3 шалгалтыг хамгийн өндөр үнэлгээтэй өгч байсан. Мөн Гаалийн ерөнхий газраас 2 жил тутамд авдаг шалгалтуудад би 95-аас доош оноо авч байгаагүй. Анх ажилд орохоос эхлээд бүх анкет танилцуулгадаа төгссөн сургууль, боловсролын талаар бичиж байсан. Үнэхээр хуурамч гэж үзэж байсан бол яагаад өмнө нь шалгаж тогтоогоод шийдэж болоогүй вэ, одоо өөр ажилд ороход хэцүү байна. Миний нас 50 гарчихсан. Хэдхэн жилийн дараа тэтгэвэрт гарах гэж байгаа энэ үед нь ингэж ажлаас халсанд гомдолтой байна. Мөн намайг ажлаас халах гэж байгаатай холбогдуулан сонсох ажиллагаа хийгээгүй. Намайг нэг удаа дуудаад “таны нэг диплом хуурамч” гэсэн асуудал яриад, таныг ингэж хохироож байгаа сургуулиа Иргэний хэргийн шүүхэд өгч асуудлаа шийдвэрлүүлээрэй, та одоохондоо ажлаа хийгээд явж бай гэж хэлсэн. Гэтэл гэнэт ажлаас халах тушаал гарч надаас ямар нэгэн тайлбар авч, ажлаас халах тухайгаа ч урьдчилан мэдэгдээгүй. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” гэж заасан байхад энэ хуулийн заалтыг үл харгалзан буюу Төрийн албаны тухай хууль байхгүй үндэслэлээр намайг ажлаас халсан нь хууль бус байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэн “анхнаасаа буруу сууринаас эхэлсэн болохоор бүх зүйл чинь буруу” гэж хэлж байгаатай санал нийлэхгүй байна. Үнэхээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрөө бүх зүйлийг шийддэг эрх бүхий этгээд биш. Гаалийн ерөнхий газрыг төлөөлж байгаа бол нотлох баримттай ярих ёстой. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар намайг бакалаврын зэрэгтэй болохыг нотолж байна. Гэтэл анхнаасаа диплом нь хуурамч учраас цаашид сурсан гэх баримт бичиг нь үндэслэлгүй гэж байгаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дүгнэлт нь өөрөө нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Маш их хохирсон учраас ажилдаа буцаж ормоор байна. Туйлын их гомдолтой байна. Тиймээс нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж байна” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гаалийн тухай хуулийн 273 дугаар зүйлийн 273.5 дахь хэсэгт “Гаалийн улсын байцаагч нь гадаад хэлний зохих мэдлэгтэй, дээд боловсролтой Монгол Улсын иргэн байх бөгөөд гаалийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлээр мэргэжлийн тусгай сургалтад хамрагдсан байвал зохино” гэж заасан. Хавтаст хэрэгт авагдсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 061265 дугаартай албан бичигт “Н нь 2004-2006 онуудад эрх зүйч мэргэжлээр суралцаж төгссөн. Удирдлагын академийг Төрийн захиргааны мэргэжлийн хяналтын магистр чиглэлээр суралцаж төгссөн” гэж тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл, Н нь дээд боловсролтой байх гэсэн шаардлагыг хангаж байгаа юм. Маргаан бүхий захиргааны актад “дээд боловсролгүй, хуурамч баримт бичиг” гэж бичсэн байдаг. Гэвч одоогийн байдлаар хуурамч баримт бичиг гэдэг нь нотлогдоогүй юм. Урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр “1996 онд батлагдсан Гаалийн тухай хуулийн дагуу ажилтан авах журам”-ыг гаргуулах хүсэлт гаргасан боловч тийм баримт байхгүй гэсэн хариу ирсэн. Тэгэхээр Н нь 2008 онд батлагдсан Гаалийн тухай хуульд заасан шаардлагыг хангаж байгаа. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар 47.1.2-т “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон” гэж заасан. Өөрөөр хэлбэл, Н нь хуурамч бичиг баримт үйлдсэн гэдгийг нотолсон албан ёсны шийдвэр байхгүй.
Маргаантай захиргааны актыг 2008 оны Гаалийн тухай хуулийг удирдлага болгон гаргасан. Гаалийн тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 1.10-т заасныг үндэслэл болгож их дээд сургуулийн дипломыг шаардлага хангаагүй гэж үзэж байна. Гэтэл бичгээр байгаа нотлох баримтууд нь хуулийн шаардлага хангасан эрх зүйн дээд боловсрол эзэмшсэн гэдэг нь нотлогдож байна. Гаалийн тухай хуульд “мэргэжлийн байгууллагын тусгай сургалтад хамрагдсан байвал зохино” гэж заасан. Н нь ГЕГ тусгай сургалтуудад хамрагдаж холбогдох гэрчилгээнүүдийг авсан. Мөн нягтлан бодогчдын мэргэшлийн институтийн мэргэшсэн нягтлан бодогчдын шалгалтыг өгсөн. Нягтлан бодогч нар их дээд сургууль төгсөж 800 цаг бэлтгэгдэж байж 2 шалгалт өгдөг. Тиймээс Н нь мэргэжлийн ур чадварыг бүрэн дүүрэн хангаж байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд “мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох болон эрх сунгалтын журам, шалгалт авах комиссыг батлах” гэж байгаа. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т “их, дээд сургууль, коллежийн нягтлан бодогчийн мэргэжил эзэмшүүлэх хичээлийн программыг ханган, санхүүч, эдийн засагч, менежментийн мэргэжлээр бакалавр, түүнээс дээш зэрэгтэй төгссөн, нягтлан бодогчоор дөрвөөс доошгүй жил ажилласан байх” гэж заасан байдаг. Мэргэшлийн нягтлан бодогчийн институтээс холбогдох баримт бичгийг шалгаад шалгалтад орох эрх олгож шалгалтад албан ёсоор орсон. Төрийн жинхэнэ албан хаагчид тавих шаардлага дээд боловсрол эзэмшсэн байхыг шаардах ба Н нь Тагнуулын сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн байх учир Гаалийн тухай хуулийн 273 дугаар зүйлийн 273.5-т “Гаалийн улсын байцаагч нь гадаад хэлний зохих мэдлэгтэй, дээд боловсролтой Монгол Улсын иргэн байх бөгөөд гаалийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлээр мэргэжлийн тусгай сургалтад хамрагдсан байвал зохино” гэж заасныг бүрэн хангаж байна.
Хуурамч дипломын асуудлын хувьд хөөн хэлэлцэх хугацааны талаар дурдах зүйл байна. Дипломыг хуурамч болохыг нотолж тогтоогоогүй. Захиргааны актыг гаргахдаа 2008 оны Гаалийн тухай хууль болон 2017 оны Төрийн албаны тухай хуулийн тодорхой зүйл заалтын шаардлагыг хангасан байна уу, Н ажлын хувьд тавьсан шаардлагыг хангасан байна уу гэдгийг шалгаж үзсэн” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай байгууллагаас нэхэмжлэгчийг гадуурхаж хавчиж байгаа асуудал байхгүй. 2019 онд явагдсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд боловсруулалт асуудал хариуцсан нэгжээс явагдсан бичиг баримтын шалгалтаар 20 гаруй хүн зөрчилтэй гэж гарч ажлаас чөлөөлөгдсөн. Зарим нь шүүхээр явж архивын алдаанаас болоод гарч ирээгүй баримтууд архиваас гарч ирээд буцан ажилдаа томилогдсон. Бусад хүмүүс нь боловсролын баримт бичгийн асуудлаар ажлаас халагдсан. Гаалийн ерөнхий газар мэргэжлийн хяналтын газрын шалгалтаар шийдвэрийг гаргахдаа 3 баримт бичгийг үндэслэсэн. Монгол Улсын их сургуулийг Эдийн засаг, санхүү мэргэжлээр 25283 дугаартай дипломоор төгсөөгүй тухай Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн Монгол Улсын их сургуулийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 2/795 дугаартай тодорхойлолт, боловсролын бичиг баримтыг шалгах хүрээнд Нацагням нь Монгол Улсын Үндэсний их сургуулийн мэдээллийн санд байхгүй, 1995 онд Монгол Улсын Үндэсний их сургуулийг эдийн засгийн бүртгэл, нярав мэргэжлээр төгсөөгүй тухай мэргэжлийн хяналтын ерөнхий газрын тамгын газрын даргын 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 1037 дугаартай албан бичиг байна. Нэмэлт ажиллагаа хийсэн боловсролын баримт бичгүүдийг шалгасан талаарх мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл мэнд боловсрол, соёлын хяналтын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 06367 гэсэн холбогдох баримтуудаар асуудлыг шийдсэн.
Нэхэмжлэгч нь дээд сургууль төгссөн, эрх зүйч болчихсон, удирдлагын академийг төгссөн тул дээд боловсролын шаардлагыг хангаж байгаа гэж тайлбарлаж байна. Удирдлагын академи нь дипломын боловсрол олгож байгаа хэдий ч дипломын боловсролтой хүнд дараагийн боловсрол олгодог гэдгийг та өөрөө мэдэж байгаа байх. Мөн сонсох ажиллагаа хийгээгүй, гэнэт халчихсан гэж байна. Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Т******* ийм асуудал гараад ирэнгүүт Ныг 2-3 удаа дуудаж уулзсан. “Бичиг баримтад асуудал гарлаа, та энэ асуудлаа шийдвэрлээд хүрээд ир, шийдвэрлэсэн тохиолдолд халагдах шатанд хүрэхгүй” гэдгийг удаа дараа хэлсэн. Мэргэжлийн хяналтын шалгалт явснаас хойш 9 сарын хугацаанд Н ганцаараа үлдсэн. Тухайн үед нэхэмжлэгч нь ар гэрийн гачигдал, шалтгаан хэлдэг байсан тул үүнийг нь харгалзан үзсэн. Мөн материалаа бүрдүүлээд ирэхийг нь хүлээсэн. Тэрнээс биш ганцаар нь авч үлдээд ийм нөхцөл байдалд оруулах шалтгаан байгаагүй. Н нь 1998 онд анх шалгагчаар ажилд орж, 2000 онд курс төгсөж байцаагч болсон. 1994 онд Төрийн албаны анхны хууль батлагдаж, Төрийн үйлчилгээний албан хаагч буюу шалгагчийн албан тушаалд дээд боловсролтой үйлчилгээний албан хаагч ажилладаг байсан. Тус албан тушаал дээр тодорхой хугацаанд ажиллаад курст сууж, улсын байцаагч болдог байсан.
Нэхэмжлэгчийн 1995 онд сургууль төгссөн гэдэг нь холбогдох баримт бичгээр тогтоогдохгүй байна. Тагнуулын сургуульд эчнээ ангид дээд боловсролтой хүн суралцдаг. Магистрын зэрэг хамгаалсан эсэх асуудал нь мөн тодорхойгүй болж байна. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 06/367 тоот албан бичгийн 3 дугаар хавсралтаар зөрчилтэй боловсролын баримт бичиг /диплом/-ийн тухай, мөн газрын 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 03/1037 тоот албан бичгүүдээр нэхэмжлэгчийг 1995 онд Монгол Улсын Үндэсний Их сургуулийг /Монгол Улсын Их сургууль/ эдийн засаг, нябо-бүртгэл мэргэжлээр төгсөөгүй талаарх мэдээллийг ГЕГд хүрүүлжээ.
Улмаар ГЕГ даргын 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/466 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг Монголын Үндэсний Их Сургуулийг /Монгол Улсын Их сургууль/ эдийн засаг, нябо-бүртгэл мэргэжлээр төгсөөгүй болох нь Мэргэжлийн Ерөнхий газрын болон Монгол Улсын Их Сургуулийн албан бичгүүдээр нотлогдож, Гаалийн албанд хууль бус боловсролын бичиг баримттай ажиллаж байсан гэх үндэслэлээр ажлаас халжээ.
Боловсролын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Монгол Улсад боловсролын тогтолцоо нь албан ба албан бус боловсролын нэгдэл байх бөгөөд сургуулийн өмнөх болон бага, дунд, мэргэжлийн боловсрол, дээд боловсролоос бүрдэнэ”, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Боловсролын баримт бичиг нь тухайн иргэний эзэмшсэн боловсролын агуулгын түвшин, мэргэжлийг гэрчилсэн албан ёсны баталгаа мөн”, 9.2-т “Боловсролын баримт бичиг /гэрчилгээ, үнэмлэх, диплом/-ийг бүрдүүлэх, олгох журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална” гээд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2006 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 480 дугаар тушаалаар баталсан “Дээд боловсролын диплом олгох журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.2-т “Дээд боловсролын диплом нь дээд боловсролын тухайн шатны хөтөлбөрийн шаардлагыг хангасан болохыг нотлох баримт бичиг мөн”, 2 дугаар зүйлийн 2.4-д “Дипломын, бакалаврын зэргийн дипломд түүнийг олгосон сургуулийн нэр, байршил , улсын бүртгэлийн дугаар, диплом эзэмшигчийн иргэний харьяалал, эцэг /эх/-ийн нэр болон өөрийнх нь нэр , төгссөн он, бүртгэлийн дугаар, суралцаж төгссөн боловсролын зэрэг, мэргэжлийн нэр, индекс, диплом олгосон тухай шийдвэр, огноо бичиж, сургуулийн удирдах зөвлөлийн дарга, сургуулийн захирал, буюу харьяа сургуулийн захирал, төгсөлтийн шалгалтын комиссын дарга, тухайн хөтөлбөр хариуцсан сургалтын нэгжийн дарга /сургуулийн доторх бүрэлдэхүүний сургуулийн захирал, факультетийн декан гэж ойлгоно/ гарын үсэг зурж, сургуулийн тэмдгээр баталгаажуулна”, 2.5-д “Диплом, бакалаврын зэргийн дипломын хавсралтад, сургуулийн нэр, төгсөгчийн эцэг, /эх/-ийн нэр болон өөрийнх нь нэр, регистрийн дугаар, тухайн сургууль төгссөн он, мэргэжил түүний индекс, дипломын улсын болон сургуулийн бүртгэлийн дугаар, судалсан хичээлийн нэр, нэг бүрийн багц цаг түүнийг авсан улирлын оноо, сурлагын тоон (100-60 оноо) ба үсгэн (A.B.C.D) дүн, төгсөлтийн шалгалтын дүн, огноо, диплом хамгаалсан сэдэв, голч дүн, өмнө нь өөр сургуульд цуглуулсан кредитийг хичээл бүрээр холбогдох оноог тэмдэглэн тус тус бичнэ” гэжээ.
Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгчийг Монголын Үндэсний Их Сургуулийг /Монгол Улсын Их сургууль/ суралцаж төгссөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Учир нь Дээд боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д “Дээд боловсролын зэрэг нь багц цагаар хэмжигдэх дипломын, бакалаврын, магистрын, докторын шатлалтай байна”, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д “Дээд боловсрол эзэмшүүлэх дипломын сургалт 90 багц цагаас доошгүй байх бөгөөд өмнөх түвшний сургалтын багц цагийг оролцуулан бакалаврын сургалт 120-оос, магистрын сургалт 150-аас, докторын сургалт 210 багц цагаас тус тус доошгүй байна” гэж тус тус заасан бөгөөд Монгол Улсын Их сургуулийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2/795 тоот Мэргэжлийн хяналтын Ерөнхий газарт хүргүүлсэн албан бичиг, мөн тус шүүхэд ирүүлсэн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2/337 тоот албан бичгүүдээр нэхэмжлэгчийн тус сургуулийг төгсөөгүй болохыг тодорхойлжээ.
Мөн нэхэмжлэгчээс “1995 онд Монголын Үндэсний Их Сургуулийн хандивын ангид Хөдөө аж, ахуйн их сугуулиас шилжин сургалцаж, “санхүүгийн шинэ, хуучин тайлан тэнцлийг харьцуулсан судалгаа” сэдвээр дипломын ажил хамгаалсан” гэх боловч Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 03/132 тоот “МУИС-ийн ректорын 1995-2000 оны тушаалыг шүүж үзэхэд Бадарчийн Нацагнямын сургуульд суралцсан тухай холбогдох баримт байхгүй” гэсэн албан бичгээр үгүйсгэгдэж байна.
Хэдийгээр нэхэмжлэгч нь 1996-1997 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг, 2000 онд Гаалийн улсын байцаагчийн эрх олгох суурь сургалтыг, 2006 онд Тагнуулын Ерөнхий газрын дээд сургуулийг хууль зүйн ухааны бакалавр, 2015 онд Удирдлагын академийг “Гаалийн байгууллагад импортын барааны мэдүүлэх үйл ажиллагаанд нөлөөлөх хүчин зүйл” сэдвээр магистрын зэрэг хамгаалж тус тус төгсөж, мөн 2005, 2007 онуудад Мэргэшсэн нятлан бодогчийн, 2012 онд Мэргэшсэн нятлан бодогчийн хугацаагүй эрхийн гэрчилгээг тус тус авсан хэдий ч дээрх сургуулиуд нь зөвхөн дээд боловсролтой иргэдийг мэргэшүүлэх, мэргэжил эзэмшүүлэх зорилгоор сургалтын хөтөлбөр явуулсан байх тул нэхэмжлэгчийг тухайн мэргэжлүүдээр дээд боловсрол эзэмшсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Мөн Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд дараахь нийтлэг шаардлагыг хангасан иргэнийг томилно” гээд 22.1.2-т “дээд боловсролтой байх” гэж, Гаалийн тухай хуулийн 273 дугаар зүйлийн 273.5-д “Гаалийн улсын байцаагч нь гадаад хэлний зохих мэдлэгтэй, дээд боловсролтой Монгол Улсын иргэн байх бөгөөд гаалийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлээр мэргэжлийн тусгай сургалтад хамрагдсан байвал зохино” гэж заасан байх тул нэхэмжлэгчийг “гаалийн албанд хууль бус боловсролын бичиг баримттай ажиллаж байсан” гэх үндэслэлээр ажлаас халсан ГЕГ даргын 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/466 дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Боловсролын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 9 дүгээр зүйлийн 9.1, Дээд боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 8 дугаар зүйлийн 8.7, Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.2, 47 дугаар зүйлийн 47.1.4, Гаалийн тухай хуулийн 273 дугаар зүйлийн 273.1.5-д заасныг тус тус баримтлан Нын нэхэмжлэлтэй ГЕГд холбогдох ГЕГ даргын 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/466 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулж, эрүүл мэнд, ниймгийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ