Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/17

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянгаа,

Улсын яллагч С.Баярчимэг,

Хохирогч Б.Даваадавга /Цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатар,

Шүүгдэгч Т.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сангизав овогт Сангизав Ганхуяг холбогдох 2126000000239 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, ээжийн хамт Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, одоо Өвөрхангай аймгийн  Арвайхээр сумын 4 дүгээр баг 45-7 тоотод оршин сууж байгаа гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Сангизав овогт Тойвгойн Ганхуяг, регистрийн дугаар: /ЙА85012310/,

     

        Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Ганхуяг нь 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн нутаг “Ширээгийн” ам гэх газарт Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан нэн ховор амьтан болох цоохор ирвэсийг Скиз загварын буугаар буудаж, хууль бусаар агнасан, мөн тухайн нэн ховор амьтны түүхий эд болох арьсыг 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багт байх гэртээ мөн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багт байх гэртээ тус тус хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүгдэгч Т.Ганхуяг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй” гэв.   

 

Хохирогч Б.Даваадавга шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2021 онд Батгэрэл над руу утсаар ярьж 1 тооны цоохор  ирвэсийг Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын “Ширээгийн ам” гэх газраас Т.Ганхуяг агнасан байна гэх мэдээлэл ирүүлсэн. Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгаас манай суманд “энэ хэрэгтэй холбогдуулаад хохирогч, иргэний нэхэмжлэгчийг томилно уу” гэсэн албан тоот ирсэн. Энэ тоотын дагуу сумын Засаг дарга байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Даваадавга миний биеийг томилж Өвөрхангай аймгийн Цагдаагийн газар луу явуулж би мэдүүлэг өгсөн. Хохирлын хувьд нэн ховор амьтан болох эр цоохор ирвэсийн экологи-эдийн засгийн үнэлгээ нь ан амьтны экологийн үнэлгээг гаргасан Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор 11.200.000 төгрөг гэсэн үнэлгээтэй байдаг. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар “амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи–эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлж 22.400.000 төгрөг нэхэмжилж байгаа. Байгаль орчинд учирсан хохирлын мөнгө нь Засгийн газрын тусгай санд ороод дараа нь тухайн сангаасаа байгаль орчныг нөхөн сэргээх, ан амьтныг өсгөн үржүүлэхэд эргэж санхүүжилт гаргадаггүй учраас манай сумын засаг даргын тамгын газраас орон нутгийн байгаль орчныг хамгаалах  эрсдлийн сан гэж нээсэн. Энэ санд хохирлыг олгуулж өгнө үү” гэв.  

 

Хохирогч Б.Даваадавгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би энэ талаар тухайн үед нь мэдээгүй байсан саяхан энэ хэрэг илрэх үед л мэдсэн. Цоохор ирвэс нь Монгол Улсын амьтны тухай хуулиар нэн ховор амьтны төрөлд хамаарагдсан байдаг. Цоохор ирвэсийг агнах талаар ямар нэгэн зөвшөөрөл олгогддоггүй. Манай суманд цоохор ирвэс 20 гаран тоо толгой байдаг гэсэн судалгаа байдаг. Цоохор ирвэс нь өөрөө хүний нүднээс далд амьдардаг амьтан байгаа юм. 2011 онд биологичдын судалгаагаар 20 гаран тооны ирвэс байна гэсэн судалгаа байдаг. Уг ирвэсийг энгийн иргэн нүдээр хараад тоолж бүртгэх боломжгүй байдаг. Уг амьтан нь хүний нүднээс далд амьдардаг. 2019-2021 оны хооронд ирвэсийн тоо толгой өссөн байж болзошгүй, нутгийн малчдаас ирвэсэнд малаа бариулсан идүүлсэн гэх гомдол мэдээлэл нилээдгүй байдаг. Цоохор ирвэс нь дунджаар 17-20 орчим жил насалдаг. Манай суманд байдаг ирвэсүүд нь Баруунбаян-Улаан сумын 3 дугаар баг “Бага Богд” гэх ууланд нутагшин амьдардаг. Манай суманд урд өмнө нь энэ төрлийн гэмт хэрэг бүртгэгдэж байгаагүй. Буруутай этгээдээр байгаль орчинд учруулсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээний дагуу нэхэмжилж байна. Буруутай этгээд байгаль орчинд учруулсан хохирлоо нөхөн төлчих юм бол надад гомдол санал байхгүй нөхөн төлбөрийг Баруунбаян-Улаан сумын засаг даргын тамгын газрын эрсдэлээс хамгаалах санд төвлөрүүлэх хүсэлттэй байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,

Гэрч Ч.Болдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 онд сарыг нь санахгүй байна Ганболд манай гэрт орж ирчихээд хэдэн жилийн өмнө Баруунбаян-Улаан суманд байхад намайг мал дээрээ явж байсан чинь нэг ирвэс адуу идэж байсан. Тэгэхээр нь би тэр ирвэсийг буудаад алчихсан юм арьс нь одоо надад байдаг юм гайгүй үнээр зарчихмаар байх юм авчихмаар хүн таних уу гэж асууж байсан. Би тийм хүн танихгүй мэдэхгүй гэж хэлж байсан. Тэгээд хүү Ганбатад Цагааны дүү Ганхуягт нэг ирвэсний арьс байдаг гэнэ, тэрийгээ борлуулчих юмсан авах хүн мэдэж байгаарай гээд байна лээ гэж хэлж байсан. Би Ганхуягийг ирвэсний арьс зарах гэж байгаа талаар ямар нэгэн хүнд хэлж холбож өгсөн асуудал байхгүй. Би тэр ирвэсийн арьсыг харж байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.Ганбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 онд 09 дүгээр сард өдрийг нь санахгүй байна, Ганхуяг гэгч надтай утсаар яриад амьтны арьс түүхий эд авах ченж байна уу гэж асууж байсан. Би мэдэхгүй ээ захаар л ченж нар байдаг байлгүй дээ гэж хэлсэн. Тэгээд захын баруун талд зогсож байсан үл таних хүн дээр очоод ан амьтны арьс түүхий эд авдаг хүн байдаг уу? гэж асуусан чинь, тэр хүн сонирхоод ямар юм байгаа юм гэж асуусан. Тэгэхээр нь би ирвэсний арьс байгаа, танидаг хүн асуугаадах гэсэн юм гэж хэлсэн. Тэр хүн надад нэг дугаар хэлээд над руу залгачих би чам руу залгана гэж хэлсэн. Тэгээд байж байтал нөгөө захын баруун талд таарсан хүн над руу залгаад арьс чинь хаана байна үзье гэж хэлсэн. Би Ганхуягт нэг хүн арьсыг чинь үзье гэж байна гэж хэлээд тэгээд хаана уулзах уу гэж нөгөө хүнээс асуусан чинь хуучин цагаан хаалганы ойролцоо хүрээд ир гэсэн. Би Ганхуягтай хамт хуучин цагаан хаалганы хойд талд ойролцоо байдаг хашаануудын урд талд очсон, тэнд жижиг тэрэгтэй хоёр залуу байсан.  Өдрийн надтай захын баруун талд уулзсан хүн биш байсан. Тэгээд Ганхуяг тухайн хоёр залууд ирвэсийн арьсыг үзүүлээд байх шиг байсан. Тэгээд нөгөө хоёр залуу яваад өгсөн.  Ганхуяг эргээд уулзъя гээд явчихлаа гэж байсан. Бид хоёр буцаад аймаг руу ирсэн. Би 6 дугаар хороонд гэртээ буугаад үлдсэн. Ганхуяг яваад өгсөн. Би тэр хүнийг харвал танина,   нэрийг нь мэдэхгүй, утасных нь дугаарыг хадгалж аваагүй болохлоор одоо мэдэхгүй байна, настай ах байсан. Тухайн үед гадаа харанхуй болчихсон байсан тэр хоёр залууг ямар маркийн автомашинтай ирснийг нь анзаараагүй, ямар ч байсан жижиг тэрэг байх шиг байсан, машиных нь улсын дугаарыг анзаарч хараагүй, тэр хоёр залуу том биетэй залуучууд байсан, нэг нь хар хувцастай саравчтай малгай өмсөөд маск зүүчихсэн нөгөө нь ногоон эрээн өнгийн хувцастай күрткнийнээ малгайг өмчихсөн маск зүүчихсэн байсан. Би тэр талаар мэдээгүй тэр гурав л яриад байх шиг байсан. Ганхуяг анх надад ангийн арьс авах хүн байна уу л гэж асуусан тэрнээс бол хэдэн төгрөгөөр зарах гэж байгаа талаараа бол юм яриагүй. Би Ганхуягийг ирвэсийн арьс зарах гэж байгаа талаар ямар нэгэн хүнд хэлж холбож өгсөн асуудал байхгүй. Би урд өмнө энэ талаар мэдэж байгаагүй. Би тэр ирвэсийн арьсыг харж байгаагүй. Ганхуяг надад тийм юм огт ярьж байгаагүй. Ганхуяг надад тийм юм ярьж байгаагүй бид хоёр тэр талаар яриагүй. Би тэр талаар сайн мэдэхгүй, ямар учиртай арьс гэдгийг нь ч сонирхож асуугаагүй, би тухайн үед зах дээр явж таарсан болохлоор санаандгүй нэг хүнээс асуусан чинь тэр хүн сонирхоод байсан. Надад өөр нэмж ярьж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

 

     2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл,  /Т.Ганхуягаас ирвэсийн арьсыг хураан авсан/, уг мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол, гэрэл зураг /хх-ийн 8-10, 11-14 дүгээр хуудас/,

Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Биологийн төрөл зүйл, мэдээллийн сан, сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Ц.Батгэрэлийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 04/14 дугаартай: “...Үзлэг хийхэд 1 толгой, эр, цоохор ирвэсний арьс мөн байна. Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх зүйлд “нэн ховор” зэрэглэлээр мөн Монгол орны хөхтөн амьтны Улаан дансанд устаж болзошгүй С1 ангиллаар тус тус бүртгэгдсэн.  Цоохор ирвэс хууль бусаар агнасан гэх хэргийн улмаас амьтны аймагт учруулсан шууд хохирлын үнэлгээ: Эр ирвэс 1x11,200,000= 11,200,000, (арван нэгэн сая хоёр зуун мянган төгрөг) болж байна.” гэсэн  дүгнэлт /хх-ийн 15 дугаар хуудас/,

    Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газрын Биологийн төрөл зүйл, мэдээллийн сан, сургалт, суртчилгаа хариуцсан мэргэжилтэн Ц.Батгэрэлийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 04/16 дугаартай: “...Үзлэг хийхэд 1 толгой, эр, цоохор ирвэсний толгойтойгоо арьс, баруун талын эрүү, хүзүү орчимд буудуулсан байх магадлалтай цоорсон, цус болсон ул мөр байна. Хууль бусаар агнасан гэх цоохор ирвэсийг хэзээ агнагдсан гэдгийг тогтоох боломжгүй болно.” гэсэн дүгнэлт /хх-ийн 58 дугаар хуудас/,

  Шүүгдэгч Т.Ганхуягийн хувийн байдлыг тодорхойлсон: Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 198 дугаартай тодорхойлолт /хх-ийн 84 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 85 дугаар хуудас/, Гэрлэсний бүртгэлийн тухай лавлагаа /хх-ийн 86 дугаар хуудас/,  Үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 87 дугаар хуудас/,

Шүүгдэгч Т.Ганхуягийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 96 дугаар хуудас/  зэрэг болно.

Улсын яллагч “...Шүүгдэгч Т.Ганхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн саналыг гаргаж байна. Хохирол төлбөрийн хувьд гэмт хэргийн улмаас амьтны аймагт шууд учирсан хохирол нь 11.200.000 төгрөг гэж дүгнэлт гарсан. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хохирлыг 2 дахин өсгөж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 22.400.000 төгрөгөөр тооцох. Мөн тухайн хохирлыг байгаль орчин уур амьсгалын санд оруулах нь зүйтэй гэсэн саналыг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Т.Ганхуягийн өмгөөлөгч С.Төмөрбаатар “...Миний үйлчлүүлэгчийн хувьд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож ирүүлсэнтэй маргахгүй байгаа. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа. Учруулсан хохирлыг хохирогчийн зүгээс орон нутгийн эрсдэлийн санд төвлөрүүлэх талаар ярьж байна. Орон нутгийн эрсдэлийн санд бол зөвхөн тухайн орон нутгийн нээсэн сан байна гэж ойлгосон. Тийм учраас хуульд заасны дагуу хохирлыг Байгаль орчин уур амьсгалын санд нь төвлөрүүлэх саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т.Ганхуягийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Т.Ганхуяг нь 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн нутаг “Ширээгийн ам” гэх газарт Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан нэн ховор амьтан болох цоохор ирвэсийг Скиз загварын буугаар буудаж, хууль бусаар агнасан, мөн тухайн нэн ховор амьтны түүхий эд болох арьсыг 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багт байх гэртээ мөн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багт байх гэртээ тус тус хадгалсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Т.Ганхуяг нь нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, түүхий эдийн зүйлийг хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

    Хохирогч Б.Даваадавгын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...2021 онд Батгэрэл над руу утсаар ярьж 1 тооны цоохор  ирвэсийг Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын “Ширээгийн ам” гэх газраас Т.Ганхуяг агнасан байна гэх мэдээлэл ирүүлсэн. Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгаас манай суманд “энэ хэрэгтэй холбогдуулаад хохирогч, иргэний нэхэмжлэгчийг томилно уу” гэсэн албан тоот ирсэн. Энэ тоотын дагуу сумын Засаг дарга байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Даваадавга миний биеийг томилж Өвөрхангай аймгийн Цагдаагийн газар луу явуулж би мэдүүлэг өгсөн. Хохирлын мөнгийг нэхэмжилж   байгаа” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би энэ талаар тухайн үед нь мэдээгүй байсан саяхан энэ хэрэг илрэх үед л мэдсэн. Цоохор ирвэсийг агнах талаар ямар нэгэн зөвшөөрөл олгогдоогүй. Манай суманд цоохор ирвэс 20 гаран тоо толгой байдаг гэсэн судалгаа байдаг. ...Манай суманд байдаг ирвэснүүд нь Баруунбаян-Улаан сумын 3 дугаар баг бага Богд гэх ууланд нутагшин амьдардаг. Манай суманд урд өмнө энэ төрлийн гэмт хэрэг бүртгэгдэж байгаагүй. Буруутай этгээдээр байгаль орчинд учруулсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээний дагуу нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх- ийн 30-р хуудас/, гэрч Ч.Болдын “...2021 онд сарыг нь санахгүй байна. Ганболд манай гэрт орж ирчихээд хэдэн жилийн өмнө Баруунбаян-Улаан суманд байхад намайг мал дээрээ явж байсан чинь нэг ирвэс адуу идэж байсан тэгэхлээр нь би тэр ирвэсийг буудаад алчихсан юм арьс нь одоо надад байдаг юм гайгүй үнээр зарчихмаар байх юм. Авчихмаар хүн таних уу гэж асууж байсан тэгэхлээр нь би тийм хүн танихгүй мэдэхгүй гэж хэлж байсан тэгээд хүү Ганбатад Цагааны дүү Ганхуягт нэг ирвэсийн арьс байдаг гэнэ тэрийгээ борлуулчих юмсан авах хүн мэдэж байгаарай гээд байна лээ гэж хэлж байсан. Би тэр ирвэсийн арьсыг харж байгаагүй...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 34-р хуудас/, гэрч Б.Ганбатын “...2021 оны 09 дүгээр сард өдрийг нь санахгүй байна, Ганхуяг гэгч надтай утсаар яриад амьтны арьс түүхий эд авах ченж байна уу? Гэж асууж байсан. Тэгэхээр нь би мэдэхгүй ээ захаар л ченж нар байдаг байх гэж хэлсэн. Тухайн үед нь би хүнс бараан зах дээр явж байсан юм тэгээд захын баруун талд зогсож байсан үл таних хүн дээр очоод ан амьтны арьс түүхий эд авдаг хүн байдаг уу гэж асуусан чинь тэр хүн сонирхоод ямар юм байгаа юм гэж асуусан? Тэгэхээр нь би ирвэсийн арьс байгаа гэсэн таньдаг хүн асуугаадах гэсэн юм гэж хэлсэн чинь тэр хүн надад нэг дугаар хэлээд над руу залгачих би чам руу залгана гэж хэлсэн тэгээд байж байтал нөгөө захын баруун талд таарсан хүн над руу залгаад арьс чинь хаана байна үзье гэж хэлсэн тэгэхээр нь би Ганхуягт нэг хүн арьсыг чинь үзье гэж байна гэж хэлээд тэгээд хаана уулзах уу гэж нөгөө хүнээс асуусан чинь хуучин цагаан хаалганы ойролцоо хүрээд ир гэсэн тэгээд би Ганхуягтай хамт хуучин цагаан хаалганы хойд талд ойролцоо байдаг хашаануудын урд талд очСон тэгсэн тэнд жижиг тэрэгтэй хоёр залуу байсан өдрийн надтай захын баруун талд уулзсан хүн биш байсан тэгээд нөгөө хоёр залуу яваад өгсөн. Ганхуяг тэгсэн эргээд уулзъя гээд явчихлаа гэж байсан тэгээд бид хоёр буцаад аймаг руу ирсэн би 6 дугаар хороонд гэртээ буугаад үлдсэн Ганхуяг яваад өгсөн. Би тэр хүнийг харвал танина, нэрийг нь мэдэхгүй, утасных нь дугаарыг хадгалж аваагүй болохоор одоо мэдэхгүй байна, настай дуу ах байсан. Тухайн үед гадаа харанхуй болчихсон байсан тэр хоёр залууг ямар маркийн автомашинтай ирснийг нь анзаараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/, Байгаль орчин, аялал жуучлалын газрын Биологийн төрөл зүйл, мэдээллийн сан, сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Ц.Батгэрэлийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 04/16 дугаартай “...үзлэг хийхэд 1 толгой, эр, цоохор ирвэсийн толгойтойгоо арьс баруун талын эрүү, хүзүү орчимд буудуулсан байх магадлалтай цоорсон, цус болсон ул мөр байна. хууль бусаар агнасан гэх цоохор ирвэсийг хэзээ агнагдсан гэдгийг тогтоох боломжгүй болно.” гэсэн дүгнэлт хх-ийн 58 дугаар хуудас/, Байгаль орчин, аялал жуучлалын газрын Биологийн төрөл зүйл, мэдээллийн сан, сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Ц.Батгэрэлийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 04/14 дугаартай “...Үзлэг хийхэд 1 толгой, эр, цоохор ирвэсийн арьс мөн байна. Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх зүйлд “нэн ховор" зэрэглэлээр мөн Монгол орны хөхтөн амьтны Улаан дансанд устаж болзошгүй С1 ангиллаар тус тус бүртгэгдсэн. Цоохор ирвэс хууль бусаар агнасан гэх хэргийн улмаас амьтны аймагт учруулсан шууд хохирлын үнэлгээ: эр ирвэс 1x11200,000=11200,000 /арван нэгэн сая хоёр зуун мянган төгрөг/ болж байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 15 дугаар хуудас/ зэрэг баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Дээрх мэдүүлгүүдийг өгсөн хохирогч, гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй төдийгүй ажил, мэргэжлийн өргөн мэдлэг, туршлага бүхий шинжээч тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргаж  өгч байгаа учир үүнийг үнэн зөв гэж шүүх үзсэн болно.       

Шүүгдэгч Т.Ганхуяг нь 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн нутаг “Ширээгийн ам” гэх газарт Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх зүйлд заасан нэн ховор амьтан болох цоохор ирвэсийг Скиз загварын буугаар буудаж, хууль бусаар агнасан, мөн тухайн нэн ховор амьтны түүхий эд болох арьсыг 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багт байх гэртээ мөн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багт байх гэртээ хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв  гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Т.Ганхуягийг нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, түүхий эдийн зүйлийг хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 

Хохирогч Б.Даваадавга нь “нэн ховор амьтан болох эр цоохор ирвэсийн экологи-эдийн засгийн үнэлгээ нь ан амьтны экологийн үнэлгээг гаргасан Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор 11.200.000 төгрөг гэсэн үнэлгээтэй байдаг. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар “амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи–эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлж 22.400.000 төгрөг нэхэмжилж байгаа. Байгаль орчинд учирсан хохирлын мөнгө нь Засгийн газрын тусгай санд ороод дараа нь тухайн сангаасаа байгаль орчныг нөхөн сэргээх, ан амьтныг өсгөн үржүүлэхэд эргэж санхүүжилт гаргадаггүй учраас манай сумын засаг даргын тамгын газраас орон нутгийн байгаль орчныг хамгаалах  эрсдэлийн сан гэж нээсэн. Энэ санд хохирлыг олгуулж өгнө үү” гэж 22.400.000 төгрөг нэхэмжилсэн.

 

Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Биологийн төрөл зүйл, мэдээллийн сан, сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Ц.Батгэрэлийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 04/14 дугаартай “...Цоохор ирвэс хууль бусаар агнасан гэх хэргийн улмаас амьтны аймагт учруулсан шууд хохирлын үнэлгээ: Эр ирвэс 1x11,200,000= 11,200,000, (арван нэгэн сая хоёр зуун мянган төгрөг) болж байна.” /хх-ийн 15 дугаар хуудас/, гэсэн  дүгнэлтээр амьтны аймагт 11.200.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

 

Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн  37.1 дэх хэсэгт “Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.”, 37.2 дахь хэсэгт “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно.”

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна.”  гэж тус тус хуульчилан заасан байна.

            Иймд шүүгдэгч Т.Ганхуягаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар амьтны аймагт учруулсан хохирол болох Эр цоохор ирвэсний хохирол 1x11.200,000=11.200.000 төгрөгийг хоёр дахин өсгөж 22.400.000 төгрөг гаргуулж  Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах нь зүйтэй байна.

 

 Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар хуульчилан заасан байх тул хохирогч Б.Даваадагвын хохирлын мөнгийг “орон нутгийн байгаль орчныг хамгаалах  эрсдэлийн санд оруулж өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.  

Улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:  Шүүгдэгч Т.Ганхуягийн үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон учраас эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ирвэсийн арьсыг хэрэгцээний дагуу Шинжлэх ухааны академи-Биологийн хүрээлэнд шилжүүлэх саналыг гаргаж байна. Мөн хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг Скиз маркийн бууг устгуулах саналтай, хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг байна” гэсэн дүгнэлтийг,      

              ШүүгдэгчТ.Ганхуягийн өмгөөлөгч С.Төмөрбаатар шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар: “...Миний үйлчлүүлэгч Т.Ганхуягийг улсын яллагчийн зүгээс 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргаж байна.  Т.Ганхуяг нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтын шатнаас эхлээд мэдүүлгээ үнэн зөвөөр өгч байсан, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар Т.Ганхуягт оногдуулж байгаа 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү гэсэн саналтай байна. Хохирлын хувьд боломжит хугацаагаар нэн даруй төлөхөө илэрхийлж байгаа.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүгдэгч Т.Ганхуяг: “Гэм буруугаа хүлээж байна. Манай ах дүү нар хөдөө малтай, хохирлын мөнгийг хавар ноолуур гарахаар төлнө. Би хувиараа барилгын ажил хийдэг” гэсэн.

Шүүгдэгч Т.Ганхуягт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т  заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,  шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Сангизав овогт Тойвгойн Ганхуягт 2  /хоёр/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Ганхуягт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно” гэж,

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, уг хуулийг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр,

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж, 

Мөн  хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/, Дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, Хууль бусаар ан агнах /Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Т.Ганхуягийн үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт хамаарч байна.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.14-т “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна. Шүүх Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээ авч болно” гэж,

4 дүгээр зүйлийн 4.2-т “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж хуульчилсан.  

Шүүгдэгч Т.Ганхуяг нь “гэм буруугаа хүлээж, хохирлыг хавар ноолуур гарахаар, мөн хувиараа барилгын ажил хийж нөхөн төлөхөө илэрхийлсэн” болно. 

Иймд шүүгдэгч Т.Ганхуягт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ялыг 2 /хоёр/ жил 5 /таван/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар солих нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.Ганхуяг нь Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багт оршин суух хаягтай боловч, одоо Өвөрхангай аймгийн  Арвайхээр сумын 4 дүгээр баг 45-7 тоотод нүүж ирээд 2 жил орчим оршин сууж байгаа одоо энэ хаяг дээрээ байнга оршин суух болох нь түүний мэдүүлгээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ганхуягт 2 /хоёр/ жил, 5 /таван/ сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.Ганхуягт мэдэгдэж, 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч Т.Ганхуягт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг цоохор ирвэсийн арьсыг хэрэгцээний дагуу Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнд, Скиз загварын буу 1 ширхгийг устгуулахаар Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газарт тус тус шилжүүлж шийдвэрлэлээ.

 

Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.2 дахь хэсэгт “Нэн ховор амьтныг төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрлөөр зөвхөн эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх зориулалтаар агнаж, барьж болно.” гэж заасан байх тул хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цоохор ирвэсийн арьсийг  хэрэгцээний дагуу Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнд шилжүүлсэн болохыг дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ганхуягт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  дурдаж, 

 

Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Ганхуягт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх  нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1,  36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.5, 3.6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сангизав овогт Тойвгойн Ганхуягийг нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, түүхий эдийн зүйлийг хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Сангизав овогт Тойвгойн Ганхуягийг 2 /хоёр/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ганхуягт оногдуулсан  2 /хоёр/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар шүүгдэгч Т.Ганхуягт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ялыг 2 /хоёр/ жил 5  /таван/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

5. Шүүгдэгч Т.Ганхуягийг 2 /хоёр/ жил 5 /таван/ сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.

6.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ганхуягт шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч Т.Ганхуягт оногдуулсан 2 /хоёр/ жил 5 /таван/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Шүүгдгч Т.Ганхуяг нь цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй  болохыг тус тус дурдсугай.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Т.Ганхуягаас байгаль орчинд учруулсан хохирол 22.400.000 төгрөгийг гаргуулж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг цоохор ирвэсийн арьсыг хэрэгцээний дагуу Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнд, Скиз загварын буу 1 ширхэгийг устгуулахаар  Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газарт тус тус шилжүүлсүгэй.  

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ганхуягт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ганхуягт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.МАНДАХБАЯР