Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/79

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж

Нарийн бичгийн дарга              М.Баярмэнд

Улсын яллагч                            Н.

Шүүгдэгч                                    М.*******

Өмгөөлөгч                                  В.

Хохирогч                                    Ж.*******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.*******т холбогдох 2123000000141 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, Завхан аймгийн сумын багийн ын хэсгийн ******* тоотод оршин суух хаягтай, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж оногдуулсан хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ын *******  /*******/

Шүүгдэгч М.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 09 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Завхан аймгийн сум баг ын хэсгийн ******* тоотод өөрийн гэртээ хохирогч Ж.*******тэй маргалдан түүний хэвлийн тус газар хутгалж  хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч М.*******ын холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

                                               1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 09 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Завхан аймгийн сумын баг ын хэсгийн ******* тоотод байх өөрийн гэртээ хохирогч Ж.*******тэй маргалдаж улмаар түүний  хэвлийн тус газар хутгалсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Бусдад хутгалуулсан байсан, М.******* өөрийг нь хутгалсан гэж хэлсэн  талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч Ж.ийн “...Би *******ынд ... унтахаар хэвтсэн. Үүнээс хойш юу болсон талаар сайн санахгүй байна. Нэг мэдсэн эмнэлэг дээр сэрсэн. Тэгээд намайг сэрэх үед манай гэрийнхэн чамайг ******* хутгалсан байна гэж хэлсэн. Саяхан ******* ирж уулзаад уучлал гуйсан, ах нь чамайг архи уусандаа хутгалаад алангаа алдсан байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр, /46 дахь тал/

гэрт орж ирэхэд М.*******, Ж.ийг хутгалсан байсныг харснаа шууд тусган мэдүүлсэн гэрч М.*******гийн “...Намайг утсаар ярьж байхад гэр дотор орилолдоод байхаар нь би яаваа гээд гүйгээд ортол ******* найз нь хутгалуулчихлаа гээд баруун талын цавиныхаа хавьцаа дарчихсан тэр хэсгээс нь цус гарч байсан, би сандраад хэн ингэчихвээ гэсэн чинь, найзыг нь энэ хутгалчихлаа гээд нөгөө хамт явсан хүн рүүгээ заатал тэр хүн нь хутга барьчихсан зогсож байсан. Тэгэхээр нь би та наад хутгаа тавиач гэсэн чинь, чамайг ч гэсэн ална шүү гээд аймар уурлаад байсан...” гэсэн мэдүүлгээр, /51 дэх тал/

М.******* болсон явдлыг өөрт нь утсаар ярьсан талаар мэдүүлсэн гэрч Г.*******ын “... 2021 оны 09 дүгээр сарын 18-ны ... 02 цагийн үед ... ******* над руу залгаад, яанаа энд аймар юм болчихлоо, нэгнийгээ аллаа ш дээ гээд утсаа салгасан. Тэгэхээр нь би буцаагаад ******* руу залгасан чинь утсаа аваагүй. Тэгсэн өнөө өглөө ******* над руу залгаад, чамайг явсны дараа би гадаа утсаар яриад зогсож байсан чинь гэрт нөгөө хоёр орилолдоод байхаар нь орсон чинь ийн гуянаас цус гарчихсан, найз нь үхлээ ш дээ гээд хажууд нь хамт байсан ах хутга барьчихсан зогсож байсан гэж надад хэлсэн ...” гэсэн мэдүүлгээр, /49 дэх тал/

Ж.******* утсаар бусдад хутгалуулчихлаа гэж ярьсан талаар мэдүүлсэн гэрч Ч.гийн “... 2021 оны 09 дүгээр сарын 19-ний 04 цаг 30 минутын үед манай нөхөр ******* над руу дугаарын утсаар залгаад, ахынд байна, миний бие рүү юмаар хатгачихлаа, намайг ирээд аваач гээд согтуу юм шиг хоолойгоор ярьсан. Тухайн үед надад машин байхгүй байсан тул ийн ээж рүү нь утсаар залгаж хэлсэн. Өглөө нь би ажил дээр ирэхэд ******* хагалгаанд орж байсан... “ гэсэн мэдүүлгээр, /59 дэх тал/

Мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч М.*******ын “... 2021 оны 09 дүгээр сарын 18-ны шөнө.... ******* ... надаас машиныхаа түлхүүрийг өгөөч гээд уурлаад байхаар нь, би машин согтуу жолоодож яах гээд байгаа юм бэ гээд би түлхүүрээ өгөөгүй. Гэтэл надад олон машин байна гээд уурлаад нөгөө хүүхэнтэйгээ гараад явсан. Би хойгуур нь унтах гээд хэвтэж байтал ******* буцаж орж ирээд, чи наанаа үхнэ шүү гэхээр нь чи яагаад байгаа юм бэ гээд босоод иртэл ******* намайг өшиглөсөн. Дараа нь ******* махан дээр байсан хутга руу хараад байхаар нь намайг хутгалчхаж магадгүй гээд өрсөөд тэр хутгыг махан дээрээс авсан. ийг айлгах санаатай чи манайхаас яв гэж хэлтэл намайг дахин өшиглөхөөр нь би айсандаа хутгаа урдаа барьтал хатгуулсан байна лээ. Тэгсэн чи намайг шаачихлаа ш дээ гээд Ж.******* орилоод байхаар нь миний барьсан хутганд хатгуулсан гэдгийг мэдсэн ...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шинжээчдийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 277 дугаартай “Ж.ийн биед хэвлийн баруун доод хэсэгт шарх гэмтэл учирчээ. Уг шарх нь хэвлийн хөндийд нэвтрээгүй, дотор эрхтнийг гэмтээгээгүй байна... Дээрх шарх гэмтэл нь 2021 оны 09 дүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой... Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... Яаралтай тусламжийн хуудсанд Ж.******* нь эмнэлэгт ирэх үедээ биеийн байдал хүнд, цус даралт 99/62, зүрхний цохилт 117, сатураци 98%, амьсгалын тоо 17, арьс, салст цайвар, цонхигор, зүрхний авиа тод, хэм жигд, уушиг 2 талдаа цулцангийн амьсгалтай гэсэн байх ба эдгээрээс үзэхэд амь насанд аюултай байдал үүсээгүй байна... Ж.******* нь цочмог цус алдалтын шоконд ороогүй, амь тэнссэн байдал илрээгүй тул гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй” гэсэн дүгнэлтээр /233 дахь тал/ нотлогдсон байна.                                            

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Дээрх шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгч нь хүнийг хутгалахад  хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа аюулаа хүсч хийсэн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна. Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 2.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

Шүүгдэгч М.******* нь хохирогч Ж.ийг хутгалсан үйлдэлдээ шууд санаатай хандаж хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ.

Шүүгдэгч М.******* нь хохирогч Ж.ий Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг хутгалсан үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.

Иймд М.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгчээс хохирогч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 1.280.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч дээрх 1.280.000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

Учир нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 2.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан ба  зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэл энэ хохиролд хамаарахгүй.

 Мөн Монгол Улсын Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс түүнтэй адилтгах орлого ийнхүү эрүүл мэндэд гэм хор учирлуулсантай холбогдон гарсан асарч сувилах нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлнө” гэж заасан  зайлшгүй төлөх зардалд хамаарахгүй байх тул 1,280,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хохирогч эмчилгээ сувилгаатай холбоотой зардлын баримт хэрэгт байхгүй боловч шүүгдэгч хохирогчид 4.178.643 төгрөг төлсөн байх тул эмчилгээ, сувилгаатай холбоотой гарсан зардлыг нөхөн төлсөн гэж үзнэ. Иймд шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй дурдах нь зүйтэй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан  гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“  гэж тус  тус  заасныг үндэслэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хохирогчийн эмчилгээний зардлыг нөхөн төлснийг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгч согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол нөхөн төлсөн зэргийг харгалзан шүүгдэгчид 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлийг цаашид ашиглах боломжгүй тул устгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8,  36.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.*******ыг 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******т оногдуулсан 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар тогтоож, шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

5. Шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор алаг өнгийн иштэй 23 см урттай хутга 1 ширхэг, хар хөх өнгийн нимгэн жинсэн өмд 1 ширхэг, саарал өнгийн нимгэн даавуун өмд 1 ширхгийг тус тус устгасугай.

7. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчийн нэхэмжилсэн 1,280,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

8. Шүүгдэгч  нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь хохирогчид эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

 9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч улсын яллагч түүний дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

    

            

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            З.НАНДИНЦЭЦЭГ