Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/112

 

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч М.Берикбол,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,

Шүүгдэгч ******************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ганхуягийн ******************д холбогдох эрүүгийн 2138002880084 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Холбогдсон хэргийн талаар:

      Шүүгдэгч ******************нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр буюу сумын төвд байрлах “Жанжин малгайт” гар утас засварын газрын үүднээс 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн орой хохирогч ******************өмчлөлийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй хүрэн өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,520,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүгдэгч ******************нь 2021 оны 11 дүгээр сарын 07-ны орой Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр буюу сумын төвд байрлах “Жанжин малгайт” гар утас засварын газрын үүднээс ******************өмчлөлийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй хүрэн өнгийн мотоциклыг хулгайлж 1,520,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2138002880084 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Жанжин малгайт гэх утас засварын үүдэнд байсан Мустанг-5 маркийн мотоцикл байхаар нь түлхэж уруудуулаад хүнээс далд аваачиж асаагаад Батхүү гэдэг айлд очиж хоносон...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч  байна...” гэх мэдүүлэг,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 11-14-р хуудас),

Хохирогч ******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...19 цаг 40 минутын орчим гэртээ харих гээд гарч ирэхэд миний мустанг-5 маркийн мотоцикл алга болсон байсан. Миний мотоциклийг байрлуулж тавьсан газраас нь түлхээд явсан мөр бүдэг байсан тул сумын хэсгийн төлөөлөгчид мотоциклоо алдсан талаараа дуудлага өгөөд сумын төвөөр мотоциклоо хайсан боловч олоогүй юм. ...би хохирлоо бүрэн барагдуулж авсан. Миний мустанг-5 мотоциклийг хулгайлсан ****************** мотоциклийг маань бүрэн бүтэн буцааж өгсөн. Надад өөр гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 19-21-р хуудас),

Гэрч Ц.Чинбатын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...****************** надаас салж яваад Цэрэнтогтох гэдэг залуугийн мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлаад явсан байсан. ****************** бид хоёр 19 цаг өнгөрч байхад сумын дэлгүүрүүдийн хажуугаас салсан. Тэр орой дэлгүүрүүдийн хажуугаас Цэрэнтогтохын мотоцикл хулгайд алдагдсан байсан. Тэгээд би маргааш нь буюу 2021 оны 11 сарын 08-ны өдөр ******************г яваад хайж Батхүү гэдэг айлд очиход Цэрэнтогтохын хулгайд алдсан мустанг-5 маркийн хүрэн ягаан өнгийн хонины арьс суудал дээр нь тохуулсан мотоциклийг унаж яваад надтай тааралдсан юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 24-25, 30-31-р хуудас),

Хөрөнгө үнэлсэн тайлан (хх-ийн 32-33-р хуудас),

Хохирогч ******************нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 50-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Төгөл багийн Засаг даргын тодорхойлолтын хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 49, 52-53-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2138002880084 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******************нь 2021 оны 11 дүгээр сарын 07-ны орой Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр буюу сумын төвд байрлах “Жанжин малгайт” гар утас засварын газрын үүднээс ******************өмчлөлийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй хүрэн өнгийн мотоциклийг хулгайлж 1,520,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч ******************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч ******************(хх-ийн 19-21-р хуудас), гэрч Ц.Чинбатын (хх-ийн 24-25, 30-31-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хөрөнгө үнэлсэн тайлан (хх-ийн 32-33-р хуудас),

Хохирогч ******************нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 50-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.******************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

      Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, хохирогчийн зүгээс эд хөрөнгөө ил задгай орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч ******************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч ******************нь ******************мотоциклийг хулгайлж 1,520,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд уг хохирлоо нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрлийн гэрээ хийсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.******************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ******************нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 53-р хуудас) аар тогтоогдож байна.

 Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнийг тэнсэж, “...оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчид авагдсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******************нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Эрүүгийн 2138002880084 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч ******************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч ******************г 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Г.******************д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

       4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч                      Г.******************д хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******************нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

      6. Эрүүгийн 2138002880084 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.******************д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Т.ХҮРЭЛБААТАР