Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/83

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж,шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга С.Аззаяа, улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч Б.Гэрэлээ. З.Маралмаа, тэдгээрийн  өмгөөлөгч Д.Нямдорж нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт  зааснаар   яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч  Хойд овогт Бархүүгийн Гэрэлээ, Бууч овогт Загдаагийн Маралмаа  нарт холбогдох  эрүүгийн 2236000000075  дугаартай, 178/2022/0079/Э/ индекстэй хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2022 оны 04 сарын 12-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

        Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Б.Гэрэлээ, З.Маралмаа нар нь  бүлэглэн 2022 оны 03 сарын 16- ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, Ховд Их сургуулийн Оюутны байрны 310 тоот өрөөнд хамт цуг амьдардаг иргэн Т.Хүжмаагийн “Dell загварын зөөврийн комьютерийг хүч хэрэглэхгүйгээр  нууцаар хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдэж хохирогчид 670000 төгрөгний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн 02-05  дугаар тал/

Эд зүйл хураан авч үзлэг хийсэн... Иргэн С.Нандинцэцэгээс 37х26 см хэмжээтэй, хөх өнгийн хавтсаараа дэлгэгддэг, дээд хэсэгтээ DELL  гэсэн бичвэртэй, доод талдаа цаасан дээр inspiron n5110 made in china 5673532573 гэсэн бичвэртэй, хавтасыг дэлгэж үзэхэд 35-20 см хэмжээтэй дэлгэцтэй, дэлгэцний дээд хэсэгт камертай баруун буланд inspiron  гэсэн бичвэртэй доод дунд хэсэгт Dell гэсэн бичвэртэй, гарны зүүн  урд буланд Intel inside CORE i5  гэсэн бичвэртэй нөтбүүк байх ба нөтбүкийг асааж үзэхэд ямар нэгэн кодгүй асаж байх ба нүдээр харахад дэлгэцний арын дээд хэсэгт зүүн талын булангаас 6 см зайд 2.5х6 см хэмжээтэй хагарсан, нугасны хэсэгт 1.5 см хэмжээтэй зурагдсан доод талын баруун урд талын дугуй хаймар нь унасан өөр ямар нэгэн ил харагдах гэмтэлгүй, хажуу талдаа RETA Power A33391919  гэсэн 5х1 см хэмжээтэй цаасан дээр хараар бичсэн бичвэртэй нөтбүүк байсныг хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн  08-12 дугаар тал /

Эд зүйлийг хүлээлгэн өгсөн...С.Нандинцэцэгээс хураан авсан  37х26 см хэмжээтэй, хөх өнгийн хавтсаараа дэлгэгддэг, дээд хэсэгтээ “DELL гэсэн бичвэртэй, доод талдаа цаасан дээр inspiron n5110 made in china 5673532573 гэсэн бичвэртэй, хавтасыг дэлгэж үзэхэд 35-20 см хэмжээтэй дэлгэцтэй, дэлгэцний дээд хэсэгт камертай баруун буланд inspiron  гэсэн бичвэртэй доод дунд хэсэгт Dell гэсэн бичвэртэй, гарны зүүн  урд буланд Intel inside CORE i5  гэсэн бичвэртэй харахад дэлгэцний арын дээд хэсэгт зүүн талын булангаас 6 см зайд 2.5х6 см хэмжээтэй хагарсан, нугасны хэсэгт 1.5 см хэмжээтэй зурагдсан доод талын баруун урд талын дугуй хаймар нь унасан өөр ямар нэгэн ил харагдах гэмтэлгүй,  хажуу талдаа RETA Power A33391919  гэсэн 5х1 см хэмжээтэй цаасан дээр хараар бичсэн бичвэртэй нөтбүүкийг хохирогч Т.Хүжмаад хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн 13- 14 дүгээр тал /

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Говь-Алтай аймгийн Чандмань сумын 4 дүгээр багт оршин суух, 2001 онд төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой,Ховд Их Сургуулийн Байгаль орчин хамгаалалын 3 дугаар дамжааны оюутан ДО01271301 дугаарын регистртэй, Хөхдан овогт Түмэнжаргалын Хүжмаагийн өгсөн...Би 2022 оны 03 сарын 16-ны өглөө 09 цаг 40 минутын үед хичээлдээ яваад 16 цаг 30 минутын үед оюутны дотуур байранд байдаг өрөөндөө ирэхэд өрөө цоож байхгүй, өрөөний эд хогшлыг тараагаад хаячихсан байсан. Өөрийн нөтбүүк байдаг цаасан хайрцагийг онгойлгож үзэхэд нөтбүүк алга болсон байсан. Тэгээд хамт амьдардаг З.Маралмаа, Б.Гэрэлээ хоёроос чатаар асуусан. Тэр хоёр өрөөгөө цоожлоод гарсан мэдэхгүй гэсэн. Тэр хоёр ирээд цоожтой байсан чиний нөтбүүкийг хараагүй гэсэн. 2020 онд хувь хүнээс 700000 төгрөгөөр худалдаж авсан. Dell маркын 15- тай нөтбүүк байсан. Би оюутны байранд З.Маралмаа,Б.Гэрэлээ нартай цуг амьдардаг. Б.Гэрэлээ бид хоёр урьд байр хөлсөлж амьдарч байгаад түүний нөтбүүкийг барьцаанд тавьсан одоо мөнгө нь өсөөд 400000 төгрөг болсон. Би 100000 төгрөг өгсөн. Нөтбүүкээ буцаагаад авсан.  Намайг өрөөндөө ирэхэд өрөө онгорхой эд зүйл эмх замбараагүй байхаар нь З.Маралмаа, Б.Гэрэлээ нараас нөүтбүүкээ асуусан. Бид хоёр өрөө цоожлоод гарсан гэхээр нь хулгай орсон байна гэж бодоод цагдаа дуудсан. Би нөүт бүүкээ хүлээн авсан, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ...гэх мэдүүлэг / хэргийн 24, 82 дугаар тал /

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Нандинцэцэгийн өгсөн... 2022 оны 03 сарын 16- ны өдөр гэртээ байхад хамт сурдаг З.Маралмаа чатаар залгаад “уулзах хэрэг байна” гэсэн. Тэгээд 16 цагаас 17 цагийн үед 30 айлын хажууд уулзсан. Нэг эгчтэй хамт явж байсан. З.Маралмаа  “манай эгч нөтбүүкээ түр хадгалуулах” гэсэн юмаа гээд цүнхнээсээ Dell  маркын нөтбүүкийг залгуурын хамт гаргаж ирээд  надад өгсөн. Тэр хүнд битгий хэлээрэй 7 хоног хадгалаад өг гэж өгсөн. Би за гээд авсан. Ямар учиртай хадгалуулж байгаагаа хэлээгүй. Би асааж үзээгүй тул кодтой байсан эсэх талаар мэдэхгүй. Цуг явсан эгч нь цүнхгүй байсан... гэх мэдүүлэг/ хэргийн 30 дугаар тал/

Хөрөнгийн үнэлгээний ВЕНДО ХХК-ний 2022 оны 03 сарын 24- ний өдрийн үнэлгээгээр Dell загварын 15-тай нөүтбүүк   670000 төгрөг ... гэх дүгнэлт/ хэргийн 37, 40 дүгээр  тал/

Мөрдөн шалгах ажииллагаанд яллагдагч З.Маралмаагийн өгсөн... Надтай хамт байдаг Б.Гэрэлээ эгч хэлэхдээ “ өөрийн нөүт бүүкийн ломбардад тавьсан байгаа, ээж, аав мэдэх  гээд байна. Т.Хүжмаагийн нөүт бүүкийн ломбарданд тавих юм уу зарчихья” гэж  хэлсэн. Тэгэхээр нь нөүт бүүкийг хайхад  цаасан хайрцаг дотор цүнхтэйгээ байсан. Цүнхийг нь онгойлгоод асааж үзэхэд кодтой байсан. Кодыг гаргах гэсэн боловч чадахгүй байсан. Тэгэхээр  нь  бид хоёр хамт Сонголт төв, 60 айлын  ломбард орсон боловч кодтой гээд авахгүй байсан. Музей ороод 10000 төгрөгөөр кодыг нь гаргуулаад Т.Хүжмаа эгчид өгье гээд явж байтал  Т.Хүжмаа эгч  Б.Гэрэлээ эгч рүү залгаад “ нөүт бүүк хаана байна, байрны багш нар цагдаа ирсэн, бөөн юм болж байна ” гэсэн.   Тэгэхээр нь би ангийнхаа хүүхэд болох С.Нандинцэцэгийг дуудаад “манай эгчийн нөүт бүүк 7 хоног хадгалаад өгөөч” гээд өгсөн. Т.Хүжмаа эгчийн нөүтбүүкийг зарах юмуу ломбардад тавьчихаад Б.Гэрэлээ эгчийн нөүт бүүкийг авах гэж байсан. Dell  загварын цэнхэр өнгийн нөүтбүүк байсан. Тухайн код гаргасан ахыг танихгүй. С.Нандинцэцэг нь цагдаагийн  байгууллагад нөүт бүүкийг хураалгаад Т.Хүжмаа эгчид хүлээлгэн өгсөн байгаа. Хохирол нэхэмжлэхгүй гэсэн ... гэх мэдүүлэг/ хэргийн 52-54 дүгээр   тал/

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч  Б.Гэрэлээгийн өгсөн... 2021 оны 11 дүгээр сард өөрийн Dell загварын нөүтбүүкийг 60 айлын ломбардад 270000 төгрөгөнд тавьчихаад түүнийгээ авч чадаагүй. Тэгээд Т.Хүжмаагийн нөүт бүүкийг ломбардад тавиад өөрийн нөүт бүүкээ авах гэсэн юм. З.Маралмаад Т.Хүжмаагийн нөүтбүүкийг ломбардад тавья гэж хэлчихээд байж байтал З.Маралмаа тэгье гэсэн. Тэгээд З.Маралмаа нь Т.Хүжмаагийн нөүтбүүкийг хайсан чинь кордан хайрцаг дотор цүнхтэйгээ байсан. Цүнхийг онгойлгон нөүтбүүкийг асааж үзэхэд кодтой байсан. Кодыг нь гаргах гээд бид хоёр зөндөө оролдсон боловч чадахгүй байсан. Тэгээд Сонголт төв болон 60 айлын ломбард орсон боловч кодтой гээд авахгүй байсан. Тэгээд 30 айлын комюьтерийн газар ороход Музей дээр очоод  гаргуулчих гэсэн. Тэгээд Музей ороод 10000 төгрөгөөр кодыг гаргуулаад байрлуугаа явж байтал Т.Хүжмаа залгаад “миний нөүт бүүк алга болсон байна. Цагдаа нар ирсэн байна. Та хоёр хаана байна , хурдан хүрээд ир” гэхээр нь айсандаа болоод З.Маралмаагийн найзтай утсаар яриад  Т.Хүжмаагийн нөүт бүүкийг маргааш авна гээд өгсөн. Цагдаа нар явсны дараа өгье гэж бодсон. Dell загварын цэнхэр өнгийн нөүт бүүк байсан. Ломбардад тавьж мөнгө олох зорилгоор авсан. Т.Хүжмаагийн нөүт бүүкийг С.Нандинцэцэг цагдаа дээр авчираад Т.Хүжмаад хүлээлгэн өгсөн. Т.Хүжмаа хохирол нэхэмжлэхгүй гэсэн ... гэх мэдүүлэг / хэргийн 70-72 дугаар тал /

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Мөнхтүвшингийн өгсөн... Миний бие Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт  үйл ажиллагаа явуулдаг Сонголт төвийн 3 давхарт  Ган- Ууган ломбард ажиллуулдаг. 2022 оны 03 16-ны өдөр 15 цаг 45 минутын үед хар өнгийн хувцастай, хар масктай, өндөр нуруутай, намхан нуруутай танихгүй 2 охин манай ломбарданд орж ирээд цүнхнээсээ цэнхэр өнгийн Dell  загварын нөүт бүүк гаргаж ирээд авах уу гэхээр нь эртний загвартай, мөн кодтой байсан учраас авахгүй гэж хэлээд гаргасан. Надад хэдэн төгрөгөнд тавихаа хэлээгүй, кодтой учраас авахгүй гэж хэлээд  гаргасан. Тэр хоёр охины бичлэг манай камерт бичигдээд үлдсэн учраас хэрэгтэй бол авч болно... гэх мэдүүлэг / хэргийн 85-86 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Хүжмаагийн Ховд аймгийн Цагдаагийн газарт гаргасан... Миний бие Түмэнжаргалын Хүжмаа нь 2022-03-16- ны өөрийн эзэмшлийн Dell  загварын нөүт бүүк алдаж, 2022 оны 03 сарын 24- ний өдөр Цагдаагийн ахмад Б.Сүхцэрэнгээс хүлээн авсан тул надад ямар нэгэн гомдол нэхэмжлэх зүйл алга ... гэх хүсэлт / хэргийн 99 дүгээр хуудас / зэрэг нотлох баримтууд болно.

Шүүгдэгч нарыг  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:

Шүүгдэгч Б.Гэрэлээ, З.Маралмаа  нар нь Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалант багийн   нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ховд Их Сургуулийн Оюутны 2 дугаар байрны 310 тоотод хамт амьдарч байсан Т.Хүжмаагийн Dell загварын 670 төгрөгний үнэ бүхий зөөврийн комьютерийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар ломбардад тавьж мөнгө олох зорилгоор авсан,  шүүгдэгч З.Маралмаа нь өөрийн найз С.Нандинцэцэг түр хадгалуулсан, хохирогч Т.Хүжмаа нь Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж зөөврийн комьютерээ буцаан авсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Гэрэлээ, З.Маралмаа, тэдгээрийн  өмгөөлөгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Гэрэлээ, З.Маралмаа нар хохирлыг бодит байдлаар төлсөн  нь  эд зүйлийг хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Хүжмаагийн гаргасан...  Dell загварын 670 төгрөгний үнэ бүхий зөөврийн комьютерээ хүлээн авсан...  гэх хүсэлт зэрэг баримтуудаар тогтоогдож байна. 

Шүүгдэгч Б.Гэрэлээ, З.Маралмаа  нарын  үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийвэрлүүлэх хүсэлт гаргасан   нь   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч  байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

  Шүүгдэгч Б.Гэрэлээ, З.Маралмаа нар нь  бусдын өмчлөлийн эд зүйлийг хохирогчид мэдэгдэхгүйгээр авч болохгүй гэдгийг мэдсээр байж өөрийн өрийг төлөхийн тулд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр,нууцаар, хууль бусаар   эзэмшилдээ шилжүүлэн авсныг  Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.  

Мөн Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт .... гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэнэ...  гэж заасан ба шүүгдэгч Б.Гэрэлээ, З.Маралмаа нар нь  нэг өрөөнд хамт амьдардаг, хохирогч Т.Хүжмааг эзгүй байх үед нь зөөврийн компьютерийг нууцаар авч, ломбардад тавих талаар ярилцаж, байрнаасаа авч гарч,  ломбардад очиж барьцаанд тавихаар үзүүлж явсан,  код гаргадаг хүнээр 10000 төгрөгт кодыг гаргуулж, хохирогч Т.Хүжмааг цагдаагийн байгууллагад мэдэгдсэний дараа шүүгдэгч З.Маралмаа нь өөрийн найз С.Нандинцэцэгт Т.Хүжмаагийн зөөврийн компьютерийг  хамт явж байгаа эгч  Б.Гэрэлээгийнх гэж хадгалуулсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдэх гэмт хэргийн шинжийг бий болгож байна. 

Шүүгдэгч Б.Гэрэлээ, З.Маралмаа  нар нь  бүлэглэн  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр,нууцаар, хууль бусаар   авсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцов.

Шүүгдэгч Б.Гэрэлээ, З.Маралмаа нарын амар хялбар аргаар мөнгө олох гэсэн  нь хулгайлах гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болжээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Хүжмаа нь Цагдаагийн газарт ... Миний бие Түмэнжаргалын Хүжмаа нь 2022-03-16- ны өөрийн эзэмшлийн Dell  загварын нөүт бүүк алдаж, 2022 оны 03 сарын 24- ний өдөр Цагдаагийн ахмад Б.Сүхцэрэнгээс хүлээн авсан тул надад ямар нэгэн гомдол нэхэмжлэх зүйл үгүй ... гэх хүсэлт гаргасан нь   хохирогчид учирсан хохирол бодит байдлаар төлөгдсөн гэж үзнэ.

            Хоёр.Шүүгдэгч нарт  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.Гэрэлээ, З.Маралмаа нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 89, 90 дүгээр хуудсанд авагдсан  “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар  тогтоогдож байна

Шүүгдэгч Б.Гэрэлээ, З.Маралмаа нарын  хувийн байдлын талаар гэрч Э.Отгонжаргалын өгсөн... З.Маралмаа бид нар найзууд, тогтуун томоотой, даруухан, хүнд тусархуу, мөрөөрөө ажилсаг охин. З.Маралмаа нь  Говь- Алтай аймгийн Есөн булаг суманд Загдаагийн 4 дэх хүүхэд болон мэндэлсэн, аав Загдаа өндөр насны тэтгэвэрт байдаг, 2021 оны намар Ховд Их сургуульд элэсэн суралцаж байгаа, урьд нь гэмт хэрэг зөрчилд шалгагдаж байгаагүй... гэх мэдүүлэг, гэрч Б.Халиунаагийн өгсөн... З.Маралмаа бид найзууд, тэр тогтуун томоотой зантай, хүнд тусархуу, аав Загдаагийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд амьдардаг, аав нь өндөр насны тэтгэвэрт байдаг, ах эгч нар нь тусдаа гарсан ажил хийдэг байгаа. Тэр Ховд Их  сургуулийн 1 дүгээр дамжаанд  суралцдаг, урьд нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй ... гэх мэдүүлэг, гэрч Б.Хишигбаярын өгсөн... Б.Гэрэлээ нь миний төрсөн дүү. Ховд аймгийн Цэцэг суманд эцэг, эх, эгч 2 дүүгийн хамт амьдардаг, 2019 онд Ховд Их сургуулийн  нягтлан бодох бүртгэлийн ангид элссэн, одоо 3 дугаар дамжаанд суралцдаг, тогтуун томоотой, хүнд тусархаг, ажилсаг хүүхэд байгаа. Урьд өмнө хэрэг зөрчилд холбогдож байгаагүй..гэх мэдүүлэг, гэрч Д.Гүнжилмаагийн өгсөн... Б.Гэрэлээ бид ах дүү нарын хүүхэд. Б.Гэрэлээ нь 2019 онд Ховд Их сургуульд элссэн, одоо нягтлан бодох бүртгэлийн 3 дугаар дамжаанд суралддаг,  даруу томоотой, эцэг Бархүү, Эх Байгалмаа нар нь Ховд аймгийн Цэцэг сумын Хажинга багт мал малладаг байгаа. Урьд нь гэмт хэрэг зөрчилд холбогдож  байгаагүй ... гэх мэдүүлэг, Б.Гэрэлээ, З.Маралмаа нарын    төрсний бүртгэлийн лавлагаа,  иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгч Б.Гэрэлээ, З.Маралмаа нарь  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-т заасан  анх удаа гэмт хэрэг үйлдсэн,  хохирол бодит байдлаар төлөгдсөн  зэргийг  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,  эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Б.Гэрэлээ, З.Маралмаа нарыг  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр,нууцаар, хууль бусаар   авсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт заасан  хулгайлах  гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн  гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар   шүүгдэгч Б.Гэрэлээ, З.Маралмаа  нарыг хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хцгацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгийн 2.5-д заасан... оршин суух газар, ажил,  сургуулиа  өөрчлөх , зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий  байгууллагад урьдчилсан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэж,  хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч  нараас  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх хохирол бодит байдлаар төглөгдсөнг  тус тус дурдаж байна гэх дүгнэлт гаргав. 

Шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгч:Шүүгдэгч Б.Гэрэлээ, З.Маралмаа нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Улсын яллагчийн санал болгосон ялын санал болон албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч байгаа гэх дүгнэлт  гаргав.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр,нууцаар, хууль бусаар авах, хулгайлах гэмт хэрэг нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Б.Гэрэлээ, З.Маралмаа нар нь  анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролыг бодит байдлаар төлсөн  нөхцөл байдал болон шүүгдэгч нарын  сургуульд суралцдаг хувийн байдал, улсын яллагчийн ялын саналыг тус тус харгалзан   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар   шүүгдэгч Б.Гэрэлээ, З.Маралмаа  нарыг хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгийн 2.5-д заасан... оршин суух газар, ажил,  сургуулиа  өөрчлөх , зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий  байгууллагад урьдчилсан мэдэгдэж байх... үүрэг хүлээлгэж,  мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан журмыг шүүгдэгч нарт тайлбарлан өгч, шүүгдэгч нарын  хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 Шүүгдэгч Б.Гэрэлээ, З.Маралмаа нар нь  энэ хэрэгт цагдан хоригдоогүй,  шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, хохирогчид учирсан хохирол бодит байдлаар төлөгдсөн болохыг  тус тус дурдаж, шүүгдэгч нарт   хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр  болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,36.1,36.2-1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Хойд овогт Бархүүгийн Гэрэлээ, Бууч овогт Загдаагийн Маралмаа нарыг  бүлэглэн  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр,нууцаар, хууль бусаар   авсан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг  бүлэглэн   үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Хойд овогт Бархүүгийн Гэрэлээ, Бууч овогт Загдаагийн Маралмаа  нарыг хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тус тус тэнссүгэй.

3. Эрүүгийн 2236000000075  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,цагдан хоригдсон хоноггүй, хохирол бодит байдлаар төлөгдсөн,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг  тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Гэрэлээ, З.Маралмаа нарт  ... оршин суух газар, ажил,  сургуулиа  өөрчлөх , зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий  байгууллагад урьдчилсан мэдэгдэж байх ...  үүрэг хүлээлгэсүгэй.

5. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан журмыг шүүгдэгч Б.Гэрэлээ, З.Маралмаа нарт  тайлбарлан өгч, шүүгдэгч нарыг  хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. .

6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Гэрэлээ, З.Маралмаа  нарт   хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  мөн хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш,  эсхүл мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч , түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,  дээд шатны прокурор  эсэргүүцэл бичих эрхтэй ба  гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                Т.ЦЭЦЭГМАА

Top of Form