Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 43

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  П.Н-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

       

 

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

            Прокурор                                            Б.Мээпам

            Яллагдагч                                          П.Н

            Яллагдагчийн өмгөөлөгч                 Б.Алтанчимэг

Нарийн бичгийн дарга                      Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 717 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Цогтбаярын бичсэн эсэргүүцлийг үндэслэн, П.Над холбогдох 1712001810063Т дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, ,, оны 03 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, Архангай аймгийн ,, ажилтай, ам бүл 3, урьд ял шийтгэлгүй, Б овогт Пгийн Н

 

П.Н нь 2017 оны 09 дүгээр сарын 21-ний орой иргэн Я.О-т 3 тооны адууны махыг захиран зарцуулах эрхийг тодорхойлсон мал, махны гарал үүслийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас П.Над холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 717 дугаартай шүүгчийн захирамжаар: “Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан бол ... гэж заасан байх бөгөөд яллагдагч ямар бичиг баримтийг хуурамчаар үйлдсэн, уг хуурамч баримт бичиг нь  дээрх гэмт хэргийн аль шинжийг хангаж байгаа  нь тодорхойгүй, түүний хуурамчаар үйлдсэн гэх бичиг баримт нь хавтаст хэрэгт авагдаагүй байна.

Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлийг шүүх хуралдааанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна гээд

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Над холбогдох эрүүгийн 1712001810063 тоот хэргийг Архангай аймгийн Прокурорын газарт буцааж,

Хэргийг прокурорт очтол яллагдагч П.Над урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Энэ захирамжийг прокурор эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.”

 

Прокурор Н.Цогтбаярын бичсэн эсэргүүцэлд:

“Архангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Цогтбаяр би, тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 717 дугаартай шүүгчийн захирамжийг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

Шүүгдэгч П.Н нь 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн орой иргэн Я.От 3 тооны адууны махыг захиран зарцуулах эрхийг тодорхойлсон, мал, махны гарал үүслийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Тус прокурорын газраас яллагдагч П.Н, Я.О нарт холбогдох эрүүгийн 1712001810063 дугаартай хэрэгт яллагдагч П.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т заасан, яллагдагч Я.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх П.Н, Я.О нарт холбогдох хэргийг 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд шүүгдэгч П.Над холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэн түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Я.Оыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч П.Над холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн билээ.

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүх хэргийг дахин хүлээн авч 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр Я.О, П.Н нарт холбогдох эрүүгийн 1712001810063 дугаартай хэргээс П.Над холбогдох хэргийг тусгаарлаж, улмаар тусгаарласан хэргийг “Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан бол... гэж заасан байх бөгөөд яллагдагч ямар бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн, уг хуурамч баримт бичиг нь дээрх гэмт хэргийн аль шинжийг хангаж байгаа нь тодорхойгүй, түүний хуурамчаар үйлдсэн гэх бичиг баримт нь хавтаст хэрэгт авагдаагүй байна. Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажилагааны дээрх зөрчлийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй...” гэж дүгнэн 717 дугаартай шүүгчийн захирамжаар прокурорт буцаасныг мөн дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудаар П.Н нь Я.Оын хулгайлсан 3 тооны адууны махыг захиран зарцуулах эрхийг тодорхойлсон, мал, махны гарал үүслийн хуурамч баримт бичгийг үйлдэж түүнд өгөхдөө ямар ч бүртгэл судалгаагүйгээр ганц хувь үйлдсэн, шүүгдэгч Я.О нь Улаанбаатар хотын Хүчит шонхор худалдааны төвд тухайн адууны махыг бусдад худалдахдаа дээрх баримт бичгийг хамт өгсөн, 3 тооны адууны мах худалдсан этгээдийг хэн болохыг огт танихгүй зэрэг нөхцөл байдал тогтоогдсон байна. Энэ талаар шүүгдэгч Я.О нь шүүх хуралдааны явцад мэдүүлэг өгөхдөө дурдсан нь шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдсон байна. Яллагдагч П.Н, Я.О нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн нотолж тогтоосон байхад анхан шатны шүүх шүүгдэгч П.Над холбогдох хэргийг үндэслэлгүйгээр тусгаарлаж, хэрэгт нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай гэж үзэж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй шийдвэр болжээ. Иймд П.Над холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 717 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд прокурор оролцох болно.” гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:“Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мээпам би яллагдагч П.Над холбогдох эрүүгийн хэрэгт бичсэн прокурорын эсэргүүцлийн дагуу давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байна. Нэгдүгээрт 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 25 дугаартай прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Учир нь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх П.Над холбогдох хэргийг хянан хэлэлцээд үндэслэлгүй шийдвэр гаргаж прокурорт хэргийг буцаасан болохыг эсэргүүцэлд тодорхой дурдсан. Ийм учраас П.Над холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 717 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Прокурорын эсэргүүцэлтэй холбогдуулан гаргах санал байхгүй.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурор Н.Цогтбаярын бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй болжээ. Тухайлбал:

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад П.Нын Я.От өгсөн 3 тооны адууны махыг захиран зарцуулах эрхийг тодорхойлсон, мал, махны гарал үүслийн бичгийг П.Н нь нэг хувь үйлдсэн, үйлдсэн нэг хувь бичгийг Я.О нь мах худалдан авсан гэх этгээдэд өгсөн, мах худалдан авсан гэх этгээдийг танихгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон, хэргийг мөрдөн байцаалтанд буцааснаар уг баримт бичиг буй болох боломжгүй байх тул энэ үндэслэлээр хэргийг мөрдөн байцаалтанд буцаах шаардлагагүй байна.

 

 Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хангаж, Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 717 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

 П.Нын холбогдсон гэмт хэргийн шинж, хувийн байдал зэргийг харгалзан хэргийг анхан шатны шүүхэд очтол түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн болно.

 

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.3-т тус тус заасныг удирдлага болгон

 

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 717 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол П.Над хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т тус тус зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Т.ДАВААСҮРЭН

 

                             ШҮҮГЧИД                                         Д.БЯМБАСҮРЭН

 

                                                                                       В.ЦЭЦЭНБИЛЭГ