Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 53

 

                   Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалж,  

                Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ,
                Улсын яллагч: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Баярмагнай,
            Хохирогч: Б.Нарантуяа, О.Галсансанж  
               Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Бунжаа, 
                Шүүгдэгч: Б.Нэргүй нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
         Увс аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Тайж овгийн Батсуурийн Нэргүйд холбогдох эрүүгийн 201620000114 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв
                Биеийн байцаалт:  
           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, аав, ээжийн хамт Увс аймгийн Улаангом сумын 1-р багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ОО94092035, Тайж овогт Батсуурийн Нэргүй.  
         Хэргийн товч утга: 
Шүүгдэгч Б.Нэргүй нь 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Гашууны хороолол орчмоос 3 тооны үхэр хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:
                Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд: 
                 1. Хохирогч Б.Нарантуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: Би Б.Нэргүй гэгчийг танихгүй. Садан төрлийн холбоо байхгүй. Манайх Улаангом сумын 12-р багийн нутагт амьдардаг бөгөөд хувьдаа том жижиг нийлсэн 13 тооны үхэртэй юм. 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн өглөө 09.00 цаг орчимд 2 туглаа гэрт үлдээгээд үлдсэн 11 тооны үхрээ бэлчээрт гаргасан. Манай үхэр доошоо холгүй Битүүгийн харгана, Цагаан үхрийн ферм, Бор үзүүр гэх газруудаар гол дагаж бэлчдэг байсан юм. Тэр өдрийн орой 19.00 цаг орчимд манай үхэрнүүд бэлчээрээс ирсэн тул бид тоолж бүртгэж үзтэл 8 үхэр ирсэн байсан бөгөөд 3 тооны үхэр алга байсан. Уг алдагдсан үхэрнүүд нь хоо зүсний, духан дээрээ цагаан толботой, эвэргүй мухар гунжин эм үхэр-1, хар цоохор зүсний, богино эвэртэй, гунжин эм үхэр-1, хоо зүсний духан дээрээ цагаан толботой өнгөрсөн жилийн эм бяруу-1 зэрэг үхэрнүүд ирээгүй байсан. Бид тэр орой нь бэлчдэг газруудаар нь хайсан боловч олдоогүй, ямар нэгэн сураг гаргаж чадаагүй юм. Манай үхэрнүүд бөөндөө явдаг бөгөөд салж гүйдэг үхэр байхгүй. Мөн тэдгээр гурван үхрийг хэн нэгэнд өгөх талаар ярьж тохирсон зүйл байхгүй. Уг алдагдсан үхэрнүүд манай унаган үхэрнүүд бөгөөд хар цоохор зүсний багавтар эвэртэй, гунжин эм үхэр нь миний дүүг авсан хүргэн Галсансанж гэх хүний үхэр бөгөөд тэднийх манайхтай нэг хашаанд хамт амьдардаг мал нь цугтаа байдаг юм. Энэ хэргийн улмаас манай гунжин болон бяруу зэрэг нийт 2 тооны үхэр, Галсансанжийн 1 тооны гунжин үхэр алдагдсан юм. Мөн эдгээр малыг хайж машин мотоциклоор нилээд явж зардал ихээр гаргасан юм. Би өөрөө зуны улиралд ресторанд ажилладаг бусад үед ажилгүй болдог. Нөхөр маань ажилгүй тул мал маллаж амьдардаг юм. Энэ жил манай мал тэжээлээр өвлийг давсан бөгөөд эдгээр үхэрнүүд манай үхэрнүүд дотроос сайн нь буюу тэнхлүүн тарга тэвээрэг сайтай үхэрнүүд нь байгаа юм. Би өөрийн алдагдсан мал болох гунжин эм үхрийг нь 400.000 төгрөгөөр, эм бярууг 300.000 төгрөгөөр тус тус үнэлнэ. Малыг хайж явахад ямар нэгэн ул мөр илрээгүй. Бид эхэндээ бэлчээрт хоцорсон, тэр хавиараа байгаа байх гэж бодоод хайсан. Тэгээд шөнө хүртэл хайгаад олдоогүй тул хулгайч аваад харгана дунд уяж орхиод шөнө ачих байх гэсэн таамаг тавиад шөнөжин тэр орчмоор эргэж манаж хоносон боловч олдоогүй юм. Бид хэд хоног хайж байтал Баян-Өлгий аймгаас машинтай хүмүүс ирж үхэр авсан талаар сонссон юм. Тиймээс цагдаагийн байгууллагад мэдэгдэхэд Тэдгээр хүмүүсийг бид шалгаж байгаа гэж хэлсэн тул алдагдсан үхэрээ бүртгүүлсэн юм. Түүний дараа цагдаагийн газраас Танай үхрийн сураг гарсан. Завхан аймагт зарагдсан байна гэж хэлсэн юм. Эдгээр үхэрнүүд нь манай унаган мал бөгөөд жил бүр ээж Биньеэгийн нэр дээр тоолуулдаг байсан. Өнгөрсөн жил манай баг шинээр байгуулагдаж солигдсон тул мал тооллогын хүмүүс манайд ирж мал тоолоогүй өнгөрсөн юм. Галсансанж малаа өөрийнхөө нэр дээр бог малтайгаа хамт тоолуулдаг бөгөөд манайхтай хамт байдаг юм.  Манай гэр бүлийнхэн уг үхэрнүүдийг олон хоногоор машин мотоциклоор хайж зардал гаргасан, олон хоног ажил төрөл, цаг зав алдаж хайсан. Одоо уг 3 үхэр нь Завхан аймагт байгаа. Тэдгээр үхэрнүүдийг Улаангом суманд авч ирэхэд бас тодорхой зардал гарч таарна. Тиймээс эдгээр зардлуудыг нэхэмжлэх болно. Малаа хулгайд алдсандаа гомдолтой байна гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р тал/,
             -Хохирогч Б.Нарантуяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Надад хэлж яриад байх зүйл ална. Үхрээ зүсээр нь авсан. Надад нэхэмжлэх хохирол, гомдол байхгүй. Дахин битгий хулгай хийгээрэй гэж л хэлмээр байна. Б.Нэргүйтэй эвлэрсэн гэж ойлгож болно гэх мэдүүлэг, 
2. Хохирогч О.Ганлсансанжийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би Б.Нэргүй гэгчийг танина. Бидэнд садан төрлийн холбоо байхгүй. Би өөрийн эхнэр хүүхдүүдийн хамт Улаангом сумын 12-р багийн нутагт Гашуун хороололд байдаг хадам эцэг эхийнхээ хашаанд хамт амьдардаг юм. 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр манай 3 үхэр Нарантуяагийн болон хадмын нийт 11 үхэр өглөө 09.00 цаг орчимд бэлчээрт гарсан юм. Манайхны үхэр Бор үзүүр, Битүүгийн харгана зэрэг газруудаар гашууны гол дагаж бэлчдэг юм. Тэгээд орой 19.00 цаг орчимд үхэр бэлчээрээс ирэхэд 3 үхэр дутсан юм. Бүртгэж үзэхэд миний цоохор зүсний гунжин эм үхэр, Нарантуяагийн мухар хоо галзан зүсний эм гунжин үхэр-1, төөлтэй хоо зүсний охин бяруу-1 зэрэг үхэр алдагдсан байсан тул бид бэлчээр орчмоор нь хайсан боловч олдоогүй тул цагдаагийн газрын алдуул малын бүртгэлд бүртгүүлсэн. Гэтэл 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр цагдаагийн газрын хэсэг хүмүүс Танай үхрийн сураг гарсан. Завхан аймагруу ачигдсан байж болзошгүй гэсэн мэдээлэл байгаа тул та хамт явчих гэж хэлээд намайг дагуулж Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг Хомын тал гэх газарт манай гурван үхэр гурван өөр айлд зарагдсан байхыг олсон юм. Манай 3 үхэр тэдгээр айлуудад амьд зүсээрээ байсан. Миний гунжин үхэр Ууганбаяр гэдэг айлд, галзан гунжин үхэр Насан гэдэг айлд, бяруу С.Алтангэрэл гэх айлд байсан юм. Тэдгээр айлуудад казак хүмүүс бага насны голдуу үхэрнүүд авч ирж өгөөд адуугаар сольж ачиж явсан талаар ярьж байсан. Би өөрийн үхэрнүүдийг олон үхэрнүүд дундаас шууд танисан. Миний цоохор зүсний гунжин үхэр зүүн чих урдаасаа гөлөм имтэй юм. Нарантуяагийн хоёр үхэр им, биркгүй үхэрнүүд байгаа юм. 2016 оны 05 дугаар сарын 18-ны орой мал хайж явахад ажиг сэжигтэй зүйл мэдэгдээгүй. Харин маргааш өглөө нь хүнээс ачааны машинтай казакууд үхэр авч байгаа талаар сонсож мэдсэн бөгөөд цагдаа нар дээрх хүмүүсийг бас сэжиглэж шалгаж байсан юм байна лээ. Миний сонсоноор Ямаачин Гангаа гэдэг хүн бяруу, гунжин зэрэг бага үхэр авч байна. Казакуудаас мөнгө авч цуглуулж байгаа байх гэж сонссон юм. Би өөрийн малыг хэн нэгэнд өгөх, зарах талаар ярьж тохирсон зүйл байгаагүй. Би өнгөрсөн жилийн мал тооллогоор 12-р багийн тооллогын комисст өөрийнхөө малыг өөрийнхөө нэр дээр тоолуулсан. Би өөрийнхөө алдагдсан үхрийг 500.000 төгрөгөөр үнэлнэ. Манай үхэрнүүд хариулгагүй бөгөөд өглөө бэлчээрт гараад оройд өөрсдөө хүрээд ирдэг юм. Би өөрийн бог малыг хариулсан үедээ үхэрнүүдээ өдрийн цагаар харж бүртгэж дээшээ гэрлүү дөхүүлж туучихдаг байсан. Тэр өглөө би бог малаа өөр зүгт буюу урд зүгрүү Адарганы чиглэлд бэлчээрт гаргаж өөрөө хариулж явсан тул үхрээ бүртгэж үзээгүй. Орой ирэхэд нь мэдсэн юм. Би үхэрнүүдийг алдагдсан шөнө нь хадам ах Оюунбат, миний төрсөн дүү Ганзориг, хадам ах Эрдэнэбаатар, түүний эхнэр Бадам, миний эхнэр Сарантуяа нарын хамт шөнөжин машин мотоцикльтой хайж манаж хоносон юм. Бид бодохдоо бэлчээрээс ирэх замд хулгайч таараад үхрийг уячихсан байна. Шөнийн цагаар туух буюу ачиж явах байх гэж бодоод сэжигтэй зүйл гарч магадгүй гэж явж эргүүлж тойрч хоносон юм. Гэвч ямар нэгэн сэжигтэй зүйл олдоогүй юм. Би алдагдсан үхрээ буцааж авмаар байна. Мөн үхрээ олон хоног машин мотоцикльтой хайж явсан зардлаа нэхэмжлэх болно. Одоогоор бензин шатахууны зардлыг тооцож үзээгүй байна. Цаашид мөрдөн байцаалтын шатанд тооцоо гаргаж өгөх болно гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р тал/,
-Хохирогч О.Ганлсансанжийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би хулгайд алдсан малаа зүсээрээ нь авч хохирол гомдолгүй болсон. Б.Нэргүйгээс малаа эрж хайсны зардал цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа төлж өгсөн. Эрэл хайгуулд 150.000 төгрөгний бензин хэрэглэж малаа эрж хайсныг төлж өгсөн. Б.Нэргүйтэй сайн дураар эвлэрсэн гэж үзэж болно гэх мэдүүлэг, 

3. Гэрч З.Жомартын мөрдөн байцаалтад өгсөн: Би Увс аймгийн Өлгий сумын иргэн Асан овогтой Өсерхантай 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр уулзаж Завхан аймгаас адуу ачиж ирэхээр тохиролцсон байсан. Тэгтэл А.Өсерхан Би өөрөө явж чадахгүй болчихлоо гэж хэлээд Тогтаганы Хуатад машинаа өгч надтай хамт явуулсан. Ингээд 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 13 цагийн үед Т.Хуат бид хоёр 21-66 БӨТ улсын дугаартай ТРАК маркийн машинаар Баян-Өлгий аймгийн төвөөс гарч, Увс аймгийн Ховд сумыг дайрч, Шиврийн гол гатлаад, Шаазгай нуурын хөвөөгөөр яваад Увс аймгийн төвд орой 20 цагийн үед очсон. Би урьд өмнө нь Увс аймгийн иргэн Б Ганбаатар гэдэг залуутай 4 жилийн өмнө Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд танилцсан байсан тул би түүнтэй ярьж үхэр захиалж, холбоо барьсан байсан юм. Баян-Өлгий аймгаас гарахаас өмнө иргэн Б.Ганбаатартай 2016 оны 05 дугаар сарын 11-ний үед утсаар ярьж Үхэр олж өгч чадах уу? гэж ярихад маргааш нь өөрөө утасдаж Үхэр олдох юм байна, мөнгө явуул гэсэн. Тэгээд би өөрийн мобайл банкаар түүний өгсөн дансаар 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн үед 2 сая төгрөг явуулсан. Бид Увс аймгийн төвд ирээд шууд танил залуу Б.Ганбаатарын гэрт очсон. Б.Ганбаатарын гэр нь Улаангом сумын 7 дугаар багт, гурилын үйлдвэрийн хойд талд байдаг юм. Ингээд 2016 оны 05 дугаар сарын 15-ны өглөө Б.Ганбаатар надад Та одоо надад дахиад 2 сая төгрөг өгөөрөй, таны үхэрүүд бараг бэлэн байна. Нийт 18 үхэр цуглуулсан байгаа гэхэд би Үхрүүдийг үзэж байгаад мөнгө өгнө гэхэд тэр Ядахдаа 1.200 000 төгрөг өгөөрөй гэхээр нь 1.200.000 төгрөг бэлнээр өгсөн. Тэгээд Б.Ганбаатар Маргааш үхэр бэлэн болно, санаа зоволтгүй гэж тайвшруулаад тэр өдөр дахиад хоносон. Маргааш нь 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Нэг хүнээс авах ёстой үхэр туранхай байна. Мөнгийг нь  эргүүлээд авна гэж яваад мөн хонуулсан. Ингээд 2016 оны 05 дугаар сарын 17-ны өглөө Б.Ганбаатар бидэнд Та нарт зам зааж өгдөг залууг суулгаж өгье. Энэ залуу түрүүлж яваад үхэр авах ёстой хүмүүстэй уулзана гэж хэлээд бидний машинд үл таних нэг залууг суулгаж өгсөн. Ингээд бид Улаангомоос хөдлөөд Чандмань баг орж цаашаа Увс нуур гарах замд байдаг нэг айлд очсон. Хэсэг хугацааны дараа Б.Ганбаатар миний утасруу залгаж Одоо танд нэг залуу очиж 1 тооны бяруу өгнө гэж хэлээд хэсэг хугацааны дараа Ядмаа овогтой Балдорж гэж өөрийгөө танилцуулсан зулаа 1 тооны эр, улаан зүсмийн, чих нь цуулбар имтэй бярууг үзүүлж хүлээлгэж өгсөн. Тэгээд цаашаа Нямбаяр гэдэг айлд очиж улаан халзан, цагаан зүсмийн нийт 2 тооны эр бярууг хүлээж авчаад Б.Ганбаатарыг хүлээсэн. Орой 20 цагийн үед Б.Ганбаатар утасдаж Та нар Хөх эрэг гэдэг газарт хүрээд ирээрэй гэхээр нь 30 гаруй км яваад хэлсэн газарт нь очиход 2 бяруу, /нэг нь улаан алаг зүсмийн эм бяруу, нэг нь хар зүсмийн эр бяруу/, 2 тооны гунжин үхэр /нэг нь улаан халзан зүсмийн, нэг нь хүрэн алаг зүсмийн/ нийт 4 тооны үхэр бэлдсэнийг машинд ачиж аваад Тэгшээ гэдэг айлд ирж хоносон юм. Маргааш нь буюу 2016 оны 05 дугаар сарын 18-ны өглөө Тэгшээ 2 бяруу үзүүлэхэд нэг нь туранхай болохоор авахгүй гэж голоод хар халзан зүсмийн 1 эр бярууг нь авсан. Аваагүй бяруугийн оронд Балдорж гэдэг айлаас төөлтэй, улаан зүсмийн 1 гунжин үхэр авч өгсөн. Мөн Балдоржийн гэрийн хажуугаас үл таних залуу мухар шар гунжин, хар цоохор гунжин, улаан зүсний бяруу нийт 3 үхэр хүлээлгэж өгсөн. Б.Ганбаатар надад нийт 12 үхэр цуглуулж өгсөн юм. Уул нь би Б.Ганбаатартай би Баян-Өлгий аймагт байхдаа Бярууг 200.000 төгрөгөөр, гунжин үхрийг 300.000 төгрөгөөр худалдаж авна. Том үхэр авахгүй гэж захиалсан бөгөөд Б.Ганбаатар нутгийн хүмүүсээс чухам хэдэн төгрөгөөр худалдаж авсаныг би мэдээгүй.  Шууд хэлсэн үнээр тооцоо хийдэг болохоор асуугаагүй юм. Ингээд 2016 05.18-ны өдөр 11 цагийн үед Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц багруу гарахаар болж, Б.Ганбаатартай тооцоо хийхэд 400.000 төгрөгийн авлагатай гарсан бөгөөд дараа нь өгөхөөр тохиролцож, бид нарыг нэг ШТС-ын хажуугаас гаргаж өгөөд зам зааж өгч явуулсан юм. Тэгээд бид нар явсаар Тэлмэн гүүр гараад Алтангэрэл гэдэг айлд очсон. Алтангэрэлд 2 бяруу буулгаж өгөөд оронд нь 1 бор морь авсан. Дараа нь Алтангэрэлийн гэрээс гарч 20 км зайтай газарт байдаг Наран гэдэг айлд очиж хоносон. Наран гэдэг залуугаас 2016 оны 03 дугаар сарын үед 6-7 адуу худалдан авч танил болсон юм. Наран маргааш нь машинд ачсан үхэрнүүдээс 2 бяруу, 2 гунжин үхрийг сонгон авч оронд нь 6 тооны даага өгсөн. Үлдсэн 6 тооны үхрийг ачаад цаашаа Дамдинцэрэнгийн Ууганбаяр гэдэг айлд очиж үзүүлэхэд 3 тооны гунжин үхэр сонгож аваад оронд нь 3 үрээ өгсөн. Зарагдаагүй 3 эр бярууг Д.Ууганбаяр, Наран нарт захиад бэлэн мөнгөөр Д.Ууганбаяраас 1 гүү, 1 жороо дөнөн морь, 1 тооны морийг 1.800.000 төгрөгөөр, мөн Чийрав гэдэг залуугаас 1 тооны үрээг 300.000 төгрөгөөр тус тус худалдан авсан. Тэгээд 2016 оны 05 дугаар сарын 19-ний орой 17 цагийн үед Баян-Өлгий аймагруу  нийт 13 тооны адуу ачиж аваад Ховд аймгийн Дөргөн сумыг дайрч Мянгат сумын гүүрээр гарч шууд Буянт сумын Улаан харганыг дайрч Эрдэнэбүрэн сумын нутгаар өнгөрч Баян-Өлгий аймагт 2016.05.20-ны өглөө 08.00 цагт очсон юм. Би Увс аймгийн нутгаас худалдаж авсан үхэрнүүдийг хулгайн замаар олдсон үхэр гэдгийг мэдээгүй. Бүх үхрийг Б.Ганбаатар олж өгсөн юм. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р тал/, 
            4. Гэрч Т.Хуатын мөрдөн байцаалтад өгсөн: Би Увс аймгийн Өлгий сумын иргэн Асан овогтой Өсерхантай 4 жилийн өмнө танилцсан бөгөөд хол замд гарахдаа намайг дагуулж явдаг юм. Мөн хааяа А.Өсерхан надад өөрийн ачааны машиныг өгөөд захиалга ирсэн газарлуу явуулдаг юм. Энэ удаад малын ченж З.Жомарт Завхан аймгаас адуу авна хамт яваад өгөөч гэхэд нь би зөвшөөрч жолоочоор нь явсан юм. Баян-Өлгий аймгийн төвөөс 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гарч Увс аймгийн төвд Б.Ганбаатар гэх залуугийн гэрт очсон. Улмаар 05 дугаар сарын 17-ны өдөр хүртэл Б.Ганбаатарын гэрт байж байгаад 17-ны өдрөөс энд тэндээс үхэр цуглуулж аваад цуглуулсан үхэрнүүдээ Завхан аймгиин Дөрвөлжин сумын Онц багийн нутаг дэвсгэрт аваачаад адуугаар сольж нийт 9 адуу болгосон. Мөн З.Жомарт нэг хүнээс 4 адуу худалдан авч нийт 13 адуу болгоод уг адуунуудыг ачиж 2016 оны 05 дугаар сарын 20-ны өглөө 08 цагийн үед ирсэн юм. Худалдаж авсан үхэр, адууны асуудлыг малын ченж З.Жомарт мэдэж байгаа. Би уулзсан хүн, хоносон айлуудын хүнээс нэг ч хүнийг танихгүй. Увс аймгийн нутгаас худалдаж авсан гэх үхэрүүдийг зарсан хүний нэрийг мэдэхгүй. Харин 12 тооны үхрийн 7 нь бяруу, үүнээс 2 нь эм бяруу байсан. 5 гунжин үхэр ачсан. Үүнд: хар зүсмийн бяруу-1, хар халзан зүсмийн бяруу-1, улаан халзан зүсмийн бяруу-1, цагаан зүсмийн бяруу-1, улаан зүсмийн бяруу-1, алаг зүсмийи бяруу-1 байсан. Гунжин үхрүүдэд шар халзан зүсмийн гунжин үхэр-1, төөлтэй улаан зүсмийн-1, улаан зүсмийн-1, хар алаг зүсмийн-1, улаан зүсмийн-1 гунжин үхрүүд байсан. Би худалдаж авсан үхрүүдийн им, тамгыг сайн мэдэхгүй. Мөн тус аймгийн төвд ачиж ирсэн адуунуудын им, тамга, зүсийг нь ч сайн тогтоогоогүй. Тэдгээр үхэр дотор хулгайн үхэр байсан талаар би мэдээгүй. Жомарт, Ганбаатар нар үхэр авч, авсан үхрийг нь би ачиж байсан. Хэнээс хэдэн төгрөгөөр авч байгааг нь мэдээгүй гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р тал/, 

                5. Гэрч Ч.Тэгшээгийн мөрдөн байцаалтад өгсөн:  2016 оны 05 дугаар сарын 17-ны шөнө би гэртээ унтаж байтал шөнийн 02.00 цагийн үед цагаан өнгийн урт тэвштэй ачааны машинтай хүмүүс манайд ирсэн юм. Тэд нар Үхэр худалдаж авч байгаа, замдаа төрөөд явж байгаад ирлээ гэж хэлсэн бөгөөд шөнө болсон тул манайд хонохоор болсон. Нийт 4 хүн ирсэнээс 2 нь танихгүй казак хүмүүс байсан ба хажууд нь Зоригоо, Мөнхөө гэх залуучууд ирсэн юм. Маргааш өглөө нь Гангаа буюу Ганбаатар гэх хүн манайд ирээд Би энэ Баян-Өлгийгөөс ирсэн хүмүүст 15 үхэр олж өгч явуулах ёстой. Хүмүүсээс үхэр худалдан авч байна. 7-8 үхэр дутаад байна. Чи үхэр зарчих, дандаа бага үхэр авч байгаа гэж хэлсэн тул би ээжтэйгээ ярилцаж байгаад нэг бяруу өгөхөөр болсон юм. Би тэр өдрөөс хэд хоногийн өмнө бооцоот уралдаан болж байхад Ганбаатараас бэлэн 30.000 төгрөг, 1 шил архи, хуушуур зэрэг зүйл авсан байсан бөгөөд нийт 50.000 төгрөгний өртэй байсан юм. Үхэр өгөх болоход ээж маань үхэр зарахгүй гэж хэлээд байсан тул Ганбаатар түүнд бярууны оронд дараа өөр бяруу олж өгөхөөр болсон юм. Би Ганбаатарт хар галзан зүстэй /нүүрний хэсэг цагаан, сүүлний үзүүр нь цагаан/ зөв чих нь цуулбар имтэй, бух болгохоор тэжээж байсан эр бяруу өгсөн юм. Тэр үхрийн оронд өөр эр бярууг дараа олж өгнө гэж Ганбаатар хэлсэн. Мөнгө төгрөг аваагүй. Уг эр бяруу миний ээж Лхамсүрэнгийн нэр дээр тоологддог манай унаган мал байгаа юм. Тухайн үед уг машинд 6-7 үхэр ачсан байсан байх, би тоолж ажиглаагүй. Тэр хүмүүс тэр үхэрнүүдийг машинаас буулгаагүй ачаатай чигт нь хонуулсан. Маргааш өглөө нь буюу 2016 оны 05 сарын 18-ны өдөр манай саахалт айлын Очир гэх хүн хөх зүсний муу эр бяруу тууж авч ирж тэр хүмүүст өгсөн. Хэдэн төгрөгөөр тохирч өгснийг би мэдэхгуй. Намайг харж байхад мөнгө төгрөг өгч харагдаагүй. Очирын гэрт Ганбаатар очиж уулзаад буцаж ирэхдээ тэр бярууг тууж ирсэн юм. Тэдгээр хүмүүс манайхаас хөдлөөд Балдоржийн гэрт очино гэж ярилцаж байсан. Манайх тэр үед Улаангом сумын 8-р багийн нутаг Шатад гэх газарт нутаглаж байсан юм гэх мэдүүлэг /хх-ийн 39-р тал/, 

    6. Гэрч Д.Ууганбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 04 дүгээр сард Баян-Өлгий аймгаас ирсэн гэх нэг хүн надтай уулзаад Адуу худалдаж авч байна, танай суманд үхэр авч ирвэл авах уу гэж асуухаар нь би үхэр авах сонирхолтой байсан тул Аваад ир, үнэ тохироод адуугаар солиод ав гэж хэлсэн. Гэтэл 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр нөгөө хүн Үхэр аваад ирчихлээ, үзээч гэж хэлсэн тул би очиж үзэхэд 6 үхэр ачиж ирсэн байсан бөгөөд улаан зүсний онь имтэй гунжин үхэр-1, магнай халзан хоёр чихийг нь тайрсан буруу чих нь урд талаасаа ухам имтэй гунжин үхэр-1, нийт 2 үхрийг адуугаар сольж авсан юм. Үлдсэн үхэрнүүдээ үлдээгээд Хараад байж байгаач. Дараа ирж зарна гэж хэлсэн тул би гэртээ авч үлдсэн юм. Надад үлдээсэн үхэрнүүд нь алаг зүсний гунжин үхэр-1, хар зүсний бяруу-1, халзан зүсний бяруу-1, цагаан зүстэй бяруу-1 зэрэг байсан. Одоо би тэр казак залууг зүс танина. Манай суманд ирж адуу худалдаж аваад байдаг залуу байсан. Сүүлд үхэр ачиж ирэхдээ цагаан өнгийн ачааны машинтай ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 40-р тал/,  

    7. Гэрч Н.Алтангэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2016 оны 05 сарын сүүлээр нутгийн Ууганбаяр гэх хүнээс Баян-Өлгий аймгаас хүмүүс ирж адуу авч явлаа дахин үхэр авч ирж өгөөд адуу сольж авна гэж хэлсэн талаар сонсоод Баян-Өлгий аймгийн казак хүний утасны дугаарыг нь авч утсаар яриад Бух авч ирж чадах уу гэхэд Чадна гэсэн. Тэгээд оронд нь адуу өгөхөөр ярилцаж тохироод байж байтал 2016 оны 05 дугаар сарын 19-20 орчимд тэр хүн ачааны машинаар үхэр ачиж ирсэн байсан. Би тэдгээр үхрийг үзэхэд бух байгаагүй дандаа бага үхэрнүүд байсан тул би тэдгээр үхэрнээс эр бяруу-1, эм бяруу-1 нийт 2 бяруу аваад оронд нь өөрийн адуунаас 1 морь өгсөн юм. Тэдгээр бяруунуудын им тамгыг анзаараагүй. Тэдгээр бяруунууд одоо манайд байгаа. Би үхэр авч ирсэн хүмүүсийг танихгүй. Тэдгээр хүмүүс нь Ууганбаяраас адуу авч яваад дахин үхэр авч ирж адуугаар солино гээд явсан гэсэн тул утсаар холбогдож бух захисан боловч авч ирээгүй тул 2 бяруу авсан. Тэр хүмүүсийн нэрийг мэдэхгүй. Урт цагаан өнгийн ачааны машинаар ачиж ирсэн. Тэр хүн манай энэ хавиар байнга ирж адуу авдаг гэж сонссон. Хичнээн үхэр авч ирснийг мэдэхгүй 10 орчим үхэр ачиж ирсэн юм шиг байна лээ гэх мэдүүлэг /хх-ийн 41-р тал/,  

    8. Гэрч Н.Нацагдоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 05 дугаар сарын 18-ны орой З.Жомарт нь 21-66 БӨТ улсын дугаартай Маяти маркийн цагаан өнгийн ачааны машинтай Хайрат гэх казак жолоочийн хамт манайд ирж хоносон юм. Өглөө нь гарч харахад машиндаа 10 тооны бага үхэр ачсан байсан. Үхрийг адуугаар солино гэхээр нь 4 үхэр авч оронд нь 4 адуу өгсөн. Миний авсан үхэрнүүд нь улаан халзан гунжин үхэр-1, мухар саарал гунжин үхэр-1, улаан алаг буруу чих нь араасаа ухам имтэй бяруу-1, саарал зүсний буруу чих цуулбар имтэй бяруу-1, нийт 4 үхэр байсан. Эдгээр үхэрнүүдийг Увс аймгаас ачиж ирсэн гэж хэлж байсан ба худалдаж авсан гэж хэлсэн. Хулгайн үхэр гэж мэдээгүй. Би тэр 4 үхэрний оронд 4 адуу өгсөн юм гэх мэдүүлэг /хх-ийн 63-64-р тал/,  

    9. Гэрч Б.Ганбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: Би Б Нэргүй гэгчийг танина. Садан төрлийн холбоо байхгүй. 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр миний хуучны танил Хайрат гэх залуу Баян-Өлгий аймгаас надруу утасдаад Танай Увсаас бага залуу гунжин үхэр, бяруу авмаар байна. Чи олоод өгч чадах уу гэж хэлсэн тул би түүнд Олж өгч болно. Мөнгө төгрөгийг нь явуулчих гэж хэлсэн. Тэгээд миний ХААН банкны 5822055755 гэсэн дугаартай дансруу 2 сая төгрөг шилжүүлсэн юм. Би түүнд Чи хоёр гурав хоногоос хүрээд ир. Би үхэр бэлдээд байж байя гэж хэлсэн. Хайрат 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр  хажуудаа нэг танихгүй хүний хамт Тина маркийн цагаан өнгийн ачааны машинтай ирсэн юм. Би тухайн үед мал цуглуулаагүй байсан тул мотоцикльтой үхэр мал сураглаж 2-3 хоног явсан. Энэ хооронд тэр хоёр манай гэрт байсан юм. Тэгээд 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хөдөөгүүр явж мал авахаар явсан бөгөөд тэднийг зам мэдэхгүй тул өөрийн хадам ах Ганзориг гэдэг хүнийг гуйж замчлуулахаар явуулаад өөрөө Ш.Мөнхөө гэдэг хүнтэй хамт мотоциклоор түрүүлж явсан юм. Би явахдаа өмнө нь Балдоржийн аав Ядмаад үхэр авахаар 150.000 төгрөг өгсөн байсан тул тэднийг Та нар шууд Балдоржийнд очиж нэг бяруу аваад Батдэлэгийн Баяа /Нямбаяр/ гэх залуугийн гэрт очоод байж бай гэж хэлээд явуулчихаад би өөрөө Мөнхөөгийн хамт Ётлоо гэх айлд очсон юм. Би тэднийхээс утсаар ярихад тэд Балдоржийн саахалт айл болох Дамжины гэрт байна гэж хэлсэн тул Баяагийн очиж үхэр аваад Хөх эрэгт хүрээд ир гэж хэлсэн юм. Би Ётлоогоос болон түүний хүүхдээс 3 үхэр, Бор Дамиан хүү Шалхаа /Цэвээнжав/ гэдэг залуугаас 1 үхэр нийт 2 бяруу, 2 гунжин авч Ётлоогийн хүү Түмэнбаярын УАЗ маркийн тэвштэй машинд ачиж Хөх эрэг гэдэг газарт шөнө орой болж байхад очоод хүлээж байтал тэд нар ирсэн юм. Тэгээд бид тэндээсээ хөдөлж Чүлтэмийн Тэгшээ гэдэг айлд очиж хоносон юм. Тухайн үед Түмэнбаяр нь биднийг хүргэчихээд буцаад явсан. Би Хөх эрэгт Ётлоо, Мөнхөө нарын хамт байсан бөгөөд тэднийг ирэхээр нь 4 үхэрээ ачиж өгөөд Ётлоо мотоцикльтой Улаангом явсан. Би Балдоржийг нүүсэн гэж сонсоод Балдоржийн гэрийг хайж нилээд яваад ололгүй өглөө гэгээ орж байхад Амраа гэх айлд очсон юм. Тэднийд Амраагийн дүү Нэргүй гэх залуу байсан бөгөөд үхэр авч байгаа талаар хэлэхэд Нэргүй нь Үхэр бариад уячихна ирээд авчих гэсэн тул Би эргээд ирье. Яаруу яваа шүү. Бэлэн болгочих гэж хэлээд Балдоржийн гэрийг заалгаад Балдоржтой уулзаад цаашаа явж Тэгшээгийн гэрт очсон юм. Тэгшээгийн гэрт өглөөгүүр очоод Тэгшээгээс 1 тооны хар галзан бяруу авсан. Мөн саахалт айлын Очир гэх хүнээс буурал зүсний бяруу авсан Тэгээд тэндээсээ Амраагийн гэрт ирэхэд Амраа явчихсан үхэр барьж уяагүй байсан. Нэргүй тэнд байсан бөгөөд надад Үхэр энэ зуур ойрхон байгаа гэж хэлсэн тул би Балдоржийн гэрт очоод байж байя гэж хэлчихээд ойрхон байдаг Балдоржийн гэрт очсон. Балдорж нь урьд нь надад 60.000 төгрөгийн өртэй байсан тул нэмж 70.000 төгрөг өгөөд дээр нь Очироос авсан бярууг тэр хүмүүс голоод байсан тул тэр бярууг өгөөд гуйж байгаад төөлтэй улаан гунжин үхэр авсан юм. Тэгээд байж байтал Нэргүй хүрч ирээд Үхэр аваад ирье гэж яваад алаг цоохор зүсний голдуу 20 орчим үхэр тууж авч ирсэн юм. Тэдгээр үхрийг хашиж байгаад 1 бяруу, 2 гунжин үхэр авсан. Тэгээд Хайраттай тооцоо хийж гаргаж өгөөд буцаж Балдоржийн гэрт ирж Мөнхөө, Ганзориг нарыг авч харьсан юм. Би өмнө нь Ётлоогийнд байхдаа Баяатай утсаар яриад Машинтай хүмүүс танайд очно 2 үхэр өгөөд явуулаарай гэж хэлсэн байсан юм. Тэд нар Нямбаярын /Баяа/ гэрээс 2 үхэр авч ирсэн юм. Балдоржоос эхлээд жижиг бяруу авсан байсан би тэр бярууг машинд ачсан байсан тул сайн хараагүй. Нямбаяраас улаан галзан эрлийз эр бяруу, цагаан зүсний эр бяруу, Ётлоогоос эр хар бяруу, бор цоохор гунжин эм үхэр, улаан гунжин эм үхэр, Цэвээнжаваас алаг эм бяруу, Тэгшээнээс хар галзан эр бяруу, Очирынхоос буурал эр бяруу авсан боловч гологдсон тул Балдоржийнд орхиж оронд нь Балдоржоос төөлтэй улаан эм гунжин авсан. Нэргүйгээс шар гунжин эм үхэр, цоохор гунжин эм үхэр, улаан зүсний эм бяруу зэргийг авсан юм. Тэдгээр казак хүмүүс бөөсөггүй бол эр үхэр авахгүй мөн дандаа бага насны үхэр авна гэж ярьж байсан юм. Тэд нар үхрээ Завхан аймгийн Дөрвөлжин сум Хом гэх газарт аваачиж адуугаар солиод харина гэж хэлж байсан. Нийт 12 тооны үхэр ачуулсан юм. Би өдрийн цагаар гэр гэрээс нь очиж цуглуулж авсан тул хулгайн үхэр гэж мэдээгүй. Урьд нь хулгайн хэргээр шийтгүүлж байсан тул гэрч нар болгож олон хүн дагуулж явсан юм. Үхэрний тооцоог би өөрөө хийж байсан. Хайратаас эхлээд 2 сая төгрөг сүүлд ирэхэд нь 1.200.000 төгрөг нийт 3.200.000 сая төгрөг авсан тул би өөрөө тооцоо хийсэн. Хайраттай гунжин үхрийг 300.000 төгрөгөөр, бярууг 200.000 төгрөгөөр авч өгөхөөр тохирсон. Би нөгөө хүмүүсээс авахдаа бярууг 150.000 төгрөгөөр, гунжин үхрийг 250.000 төгрөгөөр тооцож авсан юм. Балдоржид эхлээд нэг үхэрт нь 150.000 төгрөг нөгөө үхэрт нь 130.000 төгрөг дээр нь нэг бяруу өгч гунжин авсан. Нямбаярт мөнгө өгөөгүй бөгөөд дараа тооцоо хийхээр ярьсан байсан. Ётлоо болон тэдний хүүхэд, Цэвээнжав нартай тооцоо хийж тэдэнд нийт 800.000 төгрөг бэлнээр өгсөн. Тэгшээ нь урьд нь надаас увуулж цувуулж 150.000 төгрөг авсан байсан бөгөөд оронд нь бяруу өгөх гэтэл ээж нь уурлаад байсан тул Тэгшээ Оронд нь бяруу өгнө гэнэ ээ гэж ээждээ худал хэлсэн юм. Тэгшээгээс өрөндөө нэг бяруу авсан тул мөнгө өгөөгүй. Очирт 70.000 төгрөг өгөөд Таны бяруу гологдох юм бол бяруугаа өгөөд мөнгөө буцааж авна. Харин тэр чигт нь авах юм бол мөнгө нэмж өгнө гэж хэлээд авсан юм. Нэргүйд 650.000 төгрөг бэлнээр өгсөн юм. Би урьд нь 2 сая төгрөгөө хүмүүст тараачихсан хэрэглэчихсэн байсан бөгөөд гэрээс гарахдаа үлдэгдэл мөнгөн дээр Хайратаас авсан 1.200.000 төгрөг авсаныг нийлүүлж 1.700.000 орчим төгрөгтэй гарсан юм. Сүүлд Хайраттай тооцоо хийхэд би Хайратад 400.000 төгрөг өгөх болсон юм. Нэргүй надад хэлэхдээ Манай үхэр ойрхон байгаа гэж хэлээд 20 орчим үхэр тууж авч ирээд ээрч хашиж байгаад Энэ болох уу гэж хэлээд өөрөө үхэр зааж барьж өгч ачуулаад байсан юм. Түүний аав Батсуурь болон ах Амраа, Маамуу нар нь үхэртэй хүмүүс байгаа юм. Би тэдний өөрсдийнх нь үхэр юм байх гэж бодсон юм. Нэргүй тэр үхэрнүүдийг Балдоржийн арын харгана дотроос буюу хойд зүгээс гашууны гол талаас тууж ирсэн. Үлдэгдэл үхрийг Нэргүй буцааж хойш тууж харагдсан. Би Нэргүйгээр мотоцикль унуулж хамт Хайратыг гаргаж өгөөд буцаж ирэх замдаа Нэргүйд 650.000 төгрөг өгсөн юм гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-р тал/,  

                   10. Гэрч Р.Лхамсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 05 дугаар сарын 17-ны шөнө том ачааны автомашинтай хүмүүс Төөрч яваад ирлээ гэж хэлж ирээд манайд хоносон юм. Тэдгээр хүмүүсийн хоёр нь Казак, нэг нь Монгол залуу байсан. Би өглөө нь босож харахд уг машины тэвшин дээр хэдэн үхэр ачсан байсан. Яг тоог нь хэлж мэдэхгүй байна. 2 гунжин үхэр байсан бөгөөд бусад нь бяруу бололтой байсан. Өглөөгүүр Гангаа гэх залуу ирээд миний хүүтэй яръж байгаад Дараа нь орных нь үхрийг өгнө гэж хэлээд манай хар халзан эр бярууг /бөөсөгтэй/ авсан юм. Тэгшээ тэр хүнээс урьд нь 30.000 төг зээллэж авсан бололтой байсан. Манайхаас үхэр авч байхад манай саахалт айлын Очир гэх хүн 1 хөх зүсний бяруу тууж авч ирж өгч харагдсан. Түүний авч ирсэн бяруу нь өргүүлж онд орсон муу бяруу байсан тул тэр хүмүүс голж байгаад аваад явсан. Тэд нар манайхаас хөдөлж Балдоржийнд очно гээд явсан. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 45-р тал/,
    11. Гэрч Б.Нямбаярын мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Гангаа буюу Ганбаатар гэх танил хүн надтай утсаар яръж Баян-Өлгий аймгаас хүмүүс ирж үхэр ачна гэнэ. Чи хэдэн үхэр зарахыг бодоорой гэж хэлсэн тул би 2 бяруугаа засхаас төвөгшөөгөөд Заръя гэж хэлсэн юм. Тэгээд 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр намайг хадлангийн талбайд байхад Гангаа утасдаж Үхэр авъя гэж хэлэхээр нь би Эхнэрт хэлээд авчих гэж хэлсэн юм. Би өөрийн эхнэртээ 2 бяруу зарах талаар урьд нь хэлчихсэн байсан юм. Орой гэртээ ирэхэд Ганбаатар манайхаас эхнэрт хэлж байгаад 2 бяруу эхнэрээр сонгуулж авч явсан байсан. Тэдгээр 2 бяруу нь цагаан болон улаан халзан эр бяруунууд байсан юм. Ганбаатар надаас үхэр авч зардаг. Мөнгө төгрөгийг нь дараа нь өгчигдөг тул тухайн үед Ганбаатартай үнэ ханш тохироогүй. Дараа нь яръж байгаад өгчих гэж хэлсэн юм. Тооцоо хийгээгүй байгаа бөгөөд дараа нь тооцоо хийх байх гэх мэдүүлэг /хх-ийн 46-р тал/, 

    12. Гэрч Р.Түмэнбаярын мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 05 дугаар сарын дундуур миний аав Рэнцэнхорлоо /Ётлоо/ надад Ганбаатартай уулзлаа. Баян-Өлгий аймгийн хүмүүс орж үхэр авна, үхэр олж өг гэж хэлсэн байна. Хоёулаа тэд нарт хэдэн үхэр бэлэн мөнгөөр заръя гэж хэлсэн юм. Тэгээд 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Гангаа буюу Ганбаатар, Шээрэвийн Мөнхөө нар мотоциклтой гэрт ирж уулзаад Баян-Өлгий аймгаас хүмүүс машинтай ирсэн. Маргааш явах ёстой. Та нар хэдэн үхэр бэлэн мөнгөөр нь өгчих гэж хэлсэн тул аав бид 2 ярилцаад тэр хүмүүс нь дандаа бага мал авна гэж сонсоод 2 гунжин эм үхэр зарсан. Аав хар зүсний 1 эр бяруу өгхөөр болсон юм. Ганбаатар тухайн үед утсаар ярьж тэр хүмүүсийг дуудсан бөгөөд том машин гүүрээр гарж чадахгүй гээд миний эзэмшлийн УАЗ маркийн тэвштэй машинаар очиж замдаа аавын ахын хүүхэд болох Цэвээнжаваас алаг зүсний эм бяруу 1-ийг ачиж Хөх эргийн гүүр гэдэг газар очсон юм. Тэнд очиход машин нь ирэхгүй удаад байсан тул би аавыг малтай нь тэнд орхиод машинаараа харьсан юм. Аав маань малаа өгчихөөд Улаангом орно гээд үлдсэн юм. Миний 2 гунан эм үхэр, аавын 1 бяруу, Цэвээнжавын 1 бяруу нийт 4 мал зарсан юм. Уг малнууд нь манай унаган мал байсан. Миний 2 үхэр нь бор цоохор зүсний эм гунжин-1, улаан халзан зүсний эм гунжин-1 байсан бөгөөд гунжин үхрийг 250.000 төгрөгөөр тооцож би нийт 500.000 төгрөг авсан. Аав Ётлоо им тамаггүй хар зүсмийн эр бяруу 1-ийг 150.000 төгрөгөөр зарсан. Цэвээнжав нь алаг зүсний эм бяруу зарсан юм. Тооцоог Ганбаатартай хийсэн. Үхэр өгч авалцах үед би байгаагүй. Би 20.30 цаг орчимд тэднийг хүргээд Хөх эргийн гүүр гаргаад буцаж ирсэн. Тухайн үед Ганбаатар хэлэхдээ танил Казак хүнд ачуулж байгаа гэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 47-р тал/, 
    13. Гэрч Ф.Чимгээгийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 05 дугаар сарын 17-ны орой 19.00 орчимд манай цагаан өнгийн ачааны машинтай хоёр Казак хүн болон Зоригоо гэх хүмүүс ирсэн юм. Тэд манайхаас үхэр худалдан авах ажлаар ирсэн бөгөөд тэр үед нөхөр маань хадлангийн талбайруугаа явчихсан байсан. Өмнө нь хүмүүс ирж үхэр авах талаар ярьж байсан тул би нөхөртэйгөө ярьж тохирсоны дагуу бэлчээрээс 2 бяруу тууж авч ирж тэдэнд өгж явуулсан юм. Тэдгээр 2 бяруу нь улаан халзан болон хүзүүндээ хар толботой цагаан зүсмийн 2 эр бяруу байсан. Тэдгээр үхэр нь манай унаган үхэр бөгөөд эх нь одоо манайд байгаа. Ганбаатар тэр өдөр өөрөө ирээгүй. Төлбөр тооцоог нөхөртэй дараа хийх байх гэж бодоод нэхэж аваагүй. Ганбаатар урьд өмнө манайхаар ирж мал авч байсан.Төлбөр тооцоог дараа нь хийчихдэг байсан юм. Тэр хүмүүс манайд ирэхдээ 1 тооны хоо зүсний бяруу ачсан байсан. Манай айлуудаас мал авсан эсэхийг мэдэхгүй байна. Тэд манайхаас 20.30 цаг орчимд явцгаасан юм. Хаашаа явсныг нь мэдэхгүй. Тэдний ярианаас сонсход Ганбаатар түрүүлж яваад айлуудтай үхэр авах талаар яриад тэдгээр хүмүүс араас нь холбоо бариад очиж байгаа бололтой байсан гэх мэдүүлэг /хх-ийн 48-р тал/, 

    14. Гэрч Б.Сарантуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: Би Б.Нэргүй гэгчийг танина. Садан төрлийн холбоо байхгүй. Би гэр бүлийнхээ хамтаар Улаангом сумын 12-р баг 11-110 тоот хашаанд төрсөн ээж болон эгч, ах нарын хамт нэг дор хамтдаа амьдардаг юм. Манайх тус тусдаа үхэр малтай боловч нийлүүлж бөөнд нь бэлчээрт гаргаж малладаг юм. 2016 оны 05 сарын 18-ны өдөр манай 3 үхэр Нарантуяагийн болон хадмын нийт 11 үхэр бэлчээрт өглөө 09.00 цаг орчимд гарсан юм. Манайхны үхэр Бор үзүүр, Битүүгийн харгана зэрэг газруудаар гашууны гол дагаж бэлчдэг юм. Тэгээд орой 19.00 цаг орчимд үхэр бэлчээрээс ирж байхад нь бид дурандаж бүртгэж үзэхэд 3 үхэр дутсан юм. Бид угтаж очоод бүртгэж үзэхэд манай цоохор зүсний гунжин эм үхэр, миний төрсөн эгч Нарантуяагийн мухар, хоо зүсний эм гунжин үхэр, төөлтэй хоо зүсний охин бяруу зэрэг үхэр алдагдсан байсан тул бид бэлчээр орчмоор нь хайсан боловч олдоогүй. Маргааш орой нь цагдаагийн хүмүүс ирж уулзаад Завхан аймагруу явж байна. Танай үхрийг тийшээ ачсан байж магадгүй тул танайхнаас үхрийнхээ зүс мэдэх хүнийг дагуулж явах шаардлагатай байна гэж хэлсэн юм. Тиймээс манай нөхөр Галсансанж тэр хүмүүстэй хамт Завхан аймаг яваад маргааш нь буюу 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгаас утасдаад Манай үхэрнүүд Завхан аймагт айлд зарагдсан, амьд зүсээрээ байна гэж хэлсэн юм. Тэгэхэд анх үхэрнүүдийн талаар сураг сонссон юм. Энэ хооронд ямар нэгэн сураг ажиг гарахгүй байсан юм. Бид өөрийн малыг хэн нэгэнд өгөх, зарах талаар ярьж тохирсон зүйл байгаагүй. Өөрийн үхэрнүүдийг зарахгүй харин ч үхрийнхээ тоог нэмэгдүүлэх талаар ярьж байсан юм. Бид өнгөрсөн жилийн мал тооллогоор 12-р багийн тооллогын комисст өөрийнхөө малыг нөхрийнхөө нэр дээр тоолуулсан. Манай үхэрнүүд дөнжингөөс дээш эргэсэн үхэрнүүд голдуу байдаг бөгөөд гунжин бяруу нийлсэн 6 үхэр байдгаас 2 гунжин, 1 бряуу алдагдсан. Тэдэнтэй ойролцоо насны засчихсан 2 үхэр, засаагүй 1 эр бяруу байсан ба тэднийг аваагүй орхисон байсан. Манай үхэрнүүд гологдоод байхааргүй малын тэжээлээр өвөлжин тэжээж өсгөсөн үхэрнүүд байгаа юм. Бид алдсан малаа 2016 оны 05 дугаар сарын 18 болон 19-ний өдрүүдэд 2 машин,  1 мотоцикль зэрэг тээврийн хэрэгсэл ашиглаж манай хашаанд байдаг 4 өрх айлын 10 гаруй хүн зэрэг явж өдөржин шөнөжин хайсан юм гэх мэдүүлэг /хх-ийн 49-р тал/, 
          15. Гэрч С.Рэнцэнхорлоогийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 05 дугаар сарын эхээр Гангаа буюу Ганбаатар надтай уулзаад Хэдэн Казак хүмүүс үхэр цуглуулж өг гээд байна. Ирж бэлэн мөнгөөр авна гэнэ. Хэдэн үхэр зарчихаарай гэж хэлсэн юм. Түүнээс хэд хоногийн дараа буюу 2016 оны 05 дугаар сарын 17-ны орой 18.00 цаг орчимд Ганбаатар нь Мөнхөө гэх хүний хамт мотоциклоор манайд ирээд Нөгөө хүмүүс ирчихсэн байгаа бөгөөд маргааш явна гэсэн. Бяруу 150.000, гунжин үхэр 250.000 төгрөгөөр авна. Зарах бол би машинаа дуудъя гэхээр нь би өөрийн хүү Түмэнбаяртай ярилцаад би өөрөө 1 бяруу, хүү маань 2 гунжин эм үхэр зарахаар болсон. Мөн Цээвэнжав гэх хамаатны залуу 1 бяруу зарсан. Тэдгээр үхэрнүүдийг Түмэнбаярын 50-63 УБА улсын дугаартай УАЗ маркийн тэвштэй машинаар ачиж Хөх эрэг гэх газарт хүргээд Түмэнбаяр буцаж би Ганбаатар, Мөнхөө нартай үлдсэн. Тэгээд хүлээж байтал тэдний машины ирсэн бөгөөд бид нийт 4 тооны үхрийг ачаж өгөөд замын унаанд дайгдаж Улаангом орсон. Тэр хүмүүс Дахин өөр айлуудаар орж үхэр аваад маргааш нь Завхан аймаг явна гэж байсан. Тэд нар машиндаа 3 үхэр ачиж ирсэн. Бид нийт 4 үхэр өгсөн. Үхэр өгч байхад би Ганбаатар, 2 Казак хүн, Мөнхөө, Зоригоо гэсэн хүмүүс байсан. Тухайн үед 20.00-21.00 цаг болж байсан тул би машинд ачиж ирсэн үхрийн им, тамга, нас, зүсийг нь сайн харж чадаагүй. Бидний зарсан үхэр манай унаган үхэр бөгөөд тооцоог нь Ганбаатартай бэлнээр хийсэн юм гэх мэдүүлэг /хх-ийн 50-р тал/,   

    16. Гэрч Ж.Хонгорзулын мөрдөн байцаалтад өгсөн: Нэргүй нь миний нөхөр Батжаргалын /Маамуу/ төрсөн дүү нь байгаа юм. 2016 оны 05 дугаар сарын 17-ны үед Нэргүй нь манайд хоносон юм. Нэргүй ер нь манай мал аж ахуйд туслаад манайд байдаг хүн байгаа юм. 2016 оны 05 дугаар сарын 18-ны өглөө үүрээр намайг 05.00 цагийн орчимд үхрээ сааж байтал Гангаа буюу Ганбаатар гэх хүн мотоцикльтой манайд ганцаараа хүрч ирсэн юм. Тэр үед гэрт миний нөхөр Батжаргал, дүү Нэргүй нар хүүхдүүдийн хамт байсан юм. Тэд уулзалдаад Ганбаатар нь Үхэр худалдаж авч байна гэж хэлээд Та нар үхэр зарах уу гэж асуусан. Тухайн үед Нэргүйгийн гэрийг бүрэх санаатай байсан тул Батжаргал, Нэргүй нар Үхэр заръя гэж хэлсэн юм. Ганбаатар нь Балдоржийн гэрийг хайж асууж сураглаж байгаад яваад өгсөн. Тэгээд Ганбаатар дахин үдээс өмнөхөн урт цагаан машинтай манай ойролцоо ирээд Нэргүйтэй уулзчихаад Балдоржийн гэрлүү явсан юм. Нэргүй манайд байсан хээр морийг унаж тэдний араас явсан. Тэр үед манай нөхөр Батжаргал Улаангом сумруу явчихсан байсан юм. Нэргүй нь тэдэнтэй юу ярьсаныг би мэдэхгүй байна. Тэр машин Балдоржийн гэрийн ойролцоо байж байгаад үдийн үед явсан. Нэргүй машин явсаны дараа хүрч ирээд Улаангомоос аав Батсуурийн гэрийг нүүлгэж ирнэ гэж хэлээд Улаангомруу явсан юм. Батжаргал, Нэргүй нар Үхэр зарах уу байх уу. Дөхүүлж байгаад зарвал яасан юм гэж ярьж байсан. Гэхдээ хэдэн үхэр зарах талаар ярьж тохироогүй байсан. Нэргүй надад үхэр зарсан талаар яриагүй. Б.Нэргүй нь аав ээжийнхээ хамт амьдардаг бөгөөд хувьд ногдох хөрөнгө байхгүй. Харин аав, ээж нь үхэртэй бөгөөд тухайн үед тэдний үхэрнүүдийг манай малтай хамт малладаг байсан. Сүүлд Батсуурийнх нүүж ирэхэд нь тэдний үхэрнүүдийг ялгаж өгсөн юм. Манайх 30 орчим үхэртэй юм. Манайх болон Батжаргалын дүү Амарболдынх бас үхэртэй бөгөөд манай хэдэн айлуудын үхэр нийлж бэлчдэг. Нийтдээ 50 орчим үхэр байдаг юм. Манай үхэрнүүд Гашууны гол дагаж харгана дотор бэлчдэг, хол явдаггүй юм. Нэргүй Балдоржийн гэрлүү явахдаа манай өөрийн эзэмшлийн хээр зүсний аагт олом тамгатай 4 настай морь унаж явсан юм. Нэргүй тэр морийг манайд байхдаа унадаг байсан юм. Балдоржийнх манайхаас холгүй боловч хошуу тойроод байдаг тул харагддаггүй юм.  Машиндаа үхэр ачиж байхыг хараагүй. Мөн Нэргүйг үхэр тууж явахыг хараагүй. Батжаргал Нэргүйд зарах зорилгоор үхэр өгөх буюу амалсан зүйл сонсоогүй. Намайг байх хугацаанд тийм зүйл яригдаагүй. Нөхөр бид хоёр өмнө нь Нэргүйгийн гэрийн бүрлэг болох тул мал зарж мөнгө нэмэрлье гэж ярилцаж байсан юм. Яг тэр малыг өгнө гэж ярилцаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 51-52-р тал/,
    17. Х.Ганзоригийн мөрдөн байцаалтад өгсөн: Би Нэргүйг танихгүй. Ганбаатар нь миний аавын дүүгийн охинтой гэр болсон миний хүргэн талын хүн байгаа юм. 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 10.00 цаг орчимд Ганбаатар надруу утасдаад Та манайд хүрээд ирээч гэж хэлсэн тул гэрт нь очиход Баян-Өлгий аймгаас мал авах хүмүүс ирсэн байна. Тэгээд Та хамт яваад зам заагаад өгчих. Би түрүүлээд мотоцикльтой явна. Та миний ир гэсэн газарт энэ хүмүүсийг дагуулаад ирээрэй гэж хэлсэн юм. Тэгээд би тэр казак хүмүүстэй хамт тэд нарын унаж ирсэн цагаан өнгийн ачааны машинд суугаад хөдөлсөн. Ганбаатар мотоциклоор Шээрэвийн Мөнхөө гэх залуутай хамт түрүүлээд явсан. Бид явж байхад Ганбаатар надруу утасдаад Эхлээд Дамжины гэрт очоорой тэднийхээс нэг бяруу ав гэж хэлсэн тул би тэдний гэрт очиход тэд хоорондоо ярилцаад хоо улаан зүсний эр бяруу өгснийг нь машиндаа ачаад тэдний гэрт 1 шил архи уугаад хоол хийлгээд Ганбаатарыг утасдахыг хүлээгээд байж байтал Ганбаатар утасдаад Одоо Баяагийн /Батдэлэгийн Нямбаяр/ гэрээс очиж 2 бяруу авмаар байна гэж хэлсэн бид тэдний гэрт буюу Шатадын ар гэх газарт очиход Ганбаатар байгаагүй. Баяа ч байгаагүй бөгөөд түүний эхнэр нь хоёр бяруу барьж өгснийг нь ачаад тэднийд хүлээж байтал орой 19.00-20.00 цаг орчимд Ганбаатар утасдаад Хөх эрэг-ийн аман дээр хүрээд ир. Айлаас 4 үхэр цуглуулчихсан байна гэж хэлсэн тул тэр газарт нь харанхуй болж байхад очиход Ганбаатар, Мөнхөө, Ётлоо нар мотоцикльтой хээр хүлээж байсан ба 2 бяруу, 2 гунжин авч ирсэн байсан. Тэдгээр мал нь улаан зүсний эм гунжин, алаг гунжин, хар бяруу, улаан алаг зүсний бяруу зэргүүд байсан. Би зүсийг сайн мэдэхгүй байна. Тухайн үед харанхуй болсон байсан юм. Тухайн үед Ётлоо хэлэхдээ Цаанаас хүүхдийнхээ УАЗ машинаар эдгээр малыг гэрээсээ ачиж ирлээ гэж хэлж байсан. Үхрийг ачилцаад Ганбаатар, Ётлоо хоёр Улаангом сум орно гэж хэлээд мотоцикльтой яваад өгсөн. Би 2 казак хүн болон Мөнхөөтэй хамт тэндээсээ хөдөлж Шатад гэх газарт байдаг Тэгшээгийн гэрт очиж хоносон. Маргааш өглөө нь Ганбаатар ганцаараа бидэн дээр ирээд цаашаа явах болоход Тэгшээ бидэнд хар халзан эр бяруу өгсөн. Мөн тэдний гэрт морьтой, өндөр биетэй танихгүй настай хүн хөх саарал зүсний бяруу тууж авч ирсэн юм. Бид тэндээс хөдлөхдөө Мөнхөө бид хоёр мотоцикльтой явсан. Ганбаатар 2 казак хүний хамт машинтай яваад Хар үзүүрийн дэргэд нэг айлд очсон юм. Нөгөө хоёр казак хүн хөх саарал зүсний бярууг голоод авахгүй байсан тул Ганбаатар тэр айлын залуу болох Ядмаагийн хүү Балдаа /Балдорж/ гэх залуугаас Эд нар энэ бярууг голоод авахгүй байна. Чи нэг гунжин үхэр болгоод өгчих гээд гуйгаад байсан. Сүүлд нь Балдаа Та ядаргаатай яршигтай хүн шүү гэж хэлээд хотноосоо улаан зүсний гунжин үхэр авч ирж өгөөд нөгөө хөх саарал бярууг аваад хоцорсон юм. Тэдний гэрт байж байтал зээрд морьтой танихгүй залуу хүрч ирээд Ганбаатартай уулзчихаад яваад өгсөн. Ганбаатар Энэ залуу үхэр авч ирж өгнө гэнэ, хүлээж байя гэж хэлсэн. Удалгүй нөгөө зээрд морьтой залуу 20 орчим том, жижиг үхэр тууж ирээд Балдаан гэрээс зайтай Хар үзүүр гэх газарт хаданд хашиж байгаад 3 үхэр ачуулсан юм. Бусад үхрийг нь нөгөө залуу харганруу тууж оруулчихаад буцаад хүрээд ирсэн юм. Тэдгээр 3 үхэр нь хар цоохор гунжин-1, мухар хоо шар зүсний гунжин-1, хоо улаан зүсний эм бяруу-1 байсан юм. Тэгээд би тэндээс салж явахаар болж Ганбаатар сүүлд 3 үхэр өгсөн залуугаар мотоциклоо бариулаад тэр казак хүмүүсийг гаргаж өгөхөөр явсан. Бид нар Балдаагийн гэрт үлдсэн бөгөөд Ганбаатар нэг хөтөл давуулаад удалгүй хүрээд ирсэн тул бид нар тэндээсээ харьцгаасан. Тухайн үед Дамжингаас 1 бярууг гэрээс нь очиж авсан юм. Нямбарын эхнэрээс нь 2 бяруу гэрээс нь авсан. Хөх эрэг гэх газраас Ёлтоогийн өгсөн 4 үхрийг авсан. Тэгшээгээс 1 бяруу, танихгүй хөгшинөөс 1 бяруу зэргийг Тэгшээгийн гэрийн гадаа авсан. Балдаад гологдсон хөх саарал бярууг өгөөд оронд нь тэдний гэрээс гунжин үхэр авсан. Мөн тэднийд байхад ирсэн танихгүй залуугаас Хар үзүүр гэх газарт очиж 20 гаруй үхрийг хаданд хашиж байгаад 3 үхэр авч ачсан юм. Тэд өөрсдийнхөө малнаас өгч байна гэж хэлж байсан юм. Ганбаатар биднээс түрүүлж яваад ачуулах малыг тэр хүмүүстэй урьдчилаад ярьчихсан байсан. Ганбаатар гэрээсээ гарахдаа эхнэрээсээ мөнгө аваад, мөн өөрт нь байсан мөнгөө нийлүүлээд 1 сая гаруй төгрөгтэй явсан бөгөөд тэндээсээ тэр хүмүүстэй тооцоо хийсэн байх. Казак хүмүүс мөнгө гаргаагүй. Өдрийн цагаар голдуу авсан болохоор тэдгээр үхэрнүүд дотор хулгайн үхэр байсан талаар би огт мэдээгүй  гэх мэдүүлэг /хх-ийн 53-54-р тал/, 

    18. Увс Финанс-Аудит ХХК-ий 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 215 дугаартай шинжээчийн  Мал үнэлсэн тухай дүгнэлт, тайлан /хх-ийн 28-29-р тал/, 

    19. Шүүгдэгч Б.Нэргүйгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 87-р тал/, 
    20 Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 62, 65, 72, 89-р тал/

    21.  Шүүгдэгч Б.Нэргүйгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2016 оны 05 дугаар сарын 17-ны шөнө ах Батжаргалын гэрт хоноод өглөө нь тэднийд байж байтал 07.00 цагийн үед ямаачин Ганбаатар гэх хүн мотоцикльтой ирээд Би бэлэн мөнгөөр үхэр худалдаж авч байна. Хойноос хүмүүсээс цуглуулаад явж байна. Өнөөдөр ганц хоёр айлаас үхэр аваад ачиж явуулна гэж хэлсэн. Тухайн үед надад мөнгөний хэрэг гарчихсан, гэр бүрэх ажилтай байсан тул Ганбаатарт Би хоёр гурван үхэр зарна гэж хэлэхэд Би тэгвэл энэ хавиар хүрээд ирье. Чи үхрээ тушаад байж бай гэж хэлээд явсан. Биднийг байж байтал Батжаргал ах Улаангом орно гээд явсан. Тэгээд би ахын гэрт үлдээд байж байтал Ганбаатар цагаан өнгийн машинтай ирээд Үхрээ зарах юм уу гэхээр нь би Үхэр зарна. Би та нарын араас аваад очьё. Та нар явж бай гэж хэлэхэд тэд нар Балдорж гэх хүний гэрийн гадаа манайхаас холгүй очиж зогссон юм. Тэгээд би өөрийн үхрийг авахаар голын харганаруу ороход манай 30 гаруй үхрээс 15-16 үхэр нь байсан. Тэдний дотор хүний 3 үхэр байсан бөгөөд манай бух тэр үхэрнүүдийг дагаад байсан. Би тэр 3 үхрээс арай том 3 үхрийг нь туугаад явахад бусад нь дагаад явсан. Тэгээд би Балдоржийн гэрийн ойролцоо очоод үхрүүдээ хашиж байгаад гэнэт энэ айлын үхрүүдийг зарчихья гэж бодоод танихгүй айлын 3 тооны үхрийг тэр хүмүүст барьж өгч ачуулсан юм. Тухайн үед үхэрний тооцоог Гангаа буюу Ганбаатар надтай хийсэн бөгөөд надад 650.000 төгрөг өгсөн юм. Ганбаатар гунан үхрийг 250.000 төгрөгөөр, бярууг 150.000 төгрөгөөр тооцож авна гэж хэлсэн бөгөөд миний тууж ирсэн 3 үхрийн нэг нь хар алаг эм гунжин, нөгөө нь мухар шар гунжин, улаан бяруу зэргүүд байсан. Эдгээрээс мухар шар үхэр дөнө орж байгаа бололтой арай том үхэр байсан. Намайг Ганбаатарт үхэр зарна гэж байхад бидний хажууд манай ах Батжаргал, түүний эхнэр Хонгорзул нар байсан. Би Ганбаатарт үхэр зарахдаа өөрийн үхэрнээс бага голдуу 3 үхэр өгнө гэж бодож байсан. Би Гэр бүрэх юм чинь үхэр заръя гэж ах нартайгаа ярьсан байсан. Батжаргал ах Улаангом явахдаа надад Өөрийнхөө бяруунаас 3 бяруу өгчих гэж хэлсэн юм. Би зарсан 3 үхрийг тууж ирэхдээ Гашууны голын хөвөөнөөс буюу манай байгаа газар болох Бор үзүүр гэх газрын доороос харгана дундаас тууж голын урд талд Бор үзүүрийн хаданд хашиж байгаад тэдгээр хүмүүст барьж өгсөн юм. Үхэр авахаар ирсэн хүмүүс ачааны машинтай явсан бөгөөд ачааны машинд 2 Казак хүн, Ганбаатар, Мөнхөө болон нэг танихгүй нас тогтсон хүн, Балдорж, Балдоржийн эхнэр гэх хүмүүс байсан. Намайг үхэр туугаад очиход Балдорж нэг үхэр ачуулсан байсан бөгөөд нэг хөх саарал тугалыг Муу тугал байна гэж хэлээд буулгаж Балдоржид өгч байсан. Ямар зүсний үхэр ачуулсаныг би харж чадаагүй. Би зарсан 3 үхрээ хэний үхэр болохыг мэдээгүй. Мөн хулгайн үхэр гэж тэд нарт хэлээгүй. Би өөрийнхөө үхэрнээс өгч байгаа гэж ойлгуулсан. Би хулгайн гэмт хэрэг хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү. Дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байж чадна. тухайн үед би гэр бүрэх гэж байсан тул мөнгө хэрэгтэй байсан юм. Цаашид гэмт хэрэг үйлдэхгүй, бүх хүнээс уучлалт гуйж байна. Та нарын итгэлийг алдахгүй гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн баримтууд болно. 

         Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл: Шүүгдэгч Б.Нэргүй нь 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Гашууны хороолол орчмоос 3 тооны үхэр хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Нарантуяа, О.Галсансанж, гэрч З.Жомарт, Т.Хуат, Д.Ууганбаяр, Н.Алтангэрэл, Н.Нацагдорж, Б.Ганбаатар, Р.Лхамсүрэн, Б.Сарантуяа, Х.Ганзориг нарын мэдүүлэг, шүүгдэгч Б.Нэргүйгийн үйлдсэн хэрэг болон гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. 

        Шүүгдэгч Б.Нэргүй нь 2016 оны 05 дугаар сарын  18-ны өдөр хохирогч Б.Нарантуяа, О.Галсансанж нарын 3 тооны үхрийн хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул түүнийг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэв. 
        Шүүгдэгч Б.Нэргүй нь гэм буруугаа ойлгож ухамсарлан чин санаанаасаа гэмшиж хохирогчоос уучлалт гуйсан, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа  нөхөн төлж, гэм хорыг арилгасан, хохирогч нар нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн болох нь шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч нарын гаргаж өгсөн тодорхойлолтуудаар тус тус нотлогдож байна. 
         Шүүгдэгч Б.Нэргүй анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан, хохирогч нар нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн нь нотлогдож байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч Б.Нэргүйд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй гэж дүгнэв. 
            Шүүгдэгч Б.Нэргүй нь бусдын 3 тооны үхрийг хулгайлж 650.000 төгрөгөөр зарж борлуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар шүүгдэгч Б.Нэргүйгээс хэрэг үйлдэж олсон орлого болох 650.000 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах үндэслэлтэй байна.  
          Шүүгдэгч Б.Нэргүйгээс гаргуулах хохирол төлбөргүй тул иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор түүний эд хөрөнгө /Монгол гэр/ битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна. 
          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  
               

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 294-296,  297 дугаар зүйлийн 297.1-5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 
            1. Шүүгдэгч Тайж овогт Батсуурийн Нэргүйг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
            2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг баримтлан  шүүгдэгч Б.Нэргүйд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Б.Нэргүйг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. 
            3. шүүгдэгч Б.Нэргүй нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдсугай.
            4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч Б.Нэргүйгийн эд хөрөнгө /Монгол гэр/ битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.
           5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 650.000 төгрөгийг шүүгдэгч Б.Нэргүйгээс гаргуулж улсын орлого болгосугай.
       6.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар шүүгдэгч Б.Нэргүйд өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 
         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

    


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ГАНСҮХ