Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2019/0230

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би, Ж******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Ж******* ХХК-ний гүйцэтгэх захирал С.Б******* ирүүлсэн хүсэлтэндээ:

... Ж******* ХХК-иас Нийслэлийн Засаг даргын 2017 оны Тусгай зөвшөөрлийг цуцалж газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/609 дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэмэмжлэлийг буцаан татах хүсэлтэй байгаа тул хүсэлтийг хүлээн авна уу гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж******* ХХК-ийн зүгээс Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан ...Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэхчлэн зохицуулсан байх ба хуулийн энэхүү заалтын агуулгын хүрээнд нэхэмжлэгч Ж******* ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Б******* нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлсэн, нэхэмжлэлээсээ татгалзах эрхээ хэрэгжүүлэхээр шүүхэд хандсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжаар маргаан бүхий захиргааны актанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь гуравдагч этгээдийн болон бусад этгээдийн эрхийг хөндөхөөргүй байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүгч захирамж гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч Ж******* ХХК нь Г******* ХХК болон нэр бүхий компаниутай цуг нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар Ж******* ХХК-ийн зүгээс улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв.

Мөн нэхэмжлэгч Ж******* ХХК-ний гүйцэтгэх захирал С.Б*******од Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж******* ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Б******* ...Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ны өдрийн А/609 дугаар захирамжийн Ж******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Ж******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох 128/2019/0288/З индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж******* ХХК-ийн зүгээс улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөгийг нөхөн гаргуулж улсын төсөвт оруулсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН