Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/46

 

      2022         04           06                                      2022/ШЦТ/46

       

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга                     С.Б

Улсын яллагч                                    Г.Б

Шүүгдэгч                                            П.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн П.Э-д холбогдох эрүүгийн 2204000000039 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1972 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ойн тенхикч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороо ...тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овгийн П-ийн Э /РД: /,  

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч П.Э нь 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 18 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 1 дүгээр хороо 17 дугаар байрны 13 тоотод өөрийн энхэр С.А-тай маргалдаж зулайн оройн хэсэгт нь шилэн аягаар цохьсны улмаас биеийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдожээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч П.Э шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр манай найз М төрсөн өдөр гээд Багануур дүүргийн 5 дугаар хороо Их-гүнд байдаг гэртээ дуудсан. Тэнд очоод “Хараа” нэртэй 0.5 литрийн нэг шил архи мөн 0.75 литрийн “Соёрхол” нэртэй нэг шил архийг хувааж уугаад 18 цагийн орчим гэр рүүгээ явсан. Гэртээ иртэл эхнэр согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн согтуу унтаж байсан. Гэртээ ороод удаагүй байтал манай эхнэрийн ажлын газрын дарга Д гэх залуу залгаад цалингийн талаар маргалдаад байсан. Тэгэхээр нь би утсыг нь булааж аваад Д гэх залууд хандан “чи цалингаа өгөөч, бүтэн жил шахуу болчихоод байхад цалингаа өгөхгүй юм” гэж хэлсэн. Эхнэр утсаар ярьж дуусаад намайг буйдан дээр сууж байхад миний нүүрийг маажсан. Тэгэхээр нь би уурандаа ширээн дээр байсан шилэн аягаараа нэг удаа толгойн хэсэг рүү нь цохьсон” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл, хх-ийн 13-р хуудас/,

С.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 7-р хуудас/,

Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх Хэсгийн шинжээч эмчийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 150 дугаартай дүгнэлт /хх-ийн 15-16-р хуудас/,

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 32-33-р хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 34-40, 43-50-р хуудас/,

Шүүгдэгч П.Э-ны эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 58-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

  1. Гэм буруугийн талаар

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

Шүүгдэгч П.Э нь 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 18 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 1 дүгээр хороо 17 дугаар байрны 13 тоотод өөрийн энхэр С.А-тай маргалдаж зулайн оройн хэсэгт нь шилэн аягаар цохьсны улмаас биеийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай  учруулсан гэм буруутай болох нь:

-  С.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 14 цагийн орчим, ажлаасаа гараад ажлын газрын хүн болох О-ийн гэрт очиж “Сэрүүн” 2.5 литрийн пиво, “Velvet бичиглэлтэй 1 шил архийг 6 хүн хувааж уусан. Тэгээд 17 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороо 17 дугаар байрны 13 тоот гэртээ ирээд байж байтал манай нөхөр П.Э гаднаас архи уучихсан орж ирсэн. Тэр үед манай дарга залгаад “бид нарын цалинг дутуу өгнө” гээд байхаар нь дарга Д-тэй утсаар маргалдаад байж байтал манай нөхөр миний гар утсыг булааж аваад даргатай хэрэлдсэн. Тэгэхээр нь би “чамд хамаагүй, манай ажлын газрын хүмүүстэй битгий орооцолд” гэж хэлээд хэлэлдээд би нөхрийнхөө нүүр хэсэгт маажсан. Тэгээд буйдан дээр сууж байсан манай нөхөр Энхсайхан шилэн аягаар миний толгой хэсэг рүү 1 удаа цохьсон. Тэгээд толгойноос цус гараад тогтохгүй байхаар нь Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд очиж оёдол тавиулсан. Би Э-тай 2007 оноос хойш хамтран амьдарч байна.. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг  /хх-ийн 7-р хуудас/,

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээж авсан тэмдэглэлд: ”Багануур дүүрэг 1 дүгээр хороо ЭМНТ-ийн хүлээн авах тасагт толгойгоо хагалуулсан эмэгтэй хүн ирлээ” гэжээ /хх-ийн 1-р хуудас/,

- Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх Хэсгийн шинжээч эмчийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 150 дугаартай дүгнэлтэд:  “...1. С.А-ийн биед зулайн орой хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн үйлчэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хх-ийн 15-16-р хуудас/,

- Хэргийн газар үзлэг хийсэн: “...хэрэг учрал болсон гэх газар нь Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 17 дугаар гудамжны 13 тоот байв” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-4-р хуудас/,

- П.Э-ны согтуурлын зэрэг шалгасан тухай тэмдэглэлд: “...П.Э нь 1.63 хувьтай...” гэжээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27-р хуудас/,

- Яаралтай тусламжийн хуудсаар “...С.А-гийн цусыг цэвэрлэж, зулайг мэдээ алдуулж оёдол тавьж, боолт хийв...” гэжээ /хх-ийн 32-33-р хуудас/,

- Хохирогч С.А-гийн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлтэнд “Миний бие нь П.Э-тай эвлэрсэн, ямар нэгэн  нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэжээ. /хх-н 57-р хуудас/,

-шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.   

Шүүх шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч П.Э нь өөрийн үйлдэл, учирч болох аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтой талаар урьдчилан мэдсэн, мэдэх боломжтой байсан тул шүүх түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэж дүгнэв.  

Иймд П.Э-ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв. 

 

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч С.А нь энэ хэрэгт холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол нэхэмжлэхгүй, ямар нэгэн гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч П.Э-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг харгалзан, шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан үндэслэлүүд хангагдсан гэж дүгнэлээ.   

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч П.Э-ныг хохирогч С.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай.” гэв.

Шүүгдэгч П.Э гаргасан дүгнэлтдээ: “Би өөрийн хийсэн гэмт үйлдэл болон гэм буруугаа хүлээж байна.” гэв.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч П.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/-н цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй,  шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

 Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б овгийн П-ийн Э-ныг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овгийн П-гийн Э-д 240 /хоёр зуун дөч/-н цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг П.Э-д тайлбарласугай.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч С.А нь энэ хэрэгт холбогдуулан нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдсугай.
  5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, П.Э-д холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол П.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
  8. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, П.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       С.ӨЛЗИЙ-ОТГОН