| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2017/00338/И |
| Дугаар | 135/шш2017/00531 |
| Огноо | 2017-05-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 135/шш2017/00531
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2017/00338/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ******* банк /утас ********/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, Малчин тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар ********/-д холбогдох
5,810,600.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,
Зээлийн батлан даагчийн шаардлага хангахгүй болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч Б.Содболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* банк нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Иргэн ******* овогтой болон ******* овогтой ******* нар нь 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдөр тус банктай 2014/028303/0315 тоот Цалингийн зээлийн болон барьцааны гэрээ 2014/02803/0569 тоот Батлан даалтын гэрээг байгуулан 7,000,000 төгрөгийн зээлийг сарын 1,7 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар зээлж авсан.
Зээлдэгч Н., Н.******* нар нь 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдөр тус банктай байгуулсан 2014/02803/0315 тоот Цалингийн зээлийн гэрээ, мөн Цалингийн зээлийн барьцааны гэрээ-ээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож өөрийн эзэмшлийн ******* ******* банкны ******* тоот цалингийн дансны орлогыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно.
Өнөөдрийн байдлаар зээлдэгч нь үндсэн зээл болох 7,000,000 төгрөгөөс 2,649,740.17 төгрөг төлбөл зохих нийт хүүгийн төлбөр 3,000,502.23 төгрөгөөс 1,610,361.69 төгрөгийг тус тус төлсөн байна. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн биелүүлээгүй, зээлээ төлөлгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваариа удаа дараа ноцтойгоор зөрчиж ирсний улмаас 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар зээл зээлийн хүүгийн төлбөр нь 4,350,259.83 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 1,283,840.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 106,299.96 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 70,200 төгрөг нийт 5,810,600.37 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Зээлдэгч Н. нь олдохгүй хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул банк Н.ыг эрэн сурвалжлуулахаар хандсан боловч одоог болтол олдоогүй байна.
Иймд Иргэний хуулийн 458.1, 460.1-д заасны дагуу батлан даагч Н.*******аас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Н.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
...Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Н. нь надтай хэсэг хугацаанд хамт амьдарч байхдаа ******* ******* банкнаас БНСудан улс руу энхийг сахиулах ажиллагаанд явна гээд замын зардалдаа хэрэглэнэ гэж зээл авсан. Ингэж зээл авахдаа намайг чиний гарын үсэг зурахыг зөвшөөрөхгүй татгалзсан боловч би зээлээ өөрөө цалингаараа төлнө чамд ямар ч асуудал болохгүй гэж хэлээд шахаж шаардсаар байж банк руу дагуулж очиж гарын үсэг зуруулсан. Би нялх хүүхдээ хүн гуйж харуулаад яаруу сандруу гарын үсэг зурсан. Намайг ямар зүйл дээр гарын үсэг зурж байгаа талаар ямар үүрэг хариуцлага хүлээж байгаа талаар хэн ч тайлбарлаагүй ба миний бие хүүхэддээ яарч байсан тул санд мэнд гарын үсэг зураад гарсан.
Зээлээ бүтээж авсаны дараа Н. Судан явах бэлтгэлээ хангаж базаагаад хэд хоног гадуур хонож найзындаа байж байгаад энхийг сахиулах ажиллагаанд Судан явсан. Миний хувьд зээлж авсан мөнгөнөөс нь огт хэрэглээгүй бөгөөд одоо Н.ыг хаана байгааг огт мэдэхгүй байна. Суданаас ирээд Н. надтай холбоо тасарсан. Миний хувьд бага насны хүүхэдтэй, ганц бие ажилгүй орлогогүй учир ******* ******* банкны нэхэмжилж буй мөнгийг Н.ын өмнөөс төлөх ямар ч боломжгүй гэв.
Хариуцагч Н.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
...Н.******* миний бие хэсэг хугацаанд хамт амьдарч байсан Н.ын шахалтаар түүний ******* ******* банкнаас 2014 оны 05 дугаар сард авсан цалингийн зээлийн гэрээнд Цалингийн зээлийн хувийн батлан даалтын гэрээ гэх гэрээнд гарын үсэг зурсан. Н. зээлээ авснаас хойш сураггүй алга болсон бөгөөд тухайн үед би ямар гэрээн дээр ямар эрх үүргийг эдлэх ёстойгоо ч ойлгож мэдэхгүйгээр яаруу сандруу ороод гарын үсэг зураад гарсан. Миний хувийн амьдрал бусдын авсан зээлийг төлөх асуудалд орооцолдож шүүхэд дуудагдаж байна. Миний хувийн амьдрал санхүүгийн нөхцөл байдал хүний зээлийг батлан даах битгий хэл өөрийнхөө ганц хүүхдийг тэжээгээд явах боломжгүй ах эгч, аав ээжийнхээ гэр оронгоор толгой хорогдон амьдарч байгаа билээ. Цалингийн зээлийн хувийн батлан даалтын гэрээ гэх гэрээнд гарын үсэг зурах үед ч миний амьдрал ийм л байсан. Тиймээс миний бие холбогдох хууль тогтоомжид заасан батлан даагчийн шаардлагыг хангасан хүн биш байхад банк Н.тай нийлж надад тус гэрээний үр дагавар, үүрэг хариуцлагыг тайлбарлахгүйгээр миний амьдралын болон санхүүгийн нөхцөл байдлыг хуулийн дагуу шалгахгүйгээр батлан даагч болгож өнөөдөр бусдын зээлж авсан их хэмжээний мөнгийг нэхэмжилж байгаад гомдолтой байна. Цалингийн зээлийн хувийн батлан даалтын гэрээ гэх гэрээ нь анх байгуулагдсан үеэсээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг агуулсан хүчин төгөлдөр бус гэрээ юм. Н.******* намайг Зээлийн батлан даагчийн шаардлага хангахгүй болохыг тогтоож сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч ******* ******* банк нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
...сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* банк нь хариуцагч Н.*******д холбогдуулан 5,810,600.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Н.******* нь нэхэмжлэгч ******* ******* банкинд холбогдуулан зээлийн батлан даачийн шаардлага хангахгүй болохын тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* ******* банк нь 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2014/028303/0315 тоот цалингийн зээлийн гэрээгээр Н.т 7,000,000 төгрөгийг сарын 1,7 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатайгаар зээл олгожээ./хх-8/
Хариуцагч Н.******* нь хариуцагч Н.ын дээрх цалингийн зээлийн үндсэн өр, хүү, нэмэгдүүлсэн хүүг өөрийн хөрөнгөөр нөхөн төлөхөөр баталгааг гаргаж ******* ******* банктай 2014 оны 05 дугаар сарын 29-ны өдөр 2014/28303/0569 тоот Цалингийн зээлийн хувийн батлан даалтын гэрээг байгуулсан байна. /хх-9/
Нэхэмжлэгч ******* ******* банк нь ...зээлдэгч Н. нь зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу төлөх үүргээ биелүүлээгүй, оршин суух хаяг нь тодорхойгүй, Н.ыг эрэн сурвалжлах, оршин суух хаягийг тодруулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гарсан байгаа учир Н.ын авсан цалингийн зээлийн төлбөрийг банктай байгуулсан батлан даалтын гэрээний дагуу Н.*******аас 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар зээл, зээлийн хүүгийн төлбөр нийт 5,740,400.37 төгрөг, Н.ыг эрэн сурвалжлахад холбогдуулан гаргасан зардал 70,200 төгрөг нийт 5,810,600.37 төгрөгийг нэхэмжилж байна гэж нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тодорхойлсон болно.
Гэрээний үүрэг зөрчсөн нь гэрээг цуцлах үндэслэл болж байвал Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3, 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт заасан зөрчлийг арилгах буюу сануулах хугацаанд гэрээг цуцлаж болохыг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч ******* ******* банк нь үүрэг гүйцэтгэгч Н.т зээлийн дээрх төлбөрийг төлөхийг шаардсан, мэдэгдсэн талаарх нотлох баримт хэрэгт байхгүй байгаа ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үүрэг гүйцэтгэгч Н.т зээлийн төлбөр төлөхийг мэдэгдээгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн болно.
Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-т Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ, 460.2-т Үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй гэж заасны дагуу үүрэг гүйцэтгэгч Н. нь зээлийн төлбөрийг төлж чадахгүй болсон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй ба батлан даагч Н.******* нь үүрэг гүйцэтгэгч Н.ын өмнөөс нөхөх хариуцлага хүлээх учир нэхэмжлэгч ******* ******* банкны гаргасан Н.*******аас 5,810,600.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ******* ******* банк нь үүрэг гүйцэтгэгч Н.аас дээрх зээлийн төлбөрийг төлөхийг мэдэгдэхгүй, түүний төлбөрийн чадвартай эсэхийг тодруулахгүйгээр батлан даагч Н.*******аас дээрх зээлийн гэрээний дагуу төлбөрийг гаргуулахаар шаардлага гаргах хууль зүйн үндэслэл байхгүй болно.
Хариуцагч Н.******* нь Зээлийн батлан даагчийн шаардлага хангахгүй болохыг тогтоох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч хэрэгт энэ талаар нотлох баримт байхгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* банкны гаргасан Н.*******аас 5,810,600.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Н.*******ын гаргасан зээлийн батлан даагчийн шаардлага хангахгүй болохыг тогтоох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107,919 төгрөгийг, хариуцагч Н.*******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА