Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/47

 

         2022         04           12                                    2022/ШЦТ/47

       

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга                         С.Б,   

Улсын яллагч                                        Э.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                       Д.Ц,                                                     

Шүүгдэгч                                                 Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Э-д холбогдох эрүүгийн 2204000200013 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Багануур дүүргийн 3 дугаар хороо Замчин хэсгийн .....тоотод оршин суух,

урьд Нийслэлийн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/127 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овгийн Д-мын Э  /РД: /.   

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Э нь 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 89015210 дугаараас иргэн Г.Т-лын 94715596 дугаар луу залган “машин зарна, урьдчилгаа 1,250,000 төгрөг шилжүүлчих” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 1,000,000 төгрөгийг О.Ц-ний “ХААН” банкны 5021680825 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

Мөн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өөрийн фэйсбүүк хаягаар “хямд машин зарна” гэж цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон итгүүлж иргэн Б.Г-хаас 200,000 төгрөгийг Н.М-н “ХААН” банкны 5750822935 дугаар данс руу шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Д.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...би 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр найз М-н хамтаар түүний машинтай Сүхбаатар аймгийн төв дээр явж байсан юм. Тухайн үед М бид хоёр ямар ч мөнгөгүй болсон ба мөнгөний хэрэгцээ их байсан. Бид хоёр ярилцаж байгаад миний Спасио маркийн автомашиныг зарахаар болоод өөрийн ашигладаг “Enukk En” гэсэн фэйсбүүк хаягнаас “Хямд машин” гэсэн фэйсбүүк зарын группт машинаа зарахаар зар тавьсан. Ингээд зар тавьснаас хойш 30-аад минутын дараа зарын дагуу Г гэх хүн над руу залгаад машин хэдэн төгрөгөөр зарахыг асуусан. Би түүнд “машинаа 2,000,000 төгрөгөөр зарна, машин Төв аймгийн Эрдэнэ суманд байгаа, би хүнд мөнгө өгөх хэрэгцээ гараад байна, урьдчилгаа 200,000 төгрөгийг ХААН банкны 5750859935 тоот данс руу шилжүүл” гэж хэлсэн. Г дээрх данс руу 200,000 төгрөг шилжүүлсэн. М бид хоёр тухайн мөнгөнөөс 160,000 төгрөгөөр нь М-н машинд бензин хийгээд үлдсэн мөнгөөр нь тамхи ойр зуурын хүнс авсан. Маргааш нь буюу 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр М намайг Багануур дүүрэгт үлдээгээд явсан, би араас нь өөрийн Спасио маркийн автомашиныг унаад Төв аймгийн Баяндэлгэр сум өнгөрөөгөөд явж байхад эвдэрсэн. Би эвдэрсэн машинаа үл таних хүнд 1,200,000 төгрөгөөр зарсан. Г гэдэг хүн над руу утсаар ярьдаг байсан ба би “машин эвдэрсэн, утас болохгүй байна” гэж аргалдаг байснаа сүүлдээ утсаа авахаа больсон.

Мөн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр манай ах Н-ын найз Т гэх хүнтэй урьд нь машин зарах талаар ярьж байсан бөгөөд манай арын гудамжинд амьдардаг юм. Тэгээд мөн машинаа зарна гэж хэлж Т-аас 1,000,000 төгрөг шилжүүлж авсан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа, дахин хэрэг хийхгүй. Би өөрийнхөө үйлдсэн хэрэгт гэм буруугийн ямар нэгэн маргаан байхгүй, хохирогч нараас авсан мөнгийг буцааж төлж барагдуулна.”  гэв.

Хохирогч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг \хх-ийн 93-р хуудас\,

Хохирогч Г.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг \хх-ийн 12-р хуудас\,

 О.Ц-ий мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,

 Н.М-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 99-р хуудас/,

О.Ц-ий “ХААН” банкны 5021680825 дугаарын дансны хуулга /хх-ийн 34-р хуудас/,

Н.М-н “ХААН” банкны 5750829935 дугаарын дансны хуулга /хх-ийн 103-р хуудас/,

Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн албан тоот /хх-ийн 64-р хуудас/,

Шүүгдэгч Д.Э-ын хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 56-81, 104-139-р хуудас/,

Д.Э-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 66, 108-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

              1. Гэм буруугийн талаар

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

              Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, эсхүл түүний өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авч байгаа гэм буруутай этгээдийн өөртөө амар хялбар аргаар орлого олох зорилготой идэвхтэй, шууд санаатай үйлдлээр үйлдэгддэг.

Шүүгдэгч Д.Э нь 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 89015210 дугаараас иргэн Г.Т-ын 94715596 дугаар луу залган “машин зарна, урьдчилгаа 1,250,000 төгрөг шилжүүлчих” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 1,000,000 төгрөгийг О.Ц-ий “ХААН” банкны 5021680825 дугаартай дансаар шилжүүлэн авсан,

              Мөн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өөрийн фэйсбүүк хаягаар “хямд машин зарна” гэж итгүүлэн иргэн Б.Г-аас 200,000 төгрөгийг Н.М-н “ХААН” банкны 5750822935 дугаар данс руу шилжүүлэн авч цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн хэлэлцэгдсэн:

- Хохирогч Б.Г-хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 11-р хороо Мандал 8-158б тоот гэртээ байх үед фэйсбүүкээс “Хямд машин” гэсэн нэртэй групп руу орж үзэхэд “Enukk En гэсэн фэйсбүүк хаягнаас “2021 оны бүх юм нь ок жоохон хийх зүйлтэй, асуудалгүй явж байгаа 1 nz мотортой, утас 89015210 гэсэн дугаартай, хямд шүү” гэсэн машин байхаар нь уг дугаар руу холбогдож асуухад 2 сая төгрөгөөр зарна гэхээр нь хаана байгааг нь асуухад “Төв аймгийн Эрдэнэ суманд байгаа, би энд хүнд өртэй болчихоод байна. Чи 200,000 төгрөг урьдчилгаа болгоод шилжүүлчих” гээд 5750859935 гэсэн Хаан банкны данс өгсөн ба уг данс руу 200,000 төгрөг шилжүүлэхэд М гэсэн нэртэй данс байсан ба уг данс руу хэлсэн мөнгийг шилжүүлсэн. Өдөр 13 цагийн үед фэйсбүүк чатаар чат бичиж машин зарах хүнтэйгээ холбогдоход “Чонжинболдог дээр дугуй хагараад найз хотоос ирж дугуй янзалж өгөөд одоо хөдөлж байна” гэж утсаар хэлсэн. Хаана уулзах талаар асуухад “хот ороод уулзая” гэж хэлээд тэрнээс хойш дахин холбоо бариагүй. Чат хаягийг блок хийсэн байсан. Тэгээд залилуулсан байна гэж бодоод цагдаад хандсан. ...шилжүүлсэн мөнгөө буцааж авах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг \хх-ийн 93-р хуудас\,

- Хохирогч Г.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр манай найз Н-ын төрсөн дүү Д.Э нь өөрийн фэйсбүүк хуудас болох “Д. Э” гэх хаягнаас “ах утасныхаа дугаарыг өгөөч, ярих зүйл байна” гэсэн. Тэгэхээр нь би утасныхаа дугаарыг өгөхөд эргүүлээд миний утас руу 89015210 гэсэн утасны дугаараас залгаад “та машин хайж байсан юм уу, би танд Приус 11 маркийн тээврийн хэрэгсэл үзүүлэх гэсэн юм, та машин авах юм уу” гэсэн. Тэгээд над руу фэйсбүүкээр машиныхаа зургийг явуулсан. Тэгээд би Э-той ярилцаж байгаад тухайн машиныг 3,500,000 төгрөгөөр авахаар болсон бөгөөд Э “та эхлээд 1,250,000 төгрөгний урьдчилгаа өгөөд үлдсэн мөнгийг нь дараа хувааж өгч болно” гэсэн. Тэгэхээр нь би боломжоороо мөнгө олоод явуулъя гээд 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 1,000,000 төгрөг олоод Э-ын өгсөн Хаан банкны 5021680825 тоот данс руу шилжүүлсэн. Түүнээс хойш би Э-ын утас руу холбогдож ярилцахад “Танд зарсан машин Хэнтий аймаг руу хүн унаад явчихсан байгаа, ирэхээр нь танд үзүүлээд өгье” гээд байсан. Тэгээд машинаа авчирж өгөхгүй байхаар нь хэд хоногийн дараа Э руу залгаж “Машинаа өг чадахгүй бол мөнгөө авъя” гэж хэлэхэд “Тэгээ тэг” гэсэн. Тэгээд түүнээс хойш утсаа авахгүй, утас нь холбогдохгүй, гэртээ байхгүй, ээжтэй нь уулзахаар хаана байгааг нь мэдэхгүй, ээжийгээ залгахаар утсаа авахгүй, төрсөн ах Н-рын утас, фэйсбүүкийг блок хийчихсэн байна гээд байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Би өөрийн мөнгийг олж авмаар байна.” гэх мэдүүлэг \хх-ийн 12-р хуудас\,

 - О.Ц-ий мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...би 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Багануур дүүрэгт байсан. Тухайн өдөр Э “би ахаасаа 1,000,000 төгрөг авах гэж байгаа юм. Надад данс байдаггүй, чиний данс руу хийгээд гаргуулаад авъя” гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд миний данс руу мөнгө орж ирэхээр нь би “найзад нь мөнгөний хэрэг байна, би цагдаа дээр шалгагдаж байгаа, найздаа 500,000 төгрөгийг нь зээлээч” гэхэд зөвшөөрсөн. Тэгээд би 400,000 төгрөгийг нь АТМ орж бэлнээр гаргаж өгсөн. ...Э-ыг хүнээс залилж мөнгө авсан талаар огт мэдээгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,

- Н.М-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2021 оны 12 сарын 01-ний өдөр найз Э-н хамт Сүхбаатар аймагт ажлаар явж байсан. Багануур руу гэрлүүгээ явах гээд буцах зардалгүй болоод байсан. Тэгээд Э хуучин машин засч зардаг ба Тоёота Спасио гэдэг машинаа зарж зардал хийхээр “Хямд машин” гэдэг фэйсбүүк хаягт зар тавьсан. Тэгээд байж байтал Э-той нэг хүн утсаар яриад байсан ба нөгөө хүнд машинаа зарахаар болоод урьдчилгаа болгож 200,000 төгрөгийг миний 5750829935 тоот дансаар шилжүүлж аваад 154,000 төгрөгөөр Багануур орох замын бензин хийгээд үлдсэн мөнгөөр нь замдаа хэрэглэх хоол, унд, тамхи аваад дуусгасан. Тэгээд Багануурт ирээд би гэртээ очсон ба Э маргааш нь буюу 2021 оны 12 дугаар сарын 02-ын өдөр нөгөө зарна гэсэн машинаа хот руу аваад явсан талаар сүүлд мэдсэн. Тэрнээс хойш уулзаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 99-р хуудас/,

- О.Ц-ий “ХААН” банкны 5021680825 дугаарын дансны хуулганд: “...2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 5750785340 дугаарын данснаас “машины мөнгө” гэсэн 1,000,000 төгрөгийн орлого” гэх бичилт /хх-ийн 34-р хуудас/,

- Н.М-н “ХААН” банкны 5750829935 дугаарын дансны хуулганд: “...2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 5002426775 дугаарын данснаас “спасио Б Г” гэсэн 200,000 төгрөгийн орлого” гэх бичилт /хх-ийн 103-р хуудас/,

- Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн албан тоотод: “...Иргэн Д-н Э /МЕ....../-ын нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй байна” гэсэн бичилт /хх-ийн 64-р хуудас/,

- шүүгдэгчийн шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүх шүүгдэгч Д.Э-ыг өөрийн үйлдэлдээ шунахайн сэдэлтээр шууд санаатай хандсан гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан бөгөөд улсын яллагчаас шүүгдэгч Д.Э-дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд Д.Э-г цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүхээс дүгнэв.

 

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч Д.Э нь гэмт хэргийн улмаас хохирогч Г.Т-д 1,000,000 төгрөгийн, хохирогч Б.Г-д 200,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан, дээрх хохирлыг төлж барагдуулаагүй нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан О.Ц “ХААН” банкны 5021680825 дугаарын дансны хуулга /хх-ийн 34-р хуудас/, Н.М-н “ХААН” банкны 5750822935 дугаарын дансны хуулга /хх-ийн 103-р хуудас/, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөртэй гэж үзлээ.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон эсэх талаар дүгнэж үзэв.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Д.Э нь цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилж бусдад нийт 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан нь нотлогдож байх тул шүүгдэгчийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 650 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгчийн цагдан хоригдсон 75 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцуулах саналтай” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ц шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Д.Э-н хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргах зүйлгүй, улсын яллагчаас гаргаж буй ялын саналтай санал нийлж байна” гэв.

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч нараас авсан мөнгөө буцааж төлж барагдуулна.” гэв.

Шүүгдэгч Д.Э-д холбогдох гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад, шүүгдэгч Д.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  650 /зургаан зуун тавь/-н цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

            Шүүгдэгч Д.Э нь энэ хэрэгт 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл нийт 75 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хугацааг тооцож цагдан хоригдсон нэг хоногийг 8 цагийн нийтэд тустай ажил хийлгэх  ялд тооцож 75*8=600 цагийг эдлэх ялаас хасаж, үлдэх 50 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй.

            Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт 75 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Э авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

 

 Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овгийн Д-ын Э-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овгийн Д-н Э-д 650 /зургаан зуун тавь/-н цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-н цагдан хоригдсон 75 /далан тав/ хоногийг 600 /зургаан зуу/-н цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялд тооцож, эдлэх ялаас хасаж, үлдэх 50 /тавь/-н цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4  дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг  биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.Э-д тайлбарласугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Э-с гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 200,000 /хоёр зуун мянга/-н төгрөгийг гаргуулж хохирогч Б.Г-д, 1,000,000 /нэг сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.Т-д тус тус олгосугай.
  6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Д.Э-г даруй сулласугай.
  7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, Д.Э-н иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт 75 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан гаргах журамтайг мэдэгдсүгэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       С.ӨЛЗИЙ-ОТГОН