| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2022/0054/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/53 |
| Огноо | 2022-04-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/53
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор А.Д-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А-,
Шүүгдэгч Т.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор А.Д-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Т-ийн А-д холбогдох эрүүгийн 2213000000077 дугаартай хэргийг хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Бугат суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-5, эцэг эх, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Бугат сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, Улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, М овогт Т-ийн А-, регистрийн дугаар БГ................
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.А- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 3 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө хохирогч Д.Т-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1.1. Улсын яллагч А.Д- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Т.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна.” гэв.
1.2. Шүүгдэгч Т.А- мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна, хохирлыг төлж барагдуулсан, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.” гэв.
1.3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Т.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй, хохирлыг төлж барагдуулсан.” гэв.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2213000000077 дугаартай хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:
2.1. 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр иргэн Д.Т-иэс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,
2.2. Хохирогч Д.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 05-06, 09 дэх тал/,
2.3. Гэрч А.К-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,
2.4. Гэрч Т.А-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,
2.5. Гэрч К.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,
2.6. Гэрч Е.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,
2.7. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 245 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,
2.8. Шүүгдэгч Т.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 63 дахь тал/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Т.А-, түүний өмгөөлөгч Д.А- нараас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Т.А-д холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
3.1 Хэргийн үйл баримт:
Шүүгдэгч Т.А- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 3 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө хохирогч Д.Т-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
3.1.1. 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр иргэн Д.Т-иэс гаргасан “...Намайг зүс таних Е.Ж-, Т.А- нар 2022 оны 3 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Е.Ж-ийн гэрт зодсон...” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,
3.1.2. Хохирогч Д.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Т.А- намайг дух руу 2-3 удаа цохиход би газарт унасан ба Т.А- намайг нурууны баруун, баруун хавирга орчимд хэд хэдэн удаа өшиглөж, босгож аваад хоёр нүүр лүү хэд хэдэн удаа цохиж зодон, улмаар чирч Е.Ж-ийн гэрт оруулсан..., ...Т.А- зодсоны улмаас миний нүүр, дух хэсгээр улайж хавдсан, баруун хавирга хэсгээр өвдөж байна. Мөн тэрээр намайг хоёр гараас минь чирч Е.Ж-ийн гэрт оруулах үед хоёр гарын бугалга хэсэг улайж хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 05-06, 09 дэх тал/,
3.1.3. Гэрч А.К-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...23 цагийн орчимд Е.Ж- машинаа хашаанд оруулж ирэхэд машин дотор Д.Т-и, Т.А-, К.Е-, Т.А- гэж залуучууд сууж байсан. Тэд машин дотор архи ууж сууж байх шиг болсон. Хэсэг хугацааны дараа хашаа дотор шуугилдсан хүмүүсийн дуу чимээ гарахаар нь гэрээс гарахад манай хашаа дотор машины хажууд Т.А- Д.Т-ийг араас нь хөөж Д.Т- машиныг тойрч гүйх үед Т.А- түүнийг барьж авч хоорондоо ноцолдож байх үед Д.Т-и газарт унасан. Би түүнийг газарт яаж унасныг сайн анзаараагүй. Харин Д.Т-ийг газарт унах үед Т.А- түүнийг өшиглөж байхад Т.А- гэх залуу түүнийг болиулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,
3.1.4. Гэрч Т.А-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...нэг харахад Т.А-, Д.Т-и нар хоорондоо ноцолдож байсан. Тэд ноцолдож байгаад Д.Т-и газарт унах үед Т.А- түүний цээж хэсэг рүү гараараа цохиж, цээж, мөр, нуруу луу нь өшиглөж байхад би тэднийг салгасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,
3.1.5. Гэрч К.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...бид сууж байхад Д.Т-и Т.А-д чи намайг Е.Ж-т барьж өглөө гээд гомдоод хоорондоо маргаад байсан. Би бие засаад дараа нь бөөлжөөд сууж байгаад харахад Д.Т-и, Т.А- нар хоорондоо ноцолдож, Т.А- Д.Т-ийг цохиж зодож байсан. Тэднийг Т.А- салгаж дараа нь бид бүгдээрээ амрахаар болж Е.Ж-ийн гэрт очсон, би нэлээн согтсон байсан болохоор тэдний гэрт орсны дараа унтчихсан. Өглөө сэрэхэд Д.Т-ийн нүүр хэсгээр шалбарсан шарх болсон байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дах тал/,
3.1.6. Гэрч Е.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...бид бүгдээрээ архи, пиво уугаад халсан байсан ба Д.Т-и, Т.А- нар машинаас буугаад гадаа байх шиг болсон. Дараа нь Д.Т-и Т.А-той чи намайг Е.Ж-т бариад өглөө, чи ямар өс хонзонтой юм бэ гэх мэтээр маргасан. Тэгж байтал би машинаа хашаа руу оруулж тавиад хашаа дотор зогсож байтал Д.Т-и, Т.А- нар хоорондоо ноцолдож, Т.А- түүнийг гараараа толгой руу нь цохиж байх шиг болсон. Мөн Д.Т-и газарт унасан үед Т.А- түүнийг өшиглөж байсан. Тэднийг Т.А- салгахад Д.Т-и хашаанаас гарч зугтахад Т.А- түүнийг хашаа руу чирч оруулж ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,
3.17. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 245 дугаартай “...Д.Т-ийн биед тархины доргилт, баруун нүүрний баруун хэсэгт шарх, баруун доод зовхинд цус хуралт, зүүн бугуйнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1- 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд байна. Гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 дэх тал/,
3.1.8. Шүүгдэгч Т.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна..., ...Е.Ж- Д.Т-тэй уулзаад дараа нь Е.Ж-ийн машинаар бүгдээрээ Өлгий сумын 12 дугаар баг Бөхөн-Ууланд байдаг гэрийн гадна очиж зогссон. Тэгээд Е.Ж-ийн машин дотор бүгдээрээ замд Е.Ж- болон Д.Т-и нарын дэлгүүрээс авсан архи, пивыг ууж юм яриад суусан. Уг архи, пивыг уугаад бүгдээрээ нэлээд согтсон байсан ба Д.Т-и надад чи намайг Е.Ж-т бариад өглөө, би чиний малыг чинь үгүй хийх болно гэж хэрүүл маргаан үүсгээд бид хоёр хоорондоо маргаад сууж байсан. Дараа нь Е.Ж- машинаа хашаанд оруулж тавиад бүгдээрээ тэдний хашаанд орох үед би уурлаж Д.Т-ийн толгой руу цохиход тэрээр газарт унаж, би түүнийг нэг удаа өшиглөсөн. Тэгж байхад нэг нь ирж намайг болиулсан. Дараа нь бүгдээрээ Е.Ж-ийн гэрт орсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
4. Эрх зүйн дүгнэлт:
4.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх бүрэлдэхүүн үнэллээ.
4.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
4.3. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
Шүүгдэгч Т.А- нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, санаатай хууль бус үйлдлийн улмаас буюу цохиж, мөргөж, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
4.4. Шүүгдэгч Т.А-ын үйлдлийн улмаас хохирогч Д.Т-ийн биед хөнгөн гэмтэл учирсан байх ба Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
4.5. Шүүгдэгч Т.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
4.6. Шүүгдэгчийн зүгээс шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.
4.7. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн ухамсар, ёс зүйн төлөвшил дутмаг, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэдэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
4.8. Шүүгдэгч Т.А- нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
5.1. Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.
5.2. Шүүгдэгч Т.А-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Т-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч Д.Т-ийн “...Би Т.А-тай сайн дураараа эвлэрсэн, гарсан хохирлыг бүрэн төлж өгсөн, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй...” гэх баталгаа /хавтаст хэргийн 107 дахь тал/-аар энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
2.1. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Т.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх дүгнэлтийг,
2.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А-ээс “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг,
2.3. Шүүгдэгч Т.А- нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж, хохирогчоос уучлалт гуйж, хохирогчийн хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар торгох ял оногдуулж өгнө үү гэж мэтгэлцсэн болно.
2.4. Шүүгдэгч Т.А- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
2.6. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, харин хүндрүүлэх нөхцөл байдалгүй болохыг харгалзан үзлээ.
2.7. Шүүгдэгч Т.А- нь хувийн байдлын хувьд урьд ял шийтгүүлж байсан болох нь цагдаагийн байгууллагын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 67 дахь тал/, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 88-91 дэх тал/-аар тогтоогдож байна.
2.8. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүгдэгчийг гэм буруутай болохыг үндэслэл болгосон нотлох баримтууд болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон бусад баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө цээрлүүлэн, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлж, нийгэмшүүлэх зорилгоор, эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохируулж, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Т.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
2.9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 600 нэгж нь 600.000 төгрөгтэй тэнцэх юм.
2.10. Шүүгдэгч Т.А- нь хуульд заасан хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна.
2.11. Шүүгдэгч Т.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
2.12. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч шүүгдэгч Т.А- нь баривчлагдаж, цагдан хоригдоогүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, энэ хэрэгт нэгтгэсэн болон энэ хэргээс тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдаж байна.
2.13. Шүүгдэгч шүүгдэгч Т.А-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Т-ийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Т.А-ыг 600 “зургаан зуу” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 /тав/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Т.А- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Т.А-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК