Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/81

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж

Нарийн бичгийн дарга                             М.Баярмэнд

Улсын яллагч                                             Б.Төрболд

Шүүгдэгч                                                      Д.Ганзаяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Б.Энхжаргал                                   

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ганзаяад холбогдох 2223000000072 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.         

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн Отгон суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мал малладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Завхан аймгийн Отгон сумын Хужирт, Соёл багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Онход овогт Дүгэрдоржийн Ганзаяа, регистрийн дугаар: ИЙ90061914

Шүүгдэгч Д.Ганзаяа нь 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  Завхан аймгийн Отгон сумын Хужирт багийн нутагт байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ш.Өлзийбаярыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн “Хаагуур яваад ирэв гичий минь, пизда минь” гэх үл ялих зүйлээр шалтаглан зүүн шилбэний гадна дунд хэсэгт хутгаар хатгаж, мөн боож, заамдах зэргээр зодож улмаар, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Түүний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар учир хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

1. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч Д.Ганзаяа нь 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Отгон сумын Хужирт багийн нутагт байрлах өөрийн гэртээ эхнэр Ш.Өлзийбаярыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн “хаагуур яваад ирэв гичий минь, пизда минь” гэх үл ялих зүйлээр шалтаглан  зодсон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал:

Зодуулсан талаараа шууд тусган мэдүүлсэн хохирогч Ш.Өлзийбаярын “...гэртээ ирсэн чинь манай нөхөр Ганзаяа согтуу байж байхаар нь хэрүүл хийгээд яах вэ гэж бодоод усандаа явсан чинь араас утсаар залгаад хаана юу хийгээд яваад байгаа гичий вэ наад гол дээр чинь хэн байгаа гээд харааж загнаад байхаар нь би утсаа тасдаад хаячихсан юм. Тэгээд усаа аваад гэртээ ирсэн чинь Ганзаяа мах идэж сууж байгаад хаагуур яваад ирэв гичий минь пизда минь гэж харааж загнаад хэлэх, хэлэхгүй үгээр доромжлоод байсан. Тэгээд хоол идэж байсан хутгаа аваад над руу шидчихсэн  тэгэхээр нь чи чинь яагаад байна хүн аллаа шүү дээ гээд хэлсэн чинь нөгөө шидсэн хутгаа шүрч авч ирээд нөгөө хутгаараа миний хөл рүү хатгачихаад миний хоолойг боож, заамдаж аваад хүзүү ураад хаячихаар нь би цагдаа дуудаж өгсөн...” гэсэн мэдүүлгээр,

Энэ талаар мэдүүлсэн гэрч Л.Дүгэрдоржийн “...манай охин орж ирээд Ганзаяа архи уугаад эхнэртэйгээ муудалцаж хэрэлдээд хутга барьж дайрсан байна. Тэгээд цагдаа нар ирээд аваад явсан гэж надад хэлсэн. Ганзаяа архи уухаараа эхнэртэйгээ хэрэлдэж муудалцаад байдаг. Архи уухаараа эхнэрээ ганц хоёр удаа зодож, цохидог асуудал гаргадаг. Манай бэр Ш.Өлзийбаярыг Д.Ганзаяа архи уучихаад намайг зодож цохиод байна гэж утсаар ганц хоёр удаа дуудаж байсан. Өмнө жил ганц хоёр удаа намайг зодчихлоо гэж манай бэр намайг дуудаж байсан...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Д.Даваасүрэнгийн “...Архи уухаараа догшин ширүүн зан авиртай. Эрүүл байхдаа хэлж чаддаггүй үгээ согтуу байхдаа гаргадаг юм шиг санагддаг. Ганзаяа эхнэртэйгээ хэрүү маргаан, зодоон цохион хийж байсан асуудал гаргаж байсан...” гэсэн мэдүүлгээр,

Хэргээ хүлээн мэдүүлсэн Д.Ганзаяагийн “...би гэртээ ороход гэрт хүн байхгүй байсан би тухайн үед нилээн согтуу байсан болохоор болсон үйл явдлын талаар санахгүй байна. Нэг мэдэхэд гаднаас цагдаа нар орж ирээд намайг аваад явж байхаар нь ухаан орсон. Цагдаагийн газарт очоод эхнэрээ хутгалснаа мэдсэн. ...Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна...”гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна

Шүүгдэгч Д.Ганзаяагийн үйлдлийн улмаас хохирогч Ш.Өлзийбаярын биед хөнгөн хохирол учирсан нь 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 000000144 дугаартай “... Иргэн Ш.Өлзийбаярын биед зүүн шилбэний гадна дунд хэсэгт өнгөц шарх, хүзүүний зүүн талд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Зүүн шилбэний гадна дунд хэсгийн шарх нь хурц иртэй зүйлийн 1 удаагийн, хүзүүний зүүн талын зулгаралт нь хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтэл нь 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Иргэн Ш.Өлзийбаярын биед үүссэн дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна...” гэсэн дүгнэлтээр болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

 Д.Ганзаяа Ш.Өлзийбаяр нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Ганзаяа нь Ш.Өлзийбаярын зүүн шилбэний гадна дунд хэсэгт хутгаар хатгаж, мөн боож, заамдах зэргээр зодож улмаар шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ.

Шүүгдэгч Д.Ганзаяа нь эхнэр Ш.Өлзийбаярын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан, мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд заасан “хүний халдашгүй дархан байх эрх”, “хүний халдашгүй чөлөөтэй байх, эрүүл мэндийн халдашгүй байдлыг зөрчиж, түүнийг зүүн шилбэний гадна дунд хэсэгт хутгаар хатгаж, мөн боож, заамдах зэргээр зодсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн биед халдсан үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзнэ гэжээ.

Д.Ганзаяаг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Ш.Өлзийбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байна.

Иймд Д.Ганзаяаг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Ганзаяа нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаангүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй болохыг дурдах нь зүйтэй.

                        2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Прокуророос шүүгдэгч Д.Ганзаяад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд  хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам  зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.

Шүүгдэгч Д.Ганзаяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон учир түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.Ганзаяад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч  Д.Ганзаяад Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Ганзаяад оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард 200000 /хоёр зуун / төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Ганзаяад 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсэг 9 см, бариул хэсэг 9 см урттай, хар өнгийн хуванцар иштэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Ганзаяа нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувьд ногдох хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан  болохыг тус тус дурдах нь зүйтэй  гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8, 36.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Онход овогт Дүгэрдоржийн Ганзаяаг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Ганзаяад Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 /зургаан зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ганзаяад оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 /зургаан зуу мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр /200000/ төгрөгөөр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ганзаяа нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 /зургаан зуу мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч Д.Ганзаяад 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсэг 9 см, бариул хэсэг 9 см урттай, хар өнгийн хуванцар иштэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Шүүгдэгч Д.Ганзаяа нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧН.ДЭЛГЭРМАА