| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2022/0095/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/98 |
| Огноо | 2022-03-23 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Чанцалдулам |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 2022/ШЦТ/98
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
2 15 2019/
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,
Улсын яллагч Г.Чанцалдулам,
Иргэний нэхэмжлэгч Б.Б-,
Шүүгдэгч Т.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б-д холбогдох эрүүгийн 223800240051 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Т.Б.
Шүүгдэгч Т.Б- нь 2020 оны 05 дугаар сард Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын нутаг дэвсгэрт иргэн Ш.Б-гийн эзэмшлийн 2 тооны мөнгөн хазаарыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар шунахайн сэдэлтээр хууль бусаар авч бусдад 3.600.000 төгрөгийн хохирол учруулан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Б- нь шунахайн сэдэлтээр 2020 оны 05 дугаар сард Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Агар багаас сумын төвд нүүж ирсэн иргэн Ш.Б-гийн гэрийн эд хогшлыг буулгаж байхдаа ногоон цоохор өнгийн даавуун баадан дотор байсан хохирогч Ш.Б-гийн эзэмшлийн амгайн дээрээ морин товруутай, амгайны цагирган дээр морины толгой дүрсэлсэн 2 ширхэг мөнгөн хазаарыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.600.000 төгрөгийн хохирол учруулан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 10 дугаар хуудас/,
- Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-18 дугаар хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Э-гэх хүнтэй хохирол мөнгөний тооцоо байхгүй. Э-гэх хүн сүүлд сураг сонсоход 2021 оны 11 сард нас барсан байна лээ. Миний тухайд 4.000.000 төгрөгөөр авсан учир тухайн мөнгөн дүнгээрээ бодож нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,
- Хохирогч Ш.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 05 дугаар сард Баянзүрх сумын Агар 4 дүгээр багт оршин сууж байгаад Баянзүрх сумын төвд Газ-66 маркийн машинаар нүүж ирээд гэрийнхээ эд зүйлсийг буулгаж өвлийн хувцас, хэрэгслээ ялгаж авахад ногоон цоохор өнгийн баадан дотор байсан 2 ширхэг мөнгөн хазаараа хийж ороосон байсан баадангаа нээхэд дотор нь байсан мөнгөн хазаарууд байхгүй болсон байсан. Манай хуурай ах Х-ыд Б- гэдэг залуу ирээд тэр хоёр мөнгөн хазаарын наймаа хийхээр ярьсан байсан. Тэгээд би Х-ы эхнэр А-тай хамт Мөрөн суманд орж ирээд Х- ах А- эгчийг Б-той наймаа хийгээд ир гэсэн юм байна лээ. Тэгэхээр нь би А- эгчтэй Б-ынд очиход Б- зарах хазаарууд энэ гээд хоёр мөнгөн хазаар үзүүлэхэд нь тэр хоёр хазаарыг нь үзэхэд миний алдсан хазаар мөн байсан нэг хазаар нь амгайн дээрээ морин толгойтой мөн товруунуудаар нь таньсан дээр үеийн уран дарханы хийц байгаа юм. Нөгөө хазаар нь амгайны цагариган дээр морин толгой дүрсэлсэн хийцтэй, мөн товруугаар нь таньсан. ...манай ээж Х-, ах Ш.Ц- нар мэдэж байгаа. ...2002 онд аавын талын төрөл болох Пүрэвхүү гэж хүнээс хайнагийн шар, сарлагийн шар 2 өгч мөнгөн хазаараа наймаалан авч байсан. Энэ миний өөрийн эзэмшлийн 2 хазаар ...би одоогийн зах зээлийн ханшаар 2 мөнгөн хазаараа 1 ширхэгийг нь 2.000.000 төгрөгөөр үнэлнэ. Нийт 4.000.000 төгрөгөөр үнэлж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
- Гэрч Б.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 7 дугаар сарын яг хэдний өдрийг одоо санахгүй байна. Манайд ирэхдээ шар өнгийн 200 мотортой Мустанг-5 маркийн мотоцикльтой манайд ирсэн. Тэгээд надад мөнгөний хэрэг байна миний мотоциклийг аваад өөрийнхөө мотоцикль дээр мөнгө нэмээд өгчих гэхээр нь Т.Б-д өөрийн хэрэглэж байсан улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль дээрээ бэлэн 250.000 төгрөг өгөөд шар өнгийн мотоциклийг авч үлдсэн. ...Э-гаас өөрийн мотоциклио сольж авлаа гэж ярьж байсан. Ямар нэгэн юмны өлтөгөнд авлаа гэж яриагүй ...Т.Б- надад ямар нэгэн наймаа хийснээ гэж огт яриагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 дүгээр хуудас/,
- Гэрч С.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ”...2020 оны 6 дугаар сарын сүүлээр хэдий өдрийг сайн санахгүй байна. ...Т.Б- урд байдаг Э-гэх хүнээс үхэр авна гэхээр нь би юун үхэр чи яахаараа тэднийхээс үхэр авдаг юм гэсэн чинь тэр айлтай би наймаа хийсэн юм өвөө, эмээгийн өв дамжиж ирсэн хазаар зарсан түүний өлтөг 2 тооны үхэр байгаа хоёуланг нь зарна чи боломжтой бол надад мөнгө өгөөд 1 тооны үхрийг ав, боломжоороо ганц хоёр шил архины мөнгө өгчих гэхээр нь би бензин авах гэж байсан мөнгөнөөсөө 25.000 төгрөг өгсөн. ...тэгээд хөдөө гараад Э-гэх хүнтэй уулзаад Т.Б- танайхаас үхэр авах ёстой юм уу гэж асуухад Э-Т.Б- манайхаас 2 тооны үхэр авах ёстой гэж хэлсэн. ...2020 оны 7 дугаар сарын үед Э-гэх хүнтэй уулзаад Т.Б- танаас авах үхрийг авъя Т.Б- намайг аваарай гэсэн гэж хэлээд хар зүсмийн ортоом шүдлэн эр үхрийг аваад мал мах авч байсан хүнд 380.000 төгрөгөөр өгсөн. ...дараа нь Т.Б-тэй уулзаад 380.000 төгрөгөөр үхрийг чинь зарсан шүү гэсэн Т.Б- наймаа хийсэн Э-гэх хүнд 200.000 төгрөг өгөөрэй гэхээр нь би Э-гэх хүнд 200.000 төгрөг өгсөн. Би Т.Б-д бэлэн мөнгө болон архи авч өгсөн мөнгөн дүнг 180.000 гаруй төгрөг өгч зарцуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 37-40 дүгээр хуудас/,
- Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ”...2020 оны 9 дүгээр сарын үед Арбулаг сумын 3-р багт оршин суудаг манай найз Э-г хоёр мөнгөн хазаар зарна гэж байна гэж хүнээс сонсоод Э-гийн Арбулаг сумын 3 дугаар багт байх гэрт нь очоод уулзахад надад 2 мөнгөн хазаар үзүүлсэн. Би тухайн хоёр мөнгөн хазаарыг сонирхож авахаар болоод хоёр мөнгөн хазаарыг нийлүүлээд 4.000.000 төгрөгөөр авахаар болсон. Ингээд Э-гэгчид бэлнээр 2.000.000 төгрөг өгөөд, нөгөө 2.000.000 төгрөгт нь тугалтай үнээ, монголын хязаалан бух, нэг бог мал зэргийг өгсөн. Ингээд өөртөө тухайн хоёр хазаарыг хадгалж байгаад Баянзүрх сумын харьяат Х- гэдэг хүнтэй уулзахад надаас зарах мөнгөн хазаар байна уу гэж асуусан. Тэгэхээр нь би надад хоёр мөнгө хазаар байгаа гэхэд надаас үзэж байгаад авъя гэж хэлсэн. Тэгээд 12 дугаар сарын 13-ны өдөр манайд Х- гэдэг хүний эхнэр А- нэг залуутай ирээд хоёр мөнгөн хазаарыг үзээд явцгаасан. Тэр үедээ А- гэдэг хүнтэй ирсэн хүн хэний хазаар юм бэ, хаанаас авч байсан юм бэ гэх зэрэг асуулт асууж байгаад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,
- Гэрч О.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ”...Манай нөхөр 2020 оны намар Улаан-Уул, Баянзүрх сумын залгаа нутагладаг Т.Б- гэдэг хүнээс 2 мөнгөн хазаарыг 1 Мустанг-5, 1 сарлагийн хязаалан үхэр, 1 монголын шүдлэн үхэр зэрэг зүйлсээр худалдаж авч байсан. Тэгээд удалгүй оюутан хүүхэд маань сургуульдаа явах болоод Б.Б- гэдэг нутгийн хүнд 1 сарлагийн тугалтай үнээ, 1 монголын шүдлэн бух, 1 хуц, 500.000 төгрөг зэрэг зүйлсээр зарсан. ...тэр 2 хазаарыг Т.Б- гэдэг хүн хэнээс авсныг мэдэхгүй байна. Т.Б- гэдэг хүн өөрөө хэлэхдээ манай ээж, аавын хазаар юм гэж хэлж байсан. Хүүхэд сургууль явах болоод хазаараа зарахаар хүнд үзүүлж байхад 1 хазаарыг нь хуучны гоё хазаар байна гэж хүмүүс ярьж байсан. ...би харвал бараг танина. Тэр хүн ярихдаа Арбулаг сумын захиргаанд ажилладаг Л-тэй нэг анги гэж хэлж байсан. ...Таны гар утсан дээраэс надад үзүүлсэн хүний зураг 2020 оны 08 дугаар сарын эхээр манай гэрт ирж 2 ширхэг мөнгөн хазаарын наймаа хийсэн мөн байна. Тухайн үед өөрийгөө Т.Б- гэж нэрээ хэлж байсан. Т.Б-гээс авсан 2 ширхэг мөнгөн хазаарын өлтгөнд манайх 2019 оны 11 дүгээр сард авч байсан улсын дугаарыг санахгүй байна. Улбар шар өнгийн Мустанг-200 мотоциклийг 1.500.000 төгрөгөөс 1.600.000 төгрөгийн хооронд бодож өгсөн. Хар зүсмийн хязааланг 700.000 төгрөг, монголын эр шүдлэн үхэр 600.000 төгрөгөөр үнэлсэн. Тухайн өдөр мотоциклио унаад 2 үхрээ дараа ирж авна гээд явсан. Тэгээд удаагүй байхад хар сарлагийн үхрийг М-гэх залуу Т.Б-гээс бид авахаар болсон гээд аваад явсан. Монголын үхрийг манайх гэртээ байхгүй байхад зүс өөр нэг насны үхэр аваад явсан байсан. ...хазаарын наймаа хийхэд манай нөхөр бид гурав байсан. Өөр хүн байгаагүй. Хазаарын үнийг бүрэн авсан. Нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47, 51-52, 54 дүгээр хуудас/,
- Гэрч Л.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ”...2021 оны 12 сарын 13-нд өөрийн танил болох Арбулаг сумын харьяат болох Б- гэх залүү хазаар зарна гэхээр нь хазаар авахаар 5-10-15 тоотод очсон. Б- зарах хазаараа Б- бид хоёр үзүүлсэн. Тэгсэн чинь Б- та энэ намайгаа дараа болчих гэж хэлээд намайг нударсан. Тэгэхээр нь Б- бид хоёр Б-ын гэрээс гарсан. Тэгэхээр нь би гараад Б-гээс асуусан чинь саяын танд Б-ын зарах гэж байсан хазаар миний хулгайд алдсан хазаар мөн байна гэж надад хэлсэн. ...тухайн хазаар нь зайгүй мөнгөөр бөгжлөөд хээ цохисон хазаар байсан. Угаасаа тухайн хазаарууд бол содон хийцтэй дээр үеийн дарханы хийж байсан юм уу гэмээр хазаар байсан. ...Б- 3 хазаар үзүүлсэн. 2 хазаарыг нь Б- миний хазаар мөн байна гэсэн. ...Баянзүрх гаралтай Арбулаг сумын хүнээс авч байсан гэж байсан. Мөн тэр Б- гэдэг хүн Арбулагаас худалдаж авсан хүн нь нас барчихсан гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 56 дугаар хуудас/,
- Гэрч Ж.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ”...2020 оны 5 сард Агар 4-р багаас гэрээ нүүлгэж ирэхэд Б- гэрээ хүний машинд ачиж сумын төв рүү явуулаад өөрөө тэндээсээ хил давсан. ...тэгээд хазаар байхгүй байна гээд хүмүүсийг авсан барьсан гээд гүтгээд байсан. ...тэр өөрийнх нь авдарт бол мөнгөн хэрэгсэл зөндөө байдаг. Лав л мөнгөн хазаар мөнгөн тоногтой хулсан ташуур энэ тэр эд зүйл байсан. ...цагдаагийн байгууллагад хэлж шалгуулаагүй. Төрсөн дүү энэ тэрээ хардаад цохиж зодоод байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 58 дугаар хуудас/,
- “Ихэрмөрөн-Аудит” ХХК-ийн үнэлгээчний 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн №2145617200611 дугаартай: “эдлэгдэж байсан шинэвтэр мөнгөн хазаар 1 ширхэгийг 2.000.000 төгрөгөөр, эдлэгдэж байсан мөнгөн хазаар 1 ширхэгийг 1.600.000 төгрөгөөр, нийт 3.600.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 67-68 дугаар хуудас/,
Шүүгдэгч Т.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...Би 2020 оны 5 дугаар сар өдрийг нь санахгүй байна. Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын төвд баз хүргэн Б-гийн гэрийг буулгаж байгаад баадантай ороосон 2 ширхэг мөнгөн хазаарыг нууцаар авч амбаарын доогуурх хөндийд шидээд дараа нь авч явж Мөрөн орох замдаа Арбулаг сумын нутагт байдаг хуурай ах Э-гэдэг хүнтэй наймаа хийсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 75 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Т.Б-гийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 77 дугаар хуудас/,
- Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хайс багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 78 дугаар хуудас/,
- Урьд нь ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79 дүгээр хуудас/,
- Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 250 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 80-82 дугаар хуудас/,
- Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 327 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 83-86 дугаар хуудас/,
- Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 80 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 87-88 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүгдэгч Т.Б- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч Т.Б- нь шунахайн сэдэлтээр 2020 оны 05 дугаар сард Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Агар багаас сумын төвд нүүж ирсэн иргэн Ш.Б-гийн гэрийн эд хогшлыг буулгаж байхдаа ногоон цоохор өнгийн даавуун баадан дотор байсан хохирогч Ш.Б-гийн эзэмшлийн амгайн дээрээ морин товруутай, амгайны цагирган дээр морины толгой дүрсэлсэн 2 ширхэг мөнгөн хазаарыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.600.000 төгрөгийн хохирол учруулан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 10 дугаар хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-18 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/, хохирогч Ш.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, гэрч Б.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 32-34 дүгээр хуудас/, гэрч С.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 37-40 дүгээр хуудас/, гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/, гэрч О.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 46-47, 51-52, 54 дүгээр хуудас/, гэрч Л.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 56 дугаар хуудас/, гэрч Ж.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 58 дугаар хуудас/, “Ихэрмөрөн-Аудит” ХХК-ийн үнэлгээчний 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн №2145617200611 дугаартай үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 67-68 дугаар хуудас/, шүүгдэгч Т.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 75 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.
Шүүгдэгчийн мэдүүлж байгаа “...би зарж борлуулах гэж авсан” гэх мэдүүлгээс үзвэл шүүгдэгчийн хувьд иргэд хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг дутмаг байдал, эд хөрөнгөө хайхрамжгүй байдлаар орхих зэрэг нөхцөл байдал дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэхээр байна.
Шүүгдэгч Т.Б- нь шунахайн сэдэлтээр 2020 оны 05 дугаар сард Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Агар багаас сумын төвд нүүж ирсэн иргэн Ш.Б-гийн гэрийн эд хогшлыг буулгаж байхдаа ногоон цоохор өнгийн даавуун баадан дотор байсан хохирогч Ш.Б-гийн эзэмшлийн амгайн дээрээ морин товруутай, амгайны цагирган дээр морины толгой дүрсэлсэн 2 ширхэг мөнгөн хазаарыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 3.600.000 төгрөгийн хохирол учруулан бүр мөсөн үнэ төлбөргүй өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлж авсан байна.
Шүүгдэгч Т.Б-гийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын өмчлөх эрхийн халдашгүй байдалд 3.600.000 төгрөгийн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.
Иргэний нэхэмжлэгч Б.Б- “2 ширхэг мөнгөн хазаарыг 4.000.000 төгрөгөөр бодож худалдаж авсан, ...төлүүлж авмаар байна” /хх-ийн 24х/ гэсэн мэдүүлгийг өгсөн байх ба шүүгдэгч Т.Б-гээс шүүх хуралдаанд 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн Хаан банкны дипозит дансны хуулгыг гарган өгч, “үлдэгдэл төлбөрийг энэ хавар ямааны ноолуур гарахаар өгнө” гэж хохирол нөхөн төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгчийн иргэний нэхэмжлэгчид өгсөн 1.500.000 төгрөгийг хохирлоос хасч тооцон, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар үлдэх 2.500.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Б-од олгохоор шийдвэрлэв.
Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Т.Б- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан болох ял шийтгэлийн лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбаруудаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” саналыг гаргаж байх ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс харгалзан үзэж шүүгдэгчид 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 (найм)-аас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б- нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд хорих ялаар солихыг мэдэгдэж байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан амгайн дээрээ морин товруутай, амгайны цагирган дээр морины толгой дүрсэлсэн 2 ширхэг мөнгөн хазаарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ш.Б-д буцаан олгохыг шүүгчийн туслах С.Д-д даалгаж байна.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-г 300 (гурван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 (найм)-аас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б- нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн шүүгдэгч Т.Б-д хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Т.Б-гээс 2.500.000 (хоёр сая таван зуун мянга) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Б- (...)-д олгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан амгайн дээрээ морин товруутай, амгайны цагирган дээр морины толгой дүрсэлсэн 2 ширхэг мөнгөн хазаарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ш.Б-д буцаан олгохыг шүүгчийн туслах С.Д-д даалгасугай.
8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР