Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/101

 

 

 

 

        

   2022        03           29                                      2022/ШЦТ/101

                                

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                              2019/

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч Н.Энхтулга,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.М-, П.Х- нарын өмгөөлөгч Ж.Хандсүрэн, /онлайн/

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Х-,

Иргэний нэхэмжлэгч П.О-,

Иргэний хариуцагчийн төлөөлөгч Д.Л-, түүний өмгөөлөгч А.Ууганбаяр,

Шүүгдэгч Б.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ц-ид холбогдох эрүүгийн 2138005840614 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б.Ц.

Шүүгдэгч Б.Ц- нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар багийн нутаг Байшинтын дөрөлж гэх газар “Нэмэн” ХХК-ийн эзэмшлийн “Веiben N01310” маркийн ... улсын дугаартай том оврын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3.4 Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Б.Д- жолоочтой Хөвсгөл “НИК” компанийн Хөвсгөл аймаг дахь нефть хангамжийн салбарын эзэмшлийн ... улсын дугаартай чиргүүлийн араас мөргөж, улмаар мөн дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас эсрэг ургалд орж П.О-ын жолоодон явсан “Тоуоtа Магк X Zio” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан П.Х-, А.М- нарын эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Ц- нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар багийн нутаг Байшинтын дөрөлж гэх газар “Нэмэн” ХХК-ийн эзэмшлийн “Веiben N01310” маркийн ... улсын дугаартай том оврын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3.4 Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Б.Д- жолоочтой Хөвсгөл “НИК” компанийн Хөвсгөл аймаг дахь нефть хангамжийн салбарын эзэмшлийн ... улсын дугаартай чиргүүлийн араас мөргөж, улмаар мөн дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас эсрэг ургалд орж П.О-ын жолоодон явсан “Тоуоtа Магк X Zio” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан П.Х-гийн эрүүл мэндэд “тархины гэмтэл” бүхий хүнд гэмтэл, А.М-ын эрүүл мэндэд “хэвлийн хөндийн битүү гэмтэл” бүхий хүнд гэмтэл учруулж, “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 23 дугаар хуудас/,
  • Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 24-31 дүгээр хуудас/,
  • Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 21-ний 08 цагийн үед Хөвсгөл аймгаас Орхон аймаг руу гэр рүүгээ явах Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт Байшинтын дөрөлж гэх газар бензин ачсан том тээврийн хэрэгсэл урсгал сөрөн орж ирээд мөргөсөн. ...бид нар дүрмээрээ явж байсан гэнэт урдаас урсгал сөрөөд том оврын бензин ачсан машин гарч ирээд мөргөсөн. ...миний биеийн байдал таагүй байна хөл муу байгаа, бусад зүйл одоохондоо мэдэгдэхгүй байгаа. Одоогийн байдлаар эмчилгээнд 2 сая гаруй төгрөг зарцуулсан байгаа. Хөлийн хадаас гэхэд 1 сая төгрөгөөр хадуулсан эмчилгээний зардалтай холбоотой баримтууд байгаа. ...гомдолтой байна, эмчилгээний зардал, сэтгэл санааны хохирол зэргийг барагдуулж өгнө үү. ...Б.Ц- гэх залуу одоогийн байдлаар 950.000 төгрөгийг эмчилгээндээ зарцуулаарай гэж өгсөн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 37, 39, 41-42 дугаар хуудас/,
  • Хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгаас Орхон аймаг руу явах замд Байшинтын дөрөлж гэх газар бензин ачсан том тээврийн хэрэгсэл урсгал сөрөн орж ирээд дээгүүр гаран осолд орсон. Нэг сэрсэн чинь эмнэлэгт сэрсэн. Эмч нар намайг эмнэлэгт 5 хоног ухаангүй байсан гэсэн. ...Миний биеийн байдал таагүй байна. Одоогийн байдлаар эмчилгээнд миний мэдэхийн 4 сая төгрөг зарцуулсан байгаа. Цаашид дахин эмчлүүлэх шаардлагатай байгаа. Эмчилгээний зардалтай холбоотой баримтууд байгаа. ...би гомдолтой байна, эмчилгээний зардал, сэтгэл санааны хохирол, автомашины хохирол, ах П.О- намайг 3 сар асарч байгаад ажлаасаа халагдсан учир цалин мөнгөний хохирол зэргийг барагдуулж өгнө үү” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46, 48-49 дүгээр хуудас/,
  • Арван найман насанд хүрээгүй хохирогч А.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 21-нд Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гараад Орхон аймаг руу явж байтал Байшинтын дөрөлж гэх газарт осолд орсон. Тэр үед нуруу, мөр, ам, толгой маш их өвдөж байсан. ...Урдаас том машин урсгал сөрж орж ирээд шууд урдаас мөргөөд манай машиныг замын хажуу тал руу унагасан. ...би жолоочийн яг ар талд сууж явсан. ...одоо миний бие зүгээр байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 53-54 дүгээр хуудас/,
  • Иргэний нэхэмжлэгч П.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би өөрийн унаж явсан машиныхаа үнэлгээг, үнэлгээний байгууллагаар хийлгэхэд 12,900,000 орчим төгрөгийн хохирол учирсан байсан. Би үнэлгээтэй холбоотой асуудал дээр санал нийлж байгаа. Миний машины дахин засвар авах боломжгүй болсон бөгөөд рам нь ямар ч хэлбэргүй ашиглагдахгүй болсон байсан. Би өөрийн тээврийн хэрэгслийг 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 17,500,000 мянган төгрөгөөр лизингээр “Транс Капитал” ББСБ-аар зээлээр худалдан авч байсан юм. Би одоо хохирлоо барагдуулж авмаар байна. Тухайн осол гаргасан жолооч миний хохирлыг барагдуулаагүй байгаа. Мөн би ажилгүй байсан хугацааны хохирол болох 2,700,000            төгрөгийн нэхэмжпэл гаргаж байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 82-83 дугаар хуудас/,
  • Гэрч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 21-ний 09 цагийн орчимд Б.Д- жолоочтой хамт шатсан машины урд явж байсан. Тэгээд Байшинт руу уруудаж орж ирж байх үед араас “Нэмэн" шатахуун түгээх станцын машин араас орж ирээд бид хоёрыг мөргөөд нөгөө машин маань хурдаараа явж байхад доороос нь гал асаад шууд замын хажуу руу орсон. Бид хоёр гал гарчихлаа гээд замаас холдох гэтэл чиргүүл явахаа болихоор нь чиргүүлээ салгаад толгойгоо аваад постын цаад талд зогссон. Тухайн “Нэмэн” ХХК-ийн тээврийн хэрэгсэл бид хоёрын хажуугаар явж өнгөрсөн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг мөргөөд нөгөө цагаан өнгийн тээврийн хэрэгсэл замын хажуу руу орсон байсан. Машин шатахаар нь буугаад хартал замын хажуу руу цагаан машин унасан байсан. ...би цагаан өнгийн тээврийн хэрэгсэл “Нэмэн” шатахуун түгээх станцын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөнийг хараагүй. Машин шатахаар нь буугаад хартал замын хажуу руу цагаан машин унасан байсан. Тухайн машины хажууд 3 хүүхэд, 1 залуу, 1 эмэгтэй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 56-58 дугаар хуудас/,
  • Гэрч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 09 цагийн үед Байшинтын дөрөлж гэх газар руу уруудаж явахад миний барьж явж байсан машины араас машин мөргөх шиг болсон. Тэгэхээр нь би толинд харахад миний ар талд явж байсан чиргүүлтэй машин миний машины зүүн талаар ороод ирсэн. Тэгэхээр нь би хурдаа багасгаад зогссон чинь нөгөө чиргүүлтэй машин засмал замаас гараад замын баруун тал руу ороод зогссон. Тэгэхээр нь би машинаасаа буугаад нөгөө машин дээр очиход жолооч, эсмен жолооч хоёр нь хоёр талын хаалгаараа буусан. Машины ёмкость нь хагараад түлш нь гоожиж байсан мөн машины баруун талын доод хэсгээс гал асаад байсан. Би хоёр жолоочтой хамт гал унтраах гэсэн боловч салхитай байсан учраас гал унтрааж чадаагүй бас түлш гоожиж байгаа хэсэг рүү юм чихээд асгарч байгааг болиулах гэсэн боловч мөн дийлдэхгүй байсан. Би онцгой байдалд хэлэх гэсэн боловч тухайн осол болсон газарт сүлжээ барьдаггүй юм байна лээ. ...Би машинаас буугаад замын хажуу тал руу орсон машин руу очиход дээд талд хүмүүс орилолдоод жижиг цагаан машин замаас гарсан байсныг хараад машин шүргэсэн байна гэж бодсон. Түүнээс биш яг харсан зүйл надад байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 68-70 дугаар хуудас/,
  • Гэрч Д.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нагац ах Б.Ц- Улаанбаатар хотоос шатахуун тээвэрлэх ажилд тус болоод яваад өгөөч гэсэн. ...Тэгээд ахын Норд бенз маркийн чиргүүлтэй автомашинаар явсан. ...Өглөө босоод замдаа гарч Булган аймаг орж ирэхэд машинд эвдрэл үүсээд уг эвдрэлийг засаад орой замдаа гарсан. Их-Уул суманд шөнийн 01 цагийн үед орж ирээд унтсан. Өглөө босоод замдаа гараад Тосонцэнгэл сумын Байшинтын дөрөлжөөс уруудаж ирж байхад ах машинаа жолоодож явснаа машин гэнэт тоормос ажиллахгүй болчихлоо гэсэн. Ах уруу зам руу уруудаж байхдаа машиныхаа арааг хүндрүүлчихсэн байсан. Тэгж явахдаа тоормос ажиллахгүй болчихлоо гар карданыг татаад явахаас гээд гар карданаа татахад гар кардан нь барихгүй байсан. Тэр үед л машин хурдаа авч эхэлсэн. Ахын машины урд нэлээн зайтай шатахуун ачсан манай аав “Хово” маркийн машинтай явж байхад араас нь хурдаа аваад гүйцэж очоод араас нь мөргөчихөөр болоход ах машинаа гүйцэж түрүүлэх гээд хажуугаар нь дарсан боловч урдаас нь саарал өнгийн жижиг суудлын автомашин гарч ирээд мөргөлдсөн. ...Машин замаас гарах үед аавын машины чиргүүл рүү шүргэсэн гэдгийг санаж байна. Тэгээд машинаас бууж ирэхэд нөгөө мөргөлдсөн машин дотор сууж байсан хүмүүс орилолдоод байж байсан. Би нөгөө жижиг тэрэг рүү очиж явахад эргээд харсан чинь ахын машины толгойн шатахууны савнаас утаа гарч ирсэн. Яваад очиход шатахууны савнаас түлш асгарч байсан. Асгарч байсан түлшийг зогсоох арга хэмжээ авч байхад гэнэт хаанаас юм түлш асаж эхэлсэн. ...Би ахын хамт мөргөсөн машин дээр очиход урд талын суудал дээр суусан залууг татаж гаргасан. Дараа нь арын суудал дээр сууж байсан эгчийг машинаас буулгаж чадаагүй. Тэр эгчийн толгой хэсгээс цус гарсан байсан. Дуудлагын дагуу хамгийн эхлээд галын машин ирж шатаж байсан машиныг унтраасан. Дараа нь эмнэлэг, цагдаа нар ирсэн. ...тухайн ослын улмаас миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Тийм болохоор шүүх эмнэлэгт үзүүлж, гэмтлийн зэрэг тогтоолгох шаардлага байхгүй. ...Би тухайн үед тэвдэж сандарсан байсан учраас тоормосны даралтын хэмжээ ямар түвшинд зааж байсныг анзаарч хараагүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 71-72, 74, 76 дугаар хуудас/,
  • Гэрч Б.Ч-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...намайг осол болсон газарт очиход ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл маань шатсан, зөвхөн төмрүүд үлдсэн байсан. ...Манай шатахуун тээвэрлэдэг машинд ямар нэг эвдрэл гэмтэл байгаагүй. ...иймд тээврийн хэрэгслийн хувьд бүрэн бүтэн байсан гэж ойлгож байгаа. ...Б.Ц- нь манай компанид 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ажилд орж, ... улсын дугаартай цистернийг хүлээн авсан ба ажилд орсноосоо хойш тухайн машинаараа Орхон аймгаас Мөрөн сум, Мөрөнгөөс Цагаан-Уул сум, Цэцэрлэг сум, Хатгал Мөрөнгийн чиглэлд шатахуун зөөвөрлөж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 77-78 дугаар хуудас/,
  • Гэрч П.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн өглөө 09 цагийн үед өөрийн төрсөн дүү П.Х- түүний хүүхдүүд болох А.М-, А.М-, А.М-, А.М- нарыг Орхон аймаг руу гэр рүү хүргэж өгөх зорилгоор өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр авч явсан юм. Мөрөнгөөс гараад Байшинтын дөрөлж рүү өгсөж явахад урдаас 2 том оврын чиргүүлтэй бензиний машин ирж явсан. Тухайн 2 машины урд явсан машин нь эхлээд миний хажуугаар зөрөөд гарсан. Харин түүний араас явсан машин нь замын тусгаарласан шугамыг давж орж ирсэн ба тухайн машин чиргүүлийн арын дугуй миний машины зүүн урд хэсгийг мөргөөд машиныг маань замын хөвөө рүү гаргаад зогсоосон. Харин миний машиныг мөргөсөн бензин ачсан машин тэр эрчиндээ явсаар байгаад урдаа явсан бензин ачсан машины чиргүүлийг мөргөөд зогсож чадахгүй явсаар байгаад замын хажуу тал руу гарсан. Хэсэг байж байхад машин нь шатаад унасан... А.М-, А.М-, А.М- нарын хувьд биеийн байдал гайгүй, хагарсан шилний үйрмэгүүд гар нүүрийг шалбалсан байсан. Би тухайн үед А.М-ыг машинаас арай чүү гаргасан. Харин П.Х-г гаргаж чадаагүй. А.М-, А.М-, А.М- нар өөрсдөө машинаас буусан. Тухайн үед хөдөлгөөнд оролцож явсан машинууд яаралтай түргэн тусламж дуудсан байсан. Удалгүй онцгой болон цагдаагийн бүрэлдэхүүн ирсэн. ...Тухайн үед ийм л зүйл болсон. ...дээшээ өгсөж явсан учраас удаан явсан, барагцаагаар 50-60 км цагийн хурдтай явсан. ...би тухайн машиныг 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Да хүрээ захаас 18.500.000 төгрөгөөр зэлээр авч байсан. ...тухайн ослын улмаас миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. ...миний хувьд яаралтай хугацаанд өөрт учирсан болон машинд маань зорчиж явсан хүмүүсийн хохирлыг барагдуулж авах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 79-80 дугаар хуудас/,
  • Арван дөрвөн насанд хүрээгүй гэрч А.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би машины ар талын суудлын гол хэсэгт сууж байсан. Би унтаж байсан болохоор хэдэн километр цагийн хурдтай явж байсныг мэдэхгүй байна. ...надад санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 85 дугаар хуудас/,
  • Гэрч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тээврийн хэрэгсэл бүхэлдээ шатсан учраас тоормосны эд анги бүрэн бүтэн байсныг тогтоох боломж байхгүй. Харин тээврийн хэрэгсэл нь шатаагүй, замын хөдөлгөөнд оролцох боломжтой байсан тохиолдолд тоормосны системийн үйл ажиллагааг шалгах багаж төхөөрөмжөөр шалгаж, хэвийн ажиллагаатай байсан үгүйг нь тогтоох боломжтой байсан. ...хийн тоормосны систем нь зөвхөн хийгээрээ л ажилладаг. ...тухайн тээврийн хэрэгсэл шатсан учраас тоормосны системд асуудал байсан үгүйг тогтоох боломжгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 87 дугаар хуудас/,
  • Гэрч Н.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би “Нэмэн” ХХК-ийн аж ахуйн менежер ажилтай. Уг ажлыг 2 дахь жилдээ хийж байна. ...2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр манай “Нэмэн” ХХК-ийн жолооч Б.Ц- Улаанбаатар хот, Дархан-Уул аймгаас ... улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгсэлд шатахуун тээвэрлэж Мөрөн сум руу явж байхдаа буюу Түнэл сумын 3 дугаар баг Байшинтын дөрөлжөөс уруудаж явах замдаа осол гаргаж, замаас гарч зогссон байсан бөгөөд тухайн тээврийн хэрэгслийн толгой хэсэг бүрэн шатсан байсан. Миний бие тухайн үед хэргийн газарт дуудагдаж, нөхцөл байдалтай танилцаж байсан. Тийм болохоор энэ хэргийн талаар сайн мэднэ. Түүнээс биш зам тээврийн осол юунаас болж гарсныг нүдээрээ хараагүй учраас хэлж мэдэхгүй байна. ...Б.Ц- Улаанбаатар хот руу явахаасаа 7 хоногийн өмнө машиныхаа тоормосны накладакыг сольсон, мөн бусад засвар үйлчилгээг хийсэн. Би Б.Ц-ийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хот руу явахынх нь өмнө уулзаж түүний унаж яваа ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгахад ямар нэгэн асуудал байхгүй байсан. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгахдаа тэмдэглэл хөтөлж, гарын үсэг зуруулаагүй. Угаасаа тэмдэглэл хөтлөөд байдаггүй. Намайг тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд Б.Ц- өөрөө хамт байсан. Б.Ц- тухайн тээврийн хэрэгслээр Улаанбаатар хот руу очоод буцаж Мөрөн суманд ирэх замдаа осол гаргасан. ...тухайн тээврийн хэрэгсэлд тоормосны даралтын хэмжээг заасан үзүүлэлт хянах самбар дээр байдаг. Намайг шалгах үед тоормосны хий дүүрэн гэж зааж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 89 дүгээр хуудас/,
  • Иргэний хариуцагч Д.Л-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... “Вөiben N01310” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай “Нэмэн” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байдаг. Тухайн машиныг жолоодож явсан Б.Ц- нь манай байгууллагын ажилтан бөгөөд тухайн тээврийн хэрэгслээр Улаанбаатар хот, Дархан аймгаас шатахуун зөөвөрлөж яваад ирэх замдаа буюу Мөрөн сум руу орж ирж байхдаа Байшинтын дөрөлж гэх газарт осол гаргасан байсан. Б.Ц-ийн жолоодож явсан ....Улсын дугаартай тээврийн хэрэгслийн толгой хэсэгт Дархан-Уул аймгаас 22500 литр түлш, чиргүүлд Улаанбаатар хотоос 8490 литр АИ92 бензин аваад явж байсан юм. Толгой хэсэгт ачсан түлшний эхний 4450 литр түлш ачсан торх цоорч 580 литр түлш асгарсан байсан ба үлдэгдэл 3870 литр түлшийг соруулж авсан. Тухайн ....улсын дугаартай тээврийн хэрэгслийн толгой хэсэг нэлэнхүйдээ шатсан, чиргүүлийн зарим хэсэг нь шатсан гэсэн. Манай компанийн тээвэрлэж явсан шатахуунаас 580 литр түлш л асгарсан, бусад шатахуун бүрэн бүтнээр нь соруулан авсан байгаа. Шатахуун түлш худалдаж авсан талаарх мөнгө шилжүүлсэн баримтыг гарган өгч болно. Улаанбаатар хот, Дархан-Уул аймгуудаас шатахуун түлш худалдаж авсан баримтууд нь машин дотроо байсан болохоор машинтайгаа шатчихсан байна лээ. Тийм болохоор худалдаж авсан газруудаас ирүүлсэн баримтуудыг гарган өгөх боломжгүй. ...Манай компанийн захирал Б.Ч- шатсан тээврийн хэрэгсэл болон асгарсан түлшнийхээ хохирлыг Б.Ц-аас гаргуулахгүй гэсэн. Манай компани Б.Ц-ид гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Тийм учраас үнэлгээг хийлгэхгүй. Тухайн шатсан тээврийн хэрэгслийг даатгуулсан байсан учраас даатгалын байгууллагаас нөхөн төлбөрийг гаргуулж авахаар холбогдох материалыг цуглуулж байгаа” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 153 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 544 дугаартай: “1. А.М-ын биед зүүн талын шаант тахилзуур ясны зөрөөтэй хугарал, дэлүүний задрал, хэвлийн гялтан хальсанд няцрал, хэвлийн хөндий дэх шингэн цус, хэвлийд мэс заслын шарх, зүүн хөмсөг, эрүү, зүүн сарвуу, баруун бугуйд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. А.М-ын хэвлийн хөндийн битүү гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. ...Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой” гэх дүгнэлт /1-р хх-ийн 92-93 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 543 дугаартай: “1. П.Х-гийн биед зүүн талын бөөрний холбогч эдэд цус хуралт, сүүж ясны хугарал, баруун талын зулайн дэлбэнд хатуу хальсан дээрх цусан хураа, хамрын таславчийн мурийлт, зүүн хацар, уруулын зүүн өнцөгт шарх, зүүн хацар, зүүн шанаа, эрүү, зүүн чихний дэлбэн, хоолой, зүүн сарвуунд зулгаралт, зүүн сарвуунаас зүүн шууны дээд хэсэг хүртэл, зүүн бугалга, цээжний цус хуралт, бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. 3. П.Х-гийн биед тархины гэмтэл нь гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна... 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой” гэх дүгнэлт /1-р хх-ийн 98-99 дүгээр хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 106 дугаартай: “Б.Ц-ийн гэх цусанд спиртийн агууламж илрээгүй” гэх дүгнэлт /1-р хх-ийн 105 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Н.Ганзоригийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гаргасан: “...Уг хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлахад хэрэг осол болох үед ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Ц- нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.4, 11.3-т заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол үйлдэгдсэн гэж үзэхээр байна” гэх мөрдөгчийн магадлагаа /1-р хх-ийн 126-127 дугаар хуудас/,
  • “Ашид билгүүн” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Б.Шинэбаярын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 174 дугаартай: “...01-68 улсын дугаартай: “...Тоуоtа mагк X Zio” маркийн тээврийн хэрэгслийн эвдэрсэн эд ангийн зах зээлийн үнэлгээг нийт 12.105.000 төгрөгөөр тогтоосон” үнэлгээний тайлан /1-р хх-ийн 130-132 дугаар хуудас/,
  • “НИК” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 103 дугаартай “...Хөвсгөл аймгийн Түнэл сумын Баян-Эрхэт 3 дугаар багийн нутаг Байшинтын дөрөлж гэх газар 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр тус нефть хангамжийн салбарын эзэмшлийн .... улсын дугаартай чиргүүлийг мөргөсөн. Уг осолд холбогдуулан манай салбарын зүгээс гомдолгүй болно” гэх албан бичиг /1-р хх-ийн 219 дүгээр хуудас/,
  • “Вөiben N01310” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 174 дүгээр хуудас/,
  • “Нэмэн” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 08 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар, хөдөлмөрийн гэрээний хуулбар /1-р хх-ийн 170-172 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Автотээврийн төвийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 163 дугаартай: “....улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр техникийн хяналт үзлэгт орж түүнээс хойш үзлэгт орохгүй байж байгаад 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр техникийн үзлэгт Хөвсгөл аймагт хамрагдсан байна” гэх албан тоот, тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хх-ийн 222-223 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Б.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Миний хувьд замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчиж осол гаргасны улмаас 2 хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулж, хүний эд хөрөнгө эвдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэм буруугийн асуудалтай холбогдуулан маргах зүйл алга байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 148-149 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /1-р хх-ийн 158 дугаар хуудас/,
  • Байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /1-р хх-ийн 159 дүгээр хуудас/,
  • Иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хх-ийн 160 дугаар хуудас/,
  • Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /1-р хх-ийн 161 дүгээр хуудас/,
  • Жолоодох эрхийн лавлагаа /1-р хх-ийн 162, 226 дугаар хуудас/,
  • Тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хх-ийн 163 дугаар хуудас/,
  • Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 164 дүгээр хуудас/,
  • Ц.А, Ц.С нарын төрсний бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 165-166 дугаар хуудас/,
  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 167 дугаар хуудас/,
  • “Нэмэн” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 08 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар, хөдөлмөрийн гэрээний хуулбар /1-р хх-ийн 170-172 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Ц- нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар багийн нутаг Байшинтын дөрөлж гэх газар “Нэмэн” ХХК-ийн эзэмшлийн “Веiben N01310” маркийн ... улсын дугаартай том оврын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3.4 Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Б.Д- жолоочтой Хөвсгөл “НИК” компанийн Хөвсгөл аймаг дахь нефть хангамжийн салбарын эзэмшлийн ... улсын дугаартай чиргүүлийн араас мөргөж, улмаар мөн дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас эсрэг ургалд орж П.О-ын жолоодон явсан “Тоуоtа Магк X Zio” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан П.Х-гийн эрүүл мэндэд “тархины гэмтэл” бүхий хүнд гэмтэл, А.М-ын эрүүл мэндэд “хэвлийн хөндийн битүү гэмтэл” бүхий хүнд гэмтэл учруулж, “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэхэд шүүгдэгч Б.Ц-ийн анхаарал болгоомжгүй байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч Б.Ц- нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар багийн нутаг Байшинтын дөрөлж гэх газар “Нэмэн” ХХК-ийн эзэмшлийн “Веiben N01310” маркийн ... улсын дугаартай том оврын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3.4 Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Б.Д- жолоочтой Хөвсгөл “НИК” компанийн Хөвсгөл аймаг дахь нефть хангамжийн салбарын эзэмшлийн ... улсын дугаартай чиргүүлийн араас мөргөж, улмаар мөн дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас эсрэг ургалд орж П.О-ын жолоодон явсан “Тоуоtа Магк X Zio” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан П.Х-гийн эрүүл мэндэд “тархины гэмтэл” бүхий хүнд гэмтэл, А.М-ын эрүүл мэндэд “хэвлийн хөндийн битүү гэмтэл” бүхий хүнд гэмтэл учруулж, “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 23 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 24-31 дүгээр хуудас/, хохирогч, иргэний нэхэмжлэгч А.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 37, 39, 41-42 дугаар хуудас/, хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 46, 48-49 дүгээр хуудас/, арван найман насанд хүрээгүй хохирогч А.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 53-54 дүгээр хуудас/, иргэний нэхэмжлэгч П.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 82-83 дугаар хуудас/, гэрч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 56-58 дугаар хуудас/, гэрч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 68-70 дугаар хуудас/, гэрч Д.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 71-72, 74, 76 дугаар хуудас/, гэрч Б.Ч-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 77-78 дугаар хуудас/, гэрч П.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 79-80 дугаар хуудас/, арван дөрвөн насанд хүрээгүй гэрч А.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 85 дугаар хуудас/, гэрч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 87 дугаар хуудас/, гэрч Н.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 89 дүгээр хуудас/, иргэний хариуцагч Д.Л-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 153 дугаар хуудас/, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 544 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 92-93 дугаар хуудас/, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 543 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 98-99 дүгээр хуудас/, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 106 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 105 дугаар хуудас/, Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Н.Ганзоригийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гаргасан мөрдөгчийн магадлагаа /1-р хх-ийн 126-127 дугаар хуудас/, “Ашид билгүүн” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Б.Шинэбаярын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 174 дугаартай үнэлгээний тайлан /1-р хх-ийн 130-132 дугаар хуудас/, “НИК” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 103 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 219 дүгээр хуудас/, “Вөiben N01310” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 174 дүгээр хуудас/, “Нэмэн” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 08 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар, хөдөлмөрийн гэрээний хуулбар /1-р хх-ийн 170-172 дугаар хуудас/, Хөвсгөл аймгийн Автотээврийн төвийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 163 дугаартай албан тоот, тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хх-ийн 222-223 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 148-149 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн ба бусдын биед хохирол учруулах нөхцөл байдлыг болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хэргийн газрын үзлэг, гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Б.Ц-ийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль журмыг зөрчиж, хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байна гэж шүүх дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: 

Шүүгдэгч Б.Ц-ийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль журмыг зөрчиж, хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 499 дүгээр зүйлийн 499.1 “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1 “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж зааснаар шүүгдэгч Б.Ц-аас хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын эрүүл мэнд, эд хөрөнгөнд учруулсан хохирлын тал хувийг, “Нэмэн” ХХК-ийн захирлын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 08 дугаартай тушаалаар шүүгдэгч Б.Ц- нь “Нэмэн” ХХК-ийн эзэмшлийн шатахуун тээвэрлэх зориулалт бүхий “Веiben N01310” маркийн ... улсын дугаартай том оврын тээврийн хэрэгслийн жолоочоор томилогдон хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүрэг гүйцэтгэж байхдаа дээрх гэмт хэргийг үйлдсэн байх тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ”, 499 дүгээр зүйлийн 499.1 “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй”, 499.4 “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1 “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж зааснаар “Нэмэн” ХХК-иас хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын эрүүл мэнд, эд хөрөнгөнд учруулсан хохирлын тал хувийг хариуцан гаргах үндэслэлтэй байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.М- гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 5.000.000 төгрөг нэхэмжилж хэрэгт 1.651.322 төгрөгийн баримт /1-р хх-ийн 178-179, 181-184, 196-209х/ гаргаж өгснийг шүүх нотлох баримтаар үнэлж, шүүгдэгч Б.Ц-ийн түүнд өгсөн хөлийн хадаасны үнэ 950.000 төгрөгийг хохирлоос хасч тооцон үлдэх 701.322 төгрөгийн тал хувь буюу 350.661 төгрөгийг шүүгдэгч Б.Ц-аас, 350.661 төгрөгийг “Нэмэн” ХХК-иас гаргуулж хохирогч А.М-од олгож, хохирогч А.М- нь 5.000.000 төгрөгийн нэхэмжлэлээс үлдэх 3.348.678 төгрөгийн болон цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Ц-, иргэний хариуцагч “Нэмэн” ХХК-иас нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Х- нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 5.000.000 төгрөгийг нэхэмжилж, хавтаст хэрэгт 2.114.663 төгрөгийн баримт /1-р хх-ийн 178-179, 181-184, 196-209х/ авагдсан, /шүүх хуралдаанд 529.211 төгрөгийн баримтыг шинээр гарган өгсөн/, нийт 2.643.874 төгрөгийн баримт гаргаж өгснийг шүүх нотлох баримтаар үнэлж, шүүгдэгч Б.Ц-аас хохирогч П.Х-гийн имрай хийлгэхэд гарсан зардалд өгсөн 600.000 төгрөгийг хасч тооцон үлдэх 2.043.874 төгрөгийн тал хувь буюу 1.021.937 төгрөгийг шүүгдэгч Б.Ц-аас, 1.021.937 төгрөгийг “Нэмэн” ХХК-иас гаргуулж хохирогч П.Х-д олгож, хохирогч П.Х- нь 5.000.000 төгрөгийн нэхэмжлэлээс үлдэх 2.356.125 төгрөгийн болон цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Ц-, иргэний хариуцагч “Нэмэн” ХХК-иас нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

Иргэний нэхэмжлэгч П.О- автомашины хохиролд 12.105.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 2.700.000 төгрөг нэхэмжилж, “Тоуоtа mагк X Zio” маркийн 0168 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 191х/, Автомашин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээ, барьцааны гэрээ, цалингийн зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 211-216х/, иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэгтээ: “...би үнэлгээтэй холбоотой асуудал дээр санал нийлж байна” /хх-ийн 83х/ гэсэн байх тул “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээчин Б.Шинэбаярын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 174 дугаартай: “...01-68 улсын дугаартай: “...Тоуоtа mагк X Zio” маркийн тээврийн хэрэгслийн эвдэрсэн эд ангийн зах зээлийн үнэлгээг нийт 12.105.000 төгрөг” гэх үнэлгээний тайлан /1-р хх-ийн 130-132х/, автомашин, техникийн эвдрэл гэмтлийн үнэлгээ хийлгэсэн хөлс 602.000 төгрөг /хх-ийн 131х/, мөн шүүх хуралдаанд гаргаж өгсөн 211.200 төгрөгийн баримтуудыг нотлох баримтаар үнэлж, нийт 12.918.200 төгрөгийн тал хувь буюу 6.459.100 төгрөгийг шүүгдэгч Б.Ц-аас, 6.459.100 төгрөгийг “Нэмэн” ХХК-иас гаргуулж иргэний нэхэмжлэгч П.О-д олгохоор шийдвэрлэв. 

            Харин иргэний нэхэмжлэгч П.О-ын ажилгүй байсан хугацааны цалин 2.700.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн хувьд хэрэгт “Монголиан энержи” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн: “...П.О- нь 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн 2020 оны 10 сарын 15-ны өдрийг хүртэл автоцистерны жолоочийн албан тушаалд ажиллаж байсан ба сарын үндсэн цалин 900.000 төгрөг” гэх тодорхойлолт /хх-ийн 210х/ авагдсан, шүүх хуралдаанд “Монголиавон энержи” ХХК-ийн “...тус компаний жолооч П.О- нь 2020 оны 10 дугаар сарын 15-аас хойш 3-н сарын турш манай байгууллагад ажиллаагүй болон цалин аваагүй” гэх тодорхойлолтыг хэрэгт гарган өгч байх боловч албан байгууллагын гэрчилгээ, санхүүгийн анхан шатны албан ёсны баримт бичиг, цалингийн тодорхойлолт зэргийг гаргаж өгөөгүй тул иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Ц-, иргэний хариуцагч “Нэмэн” ХХК-иас нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

  1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Ц-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх боловч,

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 “Энэ хуулийн үйлчлэлд дараах хүн, хуулийн этгээд хамаарна”, 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн”, 5 дугаар зүйлийн 5.1 “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Ц- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр үйлдсэн, мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.2 “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэх хуулийн шаардлага хангасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгч Б.Ц-ид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасныг заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар шүүгдэгч Б.Ц-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
  3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.Ц-аас 350.661 (гурван зуун тавин мянга зургаан зуун жаран нэг) төгрөгийг гаргуулж хохирогч А.М- (...)-д, 1.021.937 (нэг сая хорин нэгэн мянга есөн зуун гучин долоо) төгрөгийг гаргуулж хохирогч П.Х- (...)-д, 6.459.100 (зургаан сая дөрвөн зуун тавин есөн мянга нэг зуу) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч П.О- (...)-д, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1,  499.4,  510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар иргэний хариуцагч “Нэмэн” ХХК-иас 350.661 (гурван зуун тавин мянга зургаан зуун жаран нэг) төгрөгийг гаргуулж хохирогч А.М- (...)-д, 1.021.937 (нэг сая хорин нэгэн мянга есөн зуун гучин долоо) төгрөгийг гаргуулж хохирогч П.Х- (...)-д, 6.459.100 (зургаан сая дөрвөн зуун тавин есөн мянга нэг зуу) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч П.О- (...)-д тус тус олгож, хохирогч П.Х- 2.356.125 (хоёр сая гурван зуун тавин зургаан мянга нэг зуун хорин тав) төгрөгийн, хохирогч А.М- 3.348.678 (гурван сая гурван зуун дөчин найман мянга зургаан зуун далан найм) төгрөгийн, иргэний нэхэмжлэгч П.О- 2.700.000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгийн хохирол, цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Ц-, иргэний хариуцагч “Нэмэн” ХХК-иас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц-ид урьд авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             М.ЭРДЭНЭ-ОЧИР