Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/106

 

 

 

 

        

   2022        04           05                                      2022/ШЦТ/106

                                

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                              2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч Э.Уламбаяр,

Шүүгдэгч М.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б-д холбогдох эрүүгийн 2238000360071 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, М.Б.

Шүүгдэгч М.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Их-Урц нэртэй пабд үйлчүүлэхдээ Л.У-ийг үл ялих зүйлээр шалтаглан түүний толгойн тус газар гараараа цохиж тархи доргилт буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Их-Урц” нэртэй пабд үйлчүүлэхдээ Л.У-ийг үл ялих зүйлээр шалтаглан түүний толгойн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь “тархи доргилт” бүхий хөнгөн гэмтэл учруулж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12 дугаар хуудас/,
  • Хохирогч Л.У-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Намайг ороход 4 эрэгтэй хүн манай зөөгч Т.Х- рүү хандаж бид нарын уудаг архи байхгүй байна, тэр архийг авч ирж өг гээд зогсож байсан. Тэгснээ 200.000 төгрөг гаргаж ирээд энэ мөнгөөр яваад архи аваад ир гэхээр нь би манайх тийм үйлчилгээ байхгүй мөн согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн хүнд үйлчлэхгүй. Гаднаас архи оруулж ирдэг үйлчилгээ байхгүй гэж хэлсэн чинь тэр дөрвөн залуугийн нэг нь буюу М.Б- гэдэг залуу миний урдаас салаавч гаргаж нүүр рүү тулгачихаад энийг долоо гичий минь, ал минь гээд доромжлоод байхаар нь би эмэгтэй хүнийг доромжлоод байхдаа яадаг юм гээд хөл рүү нь нэг удаа өшиглөсөн чинь тэр М.Б- гэдэг залуу миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Тэгтэл хамт явж байсан цоохор эрээн хувцастай ах салгасан. Тэр ах М.Б- гэх залууг салгаагүй бол дахиад ч цохих байсан. ...Намайг цохисон гэх залуугаас нийтдээ 879.000 төгрөг нэхэмжилж байна. Манай паб өдрийн 500.000-1.000.000 төгрөгийн орлоготой. Би дунджаар 800.000 төгрөг болно гэж бодож байна. Мөн рентген зураг 36.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлэхэд 8.000 төгрөг, өдрийн 5.000 төгрөгөөр 7 хоног толгойгоо бариулсан гээд нийтдээ 879.000 төгрөг болсон. ...намайг хэл амаар доромжилсон, мөн намайг согтуу хүнд үйлчлэхгүй гэж шаардлага тавьсны төлөө цохисонд гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 16-19 дүгээр хуудас/,
  • Гэрч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...өрөөний гадна талд коридорт М.Б- нэг эмэгтэйтэй хэрүүл маргаан үүсгэсэн. Тэр эмэгтэй согтуу хүмүүст үйлчлэхгүй гэснээс болж хэрүүл маргаан үүссэн. Тэгээд М.Б- өрөөнд орж ирээд энэ эмэгтэй өшиглөхөөр нь би зөрүүлээд нэг цохичихлоо, бүгдээрээ эндээс гаръя гээд гарцгаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
  • Гэрч Т.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ажил дээрээ ажлынхантайгаа байж байсан. Тэр үед манай пабд хүнгүй байсан. Тэгтэл гаднаас дөрвөн эрэгтэй хүн орж ирээд 1 номерын өрөө рүү орцгоосон. Би араас нь орсон чинь эхлээд хоолны захиалга өгнө гэсэн. Тэгээд араас нь нэг махлаг эрэгтэй нь 200.000 төгрөг ширээн дээр тавиад манайд байхгүй Билүга гэх архийг авч ир гэж захиалсан. Тэгэхээр нь би гаднаас архи оруулдаггүй зохион байгуулагчаа дуудъя гэж хэлээд утсаар Л.У- эгчийг дуудсан. Л.У- эгч ирээд нөгөө дөрвөн залууд шууд хандан манайх согтуу хүмүүст үйлчлэхгүй, гаднаас архи оруулахгүй гэж хэлсэн чинь өндөр том алаг нүдтэй, годон гуталтай залуу нь босч ирээд Л.У- эгчийг гошногоны үс минь чи дуугүй бай ал минь гэсэн чинь Л.У- эгч чи эмэгтэй хүнийг ингэж хэлдэг хэн бэ гэсэн чинь нөгөө залуу Л.У- эгчийн толгой руу нь цохиод авсан. Тэгтэл ногоон өнгийн дисант хувцастай залуу тэр хоёрын голоор нь орж салгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
  • Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 66 дугаартай: “...Л.У-ийн биед тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Л.У-ийн биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 33 дугаар хуудас/,
  • Шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: “...Л.У-ийн биед илэрсэн шинж тэмдэг нь тархи доргилтын бүх шинж тэмдгүүд илэрсэн байсан ба КТГ-н зурагт тархины тархмал хаван үүссэн байсан. Эдгээр шинж тэмдгээр тархины доргилт гэмтэл тогтоогдсон. Тархи доргилт нь цохилт болон алгадалтаас аль алинаас нь үүсгэгдэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч М.М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ ухаанаа алдаж эмэгтэй хүнтэй хэрүүл маргаан үүсгэж эхэлж тэр эмэгтэй намайг өшиглөсөн учраас зөрүүлээд нэг удаа алгадсан нь миний буруу. Эрүүл ухаантай байсан бол юу гэж эмэгтэй хүнийг алгадах үйлдэл гаргахгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 49 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч М.Б-ийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 50 дугаар хуудас/,
  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 дүгээр хуудас/ зэрэг баримт бичиг болно.

    Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

    Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хууль зүйн мэдлэг дутмаг байдал зэрэг нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч М.Б- нь хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь танхайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч М.М.Б-ийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Л.У- нь мөрдөн шалгах ажиллагааны үед олох ёстой байсан орлого 800.000 төгрөг, рентген зурагны үнэ 36.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөг, өдрийн 5.000 төгрөгөөр 7 хоног толгойгоо бариулсан хөлс зэрэг нийтдээ 879.000 төгрөгийг нэхэмжилсэн байх боловч хохирлын талаарх нотлох баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй, хохирлын талаар тооцоо хийх боломжгүй байна. Иймд иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, эмчилгээний зардал, олох ёстой байсан орлогын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч М.Б-эс нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч М.Б- шүүх хуралдаанд “...би согтуу байсан учраас санахгүй байна, санаандгүй цохисон” гэж байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” юм.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөхгүй, гэм буруугийн талаар маргаж байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч М.Б- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас: “...800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” санал гаргасныг харгалзан шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.

Эрүүгийн 2238000360071 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ийг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч М.Б-д оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн 2238000360071 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Л.У- нь энэ гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, эмчилгээний зардал, олох ёстой байсан орлогын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч М.Б-эс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                М.ЭРДЭНЭ-ОЧИР