| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2017/00497/И |
| Дугаар | 135/шш2017/00619 |
| Огноо | 2017-05-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 135/шш2017/00619
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2017/00497/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Шарын ******* сум, ******* ******* ******* ТӨХК-ний нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Шарын ******* сум, Хайрхан баг, 2 давхар 7 дугаар байрны 11 тоотод оршин суух,******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******/-д холбогдох
1,013,692 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, хариуцагч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цэцэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ТӨХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...манай байгууллага нь иргэн Б.*******тай цэвэр ус, дулааны эрчим хүчээр хангах, бохир усыг татан зайлуулах гэрээг 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл байгуулсан юм. Гэтэл Г.Дарханболд нь гэрээний дагуу үүргээ биелүүлж ус, дулаан ашигласны төлбөрөө төлөхгүй байгууллагыг хохироож байгаа бөгөөд удаа дараа төлбөрөө нэхэмжилж төлөхийг шаардсан боловч төлнө гээд одоо болтол барагдуулахгүй байгаа юм.
Иймд иргэн цэвэр ус, дулааны эрчим хүч ашигласан бохир ус татан зайлуулсны төлбөр 675,795 төгрөг, гэрээний 3.2-т заасны дагуу алданги 337,898 төгрөг, нийт 1,013,692 төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цэцэгмаа шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...миний бие цэвэр ус, дулааны эрчим хүч ашигласан бохир ус татан зайлуулсны төлбөр 675,795 төгрөг нь маргаантай байгаа. Үүнд тайлбар гаргахад миний бие энэ байранд 1987 оноос хойш амьдарч байгаа.
Иймд 2005 оны 11 сараас хойш миний амьдарч байсан байранд хий өрдүүлэн гаргасан байна.
Энэ нь Т.Цэцгээ гэдэг хүний нэрийг оруулж 221,840 төгрөгнөөс 2006 оны 12 сар дуустал, 319,495 төгрөгний өртэй болгож үүнээс хойш манай байр 2011 он он хүртэл халаалтгүй. 2007 оны 12 сараас ******* гэрээ хийсэн хийсвэр өр гаргаж 2011 онд ус дулаан тавихад 50,000*2 удаа, 100,000*1 удаа мөнгө хийж ус дулаанаа авсан юм. Тийм болохоор 2012 оноос урагшаа онуудын төлбөрийг төлөх ёсгүй юм аа.
Харин би 2012 оноос хойш гарсан баримтын дагуу 100,000 гаруй төгрөгийг миний бие зөвшөөрч байгаа юм гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ТӨХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан цэвэр ус, дулааны эрчим хүч ашигласан, бохир ус татан зайлуулсны төлбөр 675,795 төгрөг, түүний алданги 337,898 төгрөг, нийт 1,013,692 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...үндсэн төлбөр 675,795 төгрөг нь 2003-2007 оны төлбөрийн үлдэгдэл юм... гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан юм.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, тухайн үед манай байр ус байхгүй байсан. Төлбөр тооцоо гарах боломжгүй, өөр хүний төлбөр бичигдсэн байна гэж маргасан болно.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заажээ.
Нэхэмжлэгч ******* ******* ******* ТӨХК нь хариуцагч Б.*******аас 2003-2010 он хүртэлх хугацааны цэвэр ус, дулааны эрчим хүч ашигласан, бохир ус татан зайлуулсны төлбөр 675,795 төгрөг нэхэмжилсэн боловч энэ нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад нэхэмжлэгч тал шаардлага гаргасан байна.
Мөн хариуцагч Б.*******ын оршин суух Дархан-Уул аймаг, Шарын ******* сум, Хайрхан баг, 2 давхар 7 дугаар байрны 11 тоотод орон сууц нь тухай үед нэхэмжлэгч ******* ******* ******* ТӨХК нь дээрх үйлчилгээг үзүүлж байгаагүй, өөр хүний нэр дээрх төлбөр болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч ******* ******* ******* ТӨХК-ний хариуцагч Б.*******д холбогдуулан гаргасан цэвэр ус, дулааны эрчим хүч ашигласан, бохир ус татан зайлуулсны төлбөр 675,795 төгрөг, түүний алданги 337,898 төгрөг, нийт 1,013,692 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан ******* ******* ******* ТӨХК-ний гаргасан хариуцагч Б.*******аас 1,013,692 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,879 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА