| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2017/00396/И |
| Дугаар | 135/шш2017/00620 |
| Огноо | 2017-05-29 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 135/шш2017/00620
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2017/00396/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, шүүгч Д.Алтантуяа, Ч.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр,
Нэхэмжлэгч: Дархан-******* ******* ХК /утас 70373702/-ий нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, 2 дугаар байрны 86 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******/-т холбогдох
"3,267,900 төгрөг гаргуулах тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баттунсаг, хариуцагч Б.*******, иргэдийн төлөөлөгч С.Төгсбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дархан ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Б.******* нь Дархан ******* ******* ХК-нд ерөнхий нягтлангаар ажиллаж байхдаа 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 20-21 цагийн хооронд зөвхөн өөрт нь олгосон эрх мэдлээ ашиглан компаний санхүүгийн программ руу орж 310 метр ф50 мм-ийн хуванцар шугам хоолойг иргэн *******аас, 630 метр ф100 мм-ийн шугам хоолойг Байгалд ээлтэй хөршүүд хоршоо гэх газраас авсан мэтээр тус тус орлогод оруулж бүртгэсэн боловч тухайн нэр бүхий бараа болох шугам хоолой нь биетээр байхгүй байсан.
Эдгээр байхгүй шугам хоолойнуудын үнэ гэж 3,267,900 төгрөгийг 2015 оны 11,12 саруудад материалын үнэ нэрээр касснаас бэлнээр гаргасан нь санхүүгийн программыг үзэхэд харагдаж байгаа бөгөөд кассын орлогын баримтыг үзэхэд 310 метр шугам хоолойн мөнгийг ******* гэдэг хүн өргөдөл бичиж гарын үсэг зурж 987,900 төгрөг авсан, мөн өөрийн кассанд материалын мөнгийг олгоё цохолттой баримтыг 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн орой ажил тарах үед кассын няравыг орлож байсан ******* үзүүлж хүн нь ирж мөнгөө авна би гарын үсэг зуруулаад өгье хэмээн 2,280,000 төгрөгийг бэлэн мөнгөний орлого, зарлагын жагсаалтын хамт авч үлдээд маргааш нь ******* хүлээлгэн өгсөн мэтээр гарын үсэгтэй жагсаалтаа ******* өгсөн.
Б.Ганцэцэг нь цагдаад мэдүүлэхдээ тус компанид төмөр хоолой нийлүүлж байгаагүй гэж хэлсэн байна.
Прокурорын байгууллагаас манайд Б.******* нь Эрүүгийн хэргийн Тусгай ангийн 150 дугаар зүйлд заасан эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн байна.
Гэхдээ эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулинд заасан хугацаа өнгөрсөн тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзлаа, шүүхэд хандаж хохирлоо төлүүлэх эрх нээлттэй гэсэн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 219 дугаартай Прокурорын тогтоол өгсөн. Иймд манай компаний хохирол болох 3,267,900 төгрөгийг Б.*******ээс гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Буянтогтох овогтой ******* миний бие 2014-2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд Дархан-******* ******* ХК-д Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан болно. 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 5.10-д хурууны хээгээ дараад цэцэрлэгээс хүүхдээ аваад харьсан хэвийн нэг ажлын өдөр байсан бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өглөө ажилдаа ирж өглөөний шуурхай дуусаад өрөөндөө орж ирээд компьютерээ дөнгөж асааж байхад захирал Р.Эрдэнэбаярын нарийн бичиг захирал дуудаж байна гэсэн.
Ингээд захирлын өрөөнд очиход Авилагатай тэмцэх газрын шалгалтын асуудлаар бидний хоооронд маргаан өрнөж намайг 163,000,000 төгрөг бэлэн дутсан тэр хэргийг үүрч гар гэсэн би татгалзсан. Бидний хооронд нэлээн маргаан өрнөж чи энэ хэргээс ганцаараа мултрана гэж байхгүй би чамайг заавал хэрэгтэн болгоно гэж заналхийлэн эцсийн эцэст чи намайг матсан энэ тэр гэж хашхирч байсан. Миний хувьд ч гэсэн хэлэх үгээ хэлсэн.
Захирал Р.Эрдэнэбаяр би чамтай хамтарч ажиллаж чадахгүй гэж надад хэлсэн. Миний хувьд та надтай хамтарч ажиллаж чадахгүй бол би заавал ажилтай баймаар байна намайг ажиллуулаач гэж гуйхгүй ээ ажил хүлээлцэх хоног 10 хоног байхад л болно би жилийн эцсийн санхүүгийн тайлангаа гаргаад анхан шатны баримтаа үдээд аймгийн аудитад өгчөөд гаръя гэж хэлсэн. Хариуд нь захирал Р.Эрдэнэбаяр чамаар тайлан гаргуулахгүй чи зайл гэж хэлсэн.
Өрөөнөөсөө гарч өрөөндөө ирэхэд миний өрөөний үүдэнд ID инженер залуу сандал тавьсан таазнаас маш олон утас гаргачихсан оролдоод зогсож байсан. Би юу хийж байгааг асуухад захирал таны өрөөний дотоод сүлжээг салга гэсэн гээд зогсож байсан. Би өрөөндөө ороход миний компьютер дотоод сүлжээ салчихсан . Яахаа шийдэж чадахгүй байж байтал өрөөний тогийг хүртэл салгасан. Ингээд би өмгөөлөгчөөс хуулийн зөвлөгөө авахаар Монгол алт ороод эргээд ирэхэд өрөөний гадна үүдийг лацадсан байсан.
Маргааш нь 10 цагийн үед ******* сувгийг төлөөлж ажлаас халах тухай тушаал гэрийн гадаа авч ирж өгсөн.
Миний хувьд санхүүгийн тайлангаа гаргаад татварт тайлагнаж байж ажлаас гарах хүсэлтэй байсан.
Яагаад вэ гэвэл миний санхүүгийн программыг задгайгаар ямар ч хаалт байхгүй аваад юуг яаж өөрчилж намайг ямар хэрэгт гүтгэх бол гэж бодохоор л сэтгэл хэцүү болж тухайн үедээ Хөдөлмөрийн хууль судалж хуулийн зөвлөгөө авч бүр Дархан-******* ******* ХК-ны АТГ-ын хамааралтай их хэмжээний бэлэн мөнгө шамшигдуулсан хэрэг шалгаж байсан. Наад хэрэг чинь шалгаж дуусаагүй байхад гэнэт намайг халах гээд санхүүгийн программын дотоод сүлжээ таслаад өрөөг минь лацадчихлаа гээд л...
Гэсэн ч бүхэл бүтэн орон нутгийн өмчит ХК-ий энгийн нэг ажилтан биш Ерөнхий санхүүчийг ажлаас халахад ажил хүлээлцэх хоног өгөхгүйгээр жилийн эцэст халж болдгийг харлаа.
Анхан шатны баримтыг үдэхгүйгээр авч болдог санхүүгийн программыг шууд нэг өдөр салгаад л авч болдог гэдгийг харлаа. Ямарч холбогдох хамгаалах хууль байхгүй гэдгийг л ойлгосон.
...Би тухайн үед ажил хүлээлцэхээр намайг дуудсан орой санхүүгийн бүх ажилчдын өмнө миний ажлыг авч байсан нягтланд хэлж байсан. Санхүүгийн тайланг нь өөрөөр нь гаргуулъя гэж хэлэх эрх чамд байгаа шүү. Чи миний ажлыг авч байна. Гэхдээ программ ямар ч хаалт хийгээгүй, анхан шатны баримтууд үдэгдээгүй байгаа болохоор үүнээс хойш би хариуцлага хүлээхгүй гэдгээ хэлье. Чи хэн нэгний ажлыг задгай байсан хамаагүй авъя гэж байгаа бол хариуцлагаа хүлээгээрээ гэж хэлж байна.. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дархан-******* ******* ХХК нь хариуцагч Б.*******ээс 3,267,900 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулсан болно.
Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан болно.
Хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 219 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоолоор ...Дархан-ус ******* ХК-ний ерөнхий нягтлангаар ажиллаж байсан Б.******* нь 2016 оны 01 дүгээр сары 12-ны орой 20-21 цагийн хооронд байгууллагын санхүүгийн программ руу өөрийн эрхийн нэвтрэн 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр иргэн ******* гэгчээс 310 м ф50 мм-ийн хуванцар хоолой зээлээр авч 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр материалын үнэ нэрээр касснаас 987,900 төгрөг, мөн Байгальд ээлтэй хөршүүд хоршооноос 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 630 м ф100 мм-ийн шугам хоолойг зээлээр авч 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр материалын үнэ нэрээр касснаас 2,280,000 төгрөгийг тус тус касснаас бэлнээр гаргуулсан мэдээллийг оруулсан боловч уг шугам хоолойнууд нь бодит байдлаар авагдаагүй болох нь , , нарын өгсөн тайлбар болон 2016 оны жилийн эцсийн эргэлтийн хөрөнгийн тооллогын тооцоо, Дархан-******* ******* ХК-ны харилцагчийн өглөгийн дэлгэрэнгүй гүйлгээ зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдсон байна.
Уг шугам хоолойнууд нь бодит байдлаар авагдаагүй байхад бэлэн мөнгийг кассаар Б.*******ийн касс-д материалын мөнгийг олгоё гэсэн цохолтын дагуу тухайн үед кассны няравыг орлож байсан нь 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр иргэн *******д 987,900 төгрөгийг, Б.******* нь өөрийн касс-д материалын мөнгийг олгоё гэсэн цохолттой баримтыг 2015 оны 11 дүгээр сарын 27-ны орой ажил төрөх үед ******* үзүүлэн хүн нь ирж мөнгөө авна. Би гарын үсэн зуруулаад өгье хэмээн бэлэн мөнгөний орлого зарлагын баримтыг авч үлдэн 2,280,000 төгрөгийг Байгальд ээлтэй хөршүүд хоршооны үүсгэн байгуулагч Б.Ганцэцэг гэгчид хүлээлгэн өгсөн гарын үсэг зуруулан маргааш өглөө нь түүнд өгсөн болох нь Ц.Наранцэцэгийн өгсөн тайлбар, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн бэлэн мөнгөний орлого, зарлагын жагсаалтаар Байгальд ээлтэй хөршүүд хоршооны үүсгэн байгуулагч би Дархан-******* ******* ХК-нд зөгийн балтай эрүүл мэндийн цай, лацны төмөр нийлүүлж байсан, харин хоолой огт нийлүүлж байгаагүй гэх тайлбаруудаар Б.******* нь дээрх мөнгөнүүдийг өөртөө завшсан болох нь нотлогдож байна.
Б.*******ийн дээрх үйлдлийн улмаас Дархан-******* ******* ХК-нд нийт 3,267,900 төгрөгний хохирол учруулсан бөгөөд түүний үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлд заасан Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг үйлдэгдснээс хойш 6 сарын хугацаатай буюу эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн байна гэсэн үндэслэлээр Дархан-******* ******* ХК-ний гаргасан Б.*******т холбогдох гомдолд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэжээ.
Иргэний хуулийн 497дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 510.1-т Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасны дагуу нэхэмжлэгч Дархан-******* ******* ХК нь өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй болно.
Хариуцагч Б.*******ийн гаргасан гэм буруутай үйлдлийн улмаас Дархан-******* ******* ХХК-нд нийт 3,267,900 төгрөгийн хохирол учирсан болох нь Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 219 дугаартай тогтоолоор тогтоогдож байх тул хариуцагч Б.*******ээс 3,267,900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Дархан-******* ******* ХК-нд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Б.*******ээс 3,267,900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Дархан-******* ******* ХК-нд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.*******ээс улсын тэмдэгтийн хураамж 67,236 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА
ШҮҮГЧИД Ч.БАТЧИМЭГ
Д.АЛТАНТУЯА