Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/414

 

 

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: М.Солонго,

улсын яллагч: Н.Ундрах,

шүүгдэгч: Д.Б,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.О нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:  

 Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Б-д холбогдох эрүүгийн 220000000000 тоот хэргийг 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.                             

              

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ү овогтой Д-гийн Б /РД:00000000/,

Монгол улсын иргэн, ****оны ** дүгээр сарын **-ны өдөр ******* аймгийн ******** суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, барилгын туслах ажилтан хийдэг, ам бүл 4, 3 хүүхдийн хамт,   Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Баянтуруу 00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

 Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 Шүүгдэгч Д.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо Баянтурууны 0 тоотод зүс таних Б.Б-ийг “Гар утас хулгайлсан” гэх шалтгааны улмаас хувийн таарамжгүй харилцаа үүсгэн гуя руу хутгаар хатгаж, толгойн тус газарт тавагаар цохиж, эрүүл мэндэд хамар ясны хугарал, зүүн зулайн хуйханд шарх, баруун зовхины гадна булан, зүүн дал, мөр, бугалганд цус хуралт, баруун шуу, зүүн сарвуунд зулгаралт, баруун өгзөгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                          

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч Д.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо Баянтурууны 0 тоотод зүс таних Б.Б-ийг “Гар утас хулгайлсан” гэх шалтгааны улмаас хувийн таарамжгүй харилцаа үүсгэн гуя руу хутгаар хатгаж, толгойн тус газарт тавгаар цохиж, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, зүүн зулайн хуйханд шарх, баруун зовхины гадна булан, зүүн дал, мөр, бугалганд цус хуралт, баруун шуу, зүүн сарвуунд зулгаралт, баруун өгзөгт шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

               -Хохирогч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 4 цагт Т, Т эгч 2 намайг утсаар залгаад гараад ир дэлгүүр хамт орно тэгээд буцаад хүргэж өгнө гээд гэрээс аваад явсан. Бид нар дэлгүүр орж хараа 0.5 литр архинаас нэг ширхэгийг авч Т-ийн гэр буюу Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо Баянтурууны 00 тоотод очиж архи уусан. Эхний архиа ууж дууссаны дараа Т дахиж дэлгүүр гарч дахин хараа 0.75 литрийн архи барьж орж ирж дахин уусан. Тэгээд архиа ууж дууссаны дараа Т ...баруун хөлөнд юм зоогдох шиг болохоор нь хартал цус гарч байсан ба хутгаар хатгасан байсан тэгээд яаж байгааг асуутал стаканаар толгой хагалсан. Тэгээд би гэрлүүгээ харьж очоод цагдаа дуудсан. Миний зүүн гар руу гараа атгаж 4,5 удаа цохисон, толгой руу стаканаараа 3,4 удаа цохисон, баруун гуянд хутгалсан. Тэднийх 3 өрөө байсан хэрэг явдал гарах үед Т эгч хажуу өрөөнд байсан. Би согтолттой байсан тэгэхдээ болсон үйл явдлыг бүгдийн сайн санаж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-19-р хуудас/,

               -Гэрч С.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б-ийг зүс таньдаг байсан бөгөөд надтай танилцмаар байна гэхээр нь би танилцаж түүнээс хойш одоог хүртэл хамт амьдардаггүй ч бэлгийн харилцаанд ордог юм...2021 оны 12 дугаар сарын 12-ны өглөө боссон чинь шартаад байсан учир 08 цагийн үед дэлгүүр ороод 0,5 литрийн Хараа нэртэй архи аваад бага багаар ууж эхэлсэн... Тахилтад хамт ажиллаж байсан дүү Б та 2-оос өөр таних хүн байхгүй гэж хэлээд дүү Б-ийн дуудчих уу гэхэд наад эмэгтэй чинь хамт айлд архи ууж байхад миний түрүүвчийг хулгай хийсэн гэж хэлээд дүргүй байсан. Тэгээд Б  бид 2 дэлгүүр орох зуураа Б-ийн гэрт очоод хамт дэлгүүр орж 0,75 литрийн хараа нэртэй архи аваад гэрт орж ирээд ойр зуурын юм яриад сууж байгаад архиа ууж дууссан. Түүний дараа дахин нэг шил авах гэхээр нь би чиний мөнгө дууслаа ш дээ гэж хэлээд зурагт үзээд сууж байхад Б миний хажууд сууж байснаа буйдан дээр хэвтэж байсан Б-ын хөлийг илээд миний ах их цайлган, их баян тэ гэж хэлсэн. Би түүнд хандан та 2 хэзээ ийм болчихвоо гэж хэлсэн чинь Т эгчээ та угаасаа Б  ахтай суухгүй биздээ, ахтайгаа нэг унтчих уу гээд байхаар нь би уурлаад та 2 ингэхгүй шүү гэж хэлсэн чинь Б  зүгээр би ажил хийж байгаа хүн гэснээ Б-гт хандан чи ахынхаа түрүүвчийг авахдаа мөнгийг авч болно, одоо дотор нь байсан түрүүвчийг өгчихгүй юм уу гэж асуухаар нь би Б-гт хандан чи түүний түрүүвчийг авсан юм бол одоо жолооны үнэмлэхийг нь өгөөч гэж хэлсэн. Тэгтэл би огт аваагүй ш дээ Т эгчээ гэхээр нь за та 2-н хэн нь үнэн хэн нь худлаа яриад байгаа юм гэж хэлээд сууж байхдаа орой нь 19 цагаас тоглолт үзэх санаанд ороод гар утасны цаг харах гээд ширээн дээр байсан Б-ын болон өөрийнхөө гар утсыг авах гэхэд байхгүй байсан. Тэгээд гар утас хайчив гээд хайж эхэлсэн чинь Б  энэ миний түрүүвчийг хулгайлж байсан. Одоо гар утас хулгай хийлээ, бид 2 бие биетэйгээ холбоо барих байхад яалаа гэж бие биенийхээ гар утсыг хулгайлдаг юм. Гадны хүн гэвэл чи байна ш дээ гэж хэлээд Б-ээс гар утсаа нэхсэн чинь өөрийнхөө хар өнгийн куртикнээс хар өнгийн нокио гар утас гаргаж ирээд би аваагүй гээд байсан. Тэгээд залгаад үздээ гэхэд би нэгжгүй гэж хэлээд буцаагаад далд хийхээр нь наадах чинь ядаж дохигдоно ш дээ гэж хэлсэн чинь залгахгүй байсан. Тэгтэл Б  түүнийг чи авсан гаргаж өг гэж хэлээд дал, мөр лүү гараараа цохиод байхад Б  ахаа би гаргаж өглөө ш дээ гэж хэлэхээр нь би боль гэж хэлээд салгасан чинь Б  цагаан өнгийн шаазан хоолны аяга авч шидээд толгойг нь оносон чинь Б өөдөөс нь барьцалдаж авахдаа угаалгын машины хажууд асгарсан усан дээр халтирч унасан. Тэгээд би боль гэж хэлээд салгаж тайвшируулаад утас хамаагүй, чи хүн аллаа гэж хэлсэн чинь Б  тамхи асаагаад цаад жижиг өрөөндөө орсон. Түүний дараа Б  гарч ирээд Б-ийг толгойг угаалгын машинд угаагаад цусыг нь тогтоосон чинь Б арай гайгүй сэргэж эхлэхээр нь би гар утсаа одоо боль гэж хэлсэн. Түүний дараа Б дэлгүүр хаагаагүй байна тэ гэж хэлээд Б тай хамт дэлгүүр явж 0,5 литрийн Хараа нэртэй архи авч ирсэн бөгөөд түүнийг бид 3 ууж байхад Б  жижиг өрөөнд ороод унтахаар явахаар нь Б бид 2 том өрөөний буйдан дээр унтахаар хэвтсэн. Тэгээд шөнө би даараад 04 цаг өнгөрч байхад сэрсэн чинь байшингийн хаалга онгорхой байсан бөгөөд Б гадуур хувцсаа үлдээгээд гараад явчихсан байсан. Тэгээд би босоод жижиг өрөөнд ороод Б-ыг унтаж байхаар нь дуудаж сэрээгээд автобусны мөнгө аваад 05 цаг өнгөрч байхад гэрээс нь гараад явсан. Б-ийг хүчиндэж бэлгийн харилцаанд орсон зүйл огт болоогүй, тийм зүйл болох чөлөө байгаагүй бөгөөд аль алинаас нь би холдоогүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 69-72-р хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч О.Б-ийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 000 дугаартай:

1.“...Б.Б-н биед үтрээний арчдас, наалдац дээр эр бэлгийн эс илрээгүй.

2. Б.Б-гт бэлгийн замаар дамжих ДОХ, тэмбүү, трихомониаз, заг хүйтэн өвчний халдвар илрээгүй.

3. Б.Б-н шулуун гэдэсний амсар хэсгийн хунигч булчингууд урагдал, гэмтэлгүй байна.

4. Б.Б-н биед хамар ясны хугарал, зүүн зулайн хуйханд шарх, баруун зовхины гадна булан, зүүн дал мөр, бугалганд цус хуралт, баруун шуу, зүүн сарвуунд зулгаралт, баруун өгзөгт шарх гэмтэл тогтоогдлоо.

5. Дээрх баруун өгзөгний шарх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

6. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.

7. Цаашил ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 27-28-р хуудас/,

-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Ш.Ц-н 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 00 дугаартай:

1. “...Шинжилгээнд нэмэлтээр ирүүлсэн материал нь шинжилгээнд тэнцсэн.

2. Б.Б-н биед нэмэлтээр баруун сарвууны алганы 5 дугаар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Б.Б-н биед гэмтлийн зэрэг тогтоох үзлэг хийхэд баруун сарвууны зовиур хэлээгүй бөгөөд баруун сарвуунд ил гэмтэлгүй байсан. Яс хугарахад хугарсан хэсгээр өвдөх, хөдөлгөөн хязгаарлагдах, хавдаж улайх, зарим тохиолдолд зөөлөн эдэд цус хуралт үүсэх зэрэг зовиур шинж тэмдэгүүд илэрдэг. Иймд баруун сарвууны алганы 5 дугаар ясны хугарал гэмтэл нь 419 дугаартай дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдтэй нэг цаг хугацаанд бус өөр цаг хугацаанд үүссэн гэмтэл байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 43-45-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч Д.Б-ын яллагдагчаар өгсөн: “...Би Б-ийн биед хөнгөн гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна, гэм буруугийн асуудал дээр  маргах зүйл байхгүй...” гэж /хавтаст хэргийн 118-119-р хуудас/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Хувийн байдлын хувьд иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 82-р хуудас/, байнга оршин суугаа газрын хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 83-р хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 84-р хуудас/, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 85-р хуудас/,  тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 86-р хуудас/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хавтаст хэргийн 87-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 88-р хуудас/, Б.М, Б.Г, Б.О нарын төрсөний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 89-91-р хуудас/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 92-103-р хуудас/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

 Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч О.Б-гийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 00 дугаартай дүгнэлтээр хохирогч Б.Б-н биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Д.Б-ын үйлдэл нь хохирогч Б.Б-н Үндсэн хуулиар олгогдсон эрүүл мэндээ хамгаалуулах эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хууль бус бөгөөд нь “хувийн таарамжгүй харьцааны” улмаас хохирогч Б.Б-н гуя руу хутгаар хатгаж, толгойн тус газарт тавгаар цохиж байгаа нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдэл гэж үзэх үндэстэй.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д.Б-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Б.Б нь хохирлын 400.000 төгрөг авсан одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Д.Б-ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “Шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянган) төгрөгийн торгох ял оногдуулах, уг торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хоёр ширхэг хар өнгийн хутга, цагаан өнгийн шаазан хагархайнуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай байна” гэх дүгнэлттэй шүүгдэгч Д.Б нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Б-ын хууль ёсны эрх ашгийг хамгаалан түүний өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүгдэгчийн хувьд гэм буруу дээр маргаантай зүйл байхгүй. Хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байгаа. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл байгаа гэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Иймд шүүхээс улсын яллагчтай тохиролцсон ялын саналыг хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 “ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний ажил эрхлэлт, ам бүлийн байдал /3 хүүхдийн хамт амьдардаг/-ыг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзлээ.

 Иймд улсын яллагчийн санал болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх нөхцөл байдлыг нь харгалзан дүгнэлтийг хүлээн авч, дээрх эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг хар өнгийн хутга, цагаан өнгийн шаазан хагархайнуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Ү овогтой Д-гийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Д.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай. 

 

          4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хоёр ширхэг хар өнгийн хутга, цагаан өнгийн шаазан хагархайнуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.   

 

          5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

          6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

         

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.УРАНГУА