Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2016/0404/з |
Дугаар | 128/ШШ2020/0261 |
Огноо | 2020-04-23 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 128/ШШ2020/0261
2020 оны 04 сарын 23 өдөр Дугаар128/ШШ2020/0261 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: У, Б,
Хариуцагч: УБЕГ,
Хариуцагч: Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар,
Гуравдагч этгээд: Т, Т,
Гуравдагч этгээд: Э ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: Барилга, байгууламжийг ашиглалтанд оруулсан 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 209/2013 дугаар улсын комиссын актын зоорын давхарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, зураг төсөл, улсын стандарт шаардлагад нийцээгүй Т Y-2206*******, Т Y-22060******* нарын дугаар бүхий улсын бүртгэлийг хүчингүй болгуулах,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х, Б, хариуцагч НХБ итгэмжлэгдсэн төлөөлөгч О, гуравдагч этгээд Т, Т нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж, гуравдагч этгээд Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хууль зүйн эрх ашиг зөрчигдсөн гэж үзэн Унь шүүхэд хандсан. Хандсан үндэслэл нь Э ХХК-тай эд хөрөнгийн захиалгын гэрээ байгуулаад Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо 0 дүгээр хороолол Чимэд-Асарын гудамж 0 дугаар байрны граж автомашины зогсоолын ******* болон ******* дугаартай авто зогсоолыг худалдан авч төлбөрийг бүрэн төлсөн. Э ХХК-тай захиалгын гэрээ байгуулсан. Энэ нь хавтаст хэргийн 6 дугаар хуудаснаас авагдаад 9 дүгээр хуудсанд байгаа авто зогсоол нь 9 машины багтаамжтай гэсэн зургийг Уд үзүүлсэн, Э ХХК нь санал тавьснаар талууд хэлцэл хийсэн. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Жын үзүүлсэн зургаас харахад Унь 2 машинаа зэрэгцүүлэн ******* болон Б-д тавьсан. Гэтэл машинаа тавьсны дараа 9 машин тавих ёстой байсан зогсоолд олон машин орж ирэн 19 машины зогсоол болж хувирсан.
Гуравдагч этгээд болох Т, Т нар Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн нэхэмжлэлийн үндэслэл нь бусдын хууль бус эзэмшлээс өмчлөлийн зүйлээ шаардах шаардлага гаргасан. Шаардлага гаргасан иргэний нэхэмжлэлийг харахад 2 автомашин тавих зориулалттай зогсоолыг 4 болгож хувиргасан Э ХХК-ний зурагтайгаар зогсоол худалдаж аваад эгнүүлээд 2 машинаа тавих ёстой, мөн Т болон Т нар нь Улсын бүртгэлийн гэрчилгээ авсныг У олж мэдсэн. Энэ хугацаанд Унь гэрчилгээ аваагүй. Мэргэжлийн хяналтын газарт Унь хандаад 9 машин зогсох ёстой талбай дээр яагаад 19 машин болсон, Т болон Т гэдэг хүмүүс яагаад улсын бүртгэл авсан талаар дүгнэлт гаргуулсан. Тухайн дүгнэлт нь хавтаст хэргийн 10 дугаар хуудсанд авагдсан байгаа. 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ажиллаад 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдөр улсын комиссын актаар хүлээж авсан.
“А*******” ХХК-ийн боловсруулсан барилгын зураг төслийг хянан үзэхэд битүү зогсоолд 7 машин, “А*******” ХХК-ийн боловсруулсан Э ХХК-ийн 9 давхар 60 айлын орон сууцын барилгын орон сууцыг ашиглалтад өгөх зохиогчийн нэгдсэн дүгнэлтэд 9 машин байрлуулахаар тус тус төлөвлөгдсөн. Энэ зогсоолд бүрэн бүтэн байдлыг хангах зорилгоор теле камер суурилуулаагүй, гал унтраах хэрэгслээр бүрэн тоноглоогүй, зогсоолын авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг чиглэл болон галын аюулгүй бүдүүвч зургийг орох гарах хаалгыг ил байрлуулаагүй, битүү зогсоолд 20 орчим машин байрлуулж байгаа нь автомашины чөлөөтэй орох гарах нөхцөлийг Монгол улсад мөрдөгдөж байгаа хот тосгоны төлөвлөлтийн барилгажилтын норм стандартыг зөрчиж байна. Иймд 9 автомашиныг хавсралт зурагт үзүүлснээр байрлуулах нь стандартыг шаардлагыг хангана гэж дүгнэлт ирүүлсэн.
Үүний дараа Онцгой байдлын ерөнхий газар 2014 онд дүгнэлт хийсэн. Тухайн дүгнэлтэд зоорьтой зогсоолд 8 машин байрлуулах ёстой гэсэн байдаг. 19 гэдэг тоо нь Улсын комиссын актад л гардаг. Дүгнэлтүүдийн хавсралтыг харахад 8 машины граж гэж гардаг. Маргаан бүхий зоорьтой байрны Сууц өмчлөгчдийн холбооноос Онцгой байдлын газар 2015 онд хандсан. Монгол улсын стандарт дүрэм, журмыг зөрчсөн байна. Болзошгүй гамшиг осол гал түймэр гарсан үед хүний амь нас эрсдэх ихээхэн хэмжээний хохирол учрах эрсдэлтэй. Зогсоолд байгаа автомашины хэрэгслүүдийг нүүлгэн гаргахад хугацаа алдах эрсдэлтэй гэж үзсэн. Хэрэгт авагдсан шаардлагатай баримтуудад дандаа 8, 9 машин зогсох гэсэн дүгнэлтүүд ирсэн. 20 машин зогсож байгаа нь бусдын эрх ашиг болон онцгой байдал гарсан тохиолдолд аюултай байна гэж дүгнэсэн. Бидний зүгээс эхлээд Т, Т нартай холбоотой Улсын бүртгэлийн Ү/2206*******, Ү/22060******* дугаартай бүртгэлүүдийг хүчингүй болгуулах талаар анх нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Одоо нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдсөн. Хот байгуулалтын хөгжлийн газарт холбогдуулан бид нарын маргаан бүхий улсын комиссын актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2 дахь хэсэгт заасны дагуу шаардлага гаргасан. Бидний зүгээс яагаад зоорины давхрыг хэсэгчилсэн бэ гэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч өөрөө эрх ашиг нь зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй этгээд байдаг. Уы эрх ашиг нь зөрчигдөөд байгаа хэсэг нь зоорины давхар учир тухайн хэсгийн хүчингүй болгож өгнө үү гэж шүүхэд хандсан.
Бусад хэсгээрээ бидний шаардлагыг хангаж байгаа. Улсын бүртгэлийн газраас бид нарыг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаа, бид нар энэ маргаанд хамааралгүй гэх байдлаар тайлбар гаргадаг. Гэвч Улсын бүртгэлийн газар нь улсын бүртгэлийн хуулийн дагуу үнэн зөв байх ёстой. Илт хууль бус захиргааны актыг үндэслэж гарсан улсын бүртгэл нь хүчингүй болох ёстой.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь хэсэгт заасны дагуу захиргааны акт нь илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгчийн ашиг сонирхол зөрчигдсөн гэдэг нь нотлогдсон. Нэхэмжлэгч нь “Э*******” ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Уг гэрээнд заасан нөхцөлөөрөө гражаа аваагүй. Тухайн гражандаа машинаа тавих гэхээр Онцгой байдлын ерөнхий газар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлт стандарт дүрэмд нийцээгүй байна. Иймд эрүүл мэнд аюулгүй байдлаар нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүссэн байгаа. Илт хууль бус юм уу захиргааны маргаан бүхий акт юм уу гээд байдаг, өнөөдөр бид шүүхэд нэхэмжлэгчийн эрх ашгийг хамгаалахаар хэлэлцэж байна. Гэтэл 9 машины зогсоолтой гэдэг “А*******” ХХК-ийн зураг гаргаж ирээд “А*******” ХХК-ийн зүгээс Улсын комиссын актад гарын үсгээ зуруулаад 19 автомашины зогсоол болгож өөрчилсөн. 19 болгож өөрчилсөн ямар ч зураг Үндэсний архивын газраас ирээгүй байхад илт хууль бус юм уу маргаан бүхий юм уу гэдэг нь ойлгомжгүй байна. Д.Ж******* гэдэг хүн “Би энд ахалж байсан гэхдээ би тухайн үед ажлаасаа чөлөөлөгдсөн, миний гарын үсэг биш” гээд гэрчээр мэдүүлэг өгөөд байхад хүртэл илт хууль бус захиргааны акт биш гэдэг.
Ингэж маргаж байгаа хэр нь нотолж чадахгүй байна. Гуравдагч этгээд Э ХХК-ийн хариуцлагагүй байдлаас болж өнөөдрийг хүртэл энэ асуудал шийдэгдэж чадахгүй Т Т болон нэхэмжлэгч нар эд хөрөнгөөрөө хохирч байна. Иймд эрх ашиг нь зөрчигдсөн юм уу гэж байгаа нь мөн ойлгомжгүй байна. 2010 онд нэхэмжлэгч Э ХХК-тай гэрээ байгуулсан. 2012 онд Т Т нартай гэрээ байгуулсан нь нотлох баримтаас харагдаж байна. Зургаа өөрчлөөд Т болон Т нартай гэрээ байгуулсан байх. Ухамгийн эхэнд төлбөрөө шилжүүлээд авсан.
Гэтэл тэр хүний эрх ашиг хамгаалахгүйгээр, мэдэгдэхгүйгээр хууль бус бусармаг зүйл хийсэн. Нотлох баримтыг үнэн зөв бодитойгоор үнэлж үзэхэд шаардлагатай бүх материалууд байгаа. Дутуу орхигдуулсан баримт байхгүй. Улсын онцгой байдлын газар болон Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөж байгааг нотолж байгаа. Ийм учир шүүх энэ үндэслэлүүдийг анхаарч үзээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсэж байна. Зөвхөн зоорины хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохоор хандсан учир нь эрх ашиг зөрчигдсөн хэсэгтэй нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Иймд илт хууль бус захиргааны актыг үндэслэж гарсан Улсын бүртгэл хүчингүй болох ёстой учир нэхэмжлэлийн шаардлага бүрэн дэмжиж байна.” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нотлох баримт шинжлэн судалсны үндсэн дээр нэхэмжлэгч нь 9 машины зогсоол буюу зураг төслийн дагуу орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Зураг төсөлд өөрчлөлт оруулахгүйгээр 19 автомашины зогсоол болгоод Улсын комиссын акт гарсан. Эрх ашиг хөндөгдсөн үү гээд ярьж байна. 9 автомашины зогсоолыг 19 болгосон нь өнөөдөр Монгол улсад мөрдөгдөж байгаа стандарт шаардлагуудад нийцэхгүй эрүүл аюулгүй байдлыг хангаж чадахгүй байна гэдэг тодорхой байгууллагын дүгнэлтүүд гарсан байгаа. Мөн манайх өмчлөх эрхийн гэрчилгээгээ гаргуулж авч чадахгүй байгаа нь эрх ашиг зөрчигдөж байгаа гэх үндэслэл болно. Нэгэнт өмчлөх эрхийнхээ холбогдуулж иргэний шүүхээр маргаад явах гэхээр акт нь өөрөө илт хууль бус байхад эхлээд бид Захиргааны хэргийн шүүхэд маргах нь зайлшгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлага дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү?
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарыг сонслоо. Хариу тайлбараа хэлье. 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 209/2013 дугаартай улсын комиссын актын зоорины хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлага байна.
Тухайн үед Хан-Уул дүүргийн 00 дугаар дунд сургуулийн зүүн талд 00 тоот байрыг Э ХХК нь ашиглалтад оруулсан байдаг. Тухайн үед Засгийн газрын 2009 оны 72 дугаар тогтоолоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллага улсын комисс ашиглалтад оруулсан байдаг. Тухайн үед Хот төлөвлөлт төлөвлөгөөний газар байхад манайхыг хариуцагчаар татахад бид нар хариу тайлбар өгсөн байдаг. Тухайн тайлбарт Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоол батлагдаад 2013 оны 02 дугаар сараас манай байгууллага улсын комисст ажилладаг болсон.
Сүүлд комисс ахалсан комиссын дарга нь тухайн актыг баталгаажуулж гарын үсэг зураад тамга дардаг. Хэрэгт авагдсан нотлох баримтыг харахад маргаантай зүйл харагддаг. Тухайн Д.Ж******* гэх хүнээс гэрчийн мэдүүлэг дээр миний гарын үсэг биш гэдэг. Д.Ж*******ийн асуудалд ажил томилогдсон талаар нотлох баримт ирсэн байгаа. 2016 оны 02 дугаар сард Засгийн газрын 151 дүгээр тогтоол батлагдаад Эрүүл мэндийн газар ирэхэд цуг мэргэжлийн хяналтаас тушаал нь гараад ирсэн байдаг. Гэтэл захиргааны акт нь тухайн үед 05 дугаар сард баталгаажаад гарсан байдаг. Манай байгууллагаас ажилсан эсэх нь бас маргаантай. Манай байгууллагын архивд энэ комиссын акт байдаггүй. Энэ нь Мэргэжлийн хяналт байх үед гаргасан акт болж таардаг. Тухайн үед Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газрын хариуцагчаас хасаж өгнө үү гэж удаа дараа хүсэлт гаргасан.
Нэхэмжлэгч талаас 9 машины авто зогсоолын тухай ярьдаг.Тайлбар хэлэхэд анх зураг төсөлд батлахдаа 9 машины граж байсан байж болно гэхдээ Барилгын тухай хуульд зураг төсөл зохиогч нь тодорхой хэмжээгээр зураг төсөлд өөрчлөлт оруулах эрх байдаг. Комисст хүлээлгэж өгөхдөө тухайн эрхийнхээ хүрээнд 19 болгож өөрчилсөн байхыг үгүйсгэхгүй. Илт хууль бус актыг үндэслээд Улсын бүртгэлийн ерөнхий газраас гэрчилгээ олгосон гэж ярьдаг. Комисс нь тухайн үед мөрдөгдөж байсан хууль дүрэм журмын хүрээнд комиссын бүрэлдэхүүн томилогдож, тухайн барилга дээр ажилласан. Зоорины асуудлын хувьд өөрийн эрхийн дагуу өөрчилсөн байхыг үгүйсгэхгүй, сайн хэлж мэдэхгүй байна. Хариуцагчийн зүгээс Мэргэжлийн хяналтын газар нь хууль ёсны дагуу ажилласан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна.” гэв
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх талаар эхлээд бид харах ёстой. Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэгчийг тодорхойлсон байдаг. Өөрийн эрх хууль ёсны ашиг нь хөндөгдөж байгаа этгээд зөрчигдсөн хууль ёсны эрх ашгаа сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Нэхэмжлэгчийн ярьж байгаа 9 машины зогсоол нь 19 машины зогсоол болсон, гарын үсэг зурсан зураагүй гэх мэт асуудалд нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдөж байна уу гэдгийг харах ёстой.
Нэхэмжлэгч яриагүй өнгөрлөө, цаг хугацааны хувьд нэхэмжлэгч болон гуравдагч этгээд Э ХХК-тай эд хөрөнгө захиалгын гэрээ болон зогсоол захиалгын гэрээ гэдэг нэршлээр авто зогсоол худалдан авахаар гэрээ байгуулсан. Цаг хугацааны тухай хараад үзэхэд нэхэмжлэгч тал нь 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гэрээ байгуулсан. Гуравдагч этгээд нь 2010 оны 10 дугаар сард гэрээ байгуулсан байдаг. Энэ үед 3, 4 гэдэг зогсоолыг захиалсан байсан. Хариуцагчийн тайлбар болон гуравдагч этгээдийн илэрхийлээд байдаг тайлбараас харахад 1, 2 дугаар зогсоол гэрчилгээ эзэмшигчгүй байна. 2 машины зогсоолд 1 машин тавьсан, өмчлөх эрхийн гэрчилгээтэй.
Ингээд нэхэмжлэл 2016 оны 04 дугаар сард нэхэмжлэл гаргасан. Сүүлийн 2 хуралдааныг хүртэл дандаа хариуцагчаас шалтгаалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хойшилсон. Өвөл болохоор бүүр ирдэггүй. Теле камер суурилуулаагүй, гал унтраах хэрэгслээр бүрэн тоноглоогүй, зогсоолын авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг чиглэл болон галын аюулгүй бүдүүвч зургийг орох гарах хаалгыг ил байрлуулаагүй зөрчсөн байна гэх мэт тайлбар хэлдэг боловч хэрхэн нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдсөн нь тодорхойгүй. Учир нь захиалаад авсан 2 зогсоол нь байж байгаа. Нэхэмжлэгч талын гаргаж өгсөн зургаас хэн гаргаж өгсөн юм гэдэг ямар ч гарын үсэг баталгаажуулалт байдаггүй.
Архивын ерөнхий газар болон бусад байгууллагаас гаргасан зурагт 5 болон 6 гэдэг нь өнөөдрийн нэхэмжлэгчийн байрлуулаад байгаа зогсоол биш гэдэг нь харагдаж байгаа. Нэхэмжлэгч нь иймд хууль бусаар эзэмшээд нэхэмжлэлийн шаардлага гаргаад 4 жил хүний эзэмших ашиглах эрхийг зөрчсөн. 2 дугаар асуудал би нэхэмжлэлийн шаардлага хүчингүй болгоё гэдэг асуудал бүртгэл үнэн зөв байх ёстой нэхэмжлэгчийн шаардаж байгаа гуравдагч этгээдийн гэрчилгээ ямар хууль тогтоомж зөрчсөн юм бэ гэдэг асуудал гарч ирнэ.
Бүртгэл хийх үед үйлчилж байсан Эд хөрөнгө хөрөнгө өмчлөх түүнтэй холбоотой бусад улсын бүртгэлтэй холбоотой хууль тогтоомжийн дагуу мэдүүлгээ гаргаад барилгын палан зураг улсын комиссын акт, өргөдөл гаргагчийн хүсэлт орон сууцын барьсан этгээдийн хүсэлт гэх мэт бүх шаардлагыг хангаад бүртгэгдсэн. Адилхан төлбөрөө төлөөд цаг хугацааны хувьд өнөөдрийг хүртэл энэ гражаа ашиглаж чадахгүй байгаа гуравдагч этгээд нарын эрх ашиг хөндөгдөж байхад хүний граж дээр машины байрлуулж зогсоод миний эрх ашиг хөндөгдөж байна гэсэн ойлголттой. Мөн гарын үсэг зураагүй гэдэг шалтгаанаар илт хууль бус гаргасан акт нь хүчин төгөлдөр бус байна гэж явцуу байдлаар тайлбарлаж байгааг ойлгохгүй байна.
Яагаад ойлгохгүй байна гэхээр Улсын комиссын акт эрх ашиг нь хөндөгдөг байгаа зүйлээ л хүчингүй болгодог гэж тайлбарлаж байна. Ийм учир зоорины давхрыг хүчингүй болгуулъя барилга байгууламж хамаагүй гэдэг. Тэгэхээр энэ нь салгаж болдог зүйл биш. Үнэхээр гарын үсэг зураагүй гэж байгаа бол өнөөдрийн Э ХХК-ийн барьсан барилгад 2013 оноос хойш иргэд амьдрах боломжтой юм байна гэж үзэн амьдраад явж байгаа энэ барилгыг Улсын комисс хүлээж аваагүй л гэж үзнэ. Гарын үсэг зураагүй нь гражд хамааралтай орон сууцад хамааралгүй гэдэг байдлаар тайлбарлаад байна.
Энэ улсын актыг хууль бус гэж үзэж байгаа бол бүхэлдээ илт хууль бус байна. Граж байр хоёрыг салгаж ойлгодог зүйл биш. Граж болон орон сууцыг тус тусдаа улсын комисс акт гаргасан зүйл байхгүй. Хэрэв энэ актыг хууль бус гэж үзэж байгаа бол тухайн орон сууцад амьдарч байгаа бүх хүний эрх ашиг хөндөгдөнө. Д.Ж******* гэдэг хүн үнэхээр гарын үсэг зураагүй юу гэдэг асуудал гарч ирнэ. 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Улсын комисс ажилласан. Ажилласан гэдэг нь хэрэгт авагдсан бичиг баримтаар тогтоогдсон. 2012 оны 10 дугаар сард Улсын комисс ажиллаад үүрэг хүлээгээд авсан гэдэг байдлаар, хурлын тэмдэглэлд гарын үсэг зурсан.
Үүнд маргаан байхгүй. Гагцхүү үүрэг даалгавар өгсний дараа Улсын комисс барилга байгууламжийн байнгын ашиглалтад оруулах тухай актад гарын үсэг зураг зурснаас хойш л маргаан үүснэ. 2 дугаар сард би Мэргэжлийн хяналтын газар ажиллаж байсан. Тухайн ажлаасаа чөлөөлөгдөж Нийслэлийн хот төлөвлөлтийн ерөнхий газарт шилжсэн учир хүлээж аваагүй гэдэг. Тэгвэл энэ хууль бусад тооцуулах гэж байгаа актад байгаа гарын үсэг хэний гарын үсэг вэ? Энэ бичиг баримтыг хэн хуурамчаар үйлдсэн бэ? Ийм асуудлууд зайлшгүй үүсэж байгаа. Иймд гишүүдийн гарын үсэг болон хавтаст хэрэгт авагдсан тухайн комисст гишүүнээр ажиллаж байсан хүмүүс өөрсдийнхөө салбарын чиглэлээр тухайн байрыг хүлээж авч болохгүй байгаа ямар үндэслэл байгаа. Хэрэв тухайн үндэслэлүүд дууссан тохиолдолд хүлээж авах боломжтой гэдэг саналуудаа өгсөн байдаг.
Тухайн хүмүүсийн бичвэр болон дүгнэлтүүд тухайн байрыг хүлээж авсан Д.Жүгмидорж гэж хүний тэмдэглэлд зоорины давхарт 19 машины зогсоолтой, 11 давхар байна гээд гарын үсэг зурсан байдаг. Улсын комиссын актад л зөвхөн 19 гэдэг тоо гарч ирж байгаа юм биш. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зураг төслийн дараа өөрчлөлт оруулж болдог тухайн хэллээ. Үүнийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар мэдэж байгаа. Зургийн компанийн захирлаас асуулгана гэж байгаад энэ нөхцөл байдал тодорхой болсны дараа бид нар болилоо гэсэн. Д.Ж******* гэдэг хүний ажлаас чөлөөлөгдсөн болон нэг мэдүүлгээр үндэслэж захиргааны акт хууль бус байна, эрх бүхий этгээд батлаагүй гэдэг нь өөрөө үндэслэлгүй.” гэв.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Э ХХК нь нэхэмжлэгч нартай 2010 оны 12 дугаар сарын 13-ны өдөр эд хөрөнгө захиалах гэрээ байгуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс Улсын комисс хүлээж авсны дараа буюу 2013 оны 06 сараас эхлээд зогсоолтой холбоотой төлбөрийг төлж эхэлсэн. Э ХХК –ийн зүгээс нэг гэр бүл цувраа байрлалтай зогсоолуудыг зарахаар тохиролцсон. Энэ талаар ч гэсэн нэхэмжлэгч нар сайн мэдэж байгаа. 2015 он болон 2016 онуудад Мэргэжлийн хяналтын байгууллагын галын байцаагчийн дүгнэлт гарсан.
Манай байгууллага Улсын комисст хүлээлгэж өгсөн даруй орон сууцны өмчлөгчдөөс сонгогдсон Сууц өмчлөгчдийн холбоонд барилгыг бүхэлд нь хүлээлгэж өгсөн. Энэ хэрэгт авагдсан баримтаас манай байгууллага 8 өмчлөх эрхийн гэрчилгээ зарсан. Үлдсэн дээр нь хориг тавигдсан. 2014 оноос хойш гуравдагч этгээдийн зүгээс манай байгууллагад санал гомдол ирж байсан. Өмчлөх эрхэнд нь саад болж байна. Компанийн зүгээс нэхэмжлэгчид удаа дараа шаардлага тавьсан. Зогсоол таалагдахгүй байгаа бол зогсоолоо буцаж болно, мөнгөө буцааж авч болно гэсэн. Нэхэмжлэгч нар нь 6 жил зогсоолыг ашиглаж байна. Нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдөж байна гэхэд хэцүү. Өөрсдөө өөр машины зогсоолд машинаа байрлуулж тавьдаг. Өвөл нь хойд зогсоолдоо өөр хүний машин тавиад мөнгө төлбөрийг нь авдаг. 2013 онд манай байгууллага Сууц өмчлөгчдийн холбоонд хүлээлгэж өгсөн. Түүнтэй холбоотой хэдэн машин зогсоол тэнд тавьдаг, юу хураадаг талаар манай компани мэдэх боломжгүй.
Түүнчлэн нэхэмжлэгч талаас захиргааны акттай холбоотой маргаан үүсгэсэн. Манай зүгээс Улсын комисст хууль ёсны дагуу хүлээлгэж өгсөн. 2012 онд Д.Ж******* гэдэг хүн өөрөө үүрэг даалгавар өгсөн. 2013 оны 05 дугаар сард үүрэг даалгавраа шалгаад улсын комиссын актад гарын үсгээ зурсан. Анх 9 машины зогсоолтой байсан боловч “А*******” ХХК-ийн зүгээс 19 болгож өөрчилсөн. Үүнтэй холбогдуулж нэхэмжлэгч нар тухайн байгууллагын захирлыг гэрчээр асуулгана гэсэн хүсэлтээсээ татгалзсан. 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Улсын комисс актад Д.Ж******* гэдэг хүн байгаагүй, албан тушаал өөрчлөгдсөн байсан гэдэг. Улсын комисст анх эхэлж гишүүнээр томилогдсон байцаагч эрх үүргийнхээ хувьд өгсөн үүрэг даалгавраа шалгаад, хэдий өөр ажилд томилогдсон ч гэсэн гарын үсэг зурах үүрэгтэй байдаг.
Нийслэлийн хяналт шалгалтын газар улсын байцаагчийн эрх үүргийн ажил хийж байгаа. Т Т нарын эрх нь зөрчигдөж байгаа. Хэрвээ энэ холбогдох бичиг баримтыг ашиглалтад орсон цаг хугацаанаас хойш нэг ч удаа шаардаж байгаагүй. Буцаагаад мөнгөө ав гэдэг байдлаар санал тавихад хүлээж аваагүй. Одоо болтол 6 жилийн турш ашиглаж байгаа. Манай байгууллагын зүгээс Улсын комиссын 05 дугаар сарын 20-ны өдөр хууль ёсны дагуу хүлээлгэж өгсөн. Хэрвээ тухайн этгээдийн гарын үсэг нь эргэлзээтэй гэж үзэж байгаа бол бусад 16 гишүүний үндэслэл дүгнэлт нь хэрхэх вэ? Тухайн хүмүүс мэргэжлийнхээ дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Унь 2010 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гуравдагч этгээд Э ХХК-тай Нийслэлийн Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, 00 дугаар сургуулийн зүүн талд баригдсан орон сууцны барилгын гражийн давхраас В5, В6 тоот, гуравдагч этгээд Т 2010 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 00 тоот, гуравдагч этгээд Т нь 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 00 тоот автомашины зогсоолуудыг тус тус худалдан авахаар гэрээ байгуулж, улмаар гуравдагч этгээд Т Y-2206*******, Т Y-22060******* дугаар улсын бүртгэлийн гэрчилгээнүүдээр маргаан бүхий авто машины зогсоолуудыг өмчилөх эрхтэй болжээ.
Нэхэмжлэгчээс “тухайн барилгыг ашиглалтанд оруулах улсын комиссын актанд комиссын дарга гарын үсэг зураагүй, схем зурагнууд зөрүүтэй гэж, хариуцагч, гуравдагч этгээд нараас улсын комиссын акт хуульд нийцсэн, бүртгэл хуулийн дагуу хийгдсэн” гэж тус тус маргажээ.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Иргэн, хуулийн этгээд нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад бичгээр гаргах бөгөөд мэдүүлгийг төлөөлөгчөөрөө дамжуулан гаргаж болно” гээд 13.1.5-д хавсаргах баримт бичгүүдийг, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д өмчлөх эрхийг бүртгүүлэхэд тусгах мэдээллийг хуульчилсан бөгөөд 18 дугаар зүйлийн 18.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг энэ хуульд заасны дагуу бүртгэсэн бол мэдүүлэг гаргасан иргэн, хуулийн этгээд нь түүний хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид “бүртгэлийн гэрчилгээ” гэх/ олгож, хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана” гэж тус тус хуульчилсан байх бөгөөд үүнд мэргэжлийн комиссын барилгыг хүлээн авсан актыг хавсаргах, мэдээлэлд тусгах талаар хуульчлаагүй байна.
Мөн Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийн № 38 дугаар тушаалаар баталсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөдлөх журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.5-д “Иргэд хуулийн этгээд нь өөрийн хөрөнгөөр захиалан бариулсан байр, орон сууц, объектыг өмчлөх эрхээ бүртгүүлэхдээ Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу мэдүүлэг гаргаж, нотлох баримтыг бүрдүүлж үйлчлүүлэх бөгөөд мэдүүлэгт шаардлагатай бол улс, аймаг, нийслэлийн мэргэжлийн комиссын барилга хүлээн авсан акт, улсын байцаагчийн дүгнэлтийг хавсаргана. Нийтийн зориулалттай орон сууцны тухайд улс, аймаг, нийслэлийн мэргэжлийн комиссын барилга хүлээн авсан акт нь энэхүү журмын 4.4.2-т зааснаар урьдчилан ирсэн бол жагсаалтын дагуу бүртгүүлэхээр мэдүүлэг гаргаж буй өмчлөгчид улсын комиссын актыг хавсаргах шаардлагагүй. Энэ тохиолдолд улсын бүртгэгч энэхүү журмын 8.12, 8.13-т заасан үндэслэл байгаа эсэхийг шалгаж бүртгэнэ” гэж заасан байх тул гуравдагч этгээд нарын гарсан мэдүүлгийг үндэслэж тэдгээрт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон хариуцагчийн үйлдлийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Нөгөөтэйгүүр нэхэмжлэлд 9 автомашины схем зургийг хавсаргасан, зохиогчийн нэгдсэн дүгнэлтэнд 9 автомашины зогсоолоор тусгагдсан, уг схем зургийн дагуу авто зогсоол захиалгын гэрээг байгуулсан гэх боловч тухайн схем зургийг хэн баталсан нь тодорхойгүй, барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын актанд 19 автомашины зогсоолоор тусгагдсан, схем зурагт хэзээ өөрчлөлт орсон эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримтыг холбогдох байгууллагуудаас удаа дараа шаардсан боловч нотлох баримт байхгүй үндэслэлээр тус шүүхэд ирүүлээгүй бөгөөд нэхэмжлэгч нараас дээрх автомашины зогсоолуудыг өмчлөх талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд өргөдөл гаргаагүй байх тул тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Мөн маргаан бүхий барилгыг 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ашиглалтанд оруулсан бөгөөд уг барилгыг ашиглалтанд оруулах улсын комиссын даргаар ажилласан Д.Жүрмэддорж нь тухайн актанд гарын үсэг зураагүй болох нь тус шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна.
Хэдийгээр уг улсын комиссын даргаар ажилласан Д.Жүрмэддорж нь тухайн актанд гарын үсэг зураагүй нөхцөл байдал тогтоогдож байгаа боловч тухайн үндэслэлээр маргаан бүхий актыг илт хууль бусад тооцох үндэслэлгүй байна.
Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно” гээд 47.1.2-т “бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй” гэж заасан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 72 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “барилга байгууламжийг ашиглалтанд оруулах дүрэм”-ийг баталсан бөгөөд уг дүрмийн 2 дугаар зүйлийн 2.4-д “Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын акт, дүгнэлтийг үндэслэн комиссын дарга бүртгэлийн дугаар олгосноор тухайн барилга байгууламж ашиглалтанд орсонд тооцно” гэжээ.
Мөн уг дүрмийн 1 дүгээр хавсралтаар “барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын болон техникийн комиссын хурлын дэг”-ийг, 2 дугаар хавсралтаар “барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын болон техникийн комиссын бүрэлдэхүүн”-ийг баталсан бөгөөд дэгийн 3 дугаар зүйлийн 3.1-д “комиссын гишүүдийн дөрөвний гурав буюу 75 хувийн ирц бүрдсэн тохиолдолд хурлыг хүчинтэйд тооцно, мөн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “комиссын гишүүд нь өгсөн санал дүгнэлтийнхээ биелэлтийг шалгаж, бүрэн биелсэн тохиолдолд актад гарын үсэг зурж баталгаажуулна” гэж заасан бөгөөд тухайн комисс нь өөрөө хамтын шийдвэр гаргадаг байх тул нэг гишүүн /комиссын дарга/ гарын үсэг зураагүй үндэслэлээр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т зааснаар бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй гэж маргаан бүхий захиргааны актын холбогдох /зоорийн давхрын автомашины зогсоол/ хэсгийг илт хууль бус болохыг тогтоох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Нөгөөтэйгүүр маргаан бүхий улсын комиссын актаар тухайн барилгыг бүхэлд нь ашиглалтанд оруулсан бөгөөд нэхэмжлэгч нар нь үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгүй хэдий ч тухайн авто зогсоолуудыг худалдан авах гэрээ байгуулсан, авто зогсоолыг бодит байдал дээр ашигладаг болох нь хэргийн оролцогч нарын тайлбараар нотлогдож байх тул нэг гишүүн /комиссын дарга/ гарын үсэг зураагүй үндэслэлээр захиргааны актын холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоох нь нэхэмжлэгчид сөрөг үр дагавар бий болгохоор байна.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106,2, 106.3.14 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.5, 17 дугаар зүйлийн 17.1, 18 дугаар зүйлийн 18.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.2-д заасныг тус тус баримтлан У, Б нарын нэхэмжлэлтэй УБЕГ, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар нарт холбогдох “Барилга, байгууламжийг ашиглалтанд оруулсан 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 209/2013 дугаар улсын комиссын актын зоорины давхарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, зураг төсөл, улсын стандарт шаардлагад нийцээгүй Т Y-2206*******, Т Y-22060******* нарын дугаар бүхий улсын бүртгэлийг хүчингүй болгуулахыг хүссэн” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын улсын тэмдэгтийн хураамжид тус бүр төлсөн 70200 төгрөгнөөс төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ