Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 54

 

               Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалж, 

                Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ,

                Улсын яллагч: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Баярмагнай,

                Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Мөнхөө,

                Шүүгдэгч: Ц.Гантөмөр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

                Увс аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хаан овогт Цэзэнгийн Гантөмөрт холбогдох эрүүгийн 201620000109 тоот хэргийг 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                Биеийн байцаалт :  

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 07 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 40 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, Увс аймгийн Улаангом сумын 12-р багийн 04 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, Увс аймаг дахь сум дундын шүүхийн 1999 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 166 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 16 хоногийн хугацаагаар хорих ял, Увс аймаг дахь сум дундын шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 261 тоот Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 16 хоног, Ховд аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 19 тоот Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3, 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсгүүдэд зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 41 тоот Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ял, Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 114 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, РД:ОЭ76072474, Хаан овогт Цэзэнгийн Гантөмөр.  

            Хэргийн товч утга:

 

Шүүгдэгч Ц.Гантөмөр нь 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 04 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн 03-04 тоотод оршин суух иргэн Ц.Ганболдын гэрээс хөргөгч, угаалгын машин, металл зүсэгч, цахилгаан өрөм, 20 кг ямааны мах зэрэг эд зүйл хулгайлж, нийт 479.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн давтан үйлдлээр 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Улаангом сумын 9-р багийн 27-01 тоотод оршин суух иргэн Д.Алтансувдын гэрт нэвтрэн орж 3 ширхэг мөнгөн аяга, Скай загварын гар утас, телевизийн суваг дамжуулагч, хөнжлийн уут, 3 кг хонины мах, 1500 рубль зэрэг эд зүйл хулгайлж, нийт 307.445 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

                1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 24-26, 48-51, 52-53, 54-56-р тал/,

    2. “Увс Финанс-Аудит” ХХК-ий шинжээчийн “Эд зүйлс үнэлсэн тухай” 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 175 дугаартай дүгнэлт /хх-ийн 37-38-р тал/,

    3. Хураан авах тогтоол, Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 57-60, 61-63, 65-67, 69-70, 72-74-р тал/,

    4. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 64, 68, 71, 75-р тал/,

    5. Хохирогч Ц.Ганболдын мөрдөн байцаалтад өгсөн: “Би Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн 04 тоотод төрсөн дүү Ц.Гантөмөрийн хамт амьдардаг. Би 2016 оны 04 дүгээр сарын эхээр Улаанбаатар хотруу өөрийн ачааны автомашинтайгаа тээвэрт явсан. Тухайн үед Ц.Гантөмөр Улаанбаатар хотод байсан. Би Улаанбаатар хотод очоод дүү Ц.Гантөмөрийг “Гэртээ очоод байж бай” гэж хэлээд хоол, унааны мөнгө өгөөд явуулсан. Ц.Гантөмөр 2016 оны 04 дүгээр сарын дунд үеэр Улаангом сумруу автобусанд сууж явсан. Тэр өдрөөс хойш Ц.Гантөмөртэй холбоо бариагүй, уулзаагүй байж байтал 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр намайг Улаанбаатар хотод байхад төрсөн ах Ц.Ганзориг гар утсаар залгаад “Ц.Гантөмөр танай гэрээс хөргөгч, угаалгын машин, металл зүсэгч, өрөм, мах зэргийг чинь хулгайлаад аваад явсан байна. Би цагдаад мэдэгдчихлээ” гэж хэлсэн. Манай гэрийн түлхүүр Ц.Гантөмөрт байдаг бөгөөд манай хашаанд төрсөн ах Ц.Ганзоригийн гэр байдаг юм. Манай гэрээс LG маркийн 2 хаалгатай, саарал өнгөтэй, хуучин, ашиглаж байсан, 1.60х70 см хэмжээтэй, Солонгос улсад 2010 онд үйлдвэрлэсэн, цахилгаанаар ажилладаг хөргөгч 1 ширхэг, цагаан өнгөтэй, 2 хаалгатай, угааж, сэгсэрдэг 2 үйлдэлтэй, цахилгаанаар ажилладаг, 2008 онд Хятад улсад үйлдвэрлэсэн угаалгын машин 1 ширхэг, Ken нэртэй, улаан өнгөтэй, Модел 6210 ER, цахилгаанаар ажилладаг, 2013 онд Хятад улсад үлдвэрлэсэн металл зүсэгч 1 ширхэг, Ken нэртэй, цахилгаанаар ажилладаг, Модел 9210, 2013 онд Хятад улсад үлдвэрлэсэн өрөм 1 ширхэг тус тус хулгайлагдсан байсан. Мөн хөргөгч дотор байсан 20 кг ямааны мах бас хулгайлагдсан. Би махнаас бусдыг нь Ц.Гантөмөрийг хүмүүст зарсан байсныг нь буцааж хүлээж авсан. Би металл зүсэгчийг 70.000, өрөмийг 70.000, хөргөгчийг 300.000, угаалгын машиныг 50.000, ямааны махыг 1 кг-ыг нь 3.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Ц.Гантөмөр олон удаа хулгайн хэрэг үйлдэж, олон удаа цагдаад шалгуулж ял эдэлж байсан засрашгүй хулгайч байгаа юм. Архи их уудаг. Гэр бүлгүй тусдаа гараагүй. Ц.Гантөмөр цэргийн алба хаасан бөгөөд бие эрүүл мэндийн байдлын хувьд эрүүл саруул,  хэвийн хүн юм. Тамхи татдаг. Зан байдлын хувьд худалч, зальтай, итгэлгүй хүн юм. Ц.Гантөмөрт ямарч эд хөрөнгө байхгүй. Манай гэрт надтай хамт амьдардаг юм. Алдагдсан эд зүйлс нь миний өмч хөрөнгө байгаа юм. Ц.Гантөмөрийн өмч хөрөнгө биш юм. Ц.Гантөмөр нь зүгээр л манай гэрт амьдардаг нэртэй бөгөөд ам бүлийн тоонд орж явдаг боловч түүнд ямар нэгэн өмч хөрөнгө байхгүй. Би Ц.Гантөмөрийг шоронд орсоны дараа дээрх эд зүйлсийг худалдаж авсан. Би зах дээрээс хөдөөний мах зарж байсан хүнээс 15 кг ямааны махыг 1 кг-ыг нь 3000 төгрөгөөр худалдаж аваад уутанд хийгээд хэрэглэлгүйгээр хөрөгчиндөө хадгалсан байсан. Мөн манай хөргөгчинд урьд нь 5 кг ямааны мах байсан. Нийт манай хөргөгчинд 20 кг ямааны мах байсан. Намайг Улаанбаатар хотоос ирэхэд дээрх мах нь бүгд байхгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 78-81-р тал/,

6. Гэрч Д.Батхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр би гэрээсээ гараад Улаангом суманд орж ирээд “Цас тогтох” дэлгүүрийн дэргэд явж байгаад өөрийн найз Эрдэнэтэй тааралдаад Бааст гэх айлд очиход Ц.Гантөмөр, Бааст нар байсан. Тэгээд тэднийд сууж байтал Ц.Гантөмөр надтай “Ярих зүйл байна хоёулаа Баастын гэрээс гаръя” гээд хамт гадна гарсан. Ц.Гантөмөр надад хандаж “Би Улаанбаатар хотруу шилжих гэж байна. Манай хуучин угаалгын машин, хөргөгч 2 байна. Чи худалдаж аваач” гэсэн. Тэгэхээр нь би “Чи согтуу хаанаас юу авч өгөх гэж байна” гэхэд “Би өөрөө мэдэж байна. Миний өөрийн зүйл байгаа юмаа” гэхэд нь “3а за тэгвэл чамайг эрүүл болохоор чинь авья” гэж хэлээд явсан. Маргааш нь Ц.Гантөмөр залгаад “Чи хаана байна. Би гэртээ байна. Портер аваад хүрээд ир” гэсэн. Тэгэхээр нь би зах дээрээс нэг хөлсний портер хөлслөөд Ц.Гантөмөрийн гэрт яваад очиход урд талын хашаанаасаа надад 1 хөргөгч, 1 угаалгын машин гаргаж өгсөн. Ц.Гантөмөр намайг “Нийтэд нь 140.000 төгрөг өгөөд ав” гэж хэлсэн. Тухайн үед надад 60.000 төгрөг байсан болохоор би түүнийг Ц.Гантөмөрт өгөөд “80.000 төгрөгийг нь маргааш авчих” гэж хэлээд хөргөгч, угаалгын машин хоёрыг аваад гэрлүүгээ явсан. Түүнээс хойш би дахиж Ц.Гантөмөртэй уулзаж чадаагүй. Би Ц.Гантөмөрийн гэрээс 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр очиж хөргөгч, угаалгын машин хоёрыг авсан. Тэгээд цагдаа нар ирж хөргөгч, угаалгын машиныг хурааж авахад нь хулгайн зүйл юм байна гэдгийг нь мэдсэн. Ц.Гантөмөр нь надад учирсан хохирлыг төлж барагдуулаагүй. Би Ц.Гантөмөрөөс эд зүйл худалдаж авсан 60.000 төгрөгөө нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 83-84-р тал/

7. Гэрч С.Цэвээний мөрдөн байцаалтанд өгсөн: “2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр  Нэргүй гэх залуу хажуудаа Ц.Гантөмөртэй хамт ирээд “Металл зүсэгч зарна, авчихаач” гэхээр нь би 25.000 төгрөгөөр худалдаж авсан. Мөн маргааш нь буюу 2016 оны 04 дүгээр сарны 16-ны өдөр дахин Нэргүй, Ц.Гантөмөр нар өрөм авч ирэхээр нь мөн 25.000 төгрөгөөр авсан. Би өөрөө Улаангом сумын Итгэлт зах дээр худалдаа наймаа эрхэлдэг юм. Надад өрөм, металл зүсэгч авч ирж өгөхөд нь би хулгайн эд зүйл гэдгийг нь мэдээгүй. Ц.Гантөмөрөөс “Эдгээр зүйлийг хаанаас авч ирж байгаа юм бэ” гэхэд “Улаанбаатар хотод ашиглаж байсан багаж юм. Авчихаач” гээд гуйгаад байхаар нь авчихсан юм. Ц.Гантөмөр нь надад учирсан хохирлыг төлж барагдуулаагүй. Би Ц.Гантөмөрөөс металл зүсэгчний 25.000 төгрөг, цахилгаан өрөмний 25.000 төгрөг, нийт 50.000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53-р тал/

                8. Хохирогч Д.Алтансувдын мөрдөн байцаалтад өгсөн: “Манайх Улаангом сумын 9 дүгээр багийн 27-01 тоотод ганц гэрээрээ байдаг. Би гэртээ нөхөр Х.Амартүвшин болон 1 хүүхдийнхээ хамт амьдардаг.  Нөхөр Амартүвшин бид хоёр хөдөө малтай бөгөөд хааяа гэрээ эзэнгүй орхиод хөдөө малаа маллахаар явчихдаг. Манай нөхөр Амартүвшин 2016 оны 02 дугаар 27-ны өдөр малаа маллахаар хөдөө явсан. Би гэртээ хүүхдийнхээ хамт байж байгаад нөхөр Амартүвшингийн араас 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүүхдээ аваад явсан. Явах үедээ гэрээ цоожлоод хадам ах Батаагийн хүү Алтангэрэлд “Гэр орон эргэж тойрч харж байгаарай” гэж хэлчихээд явсан. Тэгээд бид хөдөө байж байгаад 2016 оны 04 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө 01 цагийн үед нөхөр Амартүвшин болон хүүхдийнхээ хамтаар гэртээ иртэл гэр дотор дүү Алтангэрэл ганцаараа унтаж байсан. Бид нарыг орж ирэх үед Алтангэрэл сэрээд нөхөр Амартүвшин бид хоёрт “Өнөөдөр танайд хулгай орсон байна. Цоожийг нь эвдлээд орсон байна. Би цагдаад мэдэгдсэн байгаа” гэж хэлсэн. Нөхөр Амартүвшин бид хоёр тухайн үед түүнийг сонсоод өглөө босож байгаад энэ асуудлыг ярья гэж хэлчихээд унтаж амраад 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өглөө босоод гэр дотор байсан эд зүйлсээ шалгаж үзэх үед авдар дотор байсан 3 ширхэг мөнгөн аяга алга болсон байсан. Тэгээд 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр цагдаагийн газарт очиж 3 мөнгөн аяга алдагдсан талаар тайлбар өгсөн. Тайлбар өгсөнийхөө дараа гэртээ буцаж ирээд эд зүйлсээ дахин нарийн шалгаж үзэх үед телевизийн суваг гаргадаг Скай нэртэй Скайтелийн гар утас, нөхөр Амартүвшингийн түрийвч дотор байсан 1500 рубль, зурагтны тавиурны дэргэд байсан 50.000 төгрөгөөр худалдаж авч байсан суваг гаргадаг прим, хөнжлийн даавууны уут, хөргөгч дотор байсан хонины 3 кг мах зэрэг эд зүйлс алга болсон байсан. Алдагдсан эд зүйлсийн содон шинж тэмдэг гэвэл 1. Ёроол нь салчихсан, амсар хэсэгтээ Наранбулаг 60 жил гэсэн бичигтэй, хээгүй, цулгуу, 2012 онд Монгол улсад үйлдвэрлэсэн, 3 жил ашигласан, хуучин мөнгөн аяга. 2. Ёроолдоо морины дүрстэй, ёроол хэсэг нь салж байсан, хээтэй, 2013 онд Монгол улсад үйлдвэрлэсэн, 3 жил ашигласан, хуучин, дунд гарын мөнгөн аяга. 3. 2013 онд Монгол улсад үйлдвэрлэсэн, 3 жил ашигласан, ёроолдоо загасны дүрстэй, их гарын мөнгөн аяга. 4. 1 сим карт ордог, хуучин, ашиглаж байсан, цагаан өнгөтэй, нугасгүй, мэдрэгчтэй, гадна талын никль хүрээ нь салаад уначихсан Скай гар утас. 5. Хонины мах 3 кг. 6. 50х40 см хэмжээтэй даавуун материалтай, ягаан, хөх хосолсон өнгөтэй, цэцэгтэй хатгамалтай, хуучин хэрэглэж байсан хөнжлийн уут. 7. Хар өнгөтэй, Т2-601, DV3 гэсэн бичигтэй, 10 суваг гардаг, 2015 оны 12 дугаар сард 50.000 төгрөгөөр худалдаж авч байсан, хуучин, Сет топ бокс прим. 8. Оросын 1500 рубль дэвсгэрт 1 ширхэг зэрэг зүйлс алдагдсан байсан. Би алдагдсан эд зүйлсээ зах зээлийн ханшаар үнэлнэ. Би гомдолтой байна. Учирсан хохирлоо гаргуулж авмаар байна” гэх мэдүүлэг /хх-ийн 89-90-р тал/,

                - Хохирогч Д.Алтансувдын мөрдөн байцаалтад дахин өгсөн: “Ц.Гантөмөр нь манайд учирсан хохирлоос төлж барагдуулаагүй. Би цагдаа дээр хураагдсан байсан зурагтны суваг дэмжуулаг прим, хөнжлийн уут хоёрыг хүлээж авсан. Бусад зүйлсийг аваагүй. Одоо 3 мөнгөн аяга, гар утас, рубль, хонины мах зэрэг зүйлсийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 91-р тал/,

                9. Гэрч Х.Отгонбаярын мөрдөн байцаалтад өгсөн:  “2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр би үд дундын үед гэрийнхээ ойролцоо байдаг дугуй засварын хажууд явж байтал нэрийг нь мэдэхгүй зүс таних залуу “Хүүхдийн дугуй зарна” гэж байхаар нь “Хэдээр зарах юм. Би авья” гэж хэлэхэд “30.000 төгрөгөөр өгнө” гэхээр нь би худалдаж авсан юм. Одоо тэр дугуй надад байхгүй бөгөөд цагдаа нар ирээд хураагаад авчихсан. Би тухайн үед тэр дугуйг хулгайн зүйл гэдгийг мэдээгүй бөгөөд цагдаа нар ирж хурааж авахад л мэдсэн юм. Ц.Гантөмөр надад учирсан хохиролыг төлж барагдуулаагүй. Надад Ц.Гантөмөрөөс нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 92-р тал/,

    10. Гэрч Ц.Ганзоригийн мөрдөн байцаалтад өгсөн:  “Манай гэр Улаангом сумын 9-р багт байдаг бөгөөд манай хашаанд дүү Ц.Ганболд мөн гэрээрээ байдаг юм. Манайх байшинд, дүү Ц.Ганболдынх гэрт байдаг. Дүү Ц.Ганболд 2016 оны 04 дүгээр сард Улаанбаатар хотруу явсаны дараа дүү Ц.Гантөмөр Улаанбаатар хотоос ирж Ц.Ганболдын гэрт амьдарч байсан. Нэг өдөр Ц.Ганболдын гэрт ороход гэрт нь байсан хөргөгч, угаалгын машин, цахилгаан өрөм, металл зүсэгч, хөргөгчинд байсан ямааны мах зэрэг эд зүйлс нь алга болсон байсан. Тухайн үед Ц.Гантөмөр орон дээр унтаж байхаар нь би сэрээгээд “Энэ айлын эд зүйлс хаана байна” гэж асуухад шал согтуу, ямар ч ухаангүй байсан. Тэгээд би энэ талаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм. Ц.Ганболдын гэрээс алдагдсан дээрх эд зүйлс нь Ц.Ганболдын эзэмшлийн эд зүйлс юм. Ц.Гантөмөрт ямар ч эд хөрөнгө байхгүй. Ц.Гантөмөр нь Увс аймгийн Улаангом суманд төрсөн бөгөөд Улаангом сумын 2-р сургуулийг 10-р анги төгссөн. Уул нь суурь хүмүүжил сайтай байсан боловч 1995 оноос хойш архинд орж бусдын эд зүйлсийг хулгайлдаг болсон. Урьд өмнө нь удаа дараа хулгайн гэмт хэрэгт шалгагдаж ял шийтгүүлж байсан. Бусдын эд хөрөнгө, өөрийн эд хөрөнгө гэж ялгалгүй хулгайлаад зарчихдаг муу зантай. Уг нь хувийн зохион байгуулалт сайтай, цэвэрч нямбай, ямар нэгэн ажлыг их сайн цэвэрхэн нямбай хийчихдэг юм. Одоогоор тодорхой оршин суух хаяггүй, ах Ц.Ганболдынхоо гэрээр болон ах, дүү нарынхаа гэрээр дамжиж байдаг. Гэр орон, гэр бүлгүй ганц биеэрээ тэнүүчилж амьдардаг хүн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 93-94-р тал/,

    11. Гэрч Д.Насанжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “Би Ц.Гантөмөрийг нэг багт хамт амьдарч байсан гэдэг утгаар нь нилээн эртнээс таньж мэднэ. Ц.Гантөмөр 2016 оны 04 дүгээр сарын сүүлээр манайд ирэхдээ зурагтын прим, хөнжлийн уут, Скай загварын гар утас, мөнгөн аяганы мөнгө гэж мөнгө, мах зэрэг зүйл авч ирсэн. Ц.Гантөмөр нь тухайн эд зүйлсийг гэрээсээ авч ирсэн гэж хэлж байсан. Ц.Гантөмөр Скай загварын гар утас, хөнжлийн уут, зурагтны прим зэрэг зүйлсийг надад өгсөн. Мөнгөн аяганы мөнгө гэж авч ирсэн мөнгийг “Зарж борлуулж өгөөч” гэхээр нь би зах дээр алт мөнгөний дархан хийдэг Батсүх гэдэг хүнд 60.000 төгрөгөөр өгсөн. Түүнээс надад 45.000 төгрөг өгсөн. Би тухайн 45.000 төгрөгийг Ц.Гантөмөрт аваачиж өгөөд Ц.Гантөмөр уг мөнгөөр архи авч уугаад дууссан. Мах авч ирсэн бөгөөд хэдэн кг мах байсныг мэдэхгүй. Тухайн махыг зарж борлуулсан зүйл байхгүй. Манайд хоол хийгээд идчихсэн. Гар утсыг хүнд түр бариулсан байгаа. Тэр хүн нь олдохгүй байна. Одоо надад прим, хөнжлийн уут байгаа. Би тэдгээр эд зүйлсийг хулгайн эд зүйлс гэж мэдээгүй бөгөөд цагдаагаас хүн ирж уулзах үед л мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 95-р тал/, 

    12. Гэрч Ц.Батбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн гэртээ амарч байх үед өглөө 10 цагийн орчимд Нэргүй миний 88459921 дугаарлуу 88457507 гэсэн дугаараас залгаад “Би Мөнхбаатарын гэрт байна. Ц.Гантөмөр хотоос ирчихсэн бид нар хамт байна. Хүрээд ир” гэж хэлсэн юм. Тэгээд би Мөнхбаатарын гэрт очсон. Гэрт нь очих үед Мөнхбаатар, Нэргүй, Гантулга, Ц.Гантөмөр нар архи уугаад сууж байсан. Архиа ууж дуусгаад Ц.Гантөмөр “Манайд очьё” гэхэд нь Нэргүй “Чи хулгай хийх гэж байгаа бол бид нар очихгүй” гэхэд Ц.Гантөмөр “Үгүй, миний ажлын багаж байгаа. Түүнийгээ очиж авах гэсэн юм” гэж хэлсэн. Ц.Гантөмөрийг тэгж хэлсэн болохоор Нэргүй, Гантулга, Мөнхбаатар бид нар Ц.Гантөмөртэй  хамт гэрлүү нь такси бариад явсан юм. Тэгээд Ц.Гантөмөрийн хашааны гадна очоод Ц.Гантөмөр ганцаараа тэр хашааруу гүйж ороод улаан хүрэн өнгөтэй металл зүсэгч авч гарч ирсэн. Тэгээд Ц.Гантөмөр “Зах орно” гэхээр нь таксины жолооч бид нарыг зах дээр буулгачихаад яваад өгсөн. Ц.Гантөмөр, Нэргүй нар мателл зүсэгч багажийг Цэвээн гэдэг хүнд хүргэж өгөөд түүнээс 25.000 төгрөг авсан. Мөнгөө авчихаад Ц.Гантөмөр “Улаан уул гарцгаая” гээд Батсуурь гэдэг хүний таксинд суугаад дэлгүүрээс 2 шил архи авсан. Тэгээд бид “Улаан уул”-ын рашаан дээр очиж авсан архиа ууж дуусгаад 13 цагийн үед Улаангом сумын төв орж ирцгээсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 96-р тал/, 

   - Гэрч Ц.Батбаярын мөрдөн байцаалтанд дахин өгсөн: “2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр баасан гариг байсан бөгөөд Ц.Гантөмөр өөрийнхөө амьдарч байсан хашаан дотроос 1 ширхэг хүрэн өнгийн металл зүсэгч авч гарч ирсэн. Тухайн үед Нэргүй, Гантулга, Мөнхбаатар бид нар хамт явсан бөгөөд Ц.Гантөмөр бид нартай хамт зах гарч уг металл зүсэгчээ Цэвээн гэх хүнд 25.000 төгрөгөөр зарсан. Тэр өдөр Ц.Гантөмөр ганцхан металл зүсэгч авч гарч ирсэн бөгөөд өөр зүйл авч ирээгүй. Бид тухайн үед Ц.Гантөмөрийг хулгай хийж байна гэж мэдээгүй. Хамт явсан хүмүүс “Ямар учиртай багаж аваад ирэвээ” гэж асуухад “Миний өөрийн багаж байгаа юм. Би Улаанбаатар хотод ажил хийж байгаад ирсэн. Хотод ашиглаж байсан багаж маань байгаа юм” гэж хэлж байсан. Ц.Гантөмөр амьдардаг хашааруугаа ганцаараа орсон бөгөөд өөр хүн ороогүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 97-р тал/, 

    13. Гэрч Ц.Нэргүйгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би Ц.Гантөмөртэй 1 жил орчим уулзаагүй байсан. 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр би лото тоглуулах гэж байтал миний утасруу Ц.Гантөмөр залгаад “Би ирчихсэн байна. Энд хашаа хороогоо янзлаад буцаж Улаанбаатар хотруу ажилруугаа явна. Магнай трейдийн доод талд хүрээд ир” гэхээр нь би Гантулга, Мөнхбаатар нарын хамт Мөнхбаатарын машинаар Ц.Гантөмөрийн байгаа газарт очсон. Бид нарыг Магнай трейдийн доод талд очиход Ц.Гантөмөр байхгүй байсан ба удалгүй нэг хашаан дотроос гарч ирсэн. Тухайн үед Ц.Гантөмөр биедээ ямар нэгэн эд зүйл авч яваагүй бөгөөд Ц.Гантөмөр “Та нар энэ газар зогсож бай. Би гэрлүү орчихоод гараад ирье” гэж хэлээд хашааруугаа гүйгээд орчихсон. Ц.Гантөмөрт бид нар “Чи гэр орноосоо хулгай хийж болохгүй шүү” гэж хэлсэн. Тэр удалгүй хашаанаасаа улаан хүрэн өнгөтэй хуучин металл зүсэгч барьчихсан гарч ирсэн. Бид нар түүнийг харчихаад “Чи хулгай хийж байгаа юм биш биз дээ” гэхэд “Би өөрөө хотоос авч ирсэн юм” гэж хэлсэн. Тэгээд бид нар бөөнөөрөө гурилын захын ард очоод Ц.Гантөмөр бид хоёр Цэвээн гэдэг хүнд металл зүсэгчээ 25.000 төгрөгөөр зарсан. Тухайн үед 11 цаг болж байсан бөгөөд бид нар мөнгөө авчихаад захын гаднаас Батсуурь гэх хүний таксинд суугаад Улаан уулын рашаан гарсан. Замдаа дэлгүүрээс 0.5 литерийн Тэргүүн архи 1 ширхэг, 0.75 литерийн Тэргүүн архи 1 ширхэг, 2 хайрцаг тамхи худалдаж авсан. Улаан уулын рашаан дээр очоод авсан архиа хувааж уучихаад харьцгаасан бөгөөд намайг харих үед бүрэнхий болж байсан. Маргааш нь би гэртээ байж байтал өглөө 09 цагийн орчим миний дугаарлуу Ц.Гантөмөр залгаад “5000 төгрөг байна. Би танайхруу очихуу” гэхэд би “Тэг тэг” гэж хэлсэн. Удалгүй Ц.Гантөмөр биедээ ямар нэгэн эд зүйлгүй хоосон ирэхээр нь би 5.000 төгрөг дээр нь өөрөөсөө мөнгө нэмээд дэлгүүрээс бид хоёр Модун нэртэй 0.75 литерийн нэг шил архи авч манай гэрт хувааж уусан. Архиа ууж дуусгасны дараа Ц.Гантөмөр бид хоёр Баярхүү гэдэг найзыгаа утсаар дуудсан. Удалгүй Баярхүү машинтайгаа эхнэр Нараагийн хамт ирсэн. Тэр хоёрыг ирсэний дараа Ц.Гантөмөр “Манай гэрт очьё” гэж хэлэхээр нь түүнийг дагаад Нараа, Баярхүү хоёрын машинтай хамт Ц.Гантөмөрийн гэрийн ойролцоо очиж зогссон. Ц.Гантөмөр машинаас буугаад хашааруу ороод удалгүй улаан хүрэн өнгөтэй хуучин дрилл өрөм барьчихсан гарч ирсэн. Тэр үед бид “Чи хулгай хийгээд байгаа юм уу” гэхэд “Би хотоос авч ирсэн. Минийх байгаа юм. Миний ажлын багаж” гэж хэлсэн. Тэгээд бид нар Ц.Гантөмөрийг суулгаад зах дээр байх Цэвээн ах дээр очоод Ц.Гантөмөр бид хоёр түүнд уг өрөмийг 25.000 төгрөгөөр зарсан. Ц.Гантөмөр 25.000 төгрөгнөөс 10.000 төгрөгийг нь найз Баярхүүд “Машиндаа бензин хий” гэж хэлээд өгсөн. Үлдсэн мөнгөөр нь архи авч Баярхүүгийн гэрт очиж ууцгаасан. Тэгээд үд дунд өнгөрч байхад Ц.Гантөмөр бид хоёр Нараагийн машинтай Улаангом сумын төв ороод би шууд гэртээ харьсан. Түүнээс хойш Ц.Гантөмөртэй дахиж уулзаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 98-99-р тал/, 

   - Гэрч Ц.Нэргүйгийн мөрдөн байцаалтад дахин өгсөн: “...Ц.Гантөмөр тухайн гэрт амьдарч байсан бөгөөд бид нар гэр нь юм байх гэж бодсон. Ц.Гантөмөрөөс тухайн үед ямар учиртай эд зүйл болох талаар асуухад “Би Улаанбаатар хотод ажиллаж байхдаа авсан багаж байгаа юм” гэж хэлж байсан. ...Ц.Гантөмөр надтай хамт явахдаа ямар нэгэн мах авч ирсэн удаа байхгүй. Ц.Гантөмөр надтай хамт явж байгаад 2 удаа гэрлүүгээ орж эд зүйл авч гарч ирсэн. Эхлээд 2015 оны 04 дүгээр сарын 15-нд металл зүсэгч, маргааш нь буюу 04 дүгээр сарын 16-нд цахилгаан өрөм авсан. Өөр зүйл аваагүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 100-р тал/,

    14. Гэрч Б.Мягмаржавын мөрдөн байцаалтад өгсөн: “Би Ц.Гантөмөртэй 2016 оны 04 дүгээр сарын үед уулзсан юм. Тухайн үед би гэртээ ганцаараа байж байтал өглөөгүүр Ц.Гантөмөр манайд ирсэн. Тэр торон дор мах хийчихсэн ирсэн ба яг ямар малын, хичнээн хэмжээний мах байсныг би мэдээгүй. Ц.Гантөмөр хажуудаа Эрдэнэ гэдэг залуутай явж байх шиг байсан. Ц.Гантөмөр нь манай гэрт ороод Эрдэнэ нь яваад өгчих шиг болсон. Тэгэд Ц.Гантөмөр авч ирсэн махаараа манайд хоол хийж идсэн. Хоол хийж идчихээд гадагшаа гарч яваад нэг шил архи авч ирсэн. Тэгж байтал гаднаас Эрдэнэ, Батхүү нар орж ирсэн. Тэд бөөндөө сууж байгаад гараад явцгаасан. Ц.Гантөмөр нь манайд махнаасаа бага зэргийг чанаж идсэн. Махаа чанаж идчихээд бусдыг нь аваад яваад өгсөн. Манай гэрт ямар нэгэн мах үдээгээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 101-р тал/,

    15. Гэрч Ц.Гантулгын мөрдөн байцаалтад өгсөн: “Би Ц.Гантөмөрийг танина. 2016 оны 04 дүгээр сарын 15-ны үеэр байх би Мөнхбаатартай хамт явж байтал Нэргүй ах утсаар яриад “Хүрээд ир” гэж хэлэхээр нь Нэргүй ах дээр очсон. Нэргүй ах тухайн үед “Ц.Гантөмөр хотоос ирчихсэн байна. Утсаар яриад байна. Очиж уулзья” гэж хэлсэн. Ингээд бид гурав Ц.Гантөмөрийн гэрийн ойролцоо очиж зогссон ба удалгүй Ц.Гантөмөр биедээ ямар нэгэн зүйл аваагүй хоосон гарч ирсэн. Тухайн үед 10 цаг болж байсан байх. Тэгээд Ц.Гантөмөр дэлгүүр орж 2 шил архи авсаныг нь бид нар Мөнхбаатарын гэрт очиж ууцгаасан. Архи уугаад дуусаж байтал гаднаас Батбаяр орж ирсэн. Тэгээд байж байтал Ц.Гантөмөр “Манайд очоод ирье” гэж хэлсэн бөгөөд бид түүний саналыг зөвшөөрч такси бариад Нэргүй, Мөнхбаатар, Батбаяр бид нар Ц.Гантөмөртэй хамт түүний гэрлүү явсан. Тэгээд Ц.Гантөмөрийн хашааны ойролцоо очиж зогсоход Ц.Гантөмөр “Та нар хүлээж бай” гэж хэлчихээд хашааруугаа гүйж ороод улаан өнгөтэй металл зүсэгч багаж барьчихсан гарч ирсэн. Тухайн үед бид нар “Энэ ямар учиртай эд вэ. Чи яах гэж байгаа юм” гэж асуухад “Улаанбаатар хотод миний ажил хийж байсан багаж байгаа юм. Зарж архи авч ууцгаая” гэж хэлсэн. Тэгээд зах дээр очоод Нэргүй, Ц.Гантөмөр нар нөгөө металл зүсэгч багажаа авч яваад удалгүй багажгүй буцаж ирцгээсэн. Түүний дараа бид тав захын гадна талаас такси бариад “Улаан уул”-ын рашаан дээр очиж архиа ууж дуусгаад үд дундын үед гэр гэрлүүээ харьцгаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 103-р тал/,

    16. Гэрч Э.Мөнхбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “Би Ц.Гантөмөрийг Нэргүйгийн найз гэдгээр нь танина. Бидэнд садан төрлийн холбоо байхгүй. Би 2016 оны 04 дүгээр сарын 15-ны үеэр байх Ц.Гантулгатай хамт өөрийн эзэмшлийн 62-57 УВХ улсын дугаартай Аксент маркийн машинтай явж байтал Нэргүй ах утсаар яриад “Хүрээд ир” гэж хэлэхээр нь найз Гантулгын хамт Нэргүй ахтай очиж уулзсан. Нэргүй ах “Ц.Гантөмөр ирчихсэн яриад байна, очиж уулзья” гэж хэлсэн. Тэгээд бид гурав Ц.Гантөмөрийн гэрийн гадаа очиж зогссон ба удалгүй Ц.Гантөмөр хашаанаасаа гарч ирээд машинд суусан. Ц.Гантөмөр гарч ирэхдээ биедээ ямар нэгэн зүйл авч гарч ирээгүй бөгөөд хоосон гарч ирсэн. Тэгээд Ц.Гантөмөр дэлгүүрээс 2 шил архи авсаныг бид нар манай хашаанд очиж уусан. Архи дуусаж байтал гаднаас Батбаяр орж ирсэн. Удалгүй Ц.Гантөмөр “Манай гэрт очьё” гэж хэлэхээр нь бид зөвшөөрч Ц.Гантөмөрийн гэрийн ойролцоо очиж зогссон. Ц.Гантөмөр хашааруугаа гүйж ороод удалгүй улаан өнгөтэй металл зүсэгч багаж торонд хийчихсэн гарч ирсэн. Тухайн үед бид нар “Энэ ямар учиртай эд вэ. Чи яах гэж байгаа юм. Хулгайн эд зүйл биш биз дээ” гэхэд “Улаанбаатар хотод миний ажил хийж байсан багаж байгаа юм. Хэдүүлээ зарж архи авч ууцгаая” гэж хэлсэн. Тэгээд Ц.Гантөмөр “Захруу явцгаая” гэж хэлсэн тул бид нар нөгөө такситайгаа явж зах дээр очиж буусан. Зах дээр буугаад Нэргүй, Ц.Гантөмөр хоёр нөгөө металл зүсэгч багажаа авч яваад удалгүй багажгүй хүрч ирсэн. Тэгээд бид нар захын гадна талаас ногоон өнгийн такси бариад “Улаан уул”-ын рашаан явцгаасан. Тэнд очоод архи ууж дуусгаад буцаж үд дундын орчимд таксиндаа суугаад гэр гэртээ харьцгаасан. Түүнээс хойш би дахиж Ц.Гантөмөртэй уулзаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 105-р тал/,

   17. Насанд хүрээгүй гэрч А.Жамсрангийн мөрдөн байцаалтад өгсөн: “Одоогоос 2 жилийн өмнө миний аав, ээж хоёр надад 180.000 төгрөгөөр Эксрев нэртэй хар өнгөтэй, нэг араатай унадаг дугуй авч өгсөн. Би 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 11 цагийн үед гэртээ ирээд амбаартаа орж дугуйгаа авч айлруу явах гэтэл миний дугуй байхгүй байсан. Би 2016 оны 04 дүгээр сарын 15-ны орой өөрийнхөө унадаг дугуйг амбаартаа хийж цоожилчихоод айлд хоночихоод маргааш нь ирэхэд миний дугуй алга болсон, амбаарын цоож эвдэрсэн байсан. Манай амбаар болон хашаанаас өөр эд зүйл алга болоогүй. Миний хулгайд алдсан дугуй Ахлах 3-р сургуулийн урд байх Эрчим хүчний станцийн урд айлд байсныг цагдаа нар авч ирж өгсөн. Миний унадаг дугуйг манай арын айлын Ц.Гантөмөр гэдэг хүн хулгайлсан байсныг сүүлд мэдсэн. Би унадаг дугуйгаа авчихсан тул одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 108-р тал/,

   18. Гэрч Н.Батсуурийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Ц.Гантөмөр гэх хүнийг танихгүй. Би 61-45 УВХ улсын дугаартай ягаан өнгөтэй Аксент марзийн автомашинтай бөгөөд хувиараа таксинд явдаг юм. 2016 оны 04 дүгээр сарын дунд үеэр байх зах дээр таксинд явах гээд зогсож байтал Нэргүй хажуудаа зүс үл таних 4 залуутай хамт ирсэн. Тэд нар бүгдээрээ бага зэрэг архи уусан шинжтэй, архи үнэртэж байсан. Тэгээд Нэргүй “Та бид нарт таксигаараа үйлчлээд өг” гэхээр нь тэд нарыг суулгаад “Улаан уул”-ын рашаан явсан. Замдаа Нэргүй хамт явж байсан нэг залуутайгаа дэлгүүр орж 2 шал архи авсан. Тэгээд рашаан дээр очиж авсан архиа бүгдээрээ ууж дуусгаад 13 цагт Улаангомд орж ирээд гэр гэртээ бууцгаасан. Түүнээс хойш би дахиж тэд нартай тааралдаагүй, уулзаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 110-р тал/,

     19. Гэрч Г.Нарантуулын мөрдөн байцаалтад өгсөн: “Би Ц.Гантөмөрийг сайн танихгүй. Тэр миний нөхөр Баярхүүгийн найз нь юм. 2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр би гэртээ нөхөр, хүүхдүүдийнхээ хамт байж байтал 10 цагийн үед Баярхүүгийн найз Ц.Гантөмөр, Нэргүй нар “Хүрээд ир” гэж дуудахаар нь нөхөр бид хоёр Нэргүйгийн гэрт очсон. Тэдний гэрт Нэргүй, Ц.Гантөмөр нар байсан ба Ц.Гантөмөр “Манайд очьё” гэж хэлэхээр нь Ц.Гантөмөр, Нэргүй нарыг суулгаад нөхрийн хамт Ц.Гантөмөрийн гэрийн хашааны орчимд нь очиж зогссон. Ц.Гантөмөр машинаас буугаад “Гэртээ ороод хувцасаа солиод ирье” гэж хэлээд хашааруугаа орчихсон. Удалгүй гартаа төмөр улаан өнгөтэй багаж барьчихсан гарч ирээд машинд суугаад “Зах орьё” гэж хэлсэн. Ц.Гантөмөр тухайн үед тэр зүйлээ “Минийх байгаа юм” гэж хэлж байсан. Зах дээр очоод Нэргүй, Ц.Гантөмөр нар машинаас буугаад нэг хүнтэй уулзаж байгаад нөгөө багажаа тэр хүнд өгчихөөд буцаж ирж машинд суусан. Ямар хүнд өгсөнийг нь би мэдэхгүй. Тэгээд бид хөдөлж замдаа Ц.Гантөмөр, Нэргүй нар дэлгүүр орж 1 шил 0.5 литерийн Тэргүүн нэртэй архи авч Чандманьд байх манай гэрт очиж уусан. Архиа ууж дуусгаад нөхөр бид хоёр Ц.Гантөмөр, Нэргүй нарыг Улаангомд хүргэж өгчихөөд гэрлүүгээ явсан. Түүнээс хойш дахиж тэр хоёртой нөхөр бид хоёр уулзаагүй. Ц.Гантөмөр гэрлүүгээ орж багаж авч гарч ирэхдээ гэрлүүгээ ганцаараа орсон. Ц.Гантөмөр надад бензины мөнгө гэж 10.000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 113-р тал/,

    20. Гэрч Ц.Баярхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Ц.Гантөмөр бид нар найзууд юм. 2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр гэртээ эхнэр, хүүхдүүдтэйгээ байж байтал Ц.Гантөмөр, Нэргүй нар залгаад “Хүрээд ир” гэхээр нь эхнэрийн хамт машинтайгаа Нэргүйгийн гэрт очсон. Нэргүйгийн гэрт Нэргүй, Ц.Гантөмөр хоёр байсан бөгөөд очоод удаагүй байтал Ц.Гантөмөр “Манайд очьё” гэж хэлэхээр нь бид нар Ц.Гантөмөрийн гэрийн гадаа очиж зогссон. Ц.Гантөмөр “Би гэрлүүгээ ороод хувцасаа солиод ирье” гэж хэлээд буусан ба удалгүй гартаа төмөр эд зүйл барьчихсан гарч ирээд машинд суусан. Тэгээд “Зах орьё” гэж хэлэхээр нь зах орсон. Зах дээр очоод Нэргүй, Ц.Гантөмөр нар нөгөө төмөр багажийг авч машинаас буугаад удалгүй хүрч ирсэн. Төмөр багажаа хэнд өгсөнийг нь би мэдээгүй. Тэгээд захаас хөдлөөд Нэргүй, Ц.Гантөмөр нар дэлгүүр орж 0.5 литерийн Тэргүүн нэртэй архи аваад Чандманьд байх манай гэрт очиж уг архийг уусан. Архи дууссаны дараа 12 цагийн үед Нэргүй, Ц.Гантөмөр нарыг эхнэр бид хоёр Улаангом суманд хүргэж өгчихөөд буцаад явчихсан. Дахиж тэр хоёртой уулзаагүй. Ц.Гантөмөр эд зүйл авахаар хашааруугаа орохдоо ганцаараа орсон юм. Ц.Гантөмөрийн авч гарч ирсэн төмөр багажийг ямар багаж гэдгийг би мэдээгүй. Улаан өнгөтэй зүйл байсан. Мөн Ц.Гантөмөрийг гэрээсээ хулгай хийж байгааг би мэдээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 115-р тал/,

    21. Гэрч Х.Амартүвшиний мөрдөн байцаалтад өгсөн: “Манайх Улаангом сумын 9 дүгээр багийн 27-01 тоотод ганц гэрээрээ байдаг. Би гэртээ эхнэр Алтансувд болон 1 хүүхдийнхээ хамт амьдардаг.  Эхнэр Алтансувд бид хоёр хөдөө малтай бөгөөд хааяа гэрээ эзэнгүй орхиод хөдөө малаа маллахаар явчихдаг. Намайг явсаны дараа эхнэр Алтансувд гэртээ хүүхэдтэйгээ хамт үлдсэн ба 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүүхдээ аваад араас ирсэн. Эхнэр араас ирэх үедээ дүү Алтангэрэлд “Гэр харж байгаарай” гэж хэлчихээд ирсэн байсан. Тэгээд бид хөдөө байж байгаад 2016 оны 04 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө 01 цагийн үед эхнэр Алтансувд болон хүүхдийнхээ хамтаар гэртээ иртэл гэр дотор дүү Алтангэрэл ганцаараа унтаж байсан. Бид нарыг орж ирэх үед Алтангэрэл сэрээд эхнэр Алтансувд бид хоёрт “Өнөөдөр танайд хулгай орсон байна. Цоожийг нь эвдлээд орсон байна. Би цагдаад мэдэгдсэн байгаа” гэж хэлсэн. Эхнэр Алтансувд бид хоёр тухайн үед түүнийг сонсоод “Өглөө босож байгаад энэ асуудлыг ярья” гэж хэлчихээд унтаж амраад 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өглөө босоод авдараа онгойлгож үзэх үед авдар дотор байсан  3 ширхэг мөнгөн аяга алга болсон байсан. Тэгээд 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр цагдаагийн газарт очиж 3 мөнгөн аяга алдагдсан талаар тайлбар өгсөн. Тайлбар өгсөнийхөө дараа гэртээ буцаж ирээд эд зүйлсээ дахин нарийн шалгаж үзэх үед телевизийн суваг гаргадаг Скай нэртэй Скайтелийн гар утас, нөхөр Амартүвшингийн түрийвч дотор байсан 1500 рубль, зурагтны тавиурны дэргэд байсан 50.000 төгрөгөөр худалдаж авч байсан суваг гаргадаг прим, хөнжлийн даавууны уут, хөргөгч дотор байсан хонины 3 кг мах зэрэг эд зүйлс алга болсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 117-р тал/,

    22. Гэрч У.Оюунчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Ц.Гантөмөрийг танихгүй. 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр би гэртээ байж байтал манай арын хашаанд байрлах Амартүвшингийн гэрээс нэг хүүхэд хүрч ирээд хашааны хаалга цохьсон. Тухайн үед 13 цаг болж байсан байх. Би хашааны хаалга дээр очих үед тэр хүүхэд надад “Амартүвшин ахын гэрлүү хулгай орсон байна” гэж хэлэхээр нь би тэр хүүхэдтэй мөр ул хайж байтал тэр хүүхдийн аав Батаа хүрч ирээд Цагдаагийн газарт дуудлага өгсөн бөгөөд тухайн өдөр салхи ихтэй байсан тул ул мөр олдохгүй байсан. 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Амартүвшингийн эхнэр Алтансувд надруу залгаад “Манай гэрийг харж байгаарай, би хөдөө явж байна. Гэр эзэнгүй үлдэж байгаа” гэж хэлсэн. Тэр өдрөөс хойш Амартүвшингийн гэрт Батаагийн хүүхэд байдаг байсан юм. Ихэнхдээ гэр нь эзэнгүй, цоожтой байдаг байсан. Хашаандаа ганц гэрээр байдаг айл байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 118-р тал/,

    23. Гэрч Б.Алтангэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: “Манай авга ах Амартүвшин эхнэр Алтансувдын хамт Улаангом сумын 9-р багийн 27-01 тоот хашаанд байрлах гэрээ цоожилж орхиод хөдөө малаа маллахаар явсан ба явах үедээ Алтансувд эгч намайг “Манай гэрт байж гэр орон харж хандаж байгаарай” гэж хэлээд 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр явсан. Би 2016 оны 04 дүгээр сарын 28-ны орой Амартүвшин ахын гэрт ганцаараа хоноод өглөө 09 цаг өнгөрч байх үеэр Амартүвшин ахын гэрийг жижиг цоожоор цоожлоод хичээлдээ явсан. Хичээлээсээ 12 цагийн орчимд Амартүвшин ахын гэрт ганцаараа ирэх үед хашааны хаалга нь нээлттэй байсан бөгөөд гэрийнхэн хаалганы цоожийг нь хэн нэгэн хүн эвдэлсэн шинжтэй зүүлттэй байсан. Би цоожийг аваад гэрлүү ороод Амартүвшин ахын авдрын хажууд очоод авдрыг нь онгойлгож үзэхэд дотор нь байсан 3 ширхэг мөнгөн аяга байхгүй байсан. Би тэр үед хулгай орсон байна гэж бодоод Амартүвшин ахын урд талын айлын Оюунчимэг эгчийг дуудахад гэрээсээ гарч бид хоёр ул мөр хайсан боловч салхитай байсан учир мөр нь олдоогүй юм. Би тухайн үед мөн өөрийн төрсөн аав Батаад “Амартүвшин ахын гэрт хулгай орсон байна” гэж хэлж мэдэгдэхэд удалгүй аав Батаа ирээд цагдаагийн газарт дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 119-р тал/,

    24. Гэрч Х.Батаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “Миний төрсөн хүү эхнэр Алтансувдын хамт Улаангом сумын 9-р багийн 27-01 тоот хашаанд байрлах гэрээ цоожилж үлдээгээд малаа маллахаар хөдөө явсан. Тэгээд хүү Алтангэрэлд “Манай гэрт байж гэр орон харж хандаж байгаарай” гэж хэлээд 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Алтансувд хөдөө явсан. Амартүвшин өмнө нь түрүүлээд явчихсан байсан. Би 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр гэртээ байж байтал 12 цагийн орчимд хүү Алтангэрэл манай гэрт ирээд “Амартүвшин ахын гэрт хулгай орсон байна” гэж хэлэхээр нь би түүнийг дагаад Амартүвшингийн гэрт очих үед гэрийхэн хаалганы цоож нь эвдэрчихсэн байсан. Тухайн өдөр салхи ихтэй байсан тул ул мөр байхгүй байсан. Тэгээд энэ асуудлыг шалгуулахаар цагдаад дуудлага өгсөн юм. Тухайн үед Амартүвшингийн гэрээс юу алдагдсаныг би тэр өдөр мэдээгүй. Амартүвшин гэртээ ирээд эд эхнэрийн хамт эд зүйлсээ нарийн бүртгэж үзэх үед гэрээс нь 3 ширхэг мөнгө аяга, гар утас, прим, ямааны 3 кг мах, хөнжлийн уут, 1500 рубль зэрэг эд зүйл алга болсон байсан гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 120-р тал/,

    25. Гэрч М.Батсүхийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Ц.Гантөмөрийг танихгүй. Харин Д.Насанжаргалыг танина. Бид хоёр нэг сумын хүмүүс юм. 2016 оны 05 дугаар сарын эхээр байх намайг гэртээ архи уучихсан нилээн согтуу байх үед манай гэрт Насанжаргал ганцаараа ирсэн бөгөөд надад 3 ширхэг мөнгөн аяганы ёроол, амсар хоёрын мөнгө авч ирсэн. Би түүнийг нь Насанжаргалаас 40.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Тэр аяганы тагш нь байхгүй байсан. Би Насанжаргалаас худалдаж авсан мөнгөөрөө бүгдэнгээр нь бөгж, ээмэг хийгээд зарчихсан. Үлдсэн зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 121-р тал/,

    - Гэрч М.Батсүхийн мөрдөн байцаалтад дахин өгсөн: “Би сар өдрийг нь сайн мэдэхгүй байна 2016 оны 04 дүгээр сарын сүүл 05 дугаар сарын эхээр байх Насанжаргал манай гэрт ирээд надад мөнгөн аяганы мөнгө гээд мөнгө авч ирж өгсөн. Тухайн үед 102 гр мөнгө болсон бөгөөд би 1 гр мөнгийг 600 төгрөгөөр бодож нийт 61.200 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед Насанжаргал ганцаараа манай гэрт ирсэн. Гэхдээ гадна такси хүлээж байсан бөгөөд таксин дотор хүнтэй явж байх шиг байсан. Гэрээс гарч хараагүй болохоор ямар хүнтэй явж байсныг нь хараагүй. Би тухайн мөнгийг хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй. Сүүлд цагдаагийн газарт очоод мэдсэн. Насанжаргал надад хүмүүсээс мөнгө авч ирж өглөг юм. Нэг ёсондоо надад зуучилж өгдөг. Тийм болохоор би тухайн үед бас л хүний эд зүйл зуучилж яваа юм байх гэж бодоод ямар нэгэн зүйл асуугаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 122-р тал

    26. “Увс Финанс-Аудит”ХХК-ий  шинжээчийн “Эд зүйл үнэлсэн тухай” 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн  166 дугаартай дүгнэлт /хх-ийн 133-134-р тал/,

    27. Шүүгдэгч Ц.Гантөмөрийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 170-р тал/,

    28. Шүүгдэгч Ц.Гантөмөрийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 167, 172, 175, 178-182, 186-189, 189-190, 191-192, 192, 193, 194-196, 196, 197, 197-200, 201, 215-219-р тал/

    29. Шүүгдэгч Ц.Гантөмөрийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би хулгайн гэмт хэрэг үйлдсэн нь үнэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. найз нөхөд гэсэн хүмүүстэй хамт архи ууж яваад л ийм зүйл болчихлоо. Найз нөхөд гэдэг худлаа юм байна. Улсын яллагчийн уншиж танилцуулсан яллах дүгнэлттэй миний үйлдсэн гэмт хэрэг тохирч байгаа тул надад ярих зүйл алга. Бүгд үнэн зөв байна. Би энэ хүмүүсийн хохирлыг төлж барагдуулах болно” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн баримтууд болно.

 

     Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл: Шүүгдэгч Ц.Гантөмөр нь 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 04 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн 03-04 тоотод оршин суух иргэн Ц.Ганболдын гэрээс хөргөгч, угаалгын машин, металл зүсэгч, цахилгаан өрөм, 20 кг ямааны мах зэрэг эд зүйл хулгайлж, 479.000 төгрөгийн хохирол учруулсан, давтан үйлдлээр 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Улаангом сумын 9-р багийн 27-01 тоотод оршин суух иргэн Д.Алтансувдын гэрт нэвтрэн орж 3 ширхэг мөнгөн аяга, Скай загварын гар утас, телевизийн суваг дамжуулагч, хөнжлийн уут, 3 кг хонины мах, 1500 рубль зэрэг эд зүйл хулгайлж, 307.445 төгрөгийн хохирол тус тус учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ц.Ганболд, Д.Алтансувд, гэрч Д.Батхүү, С.Цэвээн, Ц.Ганзориг, Д.Насанжаргал, Ц.Батбаяр, Ц.Нэргүй, Б.Мягмаржав, Ц.Гантулга, Э.Мөнхбаатар, Г.Нарантуул, Ц.Баярхүү, Х.Амартүвшин, У.Оюунчимэг, Б.Алтангэрэл, Х.Батаа, М.Батсүх нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хураан авсан тэмдэглэл, “Увс Финанс-Аудит” ХХК-ий шинжээчийн “Эд зүйлс үнэлсэн тухай” 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 175 дугаартай дүгнэлт,  “Увс Финанс-Аудит”ХХК-ий  шинжээчийн “Эд зүйл үнэлсэн тухай” 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн  166 дугаартай дүгнэлт болон шүүгдэгч Ц.Гантөмөрийн үйлдсэн хэрэг болон гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. 

         Шүүгдэгч Ц.Гантөмөр нь 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 04 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн 03-04 тоотод оршин суух иргэн Ц.Ганболдын гэрээс хөргөгч, угаалгын машин, металл зүсэгч, цахилгаан өрөм, 20 кг ямааны мах зэрэг эд зүйл хулгайлсан, давтан үйлдлээр 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Улаангом сумын 9-р багийн 27-01 тоотод оршин суух иргэн Д.Алтансувдын гэрт нэвтрэн орж 3 ширхэг мөнгөн аяга, Скай загварын гар утас, телевизийн суваг дамжуулагч, хөнжлийн уут, 3 кг хонины мах, 1500 рубль зэрэг эд зүйл хулгайлсан нь нотлогдсон тул түүнийг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг давтан үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

         Шүүгдэгч Ц.Гантөмөрийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Ганболдод 479.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь “Увс Финанс-Аудит”ХХК-ий  шинжээчийн “Эд зүйл үнэлсэн тухай” 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн  166 дугаартай дүгнэлт, хохирогч Д.Алтансувдад  307.445 төгрөгийн хохирол учруулсан нь“Увс Финанс-Аудит” ХХК-ий шинжээчийн “Эд зүйлс үнэлсэн тухай” 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 175 дугаартай дүгнэлтээр тус тус нотлогдож байна.

         Хохирогч Ц.Ганболд нь хулгайд алдсан хөргөгч, угаалгын машин, металл зүсэгч, цахилгаан өрөмөө буцаан авсан болох хавтаст хэрэгт авагдсан эд зүйл хураан авсан тогтоол, тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогч Ц.Ганболд, шүүгдэгч Ц.Гантөмөр нарын мэдүүлгүүдээр нотлогдож байгаа тул 20 кг ямааны махны үнэ 80.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Гантөмөрөөс гаргуулан хохирогч Ц.Ганболдод олгох үндэслэлтэй байна.

         Хохирогч Д.Алтансувд телевизийн суваг дамжуулагч, хөнжлийн уутыг буцаан авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан эд зүйл хураан авсан тогтоол, тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогч Д.Алтансувд, шүүгдэгч Ц.Гантөмөр нарын мэдүүлгүдээр нотлогдож байгаа тул 3 ширхэг мөнгөн аяга, Скай загварын гар утас, телевизийн суваг дамжуулагч, хөнжлийн уут, 3 кг хонины мах, 1500 рублийн үнэ болох 266.445 төгрөгийг шүүгдэгч Ц.Гантөмөрөөс гаргуулан хохирогч Д.Алтансувдад олгох үндэслэлтэй байна.

         Шүүгдэгч Ц.Гантөмөр нь гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох хөргөгч, угаалгын машиныг Д.Батхүүд 60.000 төгрөгөөр,  цахилгаан өрөм, металл зүсэгчийг С.Цэвээнд 50.000 төгрөгөөр тус худалдсан байсныг олж тогтоон хураан авч хохирогч Ц.Ганболдод хүлээлгэн өгсөн байх бөгөөд Д.Батхүү, С.Цэвээн нарыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон, тэдэнд учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байна. Иймд шүүгдэгч Ц.Гантөмөрөөс 60.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Д.Батхүүд, 50.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч С.Цэвээнд тус тус олгох үндэслэлтэй байна.

         Шүүгдэгч Ц.Гантөмөр нь гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох хөргөгч, угаалгын машиныг Д.Батхүүд 60.000 төгрөгөөр,  цахилгаан өрөм, металл зүсэгчийг С.Цэвээнд 50.000 төгрөгөөр, 3 ширхэг мөнгөн аяганы 102 гр мөнгийг М.Батсүхэд 61.200 төгрөгөөр тус тус зарж 171.200 төгрөгийн ашиг олсон болох нь тогтоогдож байгаа тул уг 171.200 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заааснаар  хураан улсын орлого болгох үндэслэлтэй байна.

         Энэ хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

            Шүүгдэгч Ц.Гантөмөрийн энэ хэрэгт цагдан хоригдсон 74 хоногийг  ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

                Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 294-296, 297 дугаар зүйлийн 297.1-297.5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

    1. Шүүгдэгч Хаан овогт Цэзэнгийн Гантөмөрийг давтан үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө  хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  145 дугаар зүйлийн  145.2 дахь  хэсэгт  зааснаар шүүгдэгч Ц.Гантөмөрөөс эд хөрөнгө хураахгүйгээр 5  / тав / сар баривчлах ял  шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Ц.Гантөмөрт  оногдуулсан баривчлах ялыг  тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчилсан эдлүүлсүгэй.

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ц.Гантөмөрөөс 80.000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Ганболдод, 266.445 төгрөг гаргуулан хохирогч Д.Алтансувдад, 60.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Д.Батхүүд, 50.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч С.Цэвээнд тус тус олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заааснаар  гэмт хэрэг үйлдэж олсон ашиг болох 171.200 төгрөгийг шүүгдэгч Ц.Гантөмөрөөс хураан улсын орлого болгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Ц.Гантөмөрийн  энэ хэрэгт цагдан хоригдсон 74 /далан дөрөв/ хоногийг ял эдэлсэн хугацаанд  нь оруулан тооцсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.6-д зааснаар шүүгдэгч Ц.Гантөмөрт өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгчид,  хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.ГАНСҮХ