Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2020/00112

 

С.Мийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2019/00202 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 626 дугаар магадлалтай,

С.Мийн нэхэмжлэлтэй

“М К”ХХК, “Н” ББСБ ХХК-д тус тус холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уянгын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэндсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.М би 2001 оны 09-р сарын 03-ны өдөр “М К”ХХК-д эдийн засагчаар ажиллаж эхэлсэн. Тасралтгүй 18 жил ажилласан бөгөөд 2004 оноос Төлөвлөлтийн хэлтсийн менежер, 2007 оноос Стратеги төлөвлөлтийн захирлаар ажиллаж байгаад 2012 оноос Захиргаа хүний нөөцийн албаны захирлаар ажлын байр сэлгэн ажилласан. 2014 оноос Хүний нөөц, байгууллагын соёлын газрын захирлаар ажиллаж ирсэн бөгөөд 2015 оноос “М К”ХХК-ийн охин компани болох “Н” ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар хавсран ажиллаж ирсэн. Хүний нөөц байгууллагын соёлын газрын захирлаар ажиллахдаа Мобиком Корпораци-тай 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан 5 жилийн хугацаатай Контрактын гэрээгээр, “Н” ББСБ ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан 3 жилийн хугацаатай Гүйцэтгэх удирдлагад хөлсөөр ажиллах гэрээ-гээр тус тус ажиллаж байсан. Гэтэл 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр надтай байгуулсан дээрх гэрээнүүдийг цуцалж байгаа тухай дараах тогтоолуудыг удирдлагаас танилцуулсан ба “М К”ХХК-ийн ТУЗ-ын ээлжит бус хурлын АН-ВоОМ 15/18 тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.7 болон надтай байгуулсан Контрактын 4.3 хэсэгт заасныг үндэслэн гэрээг 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөр дуусгавар болгон албан тушаалаас чөлөөлөх тухай, ”Н” ББСБ ХХК-ийн ТУЗ-ын ээлжит бус хурлын Дугаар №АН-ВоОМ 02/18 тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.7 болон надтай байгуулсан Гүйцэтгэх удирдлагад хөлсөөр ажиллах гэрээний 2.4 хэсэгт заасныг үндэслэн гэрээг 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөр дуусгавар болгон албан тушаалаас чөлөөлөх тухай тогтоолыг би 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр гардан авсан бөгөөд 8-р сарын 03-наас эхлэн үндэслэлгүйгээр ажлаас халагдах болсондоо гомдолтой байна. “М К”ХХК-д 18 жил тасралтгүй ажиллах хугацаандаа миний бие байгууллагынхаа бизнесийн өсөлт, хөгжил дэвшлийн төлөө чин сэтгэлээсээ хандаж, өөрийн хариуцсан ажлыг зохих ёсоор, ёс зүйтэй, ур чадвартай хийж гүйцэтгэж, хамт олноо удирдан зохион байгуулж ирсэн бөгөөд аливаа нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй учраас намайг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хууль бус гэж үзэж байна. Иймд намайг “М К”ХХК-ийн Хүний нөөц, байгууллагын соёлын газар захирлын ажилд, мөн “Н” ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд тус тус эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч “М К”ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: “М К”ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс өөрт хууль ёсоор олгогдсон бүрэн эрхийн хүрээнд иргэн С.Мтэй 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан №14-С-5 тоот Контрактыг 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөр дуусгавар болгож, албан тушаалаас нь чөлөөлсөн билээ. Төлөөлөн удирдах зөвлөлийн дээрх шийдвэр нь Монгол Улсын Хөдөлмөрийн хууль тогтоомж болон дээрх гэрээнд заасан үндэслэл, нөхцөл шаардлагыг хангаж байсан тул С.Мийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй. Иймд С.Мийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Н” ББСБ ХХК-ийн тайлбартаа: “Н” ББСБ ХХК-ийн ТУЗ-өөс компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8, дүрмийн 7 дугаар зүйлийн 7.50 дахь хэсэгт тус тус заасан бүрэн эрхийнхээ хүрээнд ээлжит бус хурлаас санал нэгтэйгээр иргэн С.Мтэй байгуулсан гүйцэтгэх удирдлагад хөлсөөр ажиллах контрактын гэрээг 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөр дуусгавар болгон албан тушаалаас нь чөлөөлсөн нь гэрээ болон хуульд нийцсэн болно. Иймээс С.Мийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2019/00202 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч С.Мийг “М К”ХХК-ийн Хүний нөөц, байгууллагын соёлын газрын захирал, “Н” ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд тус тус эгүүлэн тогтоож, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 57 190 154 төгрөгийг “М К”ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч С.Мт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу нэхэмжлэгч С.Мийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг дуусталх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг “М К”ХХК-нд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу хариуцагч “М К”ХХК-аас 443 901 төгрөгийг, хариуцагч “Н” ББСБ ХХК-аас 70 200 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 626 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2019/00202 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын нэхэмжлэгч С.Мийг “Н” ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож гэснийг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Мийг хариуцагч “Н” ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллуулахыг хариуцагч “Н” ББСБ ХХК-д даалгаж гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уянгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 514 101 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уянга хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: 1. Магадлалд “М К”ХХК-ийн С.Мтэй байгуулсан №14-С-5 дугаартай контрактын 4.3 дах заалт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй, хууль хэрэглээний учир дутагдалтай байна. Учир нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2-т ...заасан. Энэхүү Иргэний хуулийн 32 болон 33 дугаар бүлгийн хуулийн зохицуулалт нь хөлсөөр ажиллах гэрээ болон хөдөлмөрийн гэрээний төрөлд ялгаатай тайлбарлагдах бөгөөд өөрөөр хэлбэл онцгой ур чадварыг нь өндөр хөлсөөр үнэлэн ажиллуулж байгаа хөлсөөр ажиллах гэрээний ажилтныг цаашид ажиллуулах шаардлагагүй гэж ажил олгогчийн зүгээс үзсэн тохиолдолд гэрээнд заасан хугацаанд дуустал нь ажиллуулах үүргийг ажил олгогч Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан гэрээгээр хүлээдэггүй онцлогтой. Өөрөөр хэлбэл, хөлсөөр ажиллах гэрээний зүйл нь онцгой ур чадварыг хөлслөн авч, ажил үйлчилгээг гүйцэтгүүлэх явдал гэж үзвэл цаашид ажил үйлчилгээг үргэлжлүүлэн авах эсэх нь хөлсөөр ажиллах гэрээний ажил олгосон талын гэрээний чөлөөт байдал, сонгох эрхэд шууд хамааралтай ойлголт юм. Магадлалд дурдсанаар контрактын 4.3 дах заалт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” гэж үзэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 болон 116.3-т заасныг тус тус зөрчсөн. Учир нь шүүх С.Мтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний 4.3 дах хэсгийн заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэхдээ тухайн хэлцлийн үр дагаврыг зөвхөн нэхэмжлэгч талд ашигтайгаар дүгнэхийг оролдож, харин ямар хууль, хэм хэмжээг ажил олгогч хэрхэн зөрчсөнийг тогтоогоогүй юм. 2. Хэрэв уг заалтаар нэг талын санаачлагаар гэрээг цуцлах эрхийг ажил олгогчид олгосон нь буруу гэж үзвэл Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасан гэрээнээс татгалзах ажил олгогчийн эрхийг хууль бусаар хязгаарлах болно. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч С.Мийн “Н” ББСБ ХХК-тай байгуулсан контрактын гэрээг Иргэний хуулийн 31 дүгээр бүлэгт заасан “Ажил гүйцэтгэх гэрээ” гэж дүгнэсэн нь буруу бөгөөд хөлсөөр ажиллах гэрээтэй хамтатган авч үзсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзнэ. Учир нь “Н” ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэхээр нэхэмжлэгч С.М нь 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 3 жилийн хугацаатай гэрээ байгуулсан байгаа боловч уг гэрээгээр цалин хөлс төлөх талаар харилцан тохироогүй ажилласан байтал давж заалдах шатны шүүх шийдвэртээ үүнийг хөлсөөр ажиллуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 21.3.-т “Хөдөлмөрийн гэрээ байгуулах үед талууд энэ хуулийн 21.1-д заасан гэрээний гол нөхцөлийн аль нэгийг тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй” гэж зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд анхан болон давж заалдах шатны нэхэмжлэгчийг дээрх ажилд эгүүлэн тогтоосноор шүүх Иргэний хуулийн 31, 32 дугаар бүлгийг буруу тайлбарлан хэрэглэж, буруу шийдвэр гаргасан байна. 3. Анхан шатны шүүх нь 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Ч.Мөнхжаргал, Г.Үржинсүрэн нарыг гэрчээр асуухдаа тус хэрэгт хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцохоор ирсэн өмгөөлөгчийг хэрэгтэй танилцах боломжийг олгоогүй, өмгөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр гэрч нарыг асуусан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн б.З.-т “Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ.” гэж заасныг зөрчиж, хариуцагчийн өмгөөлөгчийг хэргийн материалтай бүрэн танилцах боломжийг олгоогүй, шүүхээс гэрч асуулгах нэхэмжлэгчийн хүсэлтийг хэлэлцүүлээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Давж заалдах шатны шүүхээс шүүхийн хууль зөрчсөн энэ байдлыг авч үзэхдээ шүүх хуралдааныг хариуцагчийн өмгөөлөгч М.Баяраагийн хүсэлтээр хойшлуулсан...” гэж үзсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн өнгөц дүгнэлтийг хийжээ. Учир нь анхан шатны шүүх дээрх гэрч нарыг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 14 цаг 40 минутанд асуухдаа хариуцагчийн өмгөөлөгчийг шүүх хуралд анх удаа ирж, хэргийн материалтай танилцаагүй үед хариуцагчийн өмгөөлөгчийг гэрч асуухад оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан “эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх; мөн хуулийн 34.3-т заасан “Өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрээгээр оролцохдоо хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.” гэсэн хуулийн заалтыг тус тус ноцтой зөрчсөн, өмгөөлөгчийн эрхийг эдлүүлээгүй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ.” гэснийг анхан шатны шүүх зөрчсөн. Иймд дээр дурдсан хууль зөрчсөн талаарх үндэслэлийг анхааран үзэж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хяналтын шатны шүүхээс хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч С.М нь хариуцагч “М К”ХХК, “Н” ББСБ ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, гэрээгээр тохирсон нөхцөлийн дагуу, гэрээг цуцлах эрхтэй гэсэн үндэслэлээр маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан байна.

Давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн нь буруу тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

С.М нь “М К”ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 04 дүгээр сарын 08-ний өдрийн 296 дугаар тушаалаар, контрактын гэрээний үндсэн дээр тус компанийн хүний нөөц, байгууллагын соёлын газрын захирлын албан тушаалд ажиллахдаа “М К”ХХК-ийн охин компани болох “Н” ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээний үндсэн дээр хавсран эрхэлж байгаад 2018 оны 08 дугаар сарын 03-наас эхлэн эдгээр үүрэгт ажлаас чөлөөлөгджээ. /1хх4-8, 16-20, 27, 31, 73, 128/

“М К”ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит бус хурлын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн AH-BoDM 15/18 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.7, контрактын гэрээний 4.3 дахь хэсгийг, “Н” ББСБ ХХК-тай байгуулсан гэрээг 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Н” ББСБ ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит бус хурлын AH-BoDM 02/18 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.7, хөлсөөр ажиллах гэрээний 2.4 дэх хэсгийг тус тус үндэслэн гэрээг цуцлах талаар 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр мэдэгдэж, хүний нөөц байгууллагын соёлын газрын захирал, “Н” ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас С.Мийг 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр тус тус чөлөөлжээ. /хх29-30/

1.Шүүх “М К”ХХК, С.М нарын байгуулсан гэрээний харилцааг контрактын гэрээ гэж үзсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ ажилтны өндөр ур чадвар, мэргэшил, туршлага, захиран зарцуулах эрхэд нь өмч шилжүүлэх, ажлын эцсийн үр дүн, цалин урамшуулал зэрэг контрактын гэрээний үндсэн шинжийг агуулсан, шүүх хөдөлмөрийн гэрээний төрлийг оновчтой тодорхойлжээ.

Контрактын гэрээний 4.3-т талууд гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж болох бөгөөд цуцлах тухай мэдэгдлээ нөгөө талдаа 30 хоногийн өмнө бичгээр мэдэгдэнэ гэж заасан байна. Уг тохиролцоог талууд гэрээний нөхцөл болгосон байхад шүүх гэрээг бус, хуулийг баримталсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгийг зөрчсөн гэж хариуцагч маргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.7, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2-т ажил олгогчийн санаачлагаар контрактыг цуцлах үндэслэл, журмыг зохицуулсан бөгөөд хуульд зааснаас өөрөөр контрактыг цуцлах боломжгүй байна. Нөгөө талаар контрактыг цуцлах үндэслэлийг талууд гэрээгээр тохирсон бол талуудын тохиролцоо хуульд нийцсэн, хуульд зааснаас илүү, хатуу нөхцөлтэй байх ёсгүй байна.

Иймд ажил олгогчийн санаачлагаар, шалтгаангүйгээр хэдийд ч гэрээг цуцлах утга бүхий гэрээний уг заалт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус тул контрактыг цуцалж, ажилтныг чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй, шүүх Иргэний хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүх нэхэмжлэгчийг “М К”ХХК-ийн хүний нөөц, байгууллагын соёлын газрын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 57 190 154 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т нийцсэн байна.

2.С.М, “Н” ББСБ ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээг анхан шатны шүүх Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д заасан нэрлэгдээгүй гэрээ гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх хөлсөөр ажиллах гэрээ гэрээ гэж дүгнэжээ.

С.М нь “М К”ХХК-ийн хүний нөөц, байгууллагын соёлын газрын захирлаар ажиллахын зэрэгцээ “М К”ХХК-ний охин компани болох “Н” ББСБ ХХК-тай байгуулсан гэрээний дагуу тус компанийн гүйцэтгэх захирлаар ажилласан ба уг албан үүргийг цалин хөлсгүйгээр, хавсран гүйцэтгэж байсан үйл баримтыг зохигч маргаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Ажилтан ажлын цагтаа багтаан өөрийн буюу бусад байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгэх, өөрийн байгууллагад өөр ажил хослон гүйцэтгэх болон ажил олгогч ажилтантай тохиролцсоноор эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгүүлэх буюу түүний ажлын ачааллыг нэмэгдүүлэн ажиллуулж болно.” гэж заажээ.

Хөлсөөр ажиллах гэрээ нь Иргэний хуульд заасан бусдад ажил үйлчилгээ үзүүлэх гэрээний төрөл бөгөөд уг гэрээ нь ажиллагч ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийн харилцаа байдаг. Ажиллуулагч нь хөлс төлөх үндсэн үүрэгтэй болохоос гадна аюулгүй байдлыг хангах, зайлшгүй зардлыг нөхөн төлөх нэмэлт үүрэг хүлээдэг байна. Хөлсөөр ажиллах гэрээ нь хариу төлбөртэй гэрээ бөгөөд хөлс төлөх үүрэг байхгүй тохиолдолд уг гэрээ үгүйсгэгдэнэ. Талууд гэрээгээ хөлсөөр ажиллах гэрээ гэж нэрлэсэн хэдий ч уг гэрээг байгуулаагүй ба давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Нөгөө талаар нэхэмжлэгч ажил үүргийг хариу төлбөргүй гүйцэтгэх энэ нь “Н” ББСБ ХХК-д ашигтай байдал нь даалгаврын гэрээтэй адил боловч гэрээний зүйл нь даалгаврын гэрээний тодорхой ажил бүтээж өгөх үр дүн биш учраас даалгаврын гүйцэтгэл хүлээлгэн өгөх үүрэг үүсээгүй, даалгавар өгөгчийн заавар, даалгавар гэсэн гэрээний гол шинж байхгүй байна.

Иймд гэрээг Иргэний хуульд заасан нэрлэгдээгүй гэрээ гэж үзсэн анхан шатны дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдсонгүй. “Н” ББСБ ХХК гэрээг цуцлахдаа Иргэний хуулийн 221, 225 дугаар зүйлд заасан зохицуулалтыг зөрчсөн тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн уг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч гэрээний хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр дуусч, гэрээ дуусгавар болсон, “Н” ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосон шийдвэрийг биелүүлэх шаардлагагүй болсныг дурьдах нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...шүүх Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийг буруу тайлбарлаж, гэрээг хэдийд ч цуцалж болох ажиллуулагчийн эрхийг дүгнэж чадаагүй, ...шүүх Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасан гэрээнээс татгалзах ажил олгогчийн эрхийг хууль бусаар хязгаарласан, ...өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцах боломжоор хангаагүй, …, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хэрэгт байгаа баримтын хүрээнд шүүх зохигчийн мэтгэлцэх эрхийг хязгаарласан зөрчил тогтоогдоогүй ба зохигчийн өмгөөлөгч эрхээ хэрэгжүүлээгүй явдалд шүүхийг буруутгах үндэслэлгүй юм.

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд гэрээнээс татгалзах журмыг буюу гэрээг цуцлах тухай нөгөө талд мэдэгдэх үүрэг, гэрээнээс татгалзах хугацаа, татгалзал хүчин төгөлдөр байх зэрэг асуудлыг зохицуулсан бөгөөд харин гэрээнээс татгалзаж болохгүй тохиолдлыг мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.4, 225.5-д тус тус заасан байна. Гэрээний талууд үүргээ шударгаар, зохих ёсоор биелүүлэх үүрэгтэй тул гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах нь хүндэтгэн үзэх шалтгаан, эсвэл гэрээний нэг тал үүргээ зөрчсөн үед хэрэгжих боломжтой байдаг байна.

Гэрээний 2.4 дэх хэсэгт “Талууд гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж болох бөгөөд цуцлах тухай мэдэгдлээ нөгөө талдаа гуч /30/ хоногийн өмнө бичгээр мэдэгдэнэ.” гэж талууд тохиролцсон боловч энэ тохиролцоо нь Иргэний хуулийг зөрчиж болохгүй юм.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсан, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгох ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 626 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2019/00202 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа 2019 оны 05 сарын 10-ны өдөр төлсөн 70 200 төгрөг, 443 901 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                            ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА