Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/416

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: М.Солонго,

улсын яллагч: Н.Ундрах,

шүүгдэгч: Р.М,

шүүгдэгчийн өмгөөлөгч: А.О,

хохирогч: А.Э нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Р.М-т холбогдох эрүүгийн 220000000000 тоот хэргийг 2022 оны 3 дугаар сарынн 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.                            

              

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогтой Р-ы М /РД:000000/,

Монгол улсын иргэн, **** оны * дугаар сарын *-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, * настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, 000000 ХХК-нд агуулахын эрхлэгч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо, овоот 0 дугаар гудамж 0 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

 

 Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Р.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 20 цаг 50 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "00000" хүнсний дэлгүүрийн урд талд асаалттай зогсож байсан хохирогч А.Э-ын эзэмшлийн 00-00 улсын дугаартай хар хөх өнгийн Тоёота истима маркийн автомашиныг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр унаж явсан гэх гэмт хэрэгт холбогджээ.                 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч Р.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 20 цаг 50 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "000" хүнсний дэлгүүрийн урд талд асаалттай зогсож байсан хохирогч А.Э-ын эзэмшлийн 00-00 улсын дугаартай хар хөх өнгийн Тоёота истима маркийн автомашиныг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр унаж явсан  хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

-Хохирогч А.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 361-ын гарамын ойролцоо байрлах "000" хүнсний дэлгүүр орохоор өөрийн 00-00 улсын дугаартай хар хөх өнгийн эстима загварын авто машинтай аавын гэрээс гарсан. Тэгээд дэлгүүрийн гадаа ирээд нэг их удахгүй юм чинь гэж бодоод машинаа асаалттай үлдээгээд дэлгүүр орчихоод гараад ирсэн чинь миний машин байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15-р хуудас/,

-“Тэнцвэр Эстимэйт” ХХК-иас авто машин техникийн үнэлгээг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн №0000/ДД№0000 дугаартай үнэлгээний тайланд шууд хохирлыг 2.050.000 төгрөг, шууд бус зардалд 930.000 нийт 2.980.000 төгрөгийн хохирлын тооцоо хийсэн үнэлгээ /хавтаст хэргийн 23-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч Р.М-ын яллагдагчаар өгсөн: “...Надад сонсгож буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна. Надад санал хүсэлт байхгүй. Би нэлээн согтуу байсан гэр лүгээ харих гэж замын унаа гэж бодоод машинд суучихсан согтуудаа бариад явчихсан байна ямар нэгэн зорилго байгаагүй...” гэж  /хавтаст хэргийн 36-37-р хуудас/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Өмгөөлөгчөөс хувийн байдлын: иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 46-р хуудас/, 00000 ХХК-ийн тодорхойлолт /хавтаст хэргийн 45-р хуудас/, Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 47-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хавтаст хэргийн 48-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 49-р хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 50-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 51-р хуудас/, М.А, М.А, Д.Б нарын төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 52-54-р хуудас/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

  Шүүгдэгч Р.М нь хохирогч А.Э-ын автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явч нийт 2.980.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дээр дурьдсан баримтуудаар тогтоогдож байна.

Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-д “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “ Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.

Хохирогч А.Э нь 00-00 улсын дугаартай хар хөх өнгийн Тоёота истима маркийн авто машины эзэмшигч болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Л.Д-гийн тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Р.М-ын үйлдэл нь өмчлөгчийн дээрх эрхийг зөрчиж, хохирогчийн эд хөрөнгө буюу автомашиныг нь зөвшөөрөлгүй унаж яваад зам тээврийн осол гарган орхисон нь хууль бусаар өмчлөх, эзэмших эрхэд нь халдсан, мөн завших зорилгогүй байсан гэж үзэх үндэслэлтэй ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд шүүгдэгч Р.М-ыг “автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч А.Э нь хохиролд 4.000.000 төгрөг авсан одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул шүүгдэгч Р.М-ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “Шүүгдэгч Р.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял оногдуулах, уг торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирүүлээгүй болно” гэх дүгнэлттэй шүүгдэгч Р.М нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.   

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Р.М-ын хууль ёсны эрх ашгийг хамгаалан түүний өмгөөлөгчөөр оролцож байна. Миний үйлчлүүлэгч Р.М-т гэм буруу дээр маргаантай зүйл байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бага насны 3 хүүхэдтэй зэргийг шүүхээс харгалзан үзэж улсын яллагчаас оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Р.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний ажил эрхлэлт (0000 ХХК-нд агуулахын эрхлэгч ажилтай), ам бүлийн байдал (эхнэр 3 хүүхдийн хамт)-ыг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзлээ.

 Иймд улсын яллагчийн санал болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.М-т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх нөхцөл байдлыг нь харгалзан дүгнэлтийг хүлээн авч, дээрх эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Р.М нь торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.

 

2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Б овогтой Р-ны М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогтой Р-ны М-т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар Р.М-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай. 

 

          4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

          5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ц.УРАНГУА