Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогтбаярын Урангуа |
Хэргийн индекс | 188/2022/0122/Э |
Дугаар | 2022/ШЦТ/428 |
Огноо | 2022-04-06 |
Зүйл хэсэг | 11.4.1., |
Улсын яллагч | Ж.Отгончимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/428
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
нарийн бичгийн дарга: М.Солонго,
улсын яллагч: Ж.Отгончимэг /томилолтоор/,
шүүгдэгч: Н.Д,
шүүгдэгчийн өмгөөлөгч А.О нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Д-д холбогдох эрүүгийн 21000000000 тоот хэргийг 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
З овгийн Н-н Д /РД:0000000/,
Монгол Улсын иргэн, **** оны ***дүгээр сарын **-ны өдөр ******** хотод төрсөн,** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, группт байдаг, ам бүл 2, дүүгийн хамт Баянгол дүүргийн 0 дугаар хороо 000 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Н.Д нь 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо Уулын 0 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.Д-тай архи булаацалдаж маргалдан эрүүл мэндэд нь халдаж “эрүү ясны хугарал, эрүүнд шарх, баруун дээд, доод зовхи, баруун хацар, шанаа, эрүүнд цус хуралт зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:
Шүүгдэгч Н.Д нь 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо Уулын 0 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.Д-тай архи булаацалдаж маргалдан эрүүл мэндэд нь халдаж, архины шилээр цохин “эрүү ясны хугарал, эрүүнд шарх, баруун дээд, доод зовхи, баруун хацар, шанаа, эрүүнд цус хуралт зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:
-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-6-р хуудас/
-Хохирогч Д.Д.-нмөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...бид нар архиа хувааж уугаад нэлээн согтоод байж байтал би Д-тай архинаас болж маргалдаад байсан. Тэгээд намайг Д архины шилээр цохиод тэр үед би ухаан алдаад юу болсон талаараа сайн санахгүй байна...би Д гэх хүнээс өөр тэнд байсан хүмүүстэй огт маргалдаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-18-р хуудас/,
-Гэрч Ц.Ө-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 02-ны орой Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Уулын 3-17 тоотод байдаг таньдаг айлдаа ортол Х-гийн хүзүү нь зүсэгдсэн ба яг намайг харахад Д /Д/ Х-гийн дээр нь гарчихсан ална гээд хоолойг нь боогоод байж байхаар нь би та яаж байгаа юм бэ хүн аллаа шдээ гэж хэлээд гэр рүүгээ гүйгээд 103-т дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-р хуудас/,
-Гэрч М Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...хамт архиа ууж байгаад би архиндаа согтоод унтаад өгсөн. Тэгээд унтаад босоод ирсэн чинь гэрт цагдаа ороод ирсэн намайг бас Д бид 2-ыг цагдаагийн машинд суулгаад аваад явсан. Тэгээд би Д-гаас юу болсон юм бэ гэсэн чинь Д надад би Д-тай маргалдаад тэгээд зодчихлоо гэж хэлсэн. ...Д. надтай 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 15 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Уулын 3-17 тоотод манай хамтран амьдрагч Д-гийн гэрт хамт очиход Д-н биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-р хуудас/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч О.Н-ийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 001 дугаартай:
“...1.Д.Д-н биед эрүү ясны хугарал, эрүүнд шарх, баруун дээд, доод зовхи, баруун хацар, шанаа, эрүүнд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх эрүүний шарх гэмтэл нь ир ирмэгтэй баруун дээд, доод зовхи, баруун хацар, шанаа, эрүүнд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тус тус үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.
4. Эрүү ясны хугарал гэмтэл нь шүүхийн эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 29-30-р хуудас/,
- 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын №230 дугаартай
“...1.Н.Д нь сэтгэцийн хувьд Р06.2 Органик дэмийрлийн эмгэг засралын байдалтай байна.
2. Н.Д-гийн дээрхи эмгэг нь сэтгэцийн олдмол эмгэг юм.
3. Н.Д нь архинд донтох эмгэгтэй гэх эмнэлгийн бичиг баримт үгүй байна.
4.Н.Д нь хэрэг болох үед Органик дэмийрлийн эмгэг засралын байдалтай байсан байна.
5. Н.Д-ийн дээрх эмгэг нь сэтгэцийн архаг явцтай эмгэг бөгөөд эмчилгээний үр дүнд засрал сайжралд орох боломжтой юм.
6. Н.Д нь өвчин нь сэдэрч хөдөлсөн үедээ өөртөө болон бусдад аюул учруулж болзошгүй, харин засрал сайжралд орсон үедээ өөртөө болон бусдад аюул учруулах боломж багатай юм.
7. Н.Д нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
8. Н.Д нь өөрийн хийсэн үйлдпээ удирдан жолоодох чадвартай байсан байна.
9. Н.Д нь хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан байна.
10. Н.Д нь сэтгэцийн эмгэг нь засралын байдалтай байсан үедээ гэмт хэрэгт холбогдсон тул эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй юм...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 105-108-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүгдэгч Н.Д-гийн яллагдагчаар өгсөн: “...Д. үлдсэн архиа ууна гээд байхаар нь би Д-д хандаж маргааш үлдсэн архиараа шараа тайлья гэсэн чинь Д. над руу уурлаад хүний авчирсан архийг чи надаас харамлалаа гээд байхаар нь тэр архийг нь гаргаж ирээд Д-д хандаж ганц юм гуйгаад манай охинд монгол гэр бариад өг гэж гуйгаад байхад барьж өгөхгүй байсан байж яасан архинд дуртай юм ингээд архиа уу яасан ууж хандаггүй юм гээд би уурлаад Д-н толгой, нүүр хэсэг рүү нь 0,75 литрийн Монгол стандарт нэртэй архины шилээр би 2-3 удаа хүчтэй цохисон чинь архины шил хагараад Д.-н нүүр хүзүү хэсэг нь миний цохисон архины шилэнд зүсэгдэхээр нь би айгаад Н-ыг дуудаад байж байтал удалгүй гаднаас түргэний эмч ирээд Д-г аваад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57-58-р хуудас/,
Өмгөөлөгчөөс шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 43-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хавтаст хэргийн 44-р хуудас/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 45-р хуудас/, депозит дансны дэлгэрэнгүй лавлагаа /хавтаст хэргийн 47-р хуудас/, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хавтаст хэргийн 46-р хуудас/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч О.Н-гийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 00 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд “эрүү ясны хугарал, эрүүнд шарх, баруун дээд, доод зовхи, баруун хацар, шанаа, эрүүнд цус хуралт зөөлөн эдийн няцрал” гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Н.Д нь “хувийн таарамжгүй харьцааны” улмаас хохирогч Д.Д.-ннүүрэн тус газар нь архины шилээр цохиж байгаа нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдэл гэж үзэх үндэстэй.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д-нг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч Д.Д. нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Д-нг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “Шүүгдэгч Д-нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Н.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Монгол стандарт нэртэй 0.75 архины шилний хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Д-гийн хууль ёсны эрх ашгийг хамгаалан түүний өмгөөлөгчөөр оролцож байна. Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргаантай зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нь ахуйн хүрээний архидалтаас үүдэж гарсан. Эрүүгийн хариуцлагын хувьд улсын яллагчаас 350 цагийн нийтэд ажил хийлгэх ял оногдуулах санал гаргаж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гэж заасан байдаг, бүрэн алдаагүй ч гэсэн шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлын талаар хавтас хэргээс шинжлэн судалсан. 1987 оноос хойш эмнэлгийн хяналтад байсан, нийгмийн харилцаанд оролцоод нийтэд тустай ажил хийгээд явах боломж муу гэж харагдаж байгаа учраас өмгөөлөгчийн зүгээс нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг тохирохгүй байна гэж үзэж байна. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байгаа. Энэ нь 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Мөн гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид анхны тусламж үзүүлсэн, зэрэг хуульд заасан 2 хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялтай. Торгуулийн ял оногдуулахад шүүгдэгчийн хувьд группийн мөнгөнөөс өөр орлогогүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Тийм учраас шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр 4 сарын хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлах ялаар шийтгэж өгнө үү. Энэ нь шүүгдэгчийн хувийн байдалд тохирч байна гэж үзэж байна гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Н.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруугаа ухамсарлаж байгаа, түүний эрүүл мэндийн байдал (хөдөлмөрийн чадвар 79 хувь алдалттай, байнгын эмчилгээнд хамрагддаг) байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаарх саналыг хүлээн авч, шүүгдэгч Н.Д-д 4 /дөрөв/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж шийтгэх нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Монгол стандарт” нэртэй 0,75 литрийн архины нэг ширхэг шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар зааж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овгийн Н-н Д-анг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-нд 4 /дөрөв/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих” үүргийг хүлээлгэж зорчих эрхийг хязгаарласугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Монгол стандарт” нэртэй 0,75 литрийн архины нэг ширхэг шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар устгах комисст даалгасугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай
7. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА