Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/75

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

улсын яллагч Г.Баясгалан,

хохирогч А.Ёндоншарав,

шүүгдэгч Р.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Баясгалангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Шарайд овогт Рэнчинхандын Энхтүвшинд холбогдох эрүүгийн 2207000000042 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1972 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, дипломын зэрэг боловсролтой, иргэний барилгын архитектор мэргэжилтэй, “**********” ХХК-д хамгаалалтын ажилтан ажилтай, ам бүл 3, ээж, эгчийн хамт Налайх дүүрэг, 5 дугаар хороо, 78 дугаар байрны 07 тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй,

Шарайд овогт Рэнчинхандын Энхтүвшин /РД: ХН72082815/.

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Р.Энхтүвшин нь Налайх дүүргийн 5 дугаар хороо, 79 дүгээр байрны 1 дүгээр орцны урд талд 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 20 цаг 30 минутын орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А.Ёндоншаравын биед өшиглөн халдаж, эрүүл мэндэд нь “баруун 11, 12 дугаар хавирганы зөрүүтэй хугарал, тархи доргилт, нүүрэнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Р.Энхтүвшин шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Архидалтаас болж Городокт хамгийн сайн таньдаг ахаа архи уугаад тасарсан байхдаа зодсон байна. Тэр үед яаснаа сайн санахгүй байгаа, эхнэр нь болон тэр хавийн хүмүүс гэрчилж байгаа” гэж мэдүүлсэн бөгөөд хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Хохирогч А.Ёндоншарав шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний бие эрүүл мэндийн байдал яс хугарч бэртсэн, их хүндэвтэр гэмтэл тул их зовуурьтай байгаа. Би энэ хүнээс харагдсан юмаа нэхээд, эм тариа хэрэгтэй байна гээд өдөр болгон зовоогоод байхгүй, эр хүний сэтгэл гаргаад 2 сар болж байна. Хөгшин хүний гэмтэл их удаан эдгэдэг юм байна. Насныхаа тоогоор хонож байж эдгэдэг гэсэн. Их зовуурьтай, хавирганы хугархайнаас болж шөнө ханиалгах гээд байх юм. Энэ хүн энэ хэргээс гайгүйхэн салаад цаашид амьдрал нь үргэлжлээсэй гэж хүсэж байна. Би шүүхэд гомдол гаргаад үхлээ барилаа эм тариа хэрэгтэй байна гэх зүйл алга. Энэ учир байдлыг ойлгоод ахынхаа гарч байгаа зардлыг бодолцоод, үлдсэн хэдэн төгрөгийг шийдээд өгвөл баярлахаар байна. Дүүд захихад битгий цаашид архи ууж бай, зохихгүй юм байна. Би багадаа спортоор хичээллэж байсан тулдаа ингээд үлдсэн байна. Өөр миний насны 66 настай өвгөнийг зодсон бол эвгүйтэх нь байна. Ийм зүйлүүдийг дүүд сануулмаар байна. Өөр хэлэх зүйл алга” гэв.

 

            Улсын яллагч шүүх хуралдаанд шүүгдэгч Р.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох байр сууринаас оролцож дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           

  1. Хохирогч А.Ёндоншаравын мэдүүлэг (хавтаст хэргийн 07 дахь тал),
  2. Гэрч Д.Нямсүрэнгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал),
  3. Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Налайх дүүргийн криминалистикийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 08/шэ/98 дугаар дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дэх тал) зэрэг болно.

 

Харин шүүгдэгч Р.Энхтүвшин, хохирогч А.Ёндоншарав нар нь  хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас нотлох баримт шинжлүүлээгүй болно.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугласан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Р.Энхтүвшин нь Налайх дүүргийн 5 дугаар хороо, 79 дүгээр байрны 1 дүгээр орцны урд талд 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 20 цаг 30 минутын орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А.Ёндоншаравын биед өшиглөн халдаж, эрүүл мэндэд нь “баруун 11, 12 дугаар хавирганы зөрүүтэй хугарал, тархи доргилт, нүүрэнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 

-Хохирогч А.Ёндоншаравын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 11 цагийн үед гэрээс гараад дэлгүүрээс 1 шил архи авч, Налайх дүүргийн 5 дугаар хорооны сааданд архиа ууж дуусгаад сууж байтал Энхтүвшин гэх дүү явж байсан. Тэгээд би Энхтүвшинг дуудаад “хамт архи ууя” гэхэд Энхтүвшин надад архи авч өгсөн. Тэгээд бид хоёр ууж сууж байгаад би нэлээн согтоод тасарчихсан. ...ямар ч байсан 79 дүгээр байрны урд замын хажуу талын брожуран дээр сууж байсан. Энхтүвшин намайг өшиглөх шиг болсон, бас барилдаад унагаагаад байсан. Миний биеийн 2 хавирга хугарсан, хиймэл шүд хугарсан. ...Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, эмчилгээний зардал байгаа гэхдээ Энхтүвшин бүх зардлыг төлчихсөн, одоо гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 07 дахь тал),

 

-Гэрч Д.Нямсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр Ёндоншарав нь өнөөдөр өглөө банк орж тэтгэврээ авна гээд 08 цаг өнгөрч байхад гэрээсээ гарсан. Үдээс хойш 14 цагийн үед би дэлгүүр орох гээд гарч явахад Төрийн банкны баруун тал, тоглоомын талбайн хажууд нэг залуутай зогсож байсан. ...Тэгээд гэртээ ирээд ойр зуур юм хийж байгаад гал тогооны цонхоор харахад манай өвгөн нөгөө залуутайгаа байрны хойд талд 79 дүгээр байрны урд, 1 дүгээр орцны өмнө явж байгаад газар суусан. Тэгэхэд нь нөгөө залуу шууд манай өвгөний нүүрэнд нь 1 өшиглөж байгаа харагдсан. ...Өөр цуг хүн яваагүй, манай нөхөр тэр танихгүй залуутай цуг явж байсан. Саарал малгайтай, хар хөх куртиктэй, бараан үүргэвч үүрсэн 30-аас 40 орчим насны залуу байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал),

 

-Налайх дүүргийн криминалистикийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 98 дугаартай “...А.Ёндоншаравын биед баруун 11, 12-р хавирганы зөрүүтэй хугарал, тархи доргилт, нүүрэнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой... гэх дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дэх тал),

 

   Шүүгдэгч Р.Энхтүвшин мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Налайх дүүргийн 5 дугаар хороо, Городокоос би Улаанбаатар хот явах гээд буудал дээр нь байж байсан чинь Ёндоншарав ахтай 15 цагийн үед таараад тэгээд би Ёндоншарав ахад би дэлхийн аваргад ороод түрүүлчихсэн гэж хэлсэн чинь Ёндоншарав ах надад архи авч өгнө угааж өгье гээд дэлгүүр орсон. Тэгсэн Ёндоншарав ах мөнгөгүй байхаар нь би 0.5 литрийн Хараа нэртэй архи аваад бид хоёр уугаад сууж байтал Ёок гэсэн байх би нээх сайн танихгүй залуу хүрж ирээд Ёндоншарав ахыг таниад хамт сууж байгаад нэг рүнк татчихаад яваад өгсөн. Тэгээд бид хоёр нөгөө шилтэй архиа хувааж уугаад дуусгаад надаа дахиад 0.33 литрийн архины мөнгө үлдчихсэн байсан. Тэгэхээр нь бид хоёр дэлгүүр ороод хямдхан хавтгай шилтэй 0.5 литрийн архи нэрийг нь сайн санахгүй байна, тэгээд нэг кола аваад бид хоёр 79 дүгээр байрны тэнд очоод нөгөө архиа уусан. Тэгээд нөгөө архиа ууж дуусгаад Ёндоншарав ах бид хоёр тасарчихсан. Тэгээд миний санаж байгаагаар бол ахтай барилдаад унагааж байсан. Тэгэх үедээ цээж хэсэг дээр нь өвдгөөрөө дараад уначихсан, тэгээд зүүн тохой хэсгээрээ нүүр шанаа хэсгийг нь нударчихсан. Тэгсэн ах босож ирээгүй тэгээд би цаашаа юм санахгүй байгаа ямар ч басан маргааш нь эрүүлжүүлэх байранд сэрсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хоорондоо агуулгын зөрүүгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

            Шүүгдэгч Р.Энхтүвшин нь дипломын зэргийн боловсрол, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

            Хууль зүйн хувьд шүүгдэгч Р.Энхтүвшингийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч А.Ёндоншаравын эрх чөлөөнд халдаж, хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсанд тооцно.

 

            Мөн шүүгдэгч Р.Энхтүвшингийн үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Р.Энхтүвшин хохирогч А.Ёндоншаравтай тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Р.Энхтүвшинг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Хохирогч А.Ёндоншарав нь хавтаст хэрэгт баримтаар эмчилгээний зардалд 293.511 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч Р.Энхтүвшин нь 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр эмчилгээний зардалд 350.000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. Шүүх хуралдаанд хохирогч А.Ёндоншарав нь 130.000 төгрөгийг баримтаар нэмж нэхэмжилж, цаашид дахин мөнгө нэхэмжлэхгүй гэх тайлбар, мэдүүлэг гаргасан ба шүүгдэгч Р.Энхтүвшин нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогчийн нэмж нэхэмжилсэн 130.000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэв.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Р.Энхтүвшинтэй эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд уг ялын дүгнэлттэй холбогдуулан шүүгдэгч санал, тайлбар гаргаагүй болно.

 

            Шүүгдэгч Р.Энхтүвшин нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч, хохирогч нар нь прокурорын шатанд эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос шүүгдэгчид 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулахад хүлээн зөвшөөрсөн, хохиролд 350.000 төгрөг төлсөн, нэмж нэхэмжилсэн эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон талаар мэдүүлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлага хангагдсан гэж үзнэ.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Р.Энхтүвшинг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон тул прокурортой тохиролцсон саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шарайд овогт Рэнчинхандын Энхтүвшинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Энхтүвшинг 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Энхтүвшинд оногдуулсан 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Энхтүвшингээс 130.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Ёндоншаравт олгосугай.

 

  1. Шүүгдэгч  Р.Энхтүвшин  нь  цагдан  хоригдсон хоноггүй, хохиролд 350.000 төгрөг төлсөн, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Энхтүвшинд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                         Э.ЭНХЖАРГАЛ