Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/37

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч: О.Батнасан,

Шүүгдэгч: Б.У,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О овогт Б-ын Уд холбогдох 2228000000048 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Биеийн байцаалт:

О овогт Б-ын У, .............     

Шүүгдэгч Б.У нь 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 06-ны өдөрт шилжих шөнө, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Хан-Уулын 5 дугаар гудамжинд согтуугаар, хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Д.Э-тай маргаж, бие эрх чөлөөнд нь хутга хэрэглэн халдаж, зүүн чихний дэлбэнгийн тасрал, зүүн гуяын шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.У-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.У шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 16 цагийн үед Өмнөговь аймаг Даланзадгад сум ........... тоотод Бын гэрийн гадаа М гээд найзын машинд М, Б бид гурав юм ярингаа Хараа нэртэй архи 0.75 литр архийг 1 шилийг би ганцаараа уусан. М пиво ууж байсан. Б М-гийн машиныг унаад гэрт М-г хүргэж өгөөд Б бид хоёр Б-ын гэр рүү алхсан. Үүнээс хойш юу болсон талаар сайн санахгүй байна. Хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна, шөнө болсон байсан. Тэгээд засмал дагаад алхаж явсан. Өмнө нэг машин зогсож байсан. Тэр ойролцоо нэг хүнтэй мөрлөлдөх шиг болсноо санаж байна. Нэг хашаа руу орсноо санаж байна. Тэгээд зүүн талд нэг гэр байсан. Тэр гэр рүү орсон хүн байхгүй байсан. Би хашааны гадаа сууж байсан. Тэгсэн миний зүүн талын хөл нойтон оргиод яваад өгсөн. Би найздаа хутгалуулчих шиг боллоо зугтаарай гэж хэлсэн. Тэгээд юу болсон талаар мэдэхгүй байна. Нэг сэрээд харсан чинь Зүүнсайханд Б-ын гэрт ирсэн байсан. Тэгээд 103 түргэн тусламжийн эмч ирээд дуудахад сэрсэн. Дараа нь эмнэлэгт сэрсэн... Эрүүл болоод харсан чинь зүүн гуянд нэг удаа хутгалсан байсан. Мөн зүүн талын чих хазуулж тасарсан байна гэж хэлсэн... Гомдол санал байхгүй. Миний эмчилгээ боолтын зардлыг тухайн залуу төлсөн. Эмчийн бичиж өгсөн. Эм надад авч өгсөн тул надад ямар нэгэн гомдол санал алга... Надад ямар нэгэн хохирол учраагүй. Шархны боолт, түрхлэг зэрэг болон бусад зардал болох 400.000 төгрөгийг Б.У төлсөн. Надад ямар нэгэн гомдол санал алга.” /хавтаст хэргийн 10-11, 34-35 дахь тал/

Гэрч Б.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2022 оны 03 дугаар сарын 06-ны шөнө унтаж байхад 01 цагийн үед манай хүү Б найз нь болох манайд байдаг Э хоёр гэрт орж ирсэн. Тэгээд Э нь хүнд хутгалуулчихлаа гэж хэлсэн. Би босоод харсан чинь зүүн талынх нь хөлний гадна талын дагаад өмд нь дан цус болчихсон бас зүүн талын чихнээс цус гоожсон байдалтай байхаар нь би хаана ийм болчхоод ирэв эмнэлэг, цагдаад дуудахгүй бол болохгүй гээд би эмнэлэг цагдаа руу дуудлага өгсөн. Тэр дороо эмнэлэг, цагдаагийн хүмүүс ирээд аваад явсан. Э нь бүтэн өнчин хүүхэд байгаа юм. Хар багаасаа манай хүүгийн найз гээд манайхаар байнга байдаг. Манайд өссөн хүүхэд болохоор манайд байдаг намайг ээж гэж дууддаг.” /хавтаст хэргийн 37 дахь тал/

Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2022 оны 03 дугаар сарын 05-ны орой 21 цагийн үед ........... тоотод байх найз Тулгазааныд очсон. Очихдоо Э Гурвансайханд Байдаг хүнснийд дэлгүүр рүү ороод 2 шил Хараа нэртэй 0,5 граммын архи авсан. Тэрийгээ Тулгазаан Э хоёр хувааж уусан. Намайг архи уух уу гэхлээр нь би архи уухаа больсон гээд уугаагүй юм. Тулгазааныд байж байгаад шөнө 00 цаг өнгөрөөгөөд Э бид хоёр гараад гэр рүүгээ Их-Уул, Хан-Уулын дундуур явдаг засмал замын явган хүний замаар явж байхад Шарга дэлгүүрийн засмал нийлдгийг өнгөрөөд зам дээр нэг танихгүй согтуу залуу зогсож байсан. Тэгээд зөрөх гэсэн чинь юунаас болсныг нь сайн мэдээгүй. Тэр залуу манай найз хоёр хоорондоо маргалдаад барилцаад авахаар нь би боль гээд голоор нь орж салгасан. Тэгээд юм ярьж зогсож байгаад нөгөө залуу нь манайд орж хоёулаа архи ууя гэхлээр нь би найзыгаа боль лай гээд аваад түрүүнд нь гараад явж байхад нөгөө залуу араас чулуу шидээд зодолдъё хүрээд ир гээд хашхираад байсан. Тэгээд би эргээд харсан манай найз наанаас нь явж байсан би араас нь хүрээд очиход хаягийн сайн мэдэхгүй нэг хашааны үүдэн дээр нөгөө залуу манай найзыг гэр рүү оръё гээд түрүүлээд орсон. Манай найз араас нь хашаа руу орсон, би хашааны гадаа зогсож байхад тэр хоёр удалгүй гарч ирсэн. Тэгээд дахиад муудалцаад нөгөө залуу баруун урагшаа гүйсэн чинь манай найз араас нь гүйгээд хашаа тойроод явчихаар нь би араас нь хашааны булангаар гараад очсон чинь дороосоо хоёр дахь хашааны зүүн урд буланд манай найз газар хэвтчихсэн би хутгалуулчихлаа зугтаарай гээд босч байсан. Тэгсэн нөгөө залуу миний өөдөөс явж байхлаар нь би буцаад зугтаагаад хашаа тойроход араас хашхираад үлдсэн. Би тэр гудамжийг араар нь тойроод найз дээрээ ирээд бид хоёр нарийн гудамжаар гарч ирээд найз руугаа харсан чинь зүүн чихнээс нь цус гарчихсан зүүн талын гуянаас нь цус гараад өмд нь нэвтэрчихсэн байсан. Бид хоёр замаас такси бариад гэрт хүргүүлж очсон. Тэгээд ээж түргэн дуудаад бас цагдаа дуудсан... Э-ын зүүн чихнээс цус гарчихсан зүүн талын гуяны гадна талд хутгалуулсан гээд өмд нь нэвтрээд цус болчихсон байсан. Өөр ил харагдах мэдэгдэх зүйл байгаагүй.” /хавтаст хэргийн 39-40 дэх тал/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 149 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Д.Э-ын биед зүүн чихний тасрал, зүүн гуянд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүүн чихний шарх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, зүүн гуяны шарх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тус тус хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Д.Э-ын биед учирсан зүүн чихний дэлбэнгийн тасрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.38.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5% алдагдуулна. Д.Э-ын биед учирсан гэмтлүүд нь  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хавтаст хэргийн 46-47 дахь тал/

Шүүгдэгч Б.У мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “2022 оны 03 дугаар сарын 05-ны шөнө 20-21 цагийн үед Өмнөговь аймаг Даланзадгад сум ...... тоотод байх гэрээсээ гараад гэрийн баруун талын замаас такси бариад “Z” гэсэн нэршилтэй баар руу ороод 0,5 литр Хараа нэртэй нэг шил архийг ганцаараа сууж уусан. Тэгсэн баар хаах цаг боллоо гээд хаалга барьсан. Тэгээд би баарны хойд талын замаас такси бариад гэр рүүгээ явсан. Би баарны хойноос зам руу гараад такси бариад гэр рүүгээ явсан. Гэрийн баруун талын засмал дээр таксинаас буухад Д.Э гээд залуутай мөрлөлдөөд муудалцах шиг болсон. Тухайн үед хэдэн цаг болж байгааг мэдээгүй шөнө болсон байсан. Д.Э-тай муудалцаж байгаагаа санаад байгаа. Голоор нэг залуу орж ирснийг санаж байгаа. Би гэр рүү зугтааж ороод хоолны тавиур дээр байсан хутга, халбага хийдэг саван дотроос хутга атгаж гараад гарааш руу орсон. Гэхдээ хэдэн ширхэг хутга яаж барьж орсон талаар санахгүй байна. Тэгээд Э гээд тэр залуу гарааш руу орж ирсэн. Муудалцаад гараашнаас гараад чигээрээ хашаанаас гарсан. Би зугтаад байснаа санаж байна. Э-тай маргалдаад байгаагаа санаж байгаа. Өөр надад мэдэх зүйл алга байна... Би өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч Д.Э-аас гарсан хохирол мөнгийг бүгдийг нь төлсөн.” /хавтаст хэргийн 54-55 дахь тал/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 05 дахь тал/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 07-10 дахь тал/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 13-25 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 62 дахь тал/

Иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 58 дахь тал/

Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Баянхошуу багийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 54 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 59 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд: 

Шүүгдэгч Б.У нь 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 06-ны өдөрт шилжих шөнө, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Хан-Уулын 5 дугаар гудамжинд согтуугаар Д.Э-тай мөрлөлдсөн шалтгааны улмаас маргасан нөхцөл байдал тогтоогдож байна.

Улмаар шүүгдэгч Б.У нь хохирогч Д.Э-ын бие эрх чөлөөнд нь хутга хэрэглэн халдаж, зүүн чихний дэлбэнгийн тасрал, зүүн гуяын шарх гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Тодруулбал: Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Э-ын: “... засмал дагаад алхаж явсан. Өмнө нэг машин зогсож байсан. Тэр ойролцоо нэг хүнтэй мөрлөлдөх шиг болсноо санаж байна. Нэг хашаа руу орсноо санаж байна. Тэгээд зүүн талд нэг гэр байсан. Тэр гэр рүү орсон хүн байхгүй байсан. Би хашааны гадаа сууж байсан. Тэгсэн миний зүүн талын хөл нойтон оргиод яваад өгсөн. Би найздаа хутгалуулчих шиг боллоо зугтаарай гэж хэлсэн. Тэгээд юу болсон талаар мэдэхгүй байна.” /хавтаст хэргийн 10-11, 34-35 дахь тал/,

Гэрч Б.Ц-ийн: “2022 оны 03 дугаар сарын 06-ны шөнө унтаж байхад 01 цагийн үед манай хүү Б найз нь болох манайд байдаг Э хоёр гэрт орж ирсэн. Тэгээд Э нь хүнд хутгалуулчихлаа гэж хэлсэн. Би босоод харсан чинь зүүн талынх нь хөлний гадна талын дагаад өмд нь дан цус болчихсон бас зүүн талын чихнээс цус гоожсон байдалтай байхаар нь би хаана ийм болчхоод ирэв эмнэлэг, цагдаад дуудахгүй бол болохгүй гээд би эмнэлэг цагдаа руу дуудлага өгсөн.” /хавтаст хэргийн 37 дахь тал/,

Гэрч Б.Б-ын: “...Тулгазааныд байж байгаад шөнө 00 цаг өнгөрөөгөөд Э бид хоёр гараад гэр рүүгээ Их-Уул, Хан-Уулын дундуур явдаг засмал замын явган хүний замаар явж байхад Шарга дэлгүүрийн засмал нийлдгийг өнгөрөөд зам дээр нэг танихгүй согтуу залуу зогсож байсан. Тэгээд зөрөх гэсэн чинь юунаас болсныг нь сайн мэдээгүй. Тэр залуу манай найз хоёр хоорондоо маргалдаад барилцаад авахаар нь би боль гээд голоор нь орж салгасан. Тэгээд юм ярьж зогсож байгаад нөгөө залуу нь манайд орж хоёулаа архи ууя гэхлээр нь би найзыгаа боль лай гээд аваад түрүүнд нь гараад явж байхад нөгөө залуу араас чулуу шидээд зодолдъё хүрээд ир гээд хашхираад байсан. Тэгээд би эргээд харсан манай найз наанаас нь явж байсан би араас нь хүрээд очиход хаягийн сайн мэдэхгүй нэг хашааны үүдэн дээр нөгөө залуу манай найзыг гэр рүү оръё гээд түрүүлээд орсон. Манай найз араас нь хашаа руу орсон, би хашааны гадаа зогсож байхад тэр хоёр удалгүй гарч ирсэн. Тэгээд дахиад муудалцаад нөгөө залуу баруун урагшаа гүйсэн чинь манай найз араас нь гүйгээд хашаа тойроод явчихаар нь би араас нь хашааны булангаар гараад очсон чинь дороосоо хоёр дахь хашааны зүүн урд буланд манай найз газар хэвтчихсэн би хутгалуулчихлаа зугтаарай гээд босч байсан. Тэгсэн нөгөө залуу миний өөдөөс явж байхлаар нь би буцаад зугтаагаад хашаа тойроход араас хашхираад үлдсэн. Би тэр гудамжийг араар нь тойроод найз дээрээ ирээд бид хоёр нарийн гудамжаар гарч ирээд найз руугаа харсан чинь зүүн чихнээс нь цус гарчихсан зүүн талын гуянаас нь цус гараад өмд нь нэвтэрчихсэн байсан.” /хавтаст хэргийн 39-40 дэх тал/ гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.У-ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Э-ын эрүүл мэндэд зүүн чихний тасрал, зүүн гуянд шарх бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 149 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 46-47 дахь тал/-ээр  тогтоогдож байна.    

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч Б.У нь Д.Э-ын бие эрх чөлөөнд халдаж, хутга хэрэглэн халдаж, зүүн чихний дэлбэнгийн тасрал, зүүн гуяын шарх бүхий гэмтэл учруулж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдсэнийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.У нь 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 06-ны өдөрт шилжих шөнө, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Хан-Уулын 5 дугаар гудамжинд согтуугаар, хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Д.Э-тай маргаж, бие эрх чөлөөнд нь хутга хэрэглэн халдаж, зүүн чихний дэлбэнгийн тасрал, зүүн гуяын шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Хохирогч Д.Э нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “Шархны боолт, түрхлэг зэрэг болон бусад зардал болох 400.000 төгрөгийг Б.У төлсөн. Надад ямар нэгэн гомдол санал алга.” /хавтаст хэргийн 10-11, 34-35 дахь тал/ гэснээр шүүгдэгч Б.У-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.У нь хохирогчид 400.000 төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэв.

Харин шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ. 

Шүүгдэгч Б.У-ы хувийн байдал нь .......... зэрэг баримтуудаар тус тус тодорхойлогдож байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгч Б.У нь өөрийгөө өмгөөлж хэлэх зүйл байхгүй гэх тайлбарыг гаргав.

Шүүх улсын яллагчийн санал болгосон ялын саналыг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.  

Шүүгдэгч Б.У шүүхээс оногдуулсан 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн иштэй хутга, ишгүй заазуур зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв. 

Шүүгдэгч Б.У цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.У өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...шүүх нь шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт Б-ын У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-д 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Шүүгдэгч Б.У шүүхээс оногдуулсан 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн иштэй хутга, ишгүй заазуур зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

6. Шүүгдэгч Б.У хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Э-т 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол төлбөрийг төлсөн болохыг дурдсугай.  

7. Шүүгдэгч Б.У цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.   

8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Б.У-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

                                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ