Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 1353

 

“Увт инвест” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2017/00683 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Увт инвест” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Голдендрийм” ХХК-д холбогдох

 

Асфальт бетон хольц нийлүүлэх гэрээний үүрэгт 63 090 862 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч “Увт инвест” ХХК-ийн төлөөлөгч Б.Баттулга шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Булган шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай “Увт инвест” ХХК нь Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо Цэрэндоржийн гудамжны 62, 65, 67, 68 дугаар байрнуудын гадна талбайн тохижилтын ажлыг хийж гүйцэтгэж байсан “Голдендрийм” ХХК-тай 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр АБ/16-06 тоот Асфальт бетон хольц нийлүүлэх гэрээг байгуулсан.

Уг АБ/16-06 тоот гэрээгээр манай “Увт инвест” ХХК нь өнгө асфальт бетон хольцыг нэг тонныг 165 000 төгрөгөөр, битумын эмульс цацлага нэг тонныг нь 1 350 000 төгрөгөөр нийлүүлэх үүргийг, харин захиалагч тал болох “Голдендрийм” ХХК нь тухайн бүх заасан хугацаанд барагдуулах үүргийг тус тус хүлээж, захиалагч тал нь төлбөрийг хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй бүтээгдэхүүний үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх алдангийг нийлүүлэгч талд төлөхөөр харилцан тохиролцсон. “Увт Инвест” ХХК нь 2016 оны 6 дугаар сарын 08 болон 10-ны өдрүүдэд нийт 50 513 100 төгрөгийн үнийн дүн бүхий 306 140 тонн асфальт бетон зуурмагийг нийлүүлсэн.

Бүтээгдэхүүн нийлүүлсний дараа бид захиалагч компанийн нягтлан бодогч Л.Мөнххишигтэй 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр харилцан тооцоо нийлж акт үйлдсэн ба холбогдох нэхэмжлэхэд нийлүүлсэн бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр болох 50 513 100 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 25-ны дотор төлөхийг шаардан хүргүүлсэн боловч өнөөг хүртэл уг төлбөрийг “Голдендрийм” ХХК нь төлөөгүй байна.

Иймд 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн АБ/16-06 тоот Асфальт бетон хольц нийлүүлэх гэрээний дагуу манай “Увт инвест” ХХК-ийн нийлүүлсэн барааны үлдэгдэл төлбөр болох 50 513 100 төгрөгийг, гэрээний хоёрын 4-т заасны дагуу төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн алданги болох 12 577 761.9 /2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 9 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл нийт 83 хоногийн алданги/ төгрөгийн хамт нийт 63 090 862 төгрөгийг мөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 473 404 төгрөгийг тус тус “Голдендрийм” ХХК-иас гаргуулан өгч, биднийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Голдендрийм” ХХК-ийн төлөөлөгч О.Наранбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: 1.Нэхэмжлэгч “Увт Инвест” ХХК-ийн “Голдендрийм” ХХК-тай 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан гэх асфальт бетон хольц нийлүүлэх гэрээнд зуучлагчаар “Кристалхилл капитал” ХХК-ийн захирал Н.Жамбалцэрэн оролцож нэхэмжлэгч талын хүмүүстэй бүтээгдэхүүн авах талаар тохиролцсон. Н.Жамбалцэрэнгийн авчирсан гэрээнд тус компани гарын үсэг зурж баталгаажуулсан.

2. “Голдендрийм” ХХК-ийн зүгээс “Увт инвест” ХХК-ийн ажилтан албан хаагч хэн нэгэнтэй бүтээгдэхүүн авах талаар уулзсан, гэрээ хэлцэл байгуулсан, төлбөр тооцоо тохирсон зүйл огт байхгүй.

3. “Голдендрийм” ХХК нь “Кристалхилл капитал” ХХК-ийн захирал Н.Жамбалцэрэнгийн авчирсан “Увт инвест” ХХК-ийн асфальт бетон хольц нийлүүлэх гэрээний дагуу төлбөр 50 513 100 төгрөгийг Н.Жамбалцэрэнд бүрэн төлсөн. Н.Жамбалцэрэн нь дээрх төлбөрийг “Увт Инвест” ХХК-д бүрэн төлөх талаар манай компанид албан бичиг ирүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч “Голдендрийм” ХХК-иас 50 513 100 төгрөг, алданги 12 577 761 төгрөг, нийт 63 090 862 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Увт инвест” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Увт инвест” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 473 404 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Голдендрийм” ХХК-иас 473 404 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Увт инвест” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч О.Жаргалсайхан давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтнй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2017/00683 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлүүдээр давж заалдах гомдол гаргаж байна.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч “Голдендрийм” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Наранбаатарт 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 16 цагт товлон зарласан шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу мэдэгдсэн гэх боловч миний бие анхан шатны шүүх хурлын хуралдах товыг тодорхой мэдээгүй.

Өөрөөр хэлбэл, би шүүхэд итгэмжлэл гаргаж өгөхдөө итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Наранбаатарт шүүх хуралдаанд оролцох эрх олгоогүй бөгөөд зөвхөн хэргийн материалтай танилцах, хариу тайлбар гаргах үүргийг өгч хуулийн зүйл, заалт эрх үүргийн талаар итгэмжлэлд тусгаагүй байтал анхан шатны шүүх үүнийг бүрэн эрх олгосон итгэмжлэл гэж үзэж шийдвэрлэсэн байна. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэх боловч бидэнд нотлох баримтаа хуулийн дагуу бүрдүүлэх, өмгөөлөгч авах бололцоогоор олголгүй шүүх хуралдааныг явуулж мэтгэлцэх зарчмыг хангасангүй.

Энэ нь дээр дурдсан хуулийн 26 дугаар зүйлд заасан тэгш эрхтэй оролцуулсангүй хэт нэг талын тайлбарын дагуу хянан үндэслэлгүй шийдвэрлэсэн тул уг хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлж бидэнд мэтгэлцэх, нотлох баримтыг шинээр гаргаж өгөх, өмгөөлөгчтэй оролцох бололцоог олгоно уу гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Хариуцагч “Голдендрийм” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 63 090 862 төгрөг гаргуулахаар нэхэмжлэгч “Увт инвест” ХХК нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр АБ/16-06 дугаартай Асфальт бетон хольц нийлүүлэх гэрээ байгуулагдаж, хариуцагч нь асфальт бетон хольц 1 тн-ыг нь 165 000 төгрөгөөр, битумын эмульс 1 тн-ыг нь 1 350 000 төгрөгөөр нэхэмжлэгчээс худалдан авахаар тохиролцсныг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж шүүх зөв дүгнэжээ.

 /хэргийн 5-7 дугаар тал/

 

Мөн хариуцагч нь 50 513 100 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй талаар зохигчид тооцоо нийлж, уг төлбөрийг 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 16-ны өдөрт нь багтаан дуустал төлөхөөр тохиролцож тооцооны үлдэгдлийн талаарх баталгаа гэх 03/06 тоот баримтыг үйлджээ. /хэргийн 8 дугаар тал/

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.4-т хариуцагч нь төлбөрийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө төлнө, төлбөр төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн байна.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээний төлбөрийг мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алдангийн хамт хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Хариуцагч “Голдендрийм” ХХК нь нэхэмжилж буй 50 513 100 төгрөгийг “Кристалхилл капитал” ХХК-ийн захирал Н.Жамбалцэрэнд төлсөн, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй гэж дээрх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл болсон нотлох баримтуудыг үгүйсгэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл “Кристалхилл капитал” ХХК-ийн захирал Н.Жамбалцэрэн нь худалдах-худалдан авах гэрээний оролцогч болох нь тогтоогдоогүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Хариуцагч “Голдендрийм” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Очирваанийн Жаргалсайхан 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр томилогдохоос өмнө 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Очирваанийн Наранбаатарыг томилсон тус компанийн үүсгэн байгуулагчдын хурлын 16/09 дүгээр тогтоолыг хариуцагч өөрөө гаргаж өгсөн байх бөгөөд түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх эрх олгосон 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн итгэмжлэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан зохигчийн эрхээс аль хэсгийг хэрэгжүүлэх эсэхийг тусгайлан заагаагүй байх тул шүүх хурлын товыг түүнд мэдэгдэж, түүний эзгүйд нь хэргийг хянан шийдвэрлэх нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт нийцжээ.

 

Иймд О.Наранбаатарт шүүх хуралдаанд оролцох эрх олгоогүй гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 50 513 100 төгрөг, алданги 12 577 761 төгрөг, нийт 63 090 862 төгрөгийг хариуцагч “Голден дрийм” ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч “Увт инвест” ХХК-д олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2017/00683 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “Голдендрийм” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 473 404 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.НАРАНЦЭЦЭГ

     

                                              ШҮҮГЧИД                              Ш.ОЮУНХАНД

 

                                                                                            С.ЭНХТӨР