| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2019/0862/з |
| Дугаар | 128/ШШ2020/0287 |
| Огноо | 2020-05-05 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 128/ШШ2020/0287
2020 оны 05 сарын 05 өдөр Дугаар 128/ШШ2020/0287 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Б” ХХК,
Хариуцагч: Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг ХБХГ,
Гуравдагч этгээд: “Ш” ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/397 дугаар захирамжаар байгуулагдсан үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгуулах, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 08/3335 дугаар мэдэгдэл, “Ш” ХХК-д хүргүүлсэн мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газрын 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 08/3335 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Монгол улсын Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 126 дугаар тушаал ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн орон сууцын барилгыг буулгаж, шинээр барилга барих журам, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/120 дугаартай “ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулган дахин төлөвлөж барилгажуулах тухай” захирамжийн дагуу Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас Хан-Уул дүүрэгт байрлах ******* болон ******* дугаар байрууд болох нийт 0.4 га газар талбайд орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах төсөл боловсруулах, барилгажилтын ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж нэгж байгууллага сонгон шалгаруулах тендерийн үйл ажиллагаа зарласан.
Уг сонгон шалгаруулалтад манай байгууллага санал өгөн оролцсон. Үнэлгээний хорооноос 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 08/3335 тоот мэдэгдэлээр татварын үлдэгдэлтэй ба төлбөр барагдуулсан талаар эрх бүхий байгууллагаас тодорхойлолт ирүүлээгүй. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Барилга хот байгуулалтын яаманд тодорхойлолт гаргуулсан. Бусад шүүх болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шаардсан тодорхойлолтыг ирүүлээгүй. Зураг төсөл гүйцэтгэх “К*******” ХХК-тай түншлэлийн эсхүл хамтын гэрээ байгуулаагүй тул шаардлага хангаагүй гэсэн мэдэгдэл гарсан. Бид Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Учир нь “Б” ХХК нь татварын үлдэгдэлгүй, татварын программ шинэчлэгдсэнтэй холбоотойгоор өр үүссэн байсан нь татварын тодорхойлолт болон 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 3/2928 тоот Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн тодорхойлолтоор нотлогддог. Гэтэл Үнэлгээний хороо эрх бүхий байгууллагын ирүүлсэн албан бичигийг харгалзан үзэлгүй, илт буруу дүгнэлт гаргасан. Нэхэмжлэгч нь татварын үлдэгдэлтэй гэсэн дүгнэлт буруу бөгөөд эрх бүхий албан тушаалтны албан бичгээр нотлогдож байна.
Мөн төсөл хэрэгжүүлэгч сонгон шалгаруулалт баримт бичгийг 4 дүгээр зүйл, Оролцох санал үнэлгээний 4.2.1-т зааснаар Ерөнхий шаардлагад оролцох санал гаргагч нь ерөнхий шаардлагыг хангасан эсэхийг дараах нотлох баримтад үндэслэн тогтооно гэж заасан. “Оролцох санал гаргагчид өгөх зааварчилгааны 3.1 дэх хэсэгт дурдсан нөхцөл байдал үүсч байсан бол энэ тухайгаа сонгон шалгаруулалтын үнэлгээний хороонд мэдэгдэж холбогдох шүүх эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр тухайн нөхцөл байдал арилсан тухай баримт нотолгоог үндэслэн тогтооно” гэж заасан байдаг. Бид цаг тухайн бүрт нь холбогдох эрх бүхий байгууллагуудаас гаргасан шийдвэр болох татварын байцаагчийн гарын үсэг тамга тэмдгээр баталгаажсан тодорхойлолтыг хүргүүлж байсан.
Барилгы хот байгуулалтын сайдын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 126 дугаар тушаал ашиглалтын шаардлага хангаагүй, нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам, тодорхойлолтын журам баталсан газарт харьяалж гаргах нь зүйтэй гэж үзсэн. Манай байгууллагын зүгээс тухайн газрын оршин суугчидтай хурал зохион байгуулан уулзсан. Давуу байх үүднээс төсөл арга хэмжээнд хамрагдсан оршин суугчдыг өөрсдийн барилгаруу нүүлгэн шилжүүлэх, халуун хүйтэн ус, бохирын ус зэргийг татсан байсан. Тендерт оролцоход татварын үлдэгдэлтэй мөн Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн төрөлжсөн архиваас гаргасан тодорхойлолтыг ирүүлээгүй гэсэн үүднээс хассан ба манай байгууллага нь татварын үлдэгдэлгүй байсан мөн шүүхийн төрөлжсөн архиваас бичиг баримт хүргүүлсэн байсан. 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 08/3335 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулж өгнө үү.
Нэхэмжлэлийн шаардлага нь Хот байгуулалтын хөгжлийн газраас гаргасан 08/3335 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах. Тухайн мэдэгдэл нь “Б” ХХК-ийг татварын үлдэгдэлтэй байна. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс холбогдох бичиг баримтыг ирүүлээгүй байна гэсэн байдаг.
Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/307 тоот захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгуулах, Мөн хот байгуулалтын хөгжлийн газрын 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 0/3335 дугаартай мэдэгдэл, “Ш” ХХК-д хүргүүлсэн мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүрэгт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй ******* болон 35б байранд төсөл хэрэгжүүлэх сонгон шалгаруулалтын Үнэлгээний хороо Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/397 захирамжаар байгуулагдсан. Үнэлгээний хороо нь төсөл сонгон шалгаруулалтыг тендерийн тухай хуулийн дагуу явуулдаг. Төсөл сонгон шалгаруулах урилгад холбогдох байгууллагын шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх газрын бичиг баримт, татварын тодорхойлолт, нийгмийн даатгал гэх зэрэг тодорхойлолтуудыг ирүүлэх гэж заасан байдаг.
“Б” ХХК нь Үнэлгээний хороо хураангуй жагсаалт гаргах өдөр ирүүлсэн материалд татварын үлдэгдэл болон төлбөр барагдуулсан талаар эрх бүхий байгууллагын тодорхойлолт нь байгаагүй. Мөн шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирсэн архивын лавлагаа нь Барилга хот байгуулалтын хөгжлийн яаманд гэж хаягласан толгойтойгоор ирсэн. Нэгэнт урилгад заасан бичиг баримтуудыг ирүүлээгүй мөн Б******* ХХК-тай түншлэлийн эсхүл хамтран ажиллах гэрээ байгуулалгүйгээр ирсэн. Энэ нь 2 компани хамтран ажиллах гэрээ эсхүл түншлэлээр орж ирнэ гэдэг урилгын заалтыг хангаагүй байсан. Иймд урилгад заасан бичиг баримтыг ирүүлээгүй гэсэн үндэслэлээр хассан. 3 байгууллага материалаа ирүүлсэн. “Э*******” ХХК болон “Б” ХХК нь шаардлага хангахгүй байсан тул Үнэлгээний хорооны шаардлага гараад “Ш” ХХК-ийн материалыг шаардлага хангаж байна гэж үнэлэн Хан-Уул дүүрэгт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй ******* болон 35б байранд төсөл хэрэгжүүлэх байгууллагаар шалгарсан.
Нийслэлийн Засаг даргаас гаргасан Үнэлгээний хорооны ажиллах журам болон Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар батлагдсан ашиглалтын зориулалт хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг буулган шинээр барилгажуулах үйл ажиллагааны журамд заасны дагуу явагдсан үйл ажиллагаа. Иймд Үнэлгээний хорооны шийдвэр нь хууль тогтоомж болон дүрэм журамд нийцсэн шийдвэр тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Холбогдох баримтуудыг ирүүлээгүй гэхэд бид баримтуудыг өгсөн. Энэ нь өөрөө тендерийн материал дотроос харагдана гэдэг байдлаар тайлбарлаж чадахгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *******, ******* байруудыг буулгаж, тухайн 0,4 га бүхий талбайд орон сууцны барилгыг буулгаж, дахин төлөвлөж, шинээр барилга барих эрх олгох, төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулахаар “ХУД-10” багцын сонгон шалгаруулалтыг 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл өдөр тутмын хэвлэл болон цахим хуудсаар нээлттэй зарласан байна.
Уг сонгон шалгаруулалтад оролцохоор “Э*******” ХХК, “Ш” ХХК, “Б” ХХК-иуд саналаа ирүүлжээ.
Хот суурин газрын дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэхээр иргэн, хуулийн этгээдээс гаргасан саналыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хүлээн авах, хянан шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд хэрэгжүүлэх эсэх талаар шийдвэр гаргана”,14.2-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга энэ зүйлийн 14.1-д заасан саналыг дэмжсэн тохиолдолд төсөл хэрэгжүүлэхээр сонгох талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, батлуулах ажлыг Хот байгуулалтын тухай хуулийн дагуу зохион байгуулж, уг төлөвлөгөөнд хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн, хөндөгдөж болзошгүй иргэн, хуулийн этгээдийн саналыг авч тусгана” гэж заасны дагуу Нийслэлийн Засаг даргаас 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/120 дугаар захирамжаар ашиглахыг хориглосон Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны *******, ******* байрнуудыг буулган дахин төлөвлөж барилгажуулахаар шийдвэрлэж, мөн барилгын барилгажилтын төслийн ажлын даалгаварыг 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр баталжээ.
Улмаар Нийслэлийн Засаг даргаас 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/397 дугаар “үнэлгээний хорооны бүрэлдэхүүн, түүний үйл ажиллагааны удирдамжийг шинэчлэн батлах тухай” захирамжийг гаргажээ.
Үнэлгээний хороо нь 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр сонгон шалгаруулалтын баримт бичгийн саналыг үнэлсэн бөгөөд нэхэмжлэгч “Б” ХХК-ийг төлбөрийн өртэй, төлбөр барагдуулсан талаарх эрх бүхий байгууллагын тодорхойлолт ирүүлээгүй, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Төрөлжсөн архиваас Барилга, хот байгуулалтын яамд тодорхойлолт гаргуулсан, бусад шүүх болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шаардсан тодорхойлолтыг ирүүлээгүй, зураг төслийг гүйцэтгэх “К*******” ХХК-тай түншлэлийн эсхүл хамтран ажиллах гэрээ байгуулаагүй гэсэн үндэслэлээр сонгон шалгаруулалтын шаардлагыг “хангаагүй” тул төсөл хэрэгжүүлэгчээр шалгаруулах боломжгүй гэж дүгнэжээ.
Хот суурин газрын дахин хөгжүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хот, суурин газрыг дахин хөгжүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 8.1.1-д “хот, суурин газрыг дахин хөгжүүлэх талаарх хууль тогтоомж, төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах” мөн 8.1.5-д “хот, суурин газрыг дахин хөгжүүлэхтэй холбогдох дүрэм, журам, заавар, норм, нормативыг батлан мөрдүүлэх, стандартыг хэрэгжүүлэх” гэж заасны дагуу Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 126 дугаар тушаалаар “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ыг баталжээ.
Мөн Хот суурин газрын дахин хөгжүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга сонгон шалгаруулалтын Үнэлгээний хороог байгуулж, сонгон шалгаруулалтыг зохион байгуулна” гэж заасан бөгөөд дээрх журмын 4 дүгээр зүйлийн 4.5-д “үнэлгээний хороо нь ирүүлсэн төсөл хэрэгжүүлэх санал тус бүрд үнэлгээ өгч, 30 хоногийн дотор дүгнэлт гаргана”, 4.8-д “аймаг нийслэлийн Засаг дарга нь үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсныг батламжилсан захирамж гарган, хоёр талт гэрээ байгуулах албан ёсны эрхийг шалгарсан этгээдэд олгоно” гэжээ.
Нэхэмжлэгчээс тус үнэлгээний хороонд ирүүлсэн материалд үндэсний татварын албаны 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн тодорхойлолтыг хавсаргасан байх бөгөөд уг тодорхойлолтын ард гараар “нэхэмжлэгч дээр үүссэн 280,000 төгрөгний өр нь татварын шинэчлэгдсэн программтай холбоотой тул өргүй нь үнэн болно” гээд авто хариуцсан байцаагч Э.Наранзул гэж тодорхойлсон байх тул нэхэмжлэгчийг “төлбөрийн өртэй, төлбөр барагдуулсан талаарх эрх бүхий байгууллагын тодорхойлолт ирүүлээгүй” гэж дүгнэсэн хариуцагчийн дүгнэлт үндэслэлгүй байна.
Харин төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилгын 2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “татвар нийгмийн даатгал болон нийслэлийн шүүхийн нэгдсэн архиваас авсан тодорхойлолт” 4 дэх хэсэгт “нотариатаар баталгаажуулсан түншлэлийн гэрээ /2 ба түүнээс дээш тооны аж ахуйн хамтарч консорциум хэлбэрээр төсөл хэрэгжүүлэх саналтай бол заавал ирүүлнэ/ гэж, мөн оролцох санал гаргагчид өгөх зааварчилгааны 3.2 дугаар зүйлд “Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээдийн нэгдлээс бүрдсэн түншлэл хамтран ажиллах гэрээний үндсэн дээр сонгон шалгаруулалтад оролцож болох ба дараах шаардлагыг хангасан байна” гээд тавигдах шаардлагыг дурьджээ.
Нэхэмжлэгчээс “К*******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээнүүдийг үнэлгээний хороонд хүргүүлсэн бөгөөд “уг төсөлд бие даан оролцож байгаа, аливаа хуулийн этгээдтэй хамтрах ажиллах, түншлэлийн гэрээ байгуулж оролцоогүй” гэж тайлбарлаж байгаа хэдий ч уг төслийг хэрэгжүүлэх боломжийн хүрээнд “К*******” ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээг шаардсан хариуцагчийн шаардлага үндэслэлтэй байна.
Учир нь Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.30-д ““зураг төсөл” гэж барилга байгууламжийг төлөвлөх, барилгын ажил гүйцэтгэхэд шаардагдах загвар зураг, эх загвар зураг /эскиз/, техник, эдийн засгийн үндэслэл, техникийн болон ажлын зураг, барилгын ажил гүйцэтгэх талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын төсөл, инженер хайгуулын судалгаа, инженер геологи, геодезийн зураглал, инженерийн тооцоо, өртгийн төсөв зэрэг баримт бичгийн иж бүрдлийг”, 4.1.31-д “зураг төсөл зохиогч” гэж барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах эрх бүхий хуулийн этгээдийг” хэлнэ гэж заасан бөгөөд барилгын зураг төсөл нь тухайн барилга, байгууламжийн үндсэн бүрдэл болохын хувьд уг зураг төслийг боловсруулах хуулийн этгээдтэй хамтран ажиллах гэрээг ирүүлээгүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.
Мөн нэхэмжлэгч нь Шүүхийн төрөлжсөн архивын 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 13546 тоот албан бичгийг хавсаргасан хэдий ч тус албан бичиг нь хариуцагчид бус харин Барилга, хот байгуулалтын яаманд хаяглагдсан байх тул сонгон шалгаруулалтын урилгын 2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн шүүхийн төрөлжсөн архивын тодорхойлолтыг ирүүлээгүй гэж дүгнэсэн дүгнэлт мөн үндэслэлтэй байна.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/397 дугаар захирамжаар байгуулагдсан үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Харин Хот байгуулалт, хөгжлийн газрын 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 08/3334, 08/3335 дугаар мэдэгдлүүдийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдийн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсныг ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлээр захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахаар хуульчилсан.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан.
Хот байгуулалт, хөгжлийн газрын 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 08/3334, 08/3335 дугаар мэдэгдлүүд нь үнэлгээний хороооны шийдвэрийг танилцуулж буй мэдэгдэл бөгөөд дангаар эрх зүйн шууд үр дагавар бий болгохгүй тул захиргааны актын шинжийг агуулаагүй.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус;” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ