Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 221/2015/0000/З |
Дугаар | 221/МА2015/0139 |
Огноо | 2015-03-19 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2015/0139
Е ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө, хариуцагч Төв аймгийн Цээл сумын Засаг дарга, сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч В.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 15 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр шийдвэрт хариуцагч Төв аймгийн Цээл сумын Засаг даргын гаргасан давж заалдах гомдлын дагуу Е ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Цээл сумын Засаг дарга, сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Төв аймгийн Цээл сумын Засаг дарга болон байгаль орчны хяналтын улсын байцаагч нарын байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг даалгах, Цээл сумын Засаг дарга М.Г-д Ашигт малтмалын тухай хуулийн 66.1.3-д заасны дагуу хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргуулах гэжээ.
Хариуцагч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...2008 онд Дүн үхэр уул нэртэй 2128 га талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаар мэдэгдэл авахад малын бэлчээртэй гэж татгалзсан хариу өгсөн. Мөн тусгай зөвшөөрөл авснаас хойш 6 жил байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулж байгаагүй бөгөөд хуурамч бичиг баримт бүрдүүлэн энэ хугацаанд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулж байсныг цагдаагийн ерөнхий газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас тогтоосон. Мөн тухайн тусгай зөвшөөрөл бүхий талбайд орон нутгийн нийтийн эдэлбэрийн газарт авсан оршуулгын газар, соёлын өв бүхий газар, тогтоц, иргэдийн тариалангийн талбай оршин байдаг. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 15 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр шийдвэрээр: 1. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасныг баримтлан хуульд заасан журмын дагуу захиргааны акт гаргахыг Цээл сумын Засаг дарга М.Ганбат, Байгаль орчны хяналтын улсын байцаагч В.Амараа нарт даалгаж,
2. Ашигт малтмалын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар Цээл
сумын Засаг дарга М.Ганбатад хариуцлага хүлээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Төв аймгийн Цээл сумын Засаг дарга давж заалдах гомдолдоо: 2015 оны 01 сарын 06-ны захиргааны хэргийн 15 дугаар шүүхийн шүүгч Д.Чанцалнямын даргалсан шүүх хуралдаанаар 01 тоот шийдвэр гаргаж Е ХХК-ийн нэхэмжлэлтэй Төв аймгийн Цээл сумын Засаг дарга, Цээл сумын Байгаль орчин хяналтын улсын байцаагч нарт холбогдох хэргийг хэлэлцэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгон, зарим шаардлагыг хангаж шийдвэрлэснийг дараах үндэслэлүүдээр эсэргүүцэн давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:
1. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт "Ашигт малтмалын тухай хуулийн 64
дүгээр зүйлийн 64.1-т зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь шүүхэд шууд
нэхэмжлэл гаргах эрхтэй байна" гэсэн хууль зүйн алдаатай дүгнэлт хийсэн байна.
Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 64.1 нь "... үйлдэл, эс үйлдлийн талаар
холбогдох дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргаж болно" гэж
зааснаар байтал шууд шүүхэд гомдол гаргах эрхтэй мэтээр тайлбарласан нь
Захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр заалтыг
зөрчсөн тайлбар болжээ. 6.1 дүгээр зүйлд "хуульд өөрөөр заагаагүй бол ..." гэж
заасан бөгөөд ашигт малтмалын тухай хуулийн 64.1-т өөрөөр заагаагүй "холбогдох
дээд шатны байгууллагад албан тушаалтанд гаргаж болно" гэж заасан байна. Иймд
захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1, 12 дугаар зүйл, 34
дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үүрэгтэй байжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өлзий-баяр нь нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэхийг шүүх эцэслэн тогтоолгүй асуудлыг шийдвэрлэсэн. Учир нь Жан овогт Ёо Жан гэгч нь энэ Е ХХК-ийн 2014 оны 7 сард худалдан авсан гэх боловч компанийн дүрэм эрх зүйн ямар ч бичиг баримтгүйгээр компанийг хэн төлөөлөх эрхтэй болохыг тогтоох боломжгүй байтал захирал гэдэг хоосон үгээр шийдвэрлэсэн нь эрх зүйн алдаа болсон. Зүй нь дээр дурдсан хүчин төгөлдөр бүхий эрх зүйн хэм хэмжээний хүрээнд 2 хувь нийлүүлэгч болон гэрчилгээн дээр бичигдсэн захирал хэн нь нэхэмжлэл гаргах, итгэмжлэл өгөх эрхтэй болохыг тогтоох тогтоогдоогүй тохиолдолд хуулийн 34.1.5-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой байсан.
3. Е ХХК нь 13629Х, 13360Х дугаартай ашигт малтмалын хайгуулын лиценз-г 2008 онд авсан байгаа бөгөөд энэ лицензийн талбайд 2008 оноос, ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, ашигт малтмалын тухай хуулийн 38-р зүйлд заасан байгаль орчинг хамгаалах талаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх үүрийг огт биелүүлээгүй билээ. 2008 онд тусгай зөвшөөрөл авснаас хойш үүргээ биелүүлээгүй учир хуулийн 38.2 дахь хэсэгт заасныг баримтлах ямар ч үндэслэлгүй юм. Учир нь 38.1.1-д тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор гэж заасан байхад 6 жилийн дараа төлөвлөгөө батлуулахаар ирж байхад хууль зөрчсөн гэх үндэслэлээр төлөвлөгөөг батлахгүй байх эрх сумын Засаг даргад бий болно. Гэтэл үүнийг шүүх огт харгалзан үзэлгүй шийдвэр гаргасан нь алдаа болжээ.
Мөн шүүх хурлын явцад Е ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөлд хамрагдах газар нутагт орон нутгийн тусгай хамгаалтад авсан, соёлын өвд тооцогдох дурсгалт зүйлс байгаа, орон нутгийн 100 гаруй жилийн түүхтэй оршуулгын газар бий зэрэг ашигт малтмалын тухай хуулийн 56-р зүйлд заасан тусгай зөвшөөрөл бүхий л үндэслэл байгаа тухай олон дахин дурдсан боловч шүүх харгалзан үзэлгүйгээр Засаг даргыг хууль зөрчих үйлдэл хийхийг нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.
Иймд Захиргааны хэргийн анхан шатны 15-р шүүхийн 2015.01.06-ны өдрийн 01 тоот шийдвэрийг хүчингүй болгож, Е ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье. гэжээ.
ХЯНАВАЛ:
Хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээс гадна Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шүүх мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Анхан шатны шүүх зөвхөн Е ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Ө нь 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-д зааснаар Цээл сумын Засаг дарга болон Байгаль орчны хяналтын улсын байцаагчид байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулахаар хүргүүлсэн нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараар нотлогдож байх тул сумын Засаг дарга тусгай зөвшөөрлийн эрх эзэмшигчийн үйл ажиллагаагаа явуулах эрхийг хангаж, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т зааснаар ирүүлсэн төлөвлөгөөг хянан баталж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлэх үүрэгтэй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон байна.
Анхан шатны шүүх дараах хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулж, холбогдох нотлох баримтыг цуглуулж, тэдгээрт хууль зүйн үндсэн дээр дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна. Тодруулбал:
Е ХХК-ийг төлөөлөн нэхэмжлэл гаргасан С.Өын нэхэмжлэлийг шүүх 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр захиргааны хэрэг үүсгэжээ. Гэтэл тус компанийг төлөөлөн Төв аймгийн Цээл сумын Засаг дарга, тус сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч нарт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг олгосон итгэмжлэл болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөн шүүхэд ирүүлсэн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан тусгайлсан эрхийг С.Өт олгосон Е ХХК-ийн захирал Zhang Yongгэсэн итгэмжлэлүүд нь ижилхэн 14/19 гэсэн дугаартай бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөр огноолсон байна.
Уг итгэмжлэлийн дагуу С.Ө нь 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага эсэх, эсвэл нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн эсэхийг шүүх тодруулаагүй байна.
Тиймээс анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрх зүйн байдлыг тодруулах, нэхэмжлэгч компанийн захирал Zhang Yong нь тус компанийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхийг бусдад олгох эрхтэй этгээд мөн эсэхийг тодруулах үүднээс нэхэмжлэгч Е ХХК-ийн үүсгэн байгуулагдсан болон өөрчлөгдсөн хуулийн этгээдийн дүрмийг хэрэгт нотлох баримтаар авч, С.Ө тус компанийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй эсэхийг шалгах шаардлагатай байна.
Нэхэмжлэгч Е ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө давж заалдах шатны шүүх хуралдаанд манай компани өмнө нь тусгай зөвшөөрөл бүхий талбайд гүйцэтгэх хээрийн ажлын үеийн байгаль орчныг хамгаалах ажлын төлөвлөгөөг батлуулж байсан гэж, харин хариуцагч Төв аймгийн Цээл сумын Засаг дарга нэхэмжлэгч тусгай зөвшөөрөл эзэмшсэн өдрөөс хойш одоог хүртэл хайгуулын талбайд үйл ажиллагаа явуулах, хайгуулын талбайд гүйцэтгэх ажлын үеийн байгаль орчныг хамгаалах ажлын төлөвлөгөө батлуулах талаар сумын төрийн захиргааны холбогдох байгууллагад хандаж хүсэлт, өргөдлөө гаргаж байгаагүй, би нэг ч удаа энэ компанийн хээрийн ажлын үеийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг баталж байгаагүй бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт хандан гомдол гаргасны дагуу цагдаагийн байгууллага шалгаад миний гарын үсгийг хуурамчаар үйлдэж төлөвлөгөө баталсан гэж тусгай зөвшөөрлөө сунгуулсан болохыг мэдсэн, тэр баримт нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа гэж тус тус маргасан байна. Анхан шатны шүүх Геологи уул, уурхайн кадастрын хэлтсийн даргын 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 186 дугаар шийдвэрээр 13629Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл, 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 85 дугаар шийдвэрээр 13361Х, 13360Х дугаар бүхий ашигт малтмалын хайгуулын зөвшөөрлийг 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүртэл сунгасан байна гэж дүгнэжээ.
Иймд шүүх нэхэмжлэгч компани хайгуулын талбайд гүйцэтгэх хээрийн ажлын үеийн байгаль орчныг хамгаалах ажлын төлөвлөгөөг батлуулж байсан эсэх, Е ХХК-д анх тусгай зөвшөөрлүүдийг ямар баримтуудыг үндэслэн олгосон, тус зөвшөөрлийн хугацааг 2011, 2014 онуудад сунгахдаа үндэслэсэн баримтуудыг Ашигт малтмалын газраас нотлох баримт гаргуулах замаар тодруулах нь зүйтэй байна.
Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах гэсэн үүргээ нэхэмжлэгч хэрхэн биелүүлсэн, тусгай зөвшөөрөл эзэмшсэн өдрөөс хойш явуулж байсан эсэхийг тодруулах нь хэрэгт ач холбогдолтой байна.
Түүнчлэн, Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 9д/7234 дүгээр албан бичгээр анхан шатны шүүхэд ирүүлсэн гэх Е ХХК-д холбогдох шалгалтын материал болох 200 хуудас нотлох баримтаас анхан шатны шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1/08 дугаартай албан бичгээр нотлох баримтын шаардлага хангахгүй гэж 55 хуудас материалыг буцаан хүргүүлсэн бөгөөд үлдсэн баримтуудыг хэрэгт хавсарган ирүүлээгүй, шүүх уг баримтыг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй, Е ХХК-аас хариуцагч нарт батлуулахаар өгсөн төлөвлөгөөнд геологчийн гарын үсэг зурагдсан байсан эсэх, мөн хариуцагчийн тайлбарт дурдсан Ихэр уул, Лүн үхэр уул, Хар горзгор гэх нэртэй өөр тусгай зөвшөөрлүүд байгаа эсэх зэргээр хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулаагүй, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэхээр байна. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байх тул дээр дурдсан нотлох баримтуудыг хэрэгт дахин бүрдүүлсний дараа хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-ны дагуу нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулж, 70 дугаар зүйлийн 70.2-д заасан шийдвэрийн төрлөөс алиныг гаргуулж, эрхээ хэрхэн сэргээлгэхийг хүссэн болохыг тодруулах ажиллагааг явуулаагүй, мөн хариуцагч Цээл сумын Засаг дарга болон тус сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн ямар буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн ямар эрх хөндөгдсөн, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 2008 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасныг зөрчсөн учир хайгуулын талбайд хийж гүйцэтгэх хээрийн ажлын үеийн байгаль орчныг хамгаалах ажлын төлөвлөгөөг батлаагүй гэх хариуцагч нарын тайлбар нь түүнийг зөвтгөх үндэслэл болох эсэх, мөн нэхэмжлэгч нь хуульд заасан үүргээ биелүүлсэн, биелүүлээгүй гэх шалтгааныг тодруулснаар түүний нэхэмжлэлийн шаардлага тодорхой болох бөгөөд үүнтэй холбоотой захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа байгаа эсэхийг шалгаж тодруулах, энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт хийх шаардлагатай байна.
Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нь Цээл сумын Засаг даргын байгаль орчны баталгаажуулаагүй, төлөвлөгөөг баталгаажуулж, хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхийг даалгах, Ашигт малтмалын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.3-т заасны дагуу албан тушаалтанд хариуцлага тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн хүсэл зориг, сэргээлгэхийг хүссэн эрх юу болох нь тодорхойгүй, мөн хариуцагч Цээл сумын Байгаль орчны хяналтын байцаагчийн ямар үйл ажиллагаа, шийдвэр нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн эсэхийг нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах замаар шүүх эрх зүйн дүгнэлт хийж, нотлох баримтыг цуглуулж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.
Мөн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлийн он, сар, өдөр нь 2015 оны 01 дүгээр сарын 06 гэж тэмдэглэсэн атлаа шүүхийн шийдвэрийн он, сар, өдрийг 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гэж бичиглэлийн алдаа гаргасныг дурдах нь зүйтэй байна
Анхан шатны шүүх дээр дурдсан нөхцөл байдлыг тодруулж, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг бүрэн цуглуулж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байх тул анхан шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
3. Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, мөн шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурьдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгтзааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч,өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР