Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/83

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж

Нарийн бичгийн дарга                             М.Баярмэнд

Улсын яллагч                                             Б.*******

Шүүгдэгч                                                       Б.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            М.*******

Хохирогч                                                       Б.*******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******т холбогдох 2224000010010 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.          

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1974 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумд төрсөн 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын багт оршин суух байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ы *******, регистрийн дугаар: *******.

Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 16 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэг дотор Б.*******гийн нүүр рүү 2 удаа цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Түүний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 16 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэг дотор Б.*******г зодсон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Тухайлбал:

Шүүгдэгч Б.*******т зодуулснаа шууд тусган мэдүүлсэн хохирогч Б.*******гийн “...2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр би сумын Нэгдсэн эмнэлэгт үзүүлчихээд хаалгаар гараад иртэл нэг хүн миний урдаас шатаар өгсөж ирж байсан, хажуугаар нь зөрөх гэтэл миний нүд рүү цохичихсон эргээд хартал дахиад шанаа руу цохисон тэгээд намайг шатны хажуу руу унагаад дээрээс дэвсээд өшиглөсөн би босох гээд чадаагүй ...тэгээд л шууд эмнэлэг яваад орчихсон би тухайн үед хэн болохыг нь таниагүй. ...намайг зодсон хүн эмнэлгээс буцаж гарч ирээд чамайг ална гээд дайрахад ******* гэх залуу нөгөө хүнийг барьж авсан. Намайг *******той хамт цагдаагийн хэлтэс дээр авчирсан...” гэсэн гэх мэдүүлгээр,   

Хохирогчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Т.*******ын “...2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 16 цагийн орчимд сумын  нэгдсэн эмнэлэгт тариа хийлгүүлчихээд гараад ирсэн чинь ******* гуай эмнэлгийн шатны баруун талд сөхрөөд суучихсан байсан ...та юу болов гэтэл намайг хаалгаар гарч иртэл урдаас шатаар гарч ирж байсан хүн зөрөхдөө намайг цохиж унагаад, дээрээс нүдчихээд яваад орчихлоо, би цагдаа дуудчихаад сууж байна гэж байсан. Би хажууд зогсож байтал эмнэлэг дотроос ******* гарч ирээд ******* гуайг ална гээд цохих гээд дайрахаар нь би *******ыг барьж аваад чи хөгшин хүн яаж байгаа юм гээд бариад авсан. Хамрынх нь хажуу талд шалбарчихсан, зүүн талынх нь нүд хавдаж хавагначихсан харагдаж байсан...” гэсэн мэдүүлгээр, 

Энэ талаар мэдүүлсэн гэрч П.*******ы “...2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр сумын Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт жижүүрт гарч байсан юм. 16 цагийн орчимд эмнэлгийн цонхоор хартал 103 руу ордог хаалганы танд нэг хүн нөгөөгөө цохиж байгаа харагдсан, тэгээд цэвэрлэгээгээ дуусаад хогоо гаргаж хаях гээд гараад иртэл ******* гуай зогсож байсан тэгэхлээр та яагаад зогсчихсон юм бэ зүгээр үү гэж асуутал эмнэлгээс гарч ирж байтал нэг зүс таних хүн цохиж, өшиглөчихөөд дотогшоо орчихлоо гэж байсан, тэгээд л би цаашаа хогийн цэгт хогоо хаяхаар явсан. Намайг Төрөх тасгийн цонхоор харж байхад нэг хүн нөгөө хүнийг цохиод цохиулсан хүн нь шатын хажуу руу унаж байгаа харагдсан хамрынх нь хажуу талд шалбарчихсан харагдаж байсан...”гэсэн  мэдүүлгээр,

Шүүгдэгч Б.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн “...2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр би өндөр настай ээжийнхээ хөнгөлөлтийн картыг бичүүлэх гээд Нэгдсэн эмнэлгийн гадаа машинаа тавьчихаад эмнэлгийн хаалгаар орох гэж байтал ******* миний урдаас биеэрээ түлхээд гараад ирсэн. Тэгэхлээр нь чи яаж байгаа юм бэ гээд  би цохичихсон. Түүний зүүн нүднийх нь хэсэг рүү гараараа нэг удаа цохисон тэгсэн ******* шатны хажуу руу уначихсан...” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.*******ын үйлдлийн улмаас хохирогч Б.*******гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 000000043 дугаартай ...Б.*******гийн биед гэмтэл учирсан байна. Хатуу мохоо зүйлийн 1-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой зүүн нүдний ухархайн доод хананы хугарал, хамар ясны хуучин хугарал хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар орчмын зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Хамар ясны хуучин хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл нь хуучин гэмтлүүд байна, бусад гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна. Учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй Б.*******гийн биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн  дүгнэлтээр тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг  нотолсон байна.

Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгч нарын үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргажээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгч Б.******* нь хохирогч Б.*******гийн нүүрэн тус газар 2 удаа гараараа цохисон үйлдэлдээ шууд санаатай хандсан байна.

Шүүгдэгч Б.******* хохирогч Б.*******гийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчсөн үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж,  хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангажээ.

Иймд  шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

Хохирол тооцсон талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлыг төлөх  үүрэгтэй.

Шүүгдэгч Б.******* нь хохирогч Б.*******д гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1385615 төгрөгийг төлсөн нь шүүгдэгч хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Хохирогч шүүгдэгчээс эмчилгээ хийлгэхээр Улаанбаатараас хотоос Тосонцэнгэл сум, Тосонцэнгэл сумаас Улиастай хүртэл зорчиход зарцуулсан  зардал буюу 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 53000 төгрөгийн, 75000 төгрөгийн, 04 дүгээр сарын 09-ний өдрийн 77600 төгрөгийн, 35000 төгрөгийн, 04  дүгээр сарын 10-ны өдрийн 30700 төгрөгийн, 27040 төгрөгийн, шүүх хуралдаанд дуудагдан ирсэн 04 дүгээр сарын 18-ны өдрийн 53783 төгрөгийн нийт 352123 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж 7 ширхэг шатахуун худалдан авсан зардлын баримтыг /и-баримт/ гаргаж өгсөн боловч энэ нь хохирогч эмчилгээ сувилгаа хийлгэхдээ холбогдон гарсан гэдэг нь тогтоогдохгүй байна.

Мөн түүнчлэн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч “нүдний ухархайн хугарал засах мэс засал хийлгэхэд 1500000 төгрөг шаардлагатай гэж мэдүүлсэн боловч хуульд заасан журмын дагуу авагдсан, нотлох баримтын шаардлага хангасан баримт хэрэгт авагдаагүй бөгөөд хохирогч цаашид эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбогдуулан гарах зардал болон бусад дээрх зардлаа Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

Харин хохирогчийн шүүх хуралдаанд дуудагдан ирсэн зардал 53783 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн бөгөөд   шүүгдэгч Б.******* түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу түүнд 103783 төгрөгийг төлсөн. Иймд энэ тогтоолоор шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.

Шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.*******ын үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.*******т оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй.

Шүүгдэгч Б.*******т 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ы *******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч  Б.*******т оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч Б.*******т 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Хохирогч Б.******* нь шүүгдэгчээс цаашид эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбогдон гарах зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч Б.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч зөвхөн иргэний нэхэмжлэгчтэй холбогдох хэсэгт  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧН. ДЭЛГЭРМАА