Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/84

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж

Нарийн бичгийн дарга                             М.Баярмэнд

Улсын яллагч                                             Б.Эрхэмбаяр

Шүүгдэгч                                                      Г.Лхагвасүрэн

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Лхагвасүрэнд холбогдох 2123001520052 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.         

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын Жинст баг МУИС доод хэсэг 5-7 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай гэх Сартуул овогт Гансүхийн Лхагвасүрэн, /регистрийн дугаар: ИА88011314/

Шүүгдэгч Г.Лхагвасүрэн нь Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийг зөрчин 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Завхан аймгийн Идэр сумын Мануустай багийн “Жаргалантын ам” гэх газраас 78-80 ЗАА улсын дугаартай “Мазда титан” маркийн тээврийн хэрэгслийг ашиглан зохих зөвшөөрөлгүйгээр 1.6133 метр куб хэрэглээний шинэс төрлийн мод бэлтгэж, тээвэрлэн ойн санд 318.738 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Түүний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч Г.Лхагвасүрэн нь Завхан аймгийн Идэр сумын Мануустай багийн “Жаргалантын ам” гэх газраас 78-80 ЗАА улсын дугаартай “Мазда титан” маркийн тээврийн хэрэгслийг ашиглан зохих зөвшөөрөлгүйгээр 1.6133 метр куб хэрэглээний мод бэлтгэж, тээвэрлэсэн хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.Тухайлбал:

Энэ талаар мэдүүлсэн хууль ёсны төлөөлөгч С.Ганбаатарын “...Мануустай багийн  “Жаргалантын хэц”-ийн ар гэх газраас ...түлээний мод бэлтгэх зөвшөөрөл олгодог ...Сумын мод бэлтгэх хэмжээг аймаг, сумын иргэдийн хурлаас тогтоож өгдөг ба хэрэв энэ хэмжээ хэтэрсэн бол модны зөвшөөрөл олгодоггүй. Бусад үед бол галын түлээний модыг сумын иргэддээ өрхийн хэрэгцээнд нь бэлтгэхийг зөвшөөрдөг. Өөрөөр буюу ашиг олох зорилгоор хэрэглээний мод бэлтгэхийг хориглодог. ...Гэм буруутай хүнээр байгаль экологид учруулсан хохирлыг барагдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлгээр,

 Г.Лхагвасүрэнд түлээний  мод бэлтгэх зөвшөөрөл өгсөн талаар мэдүүлсэн гэрч Ц.Сүх-Эрдэнийн “...Миний ажлын чиг үүрэг нь мод бэлтгэх, тээвэрлэх эрхийн бичиг олгох, түүнд хяналт шалгалт хийдэг мөн байгаль орчныг хамгаалах үүрэгтэй ажилладаг. Хэрэглээний мод болон түлээний модны ялгаа нь түлээний модны урт нь 2 метр 20 см урттай /дээд хэмжээ/, гаднах харагдах байдлаараа хэрэглээнд тэнцэхээргүй, модны үзүүр, гишүү багтдаг. Хэрэглээний мод нь 2 метр 20 см-ээс дээш урттай, хүний хэрэглээнд нийцэхүйц, зүсмэл материал гаргах боломжтой мод байна. Би 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 22-001053 дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийг иргэн Лхагвасүрэн гэх хүнд олгосон. Лхагвасүрэн гэх хүн эрхийн бичгээр 5 м.куб галын түлээний хуурай шинэс модыг Идэр сумын Жаргалант гэх газраас бэлтгэх зөвшөөрөл авсан. Иргэн Лхагвасүрэн нь 78-80 ЗАА улсын дугаартай Титан маркийн тээврийн хэрэгслээр модоо тээвэрлэх гэж зөвшөөрөл авсан...” гэсэн мэдүүлгээр,

Энэ талаар мэдүүлсэн гэрч Х.Батбилэгийн “...Би 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр дүү Г.Лхагвасүрэн намайг “гэртээ байж байхаар хамт модонд явалцаад өгөөч” гээд гуйхаар нь түүнтэй хамт Завхан аймгийн Идэр сум руу түүний 78-80 ЗАА улсын дугаартай Мазда титан маркийн тээврийн хэрэгслээр явсан. Бид хоёр замаараа Идэр сумаар дайрахад Г.Лхагвасүрэн нь байгаль хамгаалагчаас нь зөвшөөрөл авна гээд ойн байцаагч гэх хүнээс түлээний мод бэлтгэх зөвшөөрөл авсан. Бид хоёр Идэр сумын Мануустай багийн нутаг Жаргалантын ам гэх газраас мод бэлтгэхээр болоод эхний өдрөө очиж модоо бэлтгэж хоноод ...Тухайн үед Лхагвасүрэн моднуудыг тайрахдаа өөрөө хэмжээг нь аваад тайраад байсан. Бид хоёр Загастайн даваа уруудаад явж байхад Лхагвасүрэнгийн машины тэвшний боолтууд тасраад нум нь хугарсан тул тэвшний төмөр нь аккумлятор дээр дараад цахилгааны масс гарсан бөгөөд ачиж явсан мод нь тэвштэйгээ унахаар болсон тул осол аваар гаргаж байхаар модоо өөр машинаар ачиж явъя гэж хэлээд өөрийн төрсөн дүү Бямбадоржийг дуудаж ачиж явсан модоо шилжүүлж ачсан. Тухайн үед нь мод бэлтгэх эрхийн бичгээ Бямбадоржид өгч явуулахаа мартсан юм шиг байна лээ...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Г.Бямбадоржийн “...ах Г.Лхагвасүрэн утсаар яриад “миний машин “Загастайн даваа” уруудаж явж байгаад эвдэрчихлээ чи хурдан ахын машиныг унаад урдаас хүрээд ир” гэхээр нь би гэрээсээ ахын машиныг асааж унаад ..очиход Лхагвасүрэн ах, Батбилэг ах хоёр машины тэвшний боолтууд салсан байна. ...Лхагвасүрэн ахын машин дээр ачсан байсан модыг зөөж ачиж аваад аймаг явсан. ...аймаг орж ирээд баазад МТ шатахуун түгээх станцын урд талд явж байтал хоёр цагдаа таараад бичиг баримт үзээд “модны гоожин чинь хаана байна” гэхээр нь би гоожингоо ар талаас ирэх машинд мартсан байна. Манай ах машинтайгаа араас ирж байгаа гэхэд нөгөө хоёр цагдаа “гоожингоо биедээ авч явах ёстой байдаг юм” гээд намайг цагдаа дээр авч ирээд мод ачсан машиныг журмын хашаанд хийсэн...” гэсэн мэдүүлгээр,

Шинжээч Б.Даваацэрэнгийн “...Уг модонд хэмжилт хийхдээ хэрэглээнд тэнцэх болон хэрэглээнд тэнцэхгүй галын мод гэж хоёр хэсэгт хуваасан. Тухайн моднууд дунд 2.28-2.80 метрийн урттай нийт 39 ширхэг мод нь 1.6133 метр куб хэмжээтэй буюу хэрэглээний мод байсан. Харин бусад мод нь ан цавтай, цуурхай, яртай, тайрсан модны үзүүрүүд нь түлшнээс бусад зориулалтаар ашиглах боломжгүй байсан учраас түлшний мод гэж дүгнэсэн. 2.20 метрээс урттай мод бол хэрэглээний модонд тооцогддог, харин галын түлшний мод бол хэрэглээнд ашиглах боломжгүй ан цавтай, яртай өмхтэй, тахир муруй, 15 см-ээс доош голчтой моднууд хамаардаг...” гэсэн мэдүүлгээр

Шүүгдэгч Г.Лхагвасүрэнгийн ойгоос хэрэглээний мод 1,6133 метр кубыг бэлтгэсэн үйлдлийн улмаас ойн санд 318.738 төгрөгийн хохирол учирсан нь Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дахь ойн ангийн шинжээч Б.Даваацэрэн, Н.Алимаа, Ө.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 51 дугаартай “...1.Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ойн албаны мэргэжилтэн, ойн судлаач Б.Нямцэндийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан 03 дугаартай дүгнэлт үндэслэлгүй гэж үзэж байна. 2.Г.Лхагвасүрэнгийн 22-001053 дугаартай мод бэлтгэх эрхийн бичгээр бэлтгэсэн 2.70 м урттай мод нь түлээний модны төрөлд орохгүй. Тухайн бэлтгэсэн мод нь хэрэглээний болон түлшний мод байна. 3.Мод бэлтгэсэн гэх Завхан аймгийн Идэр сумын “Жаргалантын ам” гэх нэртэй газар нь Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан ашиглалтын бүсийн ойд хамаарна. Тухайн сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол, засаг даргын захирамжаар зөвшөөрөл олгож болно. Ойн зохион байгуулалтын ажил 2013 онд хийгдсэн нөөц тогтоогдсон. 4.Тухайн мод бэлтгэсэн газар нутаг ойн сангийн 2 дугаар мужлалд хамаарна. 5.Завхан аймгийн Идэр сумын Мануустай багийн “Жаргалантын ам” гэх нэртэй газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. 6.Мод бэлтгэсэн гэх Завхан аймгийн Идэр сумын Мануустай багийн “Жаргалантын ам” нэртэй газарт нь 2002 онд ой хээрийн түймэрт шатсан босоо унанги, хуурай модтой ой байна. Ойн насжилт тогтоох боломжгүй. 7.Мод бэлтгэх эрхийн бичиг авсан боловч модыг өөр тээврийн хэрэгсэлд сэлгэж ачих үед орхигдуулан тээвэрлэж явсан үйлдэл нь ойн тухай хуулийн 35.4-р заалт, Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журмын 3.2-р заалт тус тус зөрчсөн байна. 8.Тухайн мод нь ой хээрийн түймэрт шатсан газрын унанги хуурай мод, хэрэглээний мод, 1.6133 метр, куб. Хэрэглээнд ашиглах боломжгүй өмхтэй, яртай цуурхай унанги модны нарийн үзүүр шатсан түлшний мод 2.5515 метр, куб нийт 4.1648 метр, куб мод байна. 9.Тухайн зөвшөөрөлгүй бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ: БОАЖ-ын сайдын 2020 оны А/176-р тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээ тогтооход бүх төрлийн хуурай модны 2-р мужийн 1 метр, куб шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь: Хэрэглээний модонд 109,760 төгрөг, итгэлцүүр болох 1.8-аар үржин 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 197,568 төгрөг үүнийг бэлтгэсэн 1.6133 метр кубаар үржин экологи эдийн засгийн үнэлгээ нь 318,738 төгрөг” гэсэн дүгнэлтээр,  хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэл болон модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан ба дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Лхагвасүрэн нь “би өөртөө ч мод бэлтгээгүй хоёр хөгшинд түлээний мод бэлдсэн. Байгаль орчны байцаагчаас зохих журам, хуулийн дагуу зөвшөөрлийг авч мод бэлтгэж тээвэрлэсэн учир хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн дүгнэлтийг гаргаж байна.

Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлд заасан хууль бусаар мод бэлтгэх гэдгийг Монгол Улсын Ойн тухай хуулийн  35 дугаар зүйлд зааснаар ойлгох ба 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэг, 35.4.1-д “гэрээ зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн бол “хууль бусаар мод бэлтгэсэн” гэж үзэхээр байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,  Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт зааснаар иргэн зохих зөвшөөрөл авсны үндсэн дээр ойд мод бэлтгэх эрхтэй ба Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.4-д зааснаар иргэн ахуйн хэрэглээнд шаардагдах мод бэлтгэх хүсэлтээ ойн анги /байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/-д гаргаж, сумын эрх бүхий албан тушаалтан мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу тухайн иргэнд олгох талаар зохицуулсан байна.

Эрхийн бичгийг зориулалтаар нь хэрэглээний мод бэлтгэх болон түлээний гэж ангилдаг ба түлээний мод бэлтгэх эрхийн бичгээр хэрэглээний мод бэлтгэснийг  Ойн тухай хуульд заасан хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ.

 Шүүгдэгч Г.Лхагвасүрэн нь  Завхан аймгийн Идэр сумын Мануустай багийн нутаг Жаргалантын ам” гэх газраас түлээний 5 метр куб мод бэлтгэж тээвэрлэхээр 22-001053 дугаартай зөвшөөрөл /мод бэлтгэх эрхийн бичиг/-ийг авсан бөгөөд хэрэглээний 1.6133 метр куб мод бэлтгэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан огтлолоор мод бэлтгэх ажиллагааг зохицуулсан бөгөөд шүүгдэгчийн тухайн ойгоос бэлтгэсэн 1.6133 м куб хэрэглээний модыг зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалтыг зөрчиж хууль бусаар мод бэлтгэсэн. Иймд шүүгдэгчийн дээрх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй.

Шүүгдэгч Г.Лхагвасүрэнг Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүрээлэн байгаа орчны эсрэг ойн санд халдаж, Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 29 дүгээр зүйлийн 29.1.7 дахь хэсэг болон хууль болон журмын дээрх заалтуудыг зөрчиж ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр хэрэглээний мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй.

Шүүгдэгч Г.Лхагвасүрэнг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хууль бусаар ойд зохих зөвшөөрөлгүйгээр хэрэглээний мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн  497.1-д, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэм буруутай этгээд хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д заасны дагуу 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 956214 төгрөгийн шүүгдэгч Г.Лхагвасүрэнгээс гаргуулж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар Байгаль орчин уур амьсгалын санд  оруулах нь зүйтэй.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх  талаар

Шүүгдэгч Г.Лхагвасүрэнг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Шүүгдэгч Г.Лхагвасүрэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.

Шүүгдэгч Г.Лхагвасүрэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан харгалзан үзэх  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Г.Лхагвасүрэнгийн эзэмшлийн 78-80 ЗАА улсын дугаартай Мазда Титан маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.Лхагвасүрэнгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 78-80 ЗАА улсын дугаартай Мазда Титан маркийн тээврийн хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон 1,6133 метр куб шинэс модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгож, түлээний 2,5515 метр куб модыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэлээ

Шүүгдэгч Г.Лхагвасүрэн нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сартуул овогт Гансүхийн Лхагвасүрэнг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Лхагвасүрэнг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Лхагвасүрэнд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр буюу сар бүр /150000/ төгрөгөөр төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Лхагвасүрэн нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн  497.1-д, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар 956214 төгрөгийн шүүгдэгч Г.Лхагвасүрэнгээс гаргуулж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн  49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар Байгаль орчин уур амьсгалын санд  оруулсугай.

6. Шүүгдэгч Г.Лхагвасүрэнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Лхагвасүрэнгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 78-80 ЗАА улсын дугаартай Мазда Титан маркийн тээврийн хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон 1,6133 метр куб шинэс модыг тус тус улсын орлого болгож, түлээний 2,5515 метр куб модыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Шүүгдэгч Г.Лхагвасүрэнгийн эзэмшлийн 78-80 ЗАА улсын дугаартай Мазда Титан маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

9. Шүүгдэгч Г.Лхагвасүрэн нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА