Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/448

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: М.Солонго,

улсын яллагч: Б.Энэрэл /томилолтоор/,

шүүгдэгч: Д.Б /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/,

хохирогч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-т холбогдох эрүүгийн 2200000000000 тоот хэргийг 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.                             

              

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ц овогт Д-н Б /РД:000000000/,

Монгол Улсын иргэн, ****оны ** сарын ***-ний өдөр ********аймгийн ******** суманд төрсөн, 31 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа “Таван толгой” нүүрсний уурхайд том машины жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо 0 дүгээр байрны 0 тоотод түр оршин суух бүртгэлтэй, урьд,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн,

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Б нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар 10-ны шөнийн 02 цаг 30 минутаас 04 цаг хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо 0 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч С.Э-тай хардалтын улмаас маргалдаж улмаар түүний үснээс нь зулгааж чирэх, шал мөргүүлэх, гараараа толгой болон нүүрэн тус газар нь цохин, хөлөөрөө өшиглөсөн мөн гурил элддэг модоор цохиж, зодон биед нь “баруун талын 3.4.5-р хавирганы хугарал, баруун нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэн, зүүн хацар, шанаа, хүзүүнд цус хуралт, баруун мөр, бугалга, баруун шуу, тохой, зүүн бугалга, тохой, шуу, зүүн мөр, цээж, хэвлийд цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал, баруун өвдөг, шилбэ, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт, баруун зүүн өвдөгт зулгаралт, зулайн хуйх, баруун чамархай, дагзны хуйх, зүүн зулай, чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч Д.Б нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар 10-ны шөнийн 02 цаг 30 минутаас 04 цаг хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо 0 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хамтран амьдрагч С.Э-ыг тодорхой шалтгаангүйгээр үснээс нь зулгааж чирэх, шал мөргүүлэх, гараараа толгой болон нүүрэн тус газар нь цохин, хөлөөрөө өшиглөсөн мөн гурил элддэг модоор цохиж, зодох зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогчийн биед “баруун талын 3.4.5-р хавирганы хугарал, баруун нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэн, зүүн хацар, шанаа, хүзүүнд цус хуралт, баруун мөр, бугалга, баруун шуу, тохой, зүүн бугалга, тохой, шуу, зүүн мөр, цээж, хэвлийд цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал, баруун өвдөг, шилбэ, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт, баруун зүүн өвдөгт зулгаралт, зулайн хуйх, баруун чамархай, дагзны хуйх, зүүн зулай, чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирлыг санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

-С.Э-аас гаргасан “...2021 оны 12 сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 69-16 тоотод хамтран амьдрагч Д.Б зодсон...” гэсэн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1-р хуудас/,

-Хохирогч С.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө би Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 69-16 тоотод байрлах гэртээ унтаж байсан чинь 02 цаг өнгөрч байхад гаднаас Д.Б хаалга хүчтэй нүдээд, би хаалга тайлж өгөхөд архи уучихсан, дунд зэргийн согтолттой орж ирэхээр нь би хувцсыг нь тайлаад, арга эвийг нь олоод аль болох аятайхан байлгаж унтуулах гэсэн чинь Д.Б унтахгүй шууд миний үснээс зулгаагаад, уурлаад намайг газар чирч дээрээс хөлөөрөө дэвсээд, цохиод, шал мөргүүлээд зодож эхэлсэн. Тэгээд намайг гурилын элдүүр модоор цохисон бас тагтан дээрээс шидэх гээд байсан. Сүүлд нь намайг ямар ч хувцасгүй орцонд хөөж гаргасан. Би орцонд 30 орчим минут зогсож байгаад хаалгаа нүдэхэд манай 10 настай охин хаалга онгойлгож өгөөд дотогш ороход Д.Б унтчихсан байсан. Энэ явдал шөнийн 02 цаг 30 минутаас 04 цаг өнгөртөл болсон....Би тухайн үед Д.Б-т зодуулсны дараа гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэн толгой, цээж, хэвлийн рентген зураг авахуулан шүүх эмнэлэгт үзүүлсэн, дараа өдөр нь “Мөнгөн гүүр” эмнэлэгт үзүүлэн 10 хоног эмчилгээ хийлгэсэн. Энэ бүх эмчилгээний зардал, хэрэгцээтэй эм тарианы мөнгийг бүгдийг Д.Б төлж барагдуулсан. Гэхдээ би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-р хуудас/,

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээч эмч 2021 оны 12 сарын 14-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 295 дугаартай:

1. “...С.Э-ын биед баруун талын 3.4.5-р хавирганы хугарал, баруун нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэн, зүүн хацар, шанаа, хүзүүнд цус хуралт, баруун мөр, бугалга, баруун шуу, тохой, зүүн бугалга, тохой, шуу, зүүн мөр, цээж, хэвлийд цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал, баруун өвдөг, шилбэ, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт, баруун зүүн өвдөгт зулгаралт, зулайн хуйх, баруун чамархай, дагзны хуйх, зүүн зулай, чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 22-24-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч Д.Б-ийн яллагдагчаар өгсөн: “...би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Надад ямар нэгэн маргах зүйл байхгүй. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...Тухайн үед гэртээ архи уучихсан ороод эхнэр С.Э намайг архи уулаа гэж уурлаад, хэрүүл өдөөд байхаар нь би маргалдаж архи уучихсан байсан тул биеэ барьж чадалгүй уурандаа эхнэр С.Э-ыг алгадаж, үсдээд зодчихсон юм, би энэ бүхэнд их харамсаж байна. Би эхнэр С.Э-ын эмчилгээний зардал мөнгийг бүгдийг нь гаргаж өгсөн бөгөөд эмнэлгээс гарсны дараа ч эм, тарианы мөнгийг гаргаж өгсөн байгаа. Цаашид ч гарах зардал мөнгийг бүгдийг нь би төлнө...” гэж /хавтаст хэргийн 47-р хуудас/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

 Хохирогч С.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би тухайн өдрийн орой хүүхдүүдээ унтуулаад байж байтал  шөнийн 2 цаг өнгөрч байхад манай хүн хаалга нүдэж орж ирсэн. Нэлээн уусан согтуу орж ирсэн. Би унтуулах гэтэл муухай аашлаад зодож эхэлсэн. Намайг хэвтэж байхад үсдэж босгож ирээд хана мөргүүлсэн, толгой руу цохисон, гурилын модоор цохисон, нүцгэн орцонд хөөж гаргасан. Зодох үйл явц нь 1-2 цаг үргэлжилсэн, цаг харахад 04 цаг болж байсан...” гэв.

 Хувийн байдлын хувьд иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 53-р хуудас/ гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 54-р хуудас/, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /хавтаст хэргийн 55-р хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 56-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 57-р хуудас/,  эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хавтаст хэргийн 58-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 59-р хуудас/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 60-65-р хуудас/, бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 66-р хуудас/, Хууль сахиулах сургуулийн харьяа Ахлагчийн сургуулийн мэргэжлийн үнэмлэхний хуулбар /хавтаст хэргийн 67-р хуудас/, 2020.01.16-ны өдөр төрсөн хүү Б.Х, 2015.01.19-ний өдөр төрсөн хүү Б.Х, 2012.05.31-ний өдөр төрсөн охин Б.Х нарын төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 68-70-р хуудас/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Б нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

 Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээч эмч 2021 оны 12 сарын 14-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 295  дугаартай дүгнэлтээр хохирогч С.Э-ын эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдсон.

Хохирогч С.Э нь гэрлэлтээ батлуулаагүй хэдий ч дундаасаа 3 хүүхэдтэй, 10 гаруй жил хамт амьдарч байгаа нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар “хамтран амьдрагч бөгөөд хуулийн үйлчлэлд хамаарах этгээд” байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1"гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ гэж заасан байдаг.

Шүүгдэгч Д.Б-ийн хувьд согтуурсан үедээ хохирогчийг ямар ч шалтаг шалтгаангүйгээр эрүүл мэндэд нь халдаж, олон удаа зодож цохин, уг үйлдлээ удаан хугацаагаар үргэлжлүүлж байгаа нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдэл байна.

Мөн түүнчлэн шүүгдэгч Д.Б нь хохирогч С.Э-ыг өмнө нь 2016 онд эрүүл мэндэд халдаж хөнгөн гэмтэл учруулж уг хэргийг хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байсан, мөн 2018 онд эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж эрүүгийн хариуцлага хүлээж байсан нь Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын тогтоол /хавтаст хэргийн 33-р хуудас/, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ний өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоол /хавтас хэргийн 80-82-р хуудас/-аар тогтоогдсон бөгөөд дахин энэ үйлдлээ гаргаж байгаа нь байнгын давтамжтай шинжийг агуулсанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэсэн хүндрүүлэх нөхцөл байдал болж байна.

Иймд дээрх гэмт хэргийн хохирол, хор уршиг, халдлагын зүйл болох хохирогчийн эрх, эрх чөлөө, үйлдлийн санаа сэдэлт зэрэг бүх шинжүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл” үйлдэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа, мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирч байх тул уг зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч С.Э нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул шүүгдэгч Д.Б-г бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...Шүүхээс шүүгдэгч Д.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Д.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Шүүгдэгчийн 2018 оны 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Өршөөл үзүүлэх тухайн хуулийн 4.1-т зааснаар өршөөн хэлтрүүлэх саналтай байна. Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих саналтай байна...” гэх дүгнэлттэй,

 шүүгдэгч Д.Б: Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний ар гэрийн байдлыг харгалзан үзэж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Д.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хариуцлага нь торгох болон, зорчих эрх хязгаарлах ял шийтгэлээс гадна 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэлтэй.

Шүүгдэгч Д.Б-ийн зүгээс “ар гэрийн байдал, амьдралын нөхцөл байдлыг харгалзан үзэж, хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн шинж, арга барилын хувьд шөнийн 02 цаг 30 минутаас 04 цаг өнгөртөл хохирогчид олон тооны шарх гэмтэл үүсгэн, шаналал зовиур учруулан зодож цохисон нь хохирогчийн мэдүүлэг /хавтаст хэргийн 10-р хуудас/, шинжээч эмчийн дүгнэлт /хавтаст хэргийн 22-24/-ээр тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “ бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж онц харгис хэрцгий аргаар үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болж байгааг харгалзан, өмнө нь мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж ял шийтгэгдэж байсан /хавтаст хэргийн 80-82-р хуудас/ хувийн байдлыг тал бүрээс нь дүгнээд шүүгдэгчид хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн.

Харин улсын яллагчийн зүгээс “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-т 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэх саналтай байна” гэсэн бөгөөд харин хохирогч С.Э нь “гомдол саналгүй байгаа, ам бүлээ тэжээн тэтгэдэг” гэж мэдүүлснийг нь харгалзан үзэж улсын яллагчийн санал дахь хариуцлагын хэмжээнээс багасгаж, дээрх хуульд зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд тохирсон байна гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон /хүүхдүүдийн төрсний гэрчилгээ хэргийн 68-70-р хуудас/ бөгөөд түүний ам бүлийн байдлыг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзсэн.

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар 2015 оны Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө тус хуульд тусгайлан зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Д.Б-т Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Ц овогт Д-н Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Д.Б-т 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын Хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Д.Б-т Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

          5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

          6. Шүүгдэгч Д.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэ өдрөөс эхлэн эдлэх ялыг тоолсугай.

  

          7. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.УРАНГУА