Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/75

 

 

2022         3            01                                      2022/ШЦТ/75

         

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А,

улсын яллагч С.Б,  

шүүгдэгч Ч.Г нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Ч.Г-д холбогдох эрүүгийн 2125000000408 дугаартай хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, Ч.Г

Шүүгдэгч Ч.Г нь 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэрийн ойн бүсээс буюу Баянцагаан уулын “Бухын даваа”-ны баруун амнаас зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэн тээвэрлэж, байгаль орчинд 231.226 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Ч.Г мэдүүлэхдээ “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

Орхон аймаг Баян-Өндөр сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х-*-н “...2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 3 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлж хохирлыг барагдуулахаар заасан байдаг. Шинжээчийн дүгнэлтэд Ч.Г-н байгаль орчинд учруулсан хохирол нь 231.226 төгрөг байсан, хуулийн дагуу гурав дахин нэмэгдүүлж 693.678 төгрөг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,

гэрч Б.Т-н “... 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 16 цаг 30 минутын үед Говил багийн нутаг дэвсгэрт хяналт шалгалт хийж явахдаа, мод ачиж явсан 6207ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад иргэн Ч.Гзөвшөөрөлгүй мод тээвэрлэж явсан юм. Ямар нэгэн бичиг баримт үзүүлээгүй, “хаанаас бэлтгэсэн” гэхэд “Булганы нутгаас бэлтгэсэн” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

         яллагдагч Ч.Г-н “...Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэр дэх ойн бүсээс буюу Баянцагаан уулын “Бухын даваа”-ны баруун амнаас зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...мод бэлтгэхдээ ганцаараа явж модоо бэлдэж өөрөө ачсан, BONGOG2 загварын 6207ОРО улсын дугаартай өөрийн тээврийн хэрэгслээрээ тээвэрлэж байгаад саатуулагдсан. Босоо мод унагаж мод бэлтгээгүй, газарт үндсээрээ уначихсан байсан бүдүүн модны үзүүр талаас нь тайрч ачсан, мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй, бүх хохирлоо бүрэн гүйцэд төлж барагдуулна.” гэсэн мэдүүлэг /хавтас хэргийн 25-26 дахь тал/,

          Орхон аймгийн Байгаль орчны газарт идэвхтэн, байгаль хамгаалагч ажилтай  Б.Т-н “...2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 16 цаг 30 минутын үед Говил багийн нутаг дэвсгэрт хяналт шалгалт хийж явахад мод ачиж явсан 62-07ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад иргэн Ч.Г нь зохих зөвшөөрөлгүй мод тээвэрлэж явсан.” гэх мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дахь тал/,

зохих зөвшөөрөлгүй мод тээвэрлэсэн 62-07ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн үеэр бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-8, 9-11 дэх тал/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 12-16 дахь тал/,

          Орхон аймгийн Сум дундын ойн ангийн мэргэжилтний 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 3 дугаартай “...экологи, эдийн засгийн үнэлгээний нийт мөнгөн дүнг 231.226 төгрөгөөр тогтоов.” гэсэн дүгнэлт /хавтас хэргийн 32-33 дахь тал/,

          “Бэйкер тилли Далайван Аудит” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 02/02-88 дугаартай албан бичиг, мөн “...2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар KIA WIDEBONGO маркийн автомашины  үнэлгээ 1.314.600 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан /хавтас хэргийн 39-46 дахь тал/,

          62-07ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолт /хавтас хэргийн 60 дахь тал/,

Ч.Г-н бичиг баримтууд /хавтас хэргийн 62-67 дахь тал/ болон түүний иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

Тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тухай Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 8 дугаартай тогтоол /хавтас хэргийн 72 дахь тал/,

Ч.Г Байгаль орчин уур амьсгалын санд 694.000 төгрөг төлсөн тухай банкны баримт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн Ч.Гэрэлцогтоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч Ч.Г-г гэм буруутайд тооцох;

Шүүгдэгч Ч.Г нь 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэрийн ойн бүсээс буюу Баянцагаан уулын “Бухын даваа”-ны баруун амнаас зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэн тээвэрлэж, байгаль орчинд 231.226 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх, Орхон аймаг Баян-Өндөр сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х-н “...Ч.Г-н байгаль орчинд учруулсан хохирол нь 231.226 төгрөг байсан, хуулийн дагуу гурав дахин нэмэгдүүлж 693.678 төгрөг нэхэмжилж байна.” гэх,

гэрч Б.Т-н “... 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 16 цаг 30 минутын үед...иргэн Ч.Гзөвшөөрөлгүй мод тээвэрлэж явсан юм. Ямар нэгэн бичиг баримт үзүүлээгүй, “хаанаас бэлтгэсэн” гэхэд “Булганы нутгаас бэлтгэсэн” гэж хэлсэн.” гэх,

Ч.Г-н яллагдагчаар өгсөн “...Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэр дэх ойн бүсээс буюу Баянцагаан уулын “Бухын даваа”-ны баруун амнаас зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...бүх хохирлоо бүрэн гүйцэд төлж барагдуулна.” гэх мэдүүлгүүдээр болон  

          “...2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 16 цаг 30 минутын үед Говил багийн нутаг дэвсгэрт хяналт шалгалт хийж явахад мод ачиж явсан 62-07ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад иргэн Ч.Г нь зохих зөвшөөрөлгүй мод тээвэрлэж явсан.” гэх мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, зохих зөвшөөрөлгүй мод тээвэрлэсэн 62-07ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, Орхон аймгийн Сум дундын ойн ангийн мэргэжилтний 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 3 дугаартай “...экологи, эдийн засгийн үнэлгээний нийт мөнгөн дүнг 231.226 төгрөгөөр тогтоов.” гэсэн дүгнэлт, Ч.Г Байгаль орчин уур амьсгалын санд 694.000 төгрөг төлсөн тухай баримт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Ч.Гшүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1-д “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”,

2-д “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж тус тус заажээ.

Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн үндсэн шинж нь байгаль орчинд хохирол учирсан байхыг шаардахгүй, хууль бусаар мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авснаар төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

Зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэдгийг сум дундын болон сум дүүргийн ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/-аас мод бэлтгэх эрхийн бичиг авалгүйгээр, эсхүл эрхийн бичигт заасан хэмжээнээс хэтрүүлж, эрхийн бичигт зааснаас өөр төрлийн мод, өөр ойгоос мод бэлтгэснийг,

Гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан гэдгийг иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллага нь ойгоос бэлтгэсэн мод, гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахдаа сум дундын болон сум, дүүргийн ойн анги /байхгүй бол эрх бүхий албан тушаалтан/-аас гарал үүслийн гэрчилгээ авалгүйгээр тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсныг тус тус ойлгоно. 

Ойн тухай хуульд ойгоос мод бэлтгэх, ойн дагалт баялаг, түүнийг ашиглах журмыг хуульчилсан бөгөөд дээрх тохиолдолд зохих байгууллагаас зөвшөөрөл авахаар заасан байхад зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн шүүгдэгч Ч.Гэрэлцогтын үйлдэл нь “хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн шинжийг хангах бөгөөд түүнд Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон,

шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүхээс түүний “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

          Шүүгдэгч Ч.Г нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Шүүгдэгч Ч.Гэрэлцогтод эрүүгийн хариуцлага оногдуулах;

          Шүүх шүүгдэгч Ч.Г-г “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршиногэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Ч.Г-д эрүүгийн хариуцлага оногдуулах талаар, улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, эд мөрийн баримтаар хураагдсан модыг болон битүүмжлэгдсэн 62-07ОРО улсын дугаартай, KIA WIDEBONGO загварын тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулах.” гэсэн дүгнэлтийг,  

шүүгдэгч нь өөрөө өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцож “...тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү.” гэсэн саналыг гаргав.

         Шүүх шүүгдэгч Ч.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохиролд 694.000 төгрөгийг төлсөн байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ч.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 1.2-д заасан “учруулсан хохиролд 694.000 төгрөг төлсөн”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Бусад асуудал;

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Ч.Г нь өөрийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаль орчинд учруулсан хохирол болох 231.226 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлэн 694.000 төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын сангийн дансанд шилжүүлснийг нотлох банкны баримтыг шүүхэд ирүүлсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно.” гэж,

мөн зүйлийн 3 дахь хэсэгт “хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.” гэж тус тус хуульчилжээ.

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан KIA WIDEBONGO маркийн тээврийн хэрэгсэлд үнэлгээ хийлгэж, үнэлгээг 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар 1.314.600 төгрөг болохыг тогтоосон “Бэйкер тилли Далайван Аудит” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын дүгнэлт хэрэгт авагдсан байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгч Ч.Г тээврийн хэрэгслийн үнийг төлөхийг хүссэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 62-07ОРО улсын дугаартай, KIA WIDEBONGO загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 8 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг шүүгдэгч Ч.Г-д үлдээж, харин түүнээс уг тээврийн хэрэгслийн үнэ болох 1.314.600 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр,  

мөн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох Орхон аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын журмын хашаанд хадгалагдаж байгаа 1.371м3 эзэлхүүнтэй 31ш бүх төрлийн хуурай хар мод, түлээний модыг улсын төсөвт шилжүүлэхээр тус тус  шийдвэрлэлээ.  

Шүүгдэгч Ч.Г нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдаж, шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ч.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г-г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ч.Г шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 8 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ч.Гэрэлцогтын өмчлөлийн KIA WIDEBONGO загварын 62-07ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг түүнд олгож,

шүүгдэгч Ч.Г-с KIA WIDEBONGO загварын 62-07ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 1.314.600 төгрөгийг, 

мөн Орхон аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын журмын хашаанд хадгалагдаж байгаа гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1.371м3 эзэлхүүнтэй 31ш бүх төрлийн хуурай хар мод, хуурай түлээний модыг тус тус улсын төсөвт шилжүүлсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          7.Шүүгдэгч Ч.Г цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ЭНХТУНГАЛАГ