Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/82

 

 

2022         3            09                                     2022/ШЦТ/82

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Б,

улсын яллагч Г.Э,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Э-с Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Б.Бид холбогдох эрүүгийн 2225000000021 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, Б.Б

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 12 дугаар сарын 12-ны шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Олон гол” хүнсний дэлгүүрийн гаднаас Ц.Л-н өмчлөлийн 25-29ОРБ улсын дугаартай Тоёота приус-30 загварын тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

шүүгдэгч Б.Б “...мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Т.М-ийн “...Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу багийн нутаг дэвсгэрт байрлах “Олон гол” дэлгүүр ороод бэлэн гоймон, тамхи, 0.75гр “Eden” архи, ундаа зэргийг аваад гараад иртэл Тоёота приус-30 загварын 25-29ОРБ дугаартай тээврийн хэрэгслээ алдсан. Буцаж дэлгүүр ороод болсон явдлыг яриад дэлгүүрийн хяналтын камерыг шүүгээд байж байтал цагдаа нар “таны тээврийн хэрэгслийг авч явсан хүнийг олсон” гэж хэлээд машиныг маань хулгайлж явсан хүнийг барьчихсан дэлгүүр дотор ороод ирсэн. ...290.000 төгрөгийн хохирол барагдуулаагүй байгаа, тэр хүн угаасаа төлөх чадваргүй байсан болохоор нөхөр Лхагвасүрэнтэй яриад хохирлоо авахгүй гэж тохирсон. Манай нөхөр Лхагвасүрэн нь холын тээвэрт явдаг, хэрэг гарсан өдрөөс хойш яваад ирээгүй байгаа...Мишээл миний бие хохирогчоор мэдүүлэг өгч байна. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гаргах гомдолгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

гэрч Б.О-н “...2021 оны 12 дугаар сарын 12-ны орой би дэлгүүрт худалдагч хийж байсан, манай дэлгүүрт үйлчлүүлж байсан нэг эмэгтэй, гурван эрэгтэй хүмүүс дэлгүүрээс гараад буцаж орж ирээд, “эгчээ яанаа дэлгүүрийн гадаа асаалттай орхисон машин алга болчихжээ” гэж орж ирэхээр нь хяналтын камерын бичлэгээ шалгаж үзэхэд хар өмдтэй, цэнхэр өнгийн куртик өмссөн залуу машиныг аваад шороон дээгүүр харайлгаад аваад явчихсан байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,

яллагдагч Б.Б-ийн “...Хоёр найз Гантөгс, Пүрэвнямын нарын хамтаар Пүрэвнямын гэр болох Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу багийн нутаг дэвсгэрт байрлах түүний гэрт бид гурав 2 ширхэг 2.4л савлагаатай “Сэнгүр” пиво хувааж ууж дуусгаад “Олон гол” дэлгүүр орж пиво авах гээд Гантөгс, Пүрэвням хоёр дэлгүүр орсон, би гадаа хүлээгээд зогсож байсан. Миний согтолтын зэрэг өндөр байсан учир гэмт хэрэг үйлдэж байгаагаа хянаж чадаагүй, намайг машинд суух үед машин асаалттай хүн байхгүй болохоор нь машиныг жолоодож зугтсан, машин авч зугтсан газраас холгүй цагдаагийн алба хаагч нарт баригдаж саатуулагдсан. Би тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл үүсгэсэн, машиныг унаж зугтах үедээ замын хаялаганы шороо мөргөж тээврийн хэрэгслийн урд талын гупер эвдэрсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 5, 29 дэх тал/,

иргэн Т.М-ийн “...Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг “Олон гол” дэлгүүрийн гаднаас машинаа хулгайд алдлаа.” гэх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтас хэргийн 6 дахь тал/,

Ц.Л-н өмчлөлийн 25-29 ОРБ улсын дугаартай Тоёота приус-30 загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 8 дахь тал/,

“Олон гол” дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг хуулан авсан DVD-г эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтас хэргийн 9 дэх тал/,

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 11-13 дахь тал/,

“Ашидбилгүүн” ХХК-ийн 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 2163 дугаартай “...нийт хохирлын үнэлгээ 290.000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан /хавтас хэргийн 24 дэх тал/,

Б.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 33 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 32 дахь тал/,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтас хэргийн 44-47 дахь тал/,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 204 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтас хэргийн 48-51 дэх тал/,

Эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтас хэргийн 52-53 дахь тал/,

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 2022/ХМШЗ/06 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хавтас хэргийн 58-60 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас болон Б.Боос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч Б.Б-ийг гэм буруутайд тооцох;

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 12 дугаар сарын 12-ны шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Олон гол” хүнсний дэлгүүрийн гаднаас Ц.Лхагвасүрэнгийн өмчлөлийн 25-29ОРБ улсын дугаартай Тоёота приус-30 загварын тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн болох нь;

хэргийн үйл баримтын талаарх, хохирогч Т.Мийн “...“Олон гол” дэлгүүр ороод бэлэн гоймон, тамхи, 0.75гр “Eden” архи, ундаа зэргийг аваад гараад иртэл Тоёота приус-30 загварын 25-29ОРБ дугаартай тээврийн хэрэгслээ алдсан.” гэх,

гэрч Б.О-н “...2021 оны 12 дугаар сарын 12-ны орой...манай дэлгүүрт үйлчлүүлж байсан нэг эмэгтэй, гурван эрэгтэй хүмүүс дэлгүүрээс гараад буцаж орж ирээд, “эгчээ яанаа дэлгүүрийн тань гадаа асаалттай орхисон машин алга болчихжээ” гэж орж ирэхээр нь хяналтын камерын бичлэгээ шалгаж үзэхэд хар өмдтэй, цэнхэр өнгийн куртик өмссөн залуу машиныг аваад шороон дээгүүр харайлгаад аваад явчихсан байсан.” гэх,

яллагдагч Б.Б-ийн “...Миний согтолтын зэрэг өндөр байсан учир гэмт хэрэг үйлдэж байгаагаа хянаж чадаагүй, намайг машинд суух үед машин асаалттай, хүн байхгүй болохоор нь машиныг жолоодож зугтсан, машин авч зугтсан газраас холгүй цагдаагийн алба хаагч нарт баригдаж саатуулагдсан.” гэх мэдүүлгүүдээр, 

иргэн Т.М-ийн “...Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг “Олон гол” дэлгүүрийн гаднаас машинаа хулгайд алдлаа.” гэх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, Ц.Лхагвасүрэнгийн өмчлөлийн 25-29ОРБ улсын дугаартай Тоёота приус-30 загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, дэлгүүрийн хяналтын камерын бичлэг, эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэгдсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь бусдын автотээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч Б.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг хангасан, түүнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон,

шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруу нь санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул түүний “авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

         Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Шүүгдэгч Б.Б-ид эрүүгийн хариуцлага оногдуулах;

Шүүх шүүгдэгч Б.Б-ийг “автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршиногэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ид 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т заасныг журамлан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 3 сар хорих ялаар дүйцүүлэн сольж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 20 хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт 2 жил 2 сар 20 хоног хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” дүгнэлтийг гаргаж,

шүүгдэгч Б.Б нь өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцож “...хийсэн хэрэгтээ гэмшиж байна,” гэсэн болно.

          Шүүх шүүгдэгч Б.Б-ийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлыг төлөөгүй болон удаа дараа ял шийтгүүлсэн, мөн зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг харгалзан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн,...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянга хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасныг баримтлан энэ тогтоолоор оногдуулсан 1.200.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож 80 хоног хорих ялаар сольж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, энэ тогтоолоор оногдуулсан 80 хоног хорих ял дээр Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 204 дугаартай шийтгэх тогтоол, тус шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 2022/ХМШЗ/06 дугаартай шүүгчийн захирамжаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үйлдсэн 1 жил 11 сар 20 хоног хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 2 жил 2 сар 10 хоногоор тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б-ид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Бусад асуудлын талаар;

         Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогчид 290.000 төгрөгийн хохирол учирсныг тогтоосон “Ашидбилгүүн” ХХК-ийн 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 2163 дугаартай үнэлгээний тайлан хавтас хэргийн 24 дэх талд авагдсан байгаа боловч хохирогч Т.М-ийн “...290.000 төгрөгийн хохирол барагдуулаагүй байгаа, тэр хүн угаасаа төлөх чадваргүй байсан болохоор нөхөр Лхагвасүрэнтэй яриад хохирлоо авахгүй гэж тохирсон...надад нэхэмжлэх зүйл байхгүй, гаргах гомдолгүй.” гэсэн мэдүүлэг хавтаст хэргийн 16-17 дахь талд авагдсан тул хохирогчийн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Олон гол” дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг хуулан авсан DVD-г хэрэгт хавсарган үлдээж, 

битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг,

шүүгдэгч Б.Б энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Б нь Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 204 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жил 5 сар 11 хоног зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн бөгөөд шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй тул тус шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 2022/ХМШЗ/06 дугаартай шүүгчийн захирамжаар шүүхээс оногдуулсан 2 жил 5 сар 11 хоног зорчих эрхийг хязгаарлах ялаас түүний эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар 24 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж, 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн хорих ялыг эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор нь Б.Бид холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүүлэхдээ яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй, түүнийг хорих ангиас цагдан хорих байранд шилжүүлэн цагдан хорих талаар шийдвэрлүүлээгүй байсныг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг нэг мянга хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасныг баримтлан, шүүгдэгч Б.Б-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг мянга хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар буюу 80 хоног хорих ялаар сольж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, энэ тогтоолоор оногдуулсан 80 хоног хорих ял дээр Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 204 дугаартай шийтгэх тогтоол, тус шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 2022/ХМШЗ/06 дугаартай шүүгчийн захирамжаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үйлдсэн 1 жил 11 сар 20 хоног хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 2 жил 2 сар 10 хоногоор тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ид оногдуулсан 2 жил 2 сар 10 хоног хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-ид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Олон гол” дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг хуулан авсан DVD-г хэрэгт хавсарган үлдээж,

битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ЭНХТУНГАЛАГ