Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 59

 

 

           Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалан 
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Удвал, 
    Шүүгдэгч А.Дамдинбалжирын өмгөөлөгч: Ө.Нарантуяа, 
Шүүгдэгч: А.Дамдинбалжир, Б.Гомбо, 
    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийж, Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаагчууд овгийн Амартөрийн Дамдинбалжир, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Элжигэн овгийн Батбуянгийн Гомбо нарт холбогдох 201620000136 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
    Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1969 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, "Увс-Өргөө" ХХК-ийн барилгын туслах ажилтнаар ажилладаг, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт Увс аймгийн Баруунтуруун сумын Зүүнтуруун багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД:ОА69041812, Цагаагчууд овгийн Амартөрийн Дамдинбалжир. 
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт Увс аймгийн Баруунтуруун сумын Зүүнтуруун багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД:ОА75060737, Элжигэн овгийн Батбуянгийн Гомбо.

            Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч А.Дамдинбалжир нь 2016 оны 06 дугаар сарын 06-ны орой Увс аймгийн Баруунтуруун сумын Зүүнтуруун багийн нутаг "Хар цагаан ус" гэдэг газар өөрийн гэрийн хашаанд иргэн Б.Гомбыг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, шүүгдэгч Б.Гомбо нь 2016 оны 06 дугаар сарын 06-ны орой Увс аймгийн Баруунтуруун сумын Зүүнтуруун багийн нутаг "Хар цагаан ус" гэх газарт иргэн А.Дамдинбалжирын байшингийн цонхыг хагалж бусдын эд зүйл санаатай гэмтээсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. 
ТОДОРХОЙЛОХ нь:
             Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд : 
            1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 09-10-р тал/, 
 2. Хураан авах тогтоол, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 11, 12, 13-р тал/, 
 3. Хохирогч Б.Гомбын мөрдөн байцаалтад өгсөн: "2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Зүүнтуруун багийн "Хар цагаан ус" нэртэй газар Энхнаран гэдэг айлын хүү Моломжамцын гэр бүрэх найранд 19 цагийн үед эхнэрийн хамт мотоциклиор очсон. Би найран дээр  байхдаа 1-2 хундага архи уусан бөгөөд миний нойр булчирхай өвддөг учир архи уудаггүй юм. Манай багийн иргэн А.Дамдинбалжир мөн ирчихсэн байсан ба найр тарах үед Улаанбаатар хотоос ирсэн гэх нэг залуугийн хамт машинтай А.Дамдинбалжир болон миний эхнэр Б.Энэбиш, манай багийн иргэн Я.Дашням бид нар хамт явж А.Дамдинбалжирынд очсон. Тэднийд эхнэр нь байсан ба биднийг очоод удаагүй байтал М.Отгонбаяр, Бямбаарай гэх 2 хүн ирсэн. Тэднийд нийт 7 хүн байсан ба А.Дамдинбалжир нь нэг шил "Сүлд" нэртэй 0.75 л-ийн архи задалж тэнд байсан хүмүүс адилхан хувааж ууцгаасан. Би өөрөө хууч өвчтэй учир тэр архинаас 1-2 хундага уусан. Бид нарыг сууж байхад манай эхнэр, М.Отгонбаяр болон тэдний  хүү Бямбаарай нар хамт гарч явсан. Тэднийд  Я.Дашням, А.Дамиданбалжир, түүний эхнэр болон миний бие үлдсэн. Манай эхнэрийг явсны дараа А.Дамдинбалжир нь над руу үг хаяж, "чи эхнэрээ их дарамталдаг гэсэн" гээд уурлаж агсраад байсан. Тухайд үед би "Танд ер нь айл гэрийн амьдрал ямар хамаатай юм бэ, ямар хамаатан садангийн хүмүүс биш, танд ямар хамаатай юм бэ" гэж хэлээд тэднийхээс явсан нь дээр юм байна гэж бодоод гэрээс нь гарч явтал "Ална шүү чамайг" гэж араас юм хэлээд байсан. Тэгээд тэдний байшингаас гараад хашааны хаалганы үүдэнд хүрч явтал гэнэт араас тас хийх чимээ сонсдоод гал манарч би ухаан алдаад уначихсан. Хэр удаан хэвтсэнийг мэдэхгүй. Нэг сэрэхэд манай хүүхэд "Ааваа, ааваа таныг Данихай ах /А.Дамиданбалжир/ аймаар цохиж унагаалаа ш дээ" гэж хэлж байсан. Миний ам болон хамрын нүхнээс нэлээн цус гарч куртикны урд энгэр цусаар бохирлогдсон байсан. Ухаан орох үед эрүү зүүн талаараа хавдсан байсан ба би хүүхэдтэйгээ хамт шууд харьсан. Намайг ухаан ороход миний хүүхэд Бат-ерөөлтөөс өөр хүн байгаагүй. Бат-ерөөлт нь 15 настай. Тэгээд би гэрт очиж цохиулсан талаараа эхнэртээ хэлж, харуулчихаад буцаж А.Дамиданбалжирын гэрт эхнэртэйгээ хамт очсон. Манайхны айлууд хоорондоо ойрхон байдаг. Тэднийд ороод "Яагаад намайг ингэж цохиж байгаа юм бэ, арай дэндүүлчихсэн байна" гэж хэлэхэд А.Дамдинбалжир "Би мэдэхгүй байна" гээд байсан. Эхнэрээс нь манай эхнэр "Та энэ хүмүүсийг зодолдож байхад юу харж байсан юм бэ" гэхэд тэр "Би унтаж байсан" гэж хэлсэн. Я.Дашнямын тухайд хамт байсан боловч нэлээн согтуу байсан учраас зарим зүйлүүдийг сайн мэдэхгүй байсан. Тэгээд тэр шөнөө би гэрт харьж амарчихаад маргааш өглөө нь очиж уулзахад А.Дамиданбалжир "Би юу ч мэдэхгүй, санахгүй байна" гэж хэлсэн. Харин эхнэр хэлдэг газарт нь хэлж шалгуулсан нь дээр гэж хэлэхээр нь би сумын төв орж цагдаагийн хэсэгт энэ тухай хэлж мэдэгдсэн. Зодуулсны улмаас надад хүндэвтэр гэмтэл учирсан байсан. Миний зүүн шанааны эрүүний яс дундуураа хугарч, тасарсан, мөн хамар дундуураа хагарч эрүүний яс урдуураа цуурсан байна гэсэн. Намайг цохисон мод нь 2 хуруу орчим өргөнтэй, 1 метр гаран урттай шалны мод байсан. Би Улаанбаатар хотруу явж 1-р эмнэлэгийн эрүү, нүүрний клиникийн тасагт 2016 оны 06 дугаар сарын 19-нд хэвтэж, 20-ны өдөр хагалгаанд орж эмчлүүлж байгаад 3 хоноод гарсан. Өвчин намдаах лаа болон шаардлагатай бусад эмчилгээнүүдийг хийлгэхэд нийт эмчилгээний зардал 2.100.000 төгрөг болсон. Үүнээс гадна хоол, унааны зардал, хот руу явахдаа авч явсан 3 малын үнэ 150.000 төгрөг, Улаанбаатар хотруу ирж очих унааны зардалд 360.000 төгрөг, зодуулсны дараа аймгийн төврүү явахдаа ахынхаа машинд 70.000 төгрөгөөр бензин хийсэн зардал, мөн Баруунтуруун сумаас аймагт ирэх, буцаж сум орох замын зардал гээд бусад зардалтайгаа нийлээд 2.500.000 төгрөг болсон. Одоогоор А.Дамдинбалжир надад 500.000 төгрөг өгсөн байгаа. Үлдсэнийг нь төлж намайг хохиролгүй болгоно гэж хэлсэн. Одоо миний толгой байнга өвдөх, хүзүү хөших зэрэг зовиуртай байна. Эрүүндээ хагалгаа хийлгэсэн учир хоол, унд бараг идэхгүй байснаас их турсан. Би 2016 оны хавар хүүхдүүдээсээ болж эхнэртэйгээ маргаж байсан. Тэгээд манай эхнэр уурлахдаа Батжаргалын гэрт очиж байсан тохиолдол байдаг. Гэхдээ би тэр үед эхнэрээ цохиж, зодсон зүйл байхгүй. Надад уурласан уурандаа гэрээсээ гараад явчихсан юм, энэ талаар Дамдинбалжир сонссон байсан юм шиг байна лээ .Тэгээд над уруу эхнэрээ дарамталдаг гэж хэлсэн нь тэр юм байна лээ. А.Дамдинбалжирын хувьд эрүүл үедээ сайн хүн. Уухаараа бага зэргийн ааш гаргах гээд байдаг. Би А.Дамдинбалжирыг цохиогүй. Харин зодуулсны дараа гэрт харьчихаад буцаж тэднийд очоод маргалдаж байгаад "Яагаад намайг ингэж цохиж байгаа юм бэ" гэж хэлэх үедээ ширээн дээр байгаа архитай шилийг авч цонхоор гаргаж хаях гэж байгаад цонхны зайг олж харалгүй шидээд цонхны шилийг нь хагалчихсан, мөн тэднийхээс гараад явж байгаад уур хүрээд цонхыг гадна талаас нь цохиж хагалсан нь үнэн. Би бусдын эд зүйл хагалж гэмтээсэн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна" гэх мэдүүлэг /хх-ийн 17-18, 19-20-р тал/, 
           4. Хохирогч  А.Дамдинбалжирын мөрдөн байцаалтад өгсөн: "...Би тэр өдөр болсон асуудлыг ерөнхийд нь бүгдийг нь тодорхой санаж байна. Б.Гомбо бид хоёр хэрэлдэж байгаад Б.Гомбо надруу агсарчихаад түрүүлээд манайхаас гараад явахаар нь би шалны модоор түүний араас нэг удаа цохисон. Гэтэл Б.Гомбо зодуулсныхаа дараа буцаж манайд ирээд надруу агсарч байгаад архины шилээр манай байшингийн цонх хагалсан. Тэгээд гэрээс гарч явах замдаа нохойны идүүрээр дахин цонхны гадна талаас цохиж хагалсан. Нэг цонхны шилийг 2 удаа хагалсан бөгөөд цонх нилээн том хэмжээтэй хагарсан байсан. Би өнгөрсөн жил буюу 2015 оны зун 7х8 метрийн хэмжээтэй хувийн байшин барьж авсан ба нийт 4 цонхтой, цонх бүр 1х1.30 метр хэмжээтэй юм. Цонхыг Улаанбаатар хотоос захиж авахуулсан бөгөөд давхар шиллэгээтэй вакум цонх байсан. Цонх тус бүрийг 130.000 төгрөгөөр авсан. Миний хувьд адилхан согтуу байсан, хэн нэгнийхээ үгийг даалгүй нэгнийгээ цохиж, улмаар эд зүйлээ эвдүүлсэн. Надад цаашид гомдол гээд байх зүйл байхгүй. Би Б.Гомбод гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулна. Одоогоор 500.000 төгрөгийн хохирол төлсөн байгаа. Б.Гомбыг  аймгийн эмнэлэгт үзүүлээд буцаж Баруунтуруун сум орох үед нь унааны зардал гэж 40.000 төгрөг өгсөн. Цонх хагарсан асуудалд миний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй. Б.Гомбыг цохисон шалны мод  яасан эсэхийг мэдэхгүй байна. Б.Гомбыг цохисны дараа Б.Гомбо уг модыг надаас булааж аваад намайг бас цохисон. Харин надад шинжилгээгээр гэмтэл тогтоогдоогүй. Уг шалны мод 1 метр орчим урттай, 2 хуруу орчим өргөнтэй мод байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/, 
            5. Гэрч Б.Энэбишийн мөрдөн байцаалтад өгсөн: "2016 оны 06 дугаар сарын 06-нд би нөхрийнхөө хамт айлын найранд очсон. Тэгээд оройхон манай нөхөр нутгийн залуу А.Дамдинбалжир, Я.Дашням бид нар машинаар А.Дамдинбалжирын гэрт очсон юм. Бид нарыг очиход М.Отгонбаяр гэдэг эмэгтэй хүүхдийнхээ хамт тэднийд ирж таарсан. Тэгээд А.Дамдинбалжир нь "Сүлд" нэртэй 0.75 литерийн нэг шил архи задалж тэр архийг ууж байгаад М.Отгонбаяр хүүхдийнхээ хамт явсан ба араас нь би гарч явсан. Тухайн өдөр манай нөхөр бага зэргийн архи уучихсан байсан боловч эрүүл шахам байсан. Манай нөхөр Б.Гомбо нойр булчирхай өвддөг учир ер архи уудаггүй. Намайг харьсны дараахан удалгүй Б.Гомбо гэртээ ирсэн бөгөөд Б.Гомбыг манай хүүхэд Бат-ерөөлт очиж авч ирсэн. Би хүүдээ "Аавыгаа аваад ир" гэж хэлээд явуулсан юм. Манай хоёр гэр хоорондоо 200 орчим метр зайтай байдаг. Тэгээд Б.Гомбо гэрт орж ирэхэд түүний зүүн шанаа хавдаж хамар, амнаас нь цус гарсан байсан ба юу болсон талаар  асуухад "Данихай намайг ингээд зодчихлоо. Зүгээр шахам байхад зодчихлоо. Над руу "Чи муу эхнэрээ их дээрэлхдэг" гэхээр нь би "Чамд миний амьдрал ямар хамаатай юм бэ" гэж уурласан чинь намайг модоор цохилоо" гэж хэлсэн. Шалны модоор цохисон гэсэн. Тэгэхээр нь би А.Дамдинбалжирын гэрт очиж "Та яаж байгаа юм бэ. Зүгээр байсан хүнийг ингэчихдэг" гэж хэлтэл тэр ширээгээ дэрэлчихээд доошоо тонгойгоод "Мэдэхгүй байна" гээд байсан. Эхнэрээс нь асуухад "Би унтаж амарч байсан болохоор мэдэхгүй байна" гэж хэлсэн. Тухайн үед Я.Дашням гэдэг хүн байсан боловч тэр бас "Юу ч мэдэхгүй байна" гэж хэлсэн ба нилээн согтуу байсан. Харин манай нөхөр Б.Гомбо уурлаж "Чи намайг хараач, яагаад ингэж  цохиж байгаа юм" гэж хэлээд хажууд байсан архитай шилийг авч цонхоор нь гаргаж хаях гэж байгаад цонхыг нь хагалчихсан. Тэр шөнө гэртээ амарчихаад маргааш өглөө нь А.Дамдинбалжиртай дахин очиж уулзахад "Би юу болсныг сайн мэдэхгүй байна" гэж хэлсэн. Харин эхнэр нь "Хэлдэг газарт нь хэл" гэхээр нь нөхөр бид хоёр сумын төв рүү явж цагдаагийн хэсэгт мэдэгдсэн. Уг нь манай хоёр айлын хүмүүс нэг нутгийн нэг багийн, хэн хэндээ ямар нэгэн байдлаар өш хонзон санах хүмүүс биш юм. Урьд нь маргаж байгаагүй. Хүнийхээ хувьд А.Дамдинбалжир нь сайн хүн. Тэр өдөр яагаад Б.Гомбыг зодсоныг мэдэхгүй. Гэхдээ бид нар энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Зодуулснаас болж Б.Гомбын зүүн шанаа болон эрүүний яс, хамар зэрэг нь цуурсан байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 23-р тал/, 

            6. Гэрч Ж.Баасамбуугийн мөрдөн байцаалтад өгсөн "2016 оны 6 дугаар сарын 06-ны орой 22.00-23.00 цагийн орчимд А.Дамдинбалжир айлын найранд яваад ирэхдээ бага зэрэг архи уусан байсан. Гэхдээ тэгж их согтоогүй, өөрийгөө авч явах чадвартай байсан. 23.00 өнгөрч байх үед  А.Дамдинбалжир нь Б.Гомбо, Б.Энэбиш, М.Отгонбаяр, Я.Дашням нар болон бас нэг танихгүй хүүхэд дагуулж орж ирсэн. Тэд нар бүгд бага зэрэг архи уусан байх шиг байсан. Тэд нар гаднаас орж ирэхдээ хоорондоо маргаж, зодолдсан шинжгүй байсан. Би тэр хүмүүст цай хийж өгчихөөд охин Д.Нанжирмааг аваад унтлагын өрөөндөө орж унтсан. Харин Б.Гомбо, Б.Энэбиш, М.Отгонбаяр, Я.Дашням нар нөгөө талын өрөөнд юм яриад үлдсэн. Намайг унтахаас өмнө ямар нэгэн хэрүүл, зодоон болоогүй. Тэгээд намайг унтаж байтал Б.Энэбиш намайг дуудаж сэрээгээд "Б.Гомбо, А.Дамдинбалжир нар хоорондоо зодолдлоо , та босооч" гэж хэлсэн. Тэр үед нөгөө талын өрөөнд Б.Гомбын дуу гараад "Та нарыг байшинтай чинь шатааж ална" гэж хэлж байсан. Тэгж байтал цонх хагарах чимээ гарсан. Би орноосоо босоогүй учир  А.Дамдинбалжир, Б.Гомбо нарыг юунаас болж, яаж маргаж зодолдсоныг мэдээгүй. Удалгүй манайд байсан хүмүүс гарч явсан. Хүмүүс гарч явсны дараа А.Дамдинбалжир орж ирж унтсан бөгөөд А.Дамдинбалжирын зүүн гарын шууны хэсэгт нь шалбарсан, баруун гарын шууны хэсэгт нь бага зэрэг шалбарсан, толгойн зүүн хэсгийнх нь арьс нь зулгарсан, бага зэрэг цус гарсан байдалтай байсан. А.Дамдинбалжир нь юунаас болж  Б.Гомботой маргаж зодолдсон болохоо хэлээгүй. Би ч тэр талаар асуугаагүй. Маргааш өглөө нь буюу 2016 оны 06 дугаар сарын 07-ны өглөө босоход манай байшингийн гал тогооны өрөөний цонх хагарсан байсан. Тэр цонхыг хэн юугаар цохиж хагалсан болохыг би мэдэхгүй. Миний нөхөр А.Дамиданбалжир нь  "Б.Гомбо цохиж хагалсан" гэж хэлсэн. Мөн босоход манай нохойны идүүр гал тогооны өрөөнд ширээн дээр байсан бөгөөд Б.Гомбо нь тухайн идүүрээр цонх цохиж хагалсан юм шиг байна лээ. Надад тэр талаар өөр мэдэх зүйл байхгүй. Б.Гомбо нь намайг дайрч доромжилсон удаа байхгүй. А.Дамиданбалжир бид хоёр 1990 онд гэр бүл болсон. Манайх 3 хүүхэдтэй бөгөөд том хүү Д.Баттогтох 22 настай, дунд хүү Д.Баттулга 15 настай, бага охин Д.Нанжирмаа 3 настай юм. Манайх Увс аймгийн Баруунтуруун сумын Зүүнтуруун багт мал маллаж амьдардаг бөгөөд хувьдаа 100 орчим тооны малтай. Мөн нөхөр А.Дамдинбалжир нь хувьдаа 15-21 УВА улсын дугаартай "Маяти" маркийн автомашинтай юм. Миний нөхөр А.Дамдинбалжир нь төлөв даруу, шударга зантай, бодсон санасан зүйлээ хүнд шууд хэлчихдэг, хүнтэй тэр болгон маргаад байдаггүй, гэр бүл хамаатан садан, ах дүү нартаа байнга халамж, анхаарал тавьж, тус дэм болж явдаг хүн юм" гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р тал/,
            7. Гэрч С.Батжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: "Би Увс аймгийн Баруунтуруун сумын Зүүнтуруун багийн иргэн А.Дамдинбалжирыг нэг нутгийн хүн гэдэг утгаар нь сайн танина. Бидний дунд садан төрлийн холбоо байхгүй. Мөн өр авлага, өш хонзонгийн асуудал байхгүй. 2016 оны хавар 04 дүгээр сарын үед нэг орой А.Дамдинбалжир манайд ирээд хоол идээд сууж байтал Б.Гомбын эхнэр уйлсан байдалтай манайд орж ирээд "Б.Гомбо надруу уурлаад, зодох гээд байна" гэж хэлсэн. Яг юунаас болоод яаж зодож, цохисон талаар ямар нэгэн зүйл хэлээгүй бөгөөд бид нар ч тэр талаар асуугаагүй. Тухайн үед Б.Гомбын эхнэрийн биед ил харагдах бэртэл, гэмтэл, шарх, сорви, зулгаралт байгаагүй. Б.Гомбын эхнэр уйлж орж ирчихээд удалгүй буцаад гараад явсан. А.Дамдинбалжир бид 2 нэг нутгийн хүмүүс бөгөөд сүүлийн 3 жил айл хөрш амьдарч байна. А.Дамдинбалжир нь зан аашийн хувьд шударга, хүнд тусархаг, бусадтай нийтэч, даруу төлөв зантай хүн юм. А.Дамдинбалжир нь хааяа архи уудаг, тамхи татдаг. Архи уусан үедээ агсам согтуу тавиад байдаггүй юм. А.Дамдинбалжир эхнэр 3 хүүхдийн хамт мал маллаж амьдардаг, машин техникт сонирхолтой хүн юм" гэх мэдүүлэг /хх-ийн 26-27- тал/, 
            8. Гэрч А.Дамдинсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: "Миний төрсөн дүү А.Дамдинбалжир нь  эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Баруунтуруун сумын Зүүнтуруун багт мал маллаж амьдардаг. Дүү маань Зүүнтуруун багийн нутаг "Хар цагаан ус" гэх газарт хашаа, байшинтай. Мөн микро маркийн автомашинтай. А.Дамдинбалжир зан аашийн хувьд хүнд их тусархуу, бусадтай нийтэч, гэр бүл, ах дүү, хамаатан садандаа анхаарал халамж сайн тавьдаг хүн юм. Ер нь хүний эвийг олоод хүнтэй харьцаад, ярьчихдаг юм. А.Дамдинбалжирийнх хувьдаа 100 гаруй тооны хонь, ямаа, 10 гаруй үхэр, 10 гаруй тооны адуутай юм. А.Дамдинбалжир хааяа бага зэрэг архи уудаг боловч архи уусан үедээ элдэв янзын зан авир гаргаад, хүнтэй маргалдаж, муудалцаад байдаггүй юм. Өөрийг нь хүн өдөж хоргоохгүй л бол түрүүлж хүн өдөж, маргаан гаргадаггүй хүн юм" гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р тал/,
9. Гэрч М.Отгонбаярын мөрдөн байцаалтад өгсөн: "Би 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Энхнаран гэх айлын найранд оччихоод орой 22.00 цаг өнгөрч байх үед Баяраа гэх айлд өмнө нь үлдээсэн дээлээ авахаар явж байтал А.Дамдинбалжир ахын хашааны үүдэнд Б.Гомбо, Б.Гомбын эхнэр Б.Энэбиш нар тааралдаад "А.Дамдинбалжир ахын гэрт орчихоод яваач" гэхээр нь би тэдэнтэй хамт А.Дамдинбалжир ахын гэрт орсон. А.Дамдинбалжир ах 1 шил архи  гаргаж тойруулсан. Уг архийг тойруулж байхад Б.Энэбиш эгч "Б.Гомбо архи уучихаад гэрт очихоороо над руу уурлаад байдаг юм" гэж хэлэхэд А.Дамдинбалжир ах "Та хоёр яах гэж тэгж байдаг юм" гэж хэлж байсан. Тэгээд би удалгүй тэднийхээс гараад явчихсан бөгөөд намайг явсны дараа юу болсон болохыг мэдэхгүй байна. Намайг гарч явах үед 22.00 цаг өнгөрч байсан бөгөөд Б.Гомбо, А.Дамдинбалжир нар их согтоогүй байсан. Ямар ч байсан хэлж байсан үг, хийж байгаа үйлдлээ хянах чадвартай байсан. Тухайн үед би Чулуунбат гэх хүний хүүхэд Бямбаарайтай хамт явж байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р тал/,

10. Гэрч Я.Дашнямын мөрдөн байцаалтад өгсөн: "2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр би Нараа гэдэг айлын найранд очоод 20.00 цагийн үед эхнэртэйгээ хамт гэртээ ирсэн. Тэгээд намайг гэрийн гадаа зогсож байтал Баатар гэх залуу машинтайгаа ирсэн. Тухайн үед би өөрийн 1 настай зээ охиныг тэврээд зогсож байсан ба зээ охин машин руу гараараа заагаад уйлаад байхаар нь Баатарын машины хажууд зээ охиноо тэврээд очсон. Тэгээд Баатарын машинд хагас шил архи байсныг Баатар бид хоёр урд орой дээр гарч уусан. Архи дууссаны дараа би гэрлүү очиж охиноо үлдээчихээд гэрт байсан 0.5 литерийн Улаанбаатар нэртэй архийг авч Баатартай хамт машин дотор нь хувааж уусан. Би тухайн архийг уугаад согтож, ухаангүй болсон. Нэг ухаан ороход А.Дамдинбалжирын гэрт сууж байсан бөгөөд А.Дамдинбалжир, Б.Гомбо нар хоорондоо маргалдаад байсан. Юу гэж маргаж байсныг нь огт санахгүй байна. Би их согтсон байсан тул миний ухаан орж, гараад байсан. Нэг мэдэхэд гэнэт цонхны шил хагарч, шил цацарсан бөгөөд хэн, хаанаас, юугаар цохиж цонхны шил хагалсан болохыг мэдэхгүй. Тэгээд нэг ухаан ороход өглөө болсон байсан ба би гэртээ хэвтэж байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р тал/, 
11. Насанд хүрээгүй гэрч Г.Бат-Ерөөлийн мөрдөн байцаалтад өгсөн: "2016 оны 06 дугаар сарын 06-ны орой 19.00 цаг өнгөрч байх үед манай аав Б.Гомбо, ээж Б.Энэбиш нар Энхнаран гэх айлын найранд явсан. Аав, ээж хоёр гэрээс гарч явахдаа эрүүл байсан бөгөөд би аав, ээж хоёрыг явснаас хойш 2 цагийн дараа буюу 21.00 цагийн орчимд 2 дүүгээ авахаар Энхнаран ахын гэрт очсон. Намайг очиход аав гэрийн гадаа зогсож байсан ба би Пүрэвмөнх, Бум-Эрдэнэ гэх 2 дүүгээ аваад буцаад гэрлүүгээ явсан. Тэгээд би гэртээ очоод байж байтал А.Дамдинбалжир ахын хашааны гадаа аав нэг танихгүй хүнтэй хамт тамхи татаад зогсож байсан. Манай гэрээс А.Дамдинбалжир ахын хашаа хүртэл 200 орчим метр зайтай. Тэгээд би аав, ээж хоёрыг авахаар А.Дамдинбалжир ахын хашаанд орж байшин руу нь ороход А.Дамдинбалжир ах, аав, ээж, Я.Дашням ах, М.Отгонбаяр эгч, Бямбаарай ах, Баатар ах, Самбуу эгч гэх хүмүүс байсан. Дашням ах нилээн согтсон, бусад нь их согтоогүй байх шиг байсан. Тэдгээр хүмүүс хэрэлдэж, маргалдсан шинжгүй, хоорондоо юм яриад сууж байсан. Би аав, ээж хоёрыг дуудахад ээж гарч ирсэн бөгөөд би ээжийг аваад гэрлүү явах үед М.Отгонбаяр эгч, Бямбаарай ах хоёр мөн гараад явж байсан. Би ээжийг гэрт хүргэчихээд буцаж А.Дамдинбалжир ахын хашааны гадна аавыг авахаар очсон. Тэр үед аав А.Дамдинбалжир ахын гэрээс гараад хашааны хаалганы орчимд явж байтал А.Дамдинбалжир ах "Хоое Гомбоо" гэж орилоод аавын араас ирээд аавыг юмаар цохиход аав тэр дороо газарт унасан. Тухайн үед гэгээ тасраад харанхуй болж байсан тул А.Дамдинбалжир ах аавыг юугаар цохисон болохыг би хараагүй. Аав А.Дамдинбалжир ахаар цохиулж газарт унаад 5 орчим минут болоод ухаан орсон. Тэр хооронд А.Дамдинбалжир ах аавыг хараад зогсож байсан ба аав ухаан ороод босож ирэхэд аавын хацар, эрүүний хэсэг хавдсан байсан. Аав мотоцикль дээр сууж чадахгүй байсан учраас би аавыг дагуулаад гэрлүү алхаж явсан. Би гэрт очоод удалгүй унтчихсан бөгөөд намайг унтсанаас хойш юу болсон, аав дахин гарч явсан эсэхийг би мэдэхгүй байна. Эхлээд би А.Дамдинбалжир ах аавыг юугаар цохисон болохыг мэдээгүй. Аавыг газарт унасаны дараа А.Дамдинбалжир ахын гарт мод байгааг харсан. А.Дамдинбалжир ах аавыг нэг л удаа цохисон. Намайг аавыг дагуулж гэрт очиход ээж аавын цусыг арчиж цэвэрлээд хүйтэн жин тавьсан. Аавын ам, хамарнаас нь цус гарч байсан. Аав гэрт ирээд ямар нэгэн зүйл хэлээгүй, агсам согтуу тавиагүй юм" гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р тал/, 
12. Гэрч Ч.Бямбабаяр/ Бямбаарай/-ын мөрдөн байцаалтад өгсөн: "Би 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Баруунтуруун сумын Зүүнтуруун багийн нутаг "Хар цагаан ус" гэх газарт болсон Нараа ахын найранд очсон. Тэгээд тэнд байж байгаад орой 21.00 цагийн орчимд Төрөө гэдэг айлд очоод байж байтал манай ойролцоо гэр нь байдаг М.Отгонбаяр эгч над руу утсаар залгаад "Би Баяраагийнд байна. Намайг ирээд авчих" гэхээр нь өөрийнхөө мотоцикльтой яваад Баяраа ахын гаднаас М.Отгонбаяр эгчийг аваад явж байтал А.Дамдинбалжир ахын хашааны гадна А.Дамдинбалжир, Б.Гомбо, Б.Энэбиш, Я.Дашням, Баатар гэх хүмүүс зогсож байгаад бид хоёрыг дуудсан. Бид хоёрыг тэд нарын хажууд очиход тэд архи уусан байсан. Гэхдээ ухаанаа алдатлаа согтсон хүн байгаагүй. Мөн А.Дамдинбалжир, Б.Гомбо ах хоёр хоорондоо хэрэлдэж, маргалдсан шинжгүй байсан. Тэгээд тэд нар М.Отгонбаяр эгчийг дагуулаад А.Дамдинбалжир ахын гэрлүү орсон бөгөөд би хашааны гадна мотоцикль дээрээ суугаад үлдсэн. Би хашааны гадна 30 орчим минут хүлээгээд М.Отгонбаяр эгчийг гарч ирэхгүй болохоор нь мотоциклийн сигналаа дарахад М.Отгонбаяр эгч ганцаараа гарч ирсэн. Би М.Отгонбаяр эгчийг аваад шууд гэрлүүгээ явсан бөгөөд түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Намайг М.Отгонбаяр эгчийг аваад хөдлөх үед Б.Энэбиш эгч уйлсан байдалтай А.Дамдинбалжир ахын байшингаас гарч ирж байсан. Байшин дотор ямар асуудал болсныг би мэдээгүй. М.Отгонбаяр эгч надад ямар нэгэн зүйл хэлээгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р тал/, 

13. Гэрч Ө.Пүрэвжавын мөрдөн байцаалтад өгсөн: "Б.Гомбо нь миний нагац эгчтэй гэрлэсэн бөгөөд зан чанарын хувьд даруухан, амьдарлын төлөө гэсэн зүтгэлтэй сайн хүн байгаа юм. Би хүүхэд байхаасаа нагац Б.Энэбишийнд өссөн бөгөөд тэр үеэс л Б.Гомбо ахыг мэдэх болсон юм. Хүнийхээ хувьд илүү, дутуу ааш зангүй, даруухан, гэр бүлдээ халамжтай, хөдөлмөрч, элдэв муугаар эхнэр, гэр бүлдээ дарамт учруулж байгаагүй, суурь хүмүүжил сайтай, архи уудаггүй хүн юм. Багийн болон сумын иргэд түүний талаар үргэлж сайнаар ярьж, магтаж байдаг юм. Найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайтай, өмнө нь ямар нэгэн асуудал гаргаж цагдаа, шүүхээр шалгагдаж байгаагүй юм. Тэднийх амьдрал ахуйн хувьд тийм ч сайн биш. Хэдэн мал маллаж түүнийхээ ашиг шимээр амьдарч байгаа айл бөгөөд жил дараалан 2 хүүхдээ алдаж их зовлон үзсэн хүн юм" гэх мэдүүлэг /хх-ийн 39-р тал/, 

14. Гэрч Ю.Баатарсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: "Би бодохдоо Б.Гомбо эхнэрээ А.Дамдинбалжиртай хардаад л маргаан болсон гэж бодож байна. Хардах болсон шалтгаан нь хавар ямаа самнах үед Б.Гомбын эхнэр А.Дамдинбалжирын ямааг хамт самнаж пиво уусан байгаа юм. Тэр орой Б.Гомбо нь эхнэрээ зодсон байсан.Үүнээс үүдэлтэй юм шиг байна лээ. Маргах үедээ тэд нар согтуу байсан бөгөөд тэр өдөр айлын гэрийн найранд очоод уугаад ирсэн байсан. Би хотоос ганц шил архитай ирсэн. Тэгээд би А.Дамдинбалжир ахын гэрт сууж байгаад авч очсон шил архиа гаргаж өгсөн юм. Тухайн үед Б.Гомбо, А.Дамдинбалжир нар маргалдаад суугаад байхаар нь би Б.Гомбод " одоо яв" гэж хэлээд гаргаад явуулсан. Хэсэг хугацааны дараа Б.Гомбо орж ирээд үгийн зөрүүгүй нөгөө архийг нь аваад шууд байшингийн цонх руу шидэж цонхны шил хагалсан юм. Тэгээд Б.Гомбо муу үгээр харааж  байгаад гарч явах замдаа нохойны идүүрээр А.Дамдинбалжирын байшингийн гадна талаас нь цонхыг нь дахиж цохиж хагалсан юм. Би Б.Гомбо, А.Дамдинбалжир хоёрыг зодолдох үед байгаагүй бөгөөд тэр хоёр гэрээс гараад явсан. Би араас нь гарахад Б.Гомбо, А.Дамдинбалжирийг газар унагаачихаад нүүрлүү нь өшиглөж байхаар нь салгаад Б.Гомбыг явуулсан юм. Хэн хэнийх нь аль хэсэгт  ямар гэмтэл үүссэн байсныг шөнө байсан тул мэдээгүй. Буцаад гэрт орж ирэхэд  А.Дамдинбалжирын  зүүн шанаанд нь шарх үүссэн, толгойноос нь цус гарч байсан юм. Харин Б.Гомбыг ажиглаж хараагүй. Тэр орой Б.Гомбыг явсны дараа бид нар үлдээд сууж байтал Б.Гомбын хоёр хүүхэд орж ирээд намайг "Та манайд ороод хоночихооч. Аав ээжийг зодно гээд байна" гэхээр нь би Б.Гомбын гэрт очиход Б.Гомбын зүүн эрүү хавдсан байсан. Тэгээд Б.Гомбо надруу дайраад байхаар нь тайвшруулаад унтуулсан юм" гэх мэдүүлэг /хх-ийн 44-р тал/, 

15.  Монгол улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 268 тоот шинжээчийн дүгнэлтэд: "Үзүүлэгч Б.Гомбын биед тухайн үед  гэмтэл учирсан байна. Доод эрүүний яс оочны хэсэг болон зүүн өнцөгний хэсгээр хугарсан, хамрын хянга ясны хугарал, хамар дээр болон дээд уруул зүүн хацарт шалбарч тав тогтсон зэрэг гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь гадны хатуу мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь өөрийнх нь хэлж байгаа цаг хугацаанд үүссэн байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт удаан хугацаагаар нөлөөлнө" гэжээ, 
16.  Монгол улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 269 тоот шинжээчийн дүгнэлтэд: "Үзүүлэгч А.Дамдинбалжирын биед тухайн үед  гэмтэл учирсан байна. Толгойн оройн хэсгийн зулгаралт үүсэж тав тогтсон, зүүн гарын шуунд зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эдгээр гэмтлүүд нь нэгэн зэрэг үүссэн байна. Урьд нь бэртэл гэмтэл байхгүй. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт төдийлөн нөлөөлөхгүй" гэжээ, 
17. "Увс Финанс-Аудит" ХХК-ийн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гаргасан 332 тоот Вакум цонхны шил үнэлсэн тухай тайлан /хх-ийн 60-61-р тал/, 
18. Увс аймгийн Баруунтуруун сумын 4-р багийн засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гаргасан 77 тоот Тодорхойлолт /хх-ийн 79-р тал/, 
19. Шүүгдэгч А.Дамдинбалжирын ял шийтгэлгүй талаархи  хуудас /хх-ийн 84-р тал/,  
            20. Увс аймгийн Баруунтуруун сумын 4-р багийн засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гаргасан 106 тоот Тодорхойлолт /хх-ийн 86-р тал/, 
21. Шүүгдэгч Б.Гомбын ял шийтгэлгүй талаархи хуудас /хх-ийн 93-р тал/,  
22. Б.Гомбын Өвчний түүх /хх-ийн 98-103-р тал/, 
23. Б.Гомбын Амбулаториор эмчлүүлэгчдийн карт, хохирлын баримтууд /хх-ийн 105-111, 112-114-р тал/, 
24. Увс аймгийн Прокурорын газарт шүүгдэгч Б.Гомбо, А.Дамдинбалжир нарын гаргасан  хүсэлт, нэхэмжлэх хохиролгүй талаарх хүсэлт,  
            25. Шүүгдэгч Б.Гомбын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: " Миний бие бусдын эд зүйл хагалж гэмтээсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн орой А.Дамдинбалжир нь над руу "Чи муу эхнэрээ их дээрэлхэж амьдардаг гэсэн үү" гэж хэлээд агсраад байсан. Тэгэхээр нь би "миний амьдрал танд хамаагүй" гэж зөндөө хэлсэн боловч миний үгийг тоолгүй надруу агсарч байгаад намайг гэрээс нь гараад явж байтал араас шалны модоор толгой уруу цохиж  гэмтээсэн. Тэр үед би ямарч хариу үйлдэл хийгээгүй. Гэртээ очоод би эхнэртээ "Намайг ийм болтол зодчихлоо" гэж  хэлсэн. Тэгээд буцаж тэдний гэрт ирчихээд уурлаж бухимдахдаа гэрт байсан архины шилийг цонхоор гаргаж шидэх  гэж байгаад жижиг цонхыг нь онож хагалчихсан. Тэгээд  гарч явахдаа уурандаа нохойны идүүр авч шидээд  байшингийн цонхыг хагалчихсан. Би буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч А.Дамдинбалжирт цонхны шилний үнэ 175500 төгрөг төлж өгсөн. Мөн Дамдинбалжир нь миний эмчилгээний зардалд нийт 2500000 төгрөг төлж өгсөн.Одоо нэмж нэхэмжлэх зүйл байхгүй, биеийн байдал сайжирсан тул гомдол санал байхгүй, бид 2 эвлэрч нэгнээсээ уучлалт гуйсан. Бидний амьдрал байдлыг харгалзан үзэж надад хөнгөн ял оногдуулж өгөхийг хүсэж байна" гэх мэдүүлэг, 

           26. Шүүгдэгч А.Дамдинбалжирын шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн: " Тухайн өдөр айлын найранд очиж архи ууснаас болж Б.Гомботой маргалдаж, түүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би Гомбод учирсан хохиролд 2500000 төгрөг төлж хохирлыг  бүрэн төлж барагдуулсан, Гомбо мөн надад цонхны шилний үнэ 175500 төгрөг төлж өгсөн. Бид 2 эвлэрч учраа олсон, бидний харьцаа урьдынх шигээ хэвийн байгаа, надад одоо Гомбоос нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй.Би буруу зүйл хийсэндээ маш их гэмшиж байна. Надад оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү " гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно. 
Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч А.Дамдинбалжир нь 2016 оны 06 дугаар сарын 06-ны орой Увс аймгийн Баруунтуруун сумын Зүүнтуруун багийн нутаг "Хар цагаан ус" гэдэг газарт өөрийн гэрийн хашаан дотор хохирогч Б.Гомбыг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, шүүгдэгч Б.Гомбо нь хохирогч А.Дамдинбалжирын байшингийн цонхыг хагалж бусдын эд зүйл санаатай гэмтээсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хохирогч А.Дамдинбалжир, Б.Гомбо, гэрч Б.Энэбиш, Г.Бат-Ерөөл, Ж.Баасамбуу, Ю.Баатарсүрэн нарын мэдүүлэг, Монгол улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 268 тоот шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Хэрэг гарсан нөхцөл байдлыг судалж үзвэл: 2015 оны 06 дугаар сарын 06-ны өдөр шүүгдэгч нар нь айлын найранд очиж архи уусан, улмаар үргэлжлүүлэн А.Дамдинбалжирын гэрт ирж архи уусан, архи уух явцдаа шүүгдэгч А.Дамдинбалжир нь Б.Гомбыг өөрийн эхнэрээ дарамталдаг талаар ярьж хоорондоо маргалдаж, улмаар А.Дамдинбалжир нь Б.Гомбыг гэрээс нь гарч явах үед шалны модоор цохиж, түүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан, Б.Гомбо нь зодуулсны дараа А.Дамдинбалжирын гэрт орж маргалдах явцдаа тэдний байшингийн цонхны шилийг санаатайгаар хагалж, гэмтээсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон байна. 

Шүүгдэгч А.Дамдинбалжирын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Гомбын биед учирсан доод эрүүний яс оочны хэсэг болон зүүн өнцөгний хэсгээр хугарсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгч А.Дамдинбалжирыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар,  шүүгдэгч Б.Гомбо нь хохирогч А.Дамдинбалжирын байшингийн цонхны шилийг санаатай хагалж, гэмтээсэн нь тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул  түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус тус ял шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

            Шүүгдэгч А.Дамдинбалжир, Б.Гомбо нар нь харилцан гэм буруугаа хүлээж эвлэрсэн, шүүхийн хэлэлцүүлэгт "нэхэмжлэх хохирол, санал гомдол байхгүй" гэж тус тус мэдүүлсэн бөгөөд А.Дамдинбалжир нь хохирогч Б.Гомбод эмчилгээ болон бусад зардалд нийт 2500000 төгрөг, Б.Гомбо нь хохирогч Б.Дамдинбалжирт хохиролд /вакум цонхны үнэ/ 175500 төгрөг төлсөн нь хэрэгт авагдсан баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдсон тул  шүүгдэгч нараас гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзлээ. 

           Шүүгдэгч А.Дамдинбалжир, Б.Гомбо нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

    Шүүгдэгч А.Дамдинбалжираас энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй тул түүний эзэмшлийн 91-76 УВА улсын дугаартай , "HYUNDAI GRACE" маркийн микробус  автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.  
           Шүүгдэгч А.Дамдинбалжир, Б.Гомбо нар согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь ял хүндрүүлэх үндэслэл боловч тэд анх удаа хүндэвтэр ангиллын гэмт хэрэг үйлдсэн, өөрсдийн гэм буруугаа ухамсарлаж гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураар төлж барагдуулсан зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, тэдэнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 286 дугаар зүйлийн 286.1, 294-296, 297 дугаар зүйлийн 297.1-5 дахь хэсэг, 298 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

            1. Шүүгдэгч Цагаагчууд овгийн Амартөрийн Дамдинбалжирыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг, шүүгдэгч Элжигэн овгийн Батбуянгийн Гомбыг бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч А.Дамдинбалжирт 1 жил 6 сар хорих ял, шүүгдэгч Б.Гомбод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жил хорих ял тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч А.Дамдинбалжир, Б.Гомбо нарт оногдуулсан хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоосугай.  

            4. Шүүгдэгч А.Дамдинбалжир, Б.Гомбо нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д заасныг баримтлан шүүгдэгч А.Дамдинбалжирт оногдуулсан 1 жил 6 сар хорих ял, шүүгдэгч Б.Гомбод оногдуулсан 1 жил хорих ялыг тус тус тэнсэж, шүүгдэгч А.Дамдинбалжирт 1 жил 6 сарын хугацаагаар, шүүгдэгч Б.Гомбод 1 жилийн хугацаагаар тус тус хянан харгалзах хугацаа тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавих үүргийг Увс аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

            6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч А.Дамдинбалжирын эзэмшлийн 91-76 УВА улсын дугаартай,  “HYUNDAI GRACE” маркийн микробус  автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

            7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шүүгдэгч А.Дамдинбалжир, Б.Гомбо нарт өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр хэрэглэсүгэй.  

 

   Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                        ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.АЛТАН