Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2020/0295

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 06 өдөр Дугаар 128/ШШ2020/0295 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Дүгнэлт гаргагч: Э,

            Хариуцагч: Налайх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Г,

            Дүгнэлтийн шаардлага: 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 0175084 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, дахин хяналт шалгалт хийхийг даалгах,

          Шүүх хуралдаанд: Дүгнэлт гаргагч Э, хариуцагч Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дүгнэлт гаргагчаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хуулийн ахлах зөвлөх Э би Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ггийн зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн 3-08 дугаартай материалыг хянахад, тус дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг С шатахуун түгээх станц нь эрүүл ахуйн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэгжүүлэн ажиллаагүй зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 6.17.3 дахь хэсэгт зааснаар иргэн Мыг 300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна.

Зөрчлийн материалыг хянахад, Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "С" шатахуун түгээх станц нь 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр ажлын байрны угаалга цэвэрлэгээг огт хийгээгүй, ажилчид нь хоол цайгаа бараа бүтээгдэхүүн байрлуулсан өрөөнд хийж, тэндээ хоол цайгаа идэж уун хоол хийсэн түмпэн сав, аяга шаазангаа угааж цэвэрлэгээгүй, хатсан байдалтай, гар угаах угаалтуурыг цэвэрлээгүй, галын багаж хэрэгсэл болох гал унтраах хөөс, халаагуурыг нэг дор байрлуулсан зөрчлүүд илэрсэн байна. Мөн үүгээр ч барахгүй дэлхий нийтэд үхлийн аюулт корона вирусийн халдвар тархаж, орон даяар дээрх халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг хүн, хуулийн этгээд бүр эрчимжүүлж байгаа үед, цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан ажлын хувцсыг цэвэр үзэмжтэй өмсөөгүй, амны хаалт зүүгээгүй, ажлын байран дахь цэвэрлэгээ хангалтгүй, ариутгал хийгдээгүй, ариутгалын бодис байхгүй байсан байна.

Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Г нь дээрх зөрчилд зөрчлийн хэрэг нээн шалгахгүйгээр, зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн бөгөөд зөрчлийг шалгахдаа гомдол мэдээллийг гаргасан иргэн Э.Ч*******аас мэдүүлэг аваагүй, ажлын байран дээр хулгана байгаа эсэхийг шалгаагүй, илэрсэн зөрчлүүдийг нь арилгуулахаар зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаагүй, зөрчил арилсан эсэх нь тодорхойгүй байхад үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоох арга хэмжээ аваагүй зэргээр зөрчлийг дутуу шалгаж, эрхлэгч Мыг иргэнээр Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Налайх дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ггийн "С шатахуун түгээх станцын ажлын байрны угаалга цэвэрлэгээ хангалтгүй зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 6.17.3 дахь хэсэгт зааснаар иргэн Мыг 300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300000 төгрөгөөр торгож шийтгэл оногдуулсан 0175084 дугаар бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж, зөрчлийн 3-08 дугаартай хярбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материалыг Налайх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст буцаан хүргүүлэн зөрчлийн хэрэг нээн шалгуулахаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон дүгнэлт бичив. Иймд шийтгэлийн хуудас хүчингүй болгож өгнө үү.

Зөрчлийн шинжтэй гомдлыг н.Ч******* гэдэг хүн мэдээлэл гаргасан. Тухайн гомдол нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна, хулгана гүйж байна гэх зэргээр гаргасан байдаг. Энэ гомдлыг мэргэжлийн хяналтын газар хүлээж аваад н.Г******* байцаагчид хүлээлгэж өгсөн. Энэ гомдол нь өөрийнхөн шалгах ёстой чиглэл мөн. Гэхдээ шалгахдаа Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл хариуцагч нь Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 6.17.8 дах хэсэг заасан хүний ажиллах суралцах, байр эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангаагүй бол үйл ажиллагааг нь зогсоож, учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулан, хүнийг 100.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 1.000.000 төгрөгөөр торгоно гэсэн заалтыг барьж шалгалгүйгээр Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 6.17.3 дахь хэсгийг барин шалгасан. Хууль тогтоомжийг буруу ашигласан гэж дүгнэсэн.

Хөдөлмөрийн эрүүл ахуйн байцаагчийн шалгах байсан гомдол юм. Би эрүүл ахуй талаас нь шалгасан гэж байна. Гэвч эрүүл ахуй талаас шалгасан бол Зөрчлийн тухай хуулийн 6.17.8 дахь заалтаар шалгах байсан. Мөн манайд байцаагч байхгүй гэж байна. Зөрчлийн тухай хуульд зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх эсхүл зөрчлийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх гэсэн заалт байдаг. Манайд тухайн гомдлыг шалгах байцаагч байхгүй гээд Нийслэлийн мэргэжлийн хяналтын хэлтэст харьяаллын дагуу шилжүүлж шалгуулах боломжтой. Мөн 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Эрүүгийн хууль зөрчлийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль нь хүчин төгөлдөр шинээр мөрдөгдөж эхэлсэн. Үүнд хуулийн этгээдэд арга хэмжээ авах зохицуулалт шинээр орж ирсэн. Өмнө нь ийм зохицуулалт байгаагүй албан тушаалтанд оногдуулдаг байсан... гэв.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн ажлын байранд дээрх өдөр тутмын өдөр тутмын цэвэрлэгээ хийгээгүй, хоолтой аяга таваг энд тэнд тавьсан гал цэвэрлээгүй, хатсан байдалтай, гар угаах угаалтуурыг цэвэрлээгүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нь Монгол Улсын Эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 6.2 дах Хүний ажиллах байр нь эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангасан байна гэсэн заалтыг зөрчсөн бөгөөд ажлын байран дах эрүүл ахуйн шаардлагыг тухайн байгууллагын дотоод журмаар ажиллагсдаа ажлын байрны тодорхойлолтоор дамжуулан үүрэг болгосныг хөдөлмөрийн 036/19 тоот гэрээний хавсралт Ажлын байрны тодорхойлолт: Борлуулалтын ахлах ажилтны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар ажлын байрны үүрэг-ийн 2.2.6 дах ШТС-ын түгээгч нараар түгээгүүр болон худгууд, гадна талбай, түгээгчийн байрыг ээлж тутамд нь цэвэрлүүлэн хүлээлцүүлж дэвтэрт тэмдэглэн гарын үсэг зуруулан авч байна, 5.4 дэх хэсэгт Түгээгч нарт шаардлага тавих, үүрэг даалгавар өгөх, хариуцлага тооцох зэрэг үүргээ биелүүлээгүй, Холбогдогч Маас авсан мэдүүлэгт тухайн ажлын байрны цэвэрлэгээ, эмх цэгцийг ээлж хүлээлцэх бүрт цэвэрлэж хүлээлгэж өгөх ёстой бөгөөд энэ байдалд тус станцын эрхлэгч хяналт тавих, аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээдэг тухай мэдүүлсэн байна.

Гал унтраах хөөс, халаагуурыг нэг дор тавьсан, машины тос тосолгооны материалтай зэрэгцээд хоол хийх плетка байршуулж аюулгүй байдлыг хангаагүй нь хөдөлмөрийн 036/19 тоот гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.8 дах Сонор сэрэмжтэй байж, ажлын байрны аюулгүй ажиллагаанд анхаарах, хөдөлмөр хамгааллын шаардлагыг дагаж ажиллах, болзошгүй аюулаас сэргийлэх гэсэн заалтыг, Ажлын байрны тодорхойлолт: Борлуулалтын ахлах ажилтны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар ажлын байрны үүрэг-ийн 3.1 дэх Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх заалтыг биелүүлээгүй байна.

Ажлын хувцсыг цэвэр үзэмжтэй өмсөөгүй, халдварт өвчнөөс хамгаалах нэг удаагийн амны хаалт зүүгээгүй, гар халдваргүйтгэх уусмалгүй, цэвэрлэгээнд хэрэглэх халдваргүйтгэлийн бодисгүй байсан нь хөдөлмөрийн 036/19 тоот гэрээний хавсралт Борлуулалтын ахлах ажилтны Ажлын байрны тодорхойлолтын 2.1.9 дэх хэсэгт Шатахуун түгээх станцын түгээгч нарын үйлчилгээний соёл, хувцаслалтад байнга анхаарал тавих, 3.10 дахь хэсэгт Ажилтан өөрийн эрүүл мэндээ хамгаалж ажиллах шаардлагатай, 5.4 дэх хэсэгт түгээгч нарт шаардлага тавих, үүрэг даалгавар өгөх, хариуцлага тооцох эрхээ хэрэгжүүлээгүй байна. Дээрх зөрчлүүд нь үйлчилгээний чанар /нэгж, хэсгийн бодит байдал нь онц хэрэгцээ, хүлээлт буюу шаардлагуудыг хангаж буй түвшин/, аюулгүй байдлыг/ осол бий болох эрсдэлийг багасгаж буй шаардлага хангаагүй, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үүсэх сөрөг үр дагавар /галын аюул, халдварт өвчин тусах/, илэрсэн зөрчил дутагдлыг шуурхай авах арга хэмжээ аваагүй байна. Илэрсэн зөрчлийн хэмжээ, шинж, нөхцөл байдал нь тухайн байгууллагын дээд удирдлагад шууд хамаарах бус ШТС-ын эрхлэгч буюу, хариуцсан менежерт хөдөлмөрийн дотоод журам, ажил үүргийн хуваариар эрхлэгч нь Шатахуун Түгээх Станцын бүх ажлыг гардан удирдаж компанийн өмнө бүрэн хариуцах үүрэгтэй гэж Борлуулалтын ахлах ажлын байрны тодорхойлолтын ерөнхий зүйлд тусгасны дагуу эрх бүхий албан тушаалтанд арга хэмжээ авсан болно.

2020 оны 02 дугаар сард хяналт шалгалт хийгээд илэрсэн зөрчлийг одоо дахин шалгах боломжгүй. Тухайн станц нь бүтэн засварт ороод үйл ажиллагаа явуулахгүй байгаа. Тухайн үед ажил үүргээ биелүүлж, учир тухайн станцыг хариуцаж ажиллаж байсан этгээдэд шийтгэл оногдуулсан тул шийтгэлийн зөрчлийн шинж чанар, тухайн үеийн нөхцөл байдалтай уялдуулаад зөв шийдвэр гаргасан гэж бодож байна. Иймд шийтгэлийн хуудсыг хүчинтэй хэвээр нь үлдээж өгнө үү... гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр дүгнэлт гаргагчийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Тус дүүргийн иргэн Э.Ч*******аас С ХХК-ийн шатахуун түгээх станцын ажлын байранд нь хулгана гүйж байсан, эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна, шалгаж өгнө үү гэсэн гомдлыг утсаар гаргажээ.

Уг гомдлын дагуу тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Г нь хяналт шалгалт хийж холбогдогчоос тайлбар мэдүүлэг авсан байх бөгөөд шалгалтаар ажлын байрны угаалга цэвэрлэгээ хангалтгүй, хоолтой аяга таваг энд тэнд тавьсан, гал унтраах хөөс, халаагуурыг нэг дор тавьсан, машины тос тосолгооны материалтай зэрэгцээд хоолны шүүгээ, тогоо шанага байршуулсан, халдварт өвчнөөс хамгаалах нэг удаагийн амны хаалт зүүгээгүй, гар халдваргүйжүүлэх уусмалгүй зэрэг зөрчил илэрчээ.

Дүгнэлт гаргагчаас илэрсэн зөрчлийг харьяалалын дагуу шилжүүлээгүй, гомдол гаргагчаас тайлбар аваагүй, хэрэглэх ёстой хуулийг буруу хэрэглэсэн гэж, хариуцагчаас ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээнд тухайн байгууллагын эрхлэгч хариуцлага хүлээхээр заасан байсан, зөрчлийг нэн даруй арилгасан гэж тус тус маргажээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяалалыг хуульчилсан бөгөөд тус зүйлийн 6.10-д мэргэжлийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.11, 5.12 дугаар зүйл, 5.13 дугаар зүйлийн 1, 3 дахь, 5.15 дугаар зүйл, 6.26 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.1, 6.2, 6.3, 6.4, 6.5, 6.6, 6.7, 6.8, 6.9, 6.10, 6.11, 6.12, 6.13, 6.14, 6.15, 6.16, 6.17 дугаар зүйл, 6.18 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэг, 6.19, 6.20 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь заалт, 6.23, 6.24, 6.25, 7.1, 7.2, 7.3, 7.4, 7.6, 7.7, 7.8, 7.9, 7.10, 7.11, 7.12, 7.13, 7.14, 7.15 дугаар зүйл, 7.16 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 7.17, 8.1, 8.2, 9.1, 9.2, 9.3 дугаар зүйл, 9.4 дүгээр зүйлийн 2, 3, 4 дэх хэсэг, 9.5, 9.6, 9.7, 9.9 дүгээр зүйл, 9.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь заалт, 3 дахь хэсэг, 9.11, 10.2, 10.3, 10.4, 10.12, 10.13, 10.14, 10.15, 10.16, 10.17, 10.19, 10.22, 10.24, 10.25, 10.27, 11.2, 11.22 дугаар зүйл, 11.25 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 12.1, 12.2, 12.3, 12.4, 12.5, 12.6, 12.7, 12.8, 12.9, 12.10, 12.11, 12.12, 13.1, 13.2, 13.4, 13.5, 13.7, 13.9, 14.1, 14.2, 14.3, 14.4, 14.5, 14.6, 14.11 дүгээр зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.22 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 16.4 дүгээр зүйл, 17.1 дүгээр зүйлийн 14, 15, 17, 20 дахь хэсэгт заасан зөрчил гэж, мөн хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх явцад дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гээд 1.4-д зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналыг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтанд гаргах гэжээ.

Дээрхээс дүгнэвэл хариуцагч нь тухайн шалгалтаар илэрсэн галын аюулгүй байдалтай холбоотой зөрчлийг шалгуулахаар эрх бүхий албан тушаалтанд зөрчлийг шилжүүлэх саналыг гаргахаар байжээ.

Мөн Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт Хүний ажиллах, суралцах байр нь эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангаагүй бол үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан бөгөөд хариуцагчаас мөн хуулийн 6.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Үйлдвэрлэл, үйлчилгээний барилга байгууламж нь эрх бүхий байгууллагаас хянаж баталгаажуулсан зураг төслийн дагуу баригдаагүй, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй, эсхүл үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч нь түүхий эд, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдлыг хангаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үүсэх сөрөг үр дагавар, илэрсэн зөрчил дутагдлыг шуурхай арилгах арга хэмжээг аваагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны дагуу шийтгэл ногдуулсан нь хэрэглэх ёстой хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Учир нь дээрх зөрчил нь ажлын байрны эрүүл ахуйн нөхцөл шаардлагатай холбоотой байх бөгөөд тухайн барилга байгууламж нь эрүүл ахуйн шаардлагад нийцсэн эсэх, түүнд хадгалагдаж, худалдан борлуулагдаж байгаа түүхий эд, бүтээгдэхүүний чанартай холбоогүй байх тул Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан зөрчлийг сонгон хэрэглэхээр байна.

Иймд дүгнэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.2, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10, 2.4 дүгээр зүйлийн 1.4, Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан дүгнэлт гаргагчийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 0175084 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, дахин хяналт шалгалт хийхийг хариуцагчид даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-д зааснаар дүгнэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ