Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/84

 

 

 

 

 

 

 

 

 

2022         03          09                                     2022/ШЦТ/84

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг,

улсын яллагч Н.Д,

хохирогч М.У,

шүүгдэгч Б.Г нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж,

хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Г-ид холбогдох эрүүгийн 2225001290094 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;  

Монгол Улсын иргэн, Б.Г

Шүүгдэгч Б.Г нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг Дэнж 22-9 тоотод найз эмэгтэй М.У-тай хардалтын улмаас маргалдаж, цохиж, өшиглөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргалаас шүүгдэгч Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, улмаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй, хохиролд 705.000 төгрөг төлсөн. Хагалгаанд орохоор нь баримттайгаар төлнө.” гэв.

хохирогч М.У мэдүүлэхдээ “...Бид хоёр унтаж амрах гэж байтал утас нь дуугараад, “би явчихаад ирье” гэсэн, тэгэхээр нь би “унтаж амармаар байна” гээд түүнийг 00 орсон үед нь машины түлхүүрийг нь авчихсан, утсыг нь харсан чинь хуурай дүүгийн утас байхаар нь яагаад залгасан талаар асуухад хуучин үерхэж байсан охин нь залгуулсан байсан. Би хамрын хагалгаанд орно, төлбөр 2.500.000 төгрөг болно гэж эмч хэлсэн, мөнгөө авч байж хагалгаанд ормоор байна.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн;

хохирогч М.У-н “...2022 оны 2 дугаар сарын 07-ны орой найз залуу Ганцоожтой 21 цаг өнгөрч байхад Мэнд-Амарын урд уулзсан. ...дэлгүүр орж хүнсний зүйл авангаа 2.5л нэг пиво авсан. Тэгээд хоол идчихээд 23 цаг өнгөрч байхад орондоо ороод нөгөө пивоо бид хоёр хувааж уусан, Ганцоож утсаараа оролдоод байсан бөгөөд пиво дууссаны дараа шкафанд байсан бүтэн архинаас “хоёулаа ганц, ганц татчихъя” гэхээр нь би зөвшөөрсөн, тэр архинаас би 3 хундага уусан, Ганцоож дуустал нь уусан. Бид хоёр яг унтах гэж байтал Ганцоожийн утас дуугарч, 00-д ороод яриад байсан, тэгснээ “би гарчихаад ирье, Азаа, Мөөжиг нар ирчихсэн намайг ганц юм ууя гээд байна” гэж хэлсэн. Би тэгэхээр нь “яг хэн юм, дуудлагыг нь харуул” гэтэл харуулахгүй байсан. ...нөгөө дугаарыг нь хартал хуурай дүү Үүрцайх байсан, би Үүрцайх руу залгаж “яах гэж байгаа юм” гэтэл “Хишгээ л миний дугаараас залгасан шүү дээ” гэсэн. Хишгээ нь Ганцоожийн хуучин үерхэж байсан эмэгтэй байгаа юм. Ганцоож гарч явчихаад удалгүй буцаж орж ирсэн бөгөөд надад хандан “танай дүү Үүрцайх чинь намайг цохичихлоо” гээд байсан, би Ганцоожийн хамт гадаа гарахад Үүрцайх, Хишгээ бас нэг хүн байсан, тэгээд би гэрлүүгээ ороод хэвттэл Ганцоож араас орж ирээд “танай дүү миний шүдийг унагаачихлаа, чи гарч хайж олж өг” гээд байсан. Тэгэхээр нь би “унтаж амармаар байна” гэтэл гараас татаж босгоод намайг түлхсэн, тэгснээ гуталтай хөлөөрөө дээрээс дэвсээд, гараараа алгадаад, үсдэж зулгаагаад, миний хоолойг боогоод “би чамайг ална шүү” гээд байсан, гэтэл миний утас дуугарсан бөгөөд Ганцоож авсан, тэгэхээр нь би “ааваа намайг ирээд аваач” гэтэл Ганцоож зугтаагаад явчихсан. ...миний эмчилгээний зардалд 260.000 төгрөг, мөн ажилдаа яваагүй 5 хоногийн цалин 250.000 төгрөгийг нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дугаар тал/,

гэрч Д.М-н “...2022 оны 2 дугаар сарын 07-ны орой 21 цагийн үед намайг ажил дээрээ байхад охин Уянга ирсэн, тэгээд миний автомашиныг надад үлдээчихээд хүүгээ аваад явсан. Би тухайн өдөр ажил дээрээ 24 цагийн жижүүр байсан, 2022 оны 2 дугаар сарын 08-ны өглөө 4 цагийн үед Уянгаа надруу залгаж “Ганцоож бид хоёр муудалцаад байна, тэр согтуу байна” гэж хэлсэн. 6 цагийн үед охин Уянга залгаж, “ирээд намайг аваач, Ганцоож алах гээд байна” гэж ярьсан, тэгээд би шууд гэртээ очтол Ганцоож явчихсан, охин Уянга уйлчихсан, нүүр ам нь хавдчихсан, хамаг бие нь хөх няц болчихсон байсан. Би юу болсон талаар асуухад “Ганцоож намайг зодчихлоо, таныг ирэх сургаар машинаа унаад зугтчихсан гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/,

яллагдагч Б.Г-ийн “...миний утас руу зүс таних Үүрээгийн дугаараас Хишигжаргал залгаж “ирж авах боломж байна уу” гэж ярьсан. Тэгэхээр нь би “байхгүй” гэж хэлсэн. Гэтэл Уянгаа Үүрээтэй утсаар ярьж “Ганцоож руу яах гэж залгаад байгаа юм бэ, гэрийн гадаа хүрээд ир” гэж хэлсэн, удалгүй “гадаа ирчихлээ” гэхээр нь би гэрээс ганцаараа гартал Үүрээ гэх Уянгын үеэл залуу үгийн зөрүүгүй намайг мөргөчихсөн, тэгэхээр нь би гэр рүү орж Уянгын утсаар цагдаа дуудсан, тэгээд би Уянгын чат руу ортол хуурай дүү Батзориг гэгчтэйгээ “хайраа” гэж чаталсан байсан тэгэхээр нь уур хүрч Уянгын хөл рүү өшиглөсөн, мөн зодож цохисон, Уянгаа “одоо манай аав ирлээ” гэхээр нь би гараад явчихсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 154 дугаартай “...М.У-н биед тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, хоёр гар хөл, их бие, нүүрэнд зөөлөн эдэд олон тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. 4.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. 5.Тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, зөөлөн эдийн цус хуралт нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 18-19 дахь тал/,

иргэн М.У-н Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 2 дахь тал/,

Б.Г эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 44 дэх тал/, түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 32 дахь тал/,

хохиролд 705.000 төгрөг төлсөн баримт /хавтаст хэргийн 47 дахь тал/,

яллагдагч Б.Гийн “...Иргэн М.Уянгыг зодож танхайрсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хохиролд 705.000 төгрөг төлсөн, цаашид гаргах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлж байна.” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 51 дэх тал/ зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн Б.Г-оос сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Нэг: Шүүгдэгч Б.Г-ийг гэм буруутайд тооцох;

Шүүгдэгч Б.Г нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2022 оны 2 дугаар сарын 08-ны шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг Дэнж 22-9 тоотод найз эмэгтэй М.Уянгын биед халдан зодож, эрүүл мэндэд нь “тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, зөөлөн эдийн цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх, хохирогч М.Уянгын “...Ганцоож...гуталтай хөлөөрөө дээрээс дэвсээд, гараараа алгадаад байсан, үсдэж зулгаагаад, миний хоолойг боогоод “би чамайг ална шүү” гээд байсан.” гэх,

гэрч Д.М-н “...2022 оны 2 дугаар сарын 08-ны өглөө 6 цагийн үед охин Уянгаа залгаж “ирээд намайг аваач, Ганцоож алах гээд байна” гэж ярьсан...охин Уянга уйлчихсан, нүүр ам нь хавдчихсан, хамаг бие нь хөх няц болчихсон, таныг ирэх сургаар машинаа унаад зугтчихсан гэж хэлсэн.” гэх,

Б.Г-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...миний уур хүрч Уянгын хөл рүү өшиглөсөн, зодож цохисон.” гэх мэдүүлгүүдээр,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 154 дугаартай “М.У-н биед тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, зөөлөн эдийн цус хуралт бүхий гэмтэл учирсныг тогтоосон дүгнэлт, иргэн М.Уянгын Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, яллагдагч Б.Гийн “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт, хохиролд 705.000 төгрөг төлсөн баримт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэгдсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

         Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заажээ.

          Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд яллагдагч нь прокурортой хуульд заасны дагуу оногдуулах ялыг тохирсныг шүүх хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Г-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, түүнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон,

шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруу нь санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүхээс түүний “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

         Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Хоёр: Шүүгдэгч Б.Г-ид эрүүгийн хариуцлага оногдуулах;

Шүүх шүүгдэгч Б.Г-ид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.

Шүүгдэгч Б.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

         Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагчаас “...шүүгдэгч Б.Ги-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” санал гаргасан тул шүүх шүүгдэгчид таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

         оногдуулсан торгох ялыг шүүгдэгч нь 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг түүнд анхааруулах нь зүйтэй.

Бусад асуудал;

         Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж хуульчилжээ.

Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч хохирогч нь хохирол, хор уршиг нэхэмжилсэн баримтыг гаргаагүй, шүүгдэгч нь 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хохирогч М.Уд 705.000 төгрөг төлсөн баримт хавтаст хэргийн 47 дахь талд авагдсан, мөн шүүхийн хэлэлцүүлгийн үед өгсөн хохирогч С.Уянгын “...705.000 төгрөгийг хүлээн авсан, өнөөдрийн байдлаар бол хохирол төлөгдсөн, одоогоор нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн  мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хохирогч М.У нь “...цаашид хамрын хагалгаанд ороход 2.500.000 төгрөг шаардагдана, энэ мөнгөө авч мэс засал эмчилгээгээ хийлгэмээр байна.” гэснийг шүүгдэгч хүлээн зөвшөөрч эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд хохирогч нь цаашид энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой зардлын талаарх баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Г-оос нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Энэ хэрэгт хураан авсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,

         шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Г шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

          4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ги-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          6.Хохирогч М.У нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой зардлын талаарх баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Г-оос нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

          7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Б.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй,  иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.  

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ