Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/92

 

 

2022         03          14                                     2022/ШЦТ/92

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав,

улсын яллагч Н.Дүүрэнжаргал,

шүүгдэгч С.Н нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж,

хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Н-д холбогдох эрүүгийн 2225000820095 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;  

Монгол Улсын иргэн, С.Н

Шүүгдэгч С.Н 2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Sugar” бааранд иргэн С.М-ын баруун чихэнд гараараа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргалаас шүүгдэгч С.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, улмаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч С.Н мэдүүлэхдээ “...мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн;

хохирогч С.М-ын “...2022 оны 1 дүгээр сарын 14-ний орой 22 цагийн үед таньдаг эгч Уянга, Дэлгэр нарын хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах Sugarбааранд бүжиглэж байхад танихгүй, цэнхэр өнгийн цамцтай, буржгар үстэй, хөх өнгийн жинсэн өмдтэй, хар өнгийн гуталтай эрэгтэй хүн Уянга эгчийг өдөөд, хамт бүжиглэх гээд байсан ба бид гурав тэр залуугийн чихэнд “хол очиж бүжиглэ” гэж хэлсэн. Тэр үед хар өнгийн өмд, цамцтай, махлаг биетэй эмэгтэй ирээд бид нартай бүжиглэх гээд байсан залуугийн хацар луу нь алгадаж, дагуулаад явсан. Бид гурвыг бүжиглэж байхад нөгөө эмэгтэй дахиж ирээд Уянга эгчтэй маргалдаж үснээсээ зулгаалцаж, Дэлгэр эгч бид хоёр салгах гэж оролдож байхад нэг эмэгтэй ар талаас үснээс зулгаагаад бүжгийн талбай дээр унагааж, баруун талын чих хэсэг рүү гараараа олон удаа цохисон. ...миний чих рүү цохиж, үснээс зулгаасан эмэгтэй баарнаас гарч ирээд “намайг үсдсэн хүүхэн хаана байна” гээд хашхираад, надтай маргалдаж цээж хэсэг рүү гараараа түлхсэн. Би тэр эмэгтэйд гар хүрээгүй, маргалдаж байхад буржгар үстэй залуугийн эхнэр гэх эмэгтэй гарч ирээд Уянга эгч бид хоёрыг түлхсэн. ...Баруун талын чихэндээ ойролцоогоор 100.000 төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн, эмчилгээний зардлаа нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

“...Нямгэрэл гэдэг эмэгтэйгээс эмчилгээний зардал гэж 950.000 төгрөг авсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,

гэрч О.Д-н “...Тэр залуугийн эхнэр нь бололтой махлаг биетэй, шаргал өнгийн үстэй эмэгтэй ирээд нөхрийгөө алгадаад дагуулаад явсан. Бид нар үргэлжлээд бүжиглэж байхад нөгөө эмэгтэй дахиад ирээд Уянгаагийн үснээс зулгаахад Мөнхболор салгах гэсэн боловч дахиад өөр эмэгтэйчүүд гарч ирээд үснээс нь зулгаасан. Мөнхболорын үснээс намхан биетэй, урт үстэй, туранхай эмэгтэй зулгаачихсан байсныг салгах гэхэд тэр эмэгтэй миний нүүрийг түлхсэн. Баарны гэрэл асахад зодоон зогссон. ...тухайн үед Мөнхболорын ам юм уу хамар хэсгээс нь цус гарчихсан байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

гэрч О.Л-н “...Би бүжгийн талбай дээр танихгүй хоёр эмэгтэй хүнтэй бүжиглэж байхыг манай эхнэр Нандинцэцэг хараад бүжгийн талбай руу явсан. Нэг мэдэхэд бүжгийн талбай дээр зодоон болж байхаар нь харахад манай эхнэр надтай хамт бүжиглэж байсан эмэгтэйчүүдтэй маргалдаад үснээсээ зулгаалгасан байдалтай бүжгийн талбай дээр сууж байхаар нь би очиж салгаад эхнэрээ тэврээд ширээнд суулгасан. Хар өнгийн цамц, өмдтэй, урт улаан хүрэн өнгийн үстэй, намхан нуруутай, туранхай биетэй эмэгтэй нь Нямгэрэл байгаа юм.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,

гэрч С.Н-н “...Тэр үед манай найз Нямгэрэл ирээд намайг үсдэж байсан эмэгтэйг салгаж байхад баарны гэрэл асаад тэнд бүжиглэж байсан хүмүүс бид нарыг салгасан. Хар өнгийн цамц, өмдтэй, урт улаан хүрэн өнгийн үстэй, намхан нуруутай, туранхай биетэй эмэгтэй нь Нямгэрэл байгаа юм.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 120 дугаартай “...С.Мын биед баруун чихний хэнгэрэгийн цооролт, баруун чихний дэлбээ, баруун бугалга, дээд уруулд зөөлөн эдэд гурван тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн гурван удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Чихний хэнгэрэгийн цооролт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

С.Н-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2022 оны 1 дүгээр сарын 14-ний орой найз Нандинцэцэг, түүний нөхөр Лутбилэг, Ганцэцэг, Хүрэлтогоо бид нар 21 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах Sugarбааранд орж бүжиглэсэн. ...бааранд бүжиглэж байгаад нойл орчихоод гараад ирэхэд бүжгийн талбай дээр Нандинцэцэг газар хэвтчихсэн, 3-4 эмэгтэй хүн дээр нь гараад үснээс нь зулгааж байхаар нь очоод юүдэнтэй цамцтай эмэгтэйгийн үснээс зулгааж татсан. Тэр эмэгтэйтэй хамт явж байсан нэг эмэгтэй миний үснээс татаад баруун талын шанаа хэсэг рүү нэг удаа цохихоор нь би түлхсэн, юүдэнтэй цамцтай эмэгтэйгийн үсийг зүүн гараараа бариад баруун гараараа толгойн баруун тал руу 3-4 удаа алгадсан. ...Би хохирогч Мөнхболорт эмчилгээний зардал гэж нийт 950.000 төгрөг өгч, хохирол барагдуулсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 43, 52 дугаар тал/,

иргэн Б.Х-н Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 3 дахь тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах “Sugar” баарны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 10-11 дэх тал/,

С.Н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 54 дэх тал/, түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 55 дахь тал/,

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтас хэргийн 63-64 дэх тал/,  

Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангийн 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 04/366 дугаартай “...торгох ялыг биелүүлэх эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулан 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 182 дугаартай тогтоолоор дуусгавар болгон хувийн хэргийг хаасан байна.” гэсэн утга бүхий албан бичиг /хавтас хэргийн 66 дахь тал/,

хохирогч С.М-т 950.000 төгрөгийг төлж барагдуулсан тухай баримт /хавтас хэргийн 70 дахь тал/,

С.Н-ийн Орхон аймгийн Прокурорын газарт гаргасан “...хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн С.Н-ээс сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Нэг: Шүүгдэгч С.Н-ийг гэм буруутайд тооцох;

Шүүгдэгч С.Н 2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Sugar” бааранд иргэн С.М-ын баруун чихэнд гараараа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх, хохирогч С.Мын “...нэг эмэгтэй ар талаас үснээс зулгаагаад бүжгийн талбай дээр унагааж, баруун талын чих хэсэг рүү гараараа олон удаа цохисон. ...миний чих рүү цохиж, үснээс зулгаасан эмэгтэй баарнаас гарч ирээд “намайг үсдсэн хүүхэн хаана байна” гээд хашхираад надтай маргалдаж, цээж хэсэг рүү гараараа түлхсэн. ...Баруун талын чихэндээ ойролцоогоор 100.000 төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн.” гэх,

гэрч О.Д-н “...Мөнхболорын үснээс намхан биетэй, урт үстэй, туранхай эмэгтэй зулгаачихсан байсныг салгах гэхэд тэр эмэгтэй миний нүүрийг түлхсэн. Баарны гэрэл асахад зодоон зогссон. ...тухайн үед Мөнхболорын ам юм уу хамар хэсгээс нь цус гарчихсан байсан.” гэх,

гэрч О.Л-йн “...Нэг мэдэхэд бүжгийн талбай дээр зодоон болж байхаар нь харахад манай эхнэр надтай хамт бүжиглэж байсан эмэгтэйчүүдтэй маргалдаад үснээсээ зулгаалгасан байдалтай бүжгийн талбай дээр сууж байхаар нь би очиж салгаад эхнэрээ тэврээд ширээнд суулгасан. Хар өнгийн цамц, өмдтэй, урт улаан хүрэн өнгийн үстэй, намхан нуруутай, туранхай биетэй эмэгтэй нь Нямгэрэл байгаа юм.” гэх,

гэрч С.Н-н “...Тэр үед манай найз Нямгэрэл ирээд намайг үсдэж байсан эмэгтэйг салгаж байхад баарны гэрэл асаад тэнд бүжиглэж байсан хүмүүс бид нарыг салгасан. Хар өнгийн цамц, өмдтэй, урт улаан хүрэн өнгийн үстэй, намхан нуруутай, туранхай биетэй эмэгтэй нь Нямгэрэл байгаа юм.” гэх,

С.Н-ийн “...бааранд бүжиглэж байгаад нойл орчихоод гараад ирэхэд бүжгийн талбай дээр Нандинцэцэг газар хэвтчихсэн, 3-4 эмэгтэй хүн дээр нь гараад үснээс нь зулгааж байхаар нь очоод юүдэнтэй цамцтай эмэгтэйгийн үснээс зулгааж татсан. ...юүдэнтэй цамцтай эмэгтэйгийн үсийг зүүн гараараа бариад баруун гараараа толгойн баруун тал руу 3-4 удаа алгадсан.” гэх мэдүүлгүүдээр,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 120 дугаартай “...С.Мын биед баруун чихний хэнгэрэгийн цооролт, баруун чихний дэлбээ, баруун бугалга, дээд уруулд зөөлөн эдэд гурван тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт, иргэн Б.Хүрэлтогоогийн Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах “Sugar” баарны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хохирогч С.Мт 950.000 төгрөгийг төлж барагдуулсан тухай баримт, С.Нийн Орхон аймгийн Прокурорын газарт гаргасан “...хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэгдсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч С.Н шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

         Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заажээ.

          Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд яллагдагч нь прокурортой хуульд заасны дагуу оногдуулах ялыг тохирсныг шүүх хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч С.Нийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, түүнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон,

шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч С.Н-ийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

         Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Хоёр: Шүүгдэгч С.Н-д эрүүгийн хариуцлага оногдуулах;

Шүүх шүүгдэгч С.Н-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.

Шүүгдэгч С.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

         Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагчаас “...шүүгдэгч С.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” санал гаргасан тул шүүх шүүгдэгчид зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

         оногдуулсан торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг түүнд анхааруулах нь зүйтэй.

Бусад асуудал;

         Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж хуульчилжээ.

Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч хохирогч нь хохирол, хор уршиг нэхэмжилсэн баримтыг гаргаагүй, шүүгдэгч нь 2022 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хохирогч С.Мт 950.000 төгрөг төлсөн баримт хавтаст хэргийн 70 дахь талд авагдсан, мөн хохирогч нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт хураан авсан 1ш хуурцгийг хэрэгт хавсарган үлдээж,

битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,

         шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч С.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-ийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.Н шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

          4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураан авсан 1ш хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,

битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Н бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.  

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ