Шүүх | Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
Хэргийн индекс | 171/2022/0072/э |
Дугаар | 2022/ШЦТ/94 |
Огноо | 2022-03-15 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Г.Э |
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 2022/ШЦТ/94
2022 3 15 2022/ШЦТ/94
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунсайхан,
улсын яллагч Г.Эрдэнэзул,
хохирогч С.Б,
шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч Б.Т нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.М-д холбогдох эрүүгийн 2225000000011 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, С.М
Шүүгдэгч С.М нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг Элит хотхоны 9а-21 тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр С.Б-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч С.М мэдүүлэхдээ “...мэдүүлэг өгөхгүй, гэмшиж байна, хоёр хүүхэддээ санхүүгийн дэмжлэг үзүүлнэ, би сарын цалингаасаа 1.200.000 төгрөгийг зээлэнд төлдөг.” гэв.
хохирогч С.Б мэдүүлэхдээ “...Бид 2015 оны 4 дүгээр сараас хойш 7 жил хамт амьдарч байна, С.М архины хамааралтай бөгөөд 7 хоногийн 3-4 хоногт нь архи уудаг, сүүлийн энэ удаагийн үйлдэлд би цагдаа дуудаагүй боловч өөр хүмүүс цагдаа дуудсан байсан. Би 7 жил зовлоо, хүүхдүүдийн хүмүүжилд муугаар нөлөөлж байна, туйлын их гомдож, үнэхээр хэлэх үггүй болсон, 5 дахь өдрийн орой болгон архи ууж, намайг доромжилдог. Тухайн өдөр хүн цагдаа дуудаагүй бол энэ асуудал бас л нуун дарагдах байсан, би энэ хүнд, эдний эгч нарт доромжлуулдаг. Сая 13 дахь сарын цалингаа авсан байж 300.000 төгрөг өгсөн. Согтуу байж машин бариад яваад байдаг болохоор нь би архи уусан үед нь машинаа ил тавьдаггүй болсон, үргэлжийн мөнх согтуу байдаг, архины хамааралтай болчихсон хүн. Архи уухаараа маш их догшин болж, “янхан” гэж хэл амаар доромжилдог, архи уухаа болихгүй бол сална гэж бодож байгаа, одоогоор мөнгө, төгрөг нэхэмжлэхгүй, өмнө нь намайг зодож байсан, 2016 онд намайг зодоод хадам аав цагдаа дуудсан байж намайг цагдаа дуудсан гэж худлаа ярьж байсан. Энэ хүн архиа болихгүй бол энэ байдал дахин давтагдана, би хоёр хүүхдийнхээ хүмүүжлийг бодоод сална гэдэг бодолтой болчихоод байгаа, мөнгө төгрөг өгөхдөө ч сэтгэлээсээ өгч байгаа асуудал байхгүй, гуйлгаж байж өгдөг.” гэв.
мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;
хохирогч С.Б-гийн “...2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр...унтах гээд хэвтэж байхад миний нуруу руу өшиглөөд, “яаж байгаа юм бэ” гэж хэлтэл намайг орон дээр унагаж байгаад дээр гарч суугаад намайг шууд зодож эхэлсэн, “чамайг алсан ч яадаг юм” гээд зодоод байсан, би “аллаа, болиоч” гэж зөндөө орилсон. Миний толгой руу 4-5 удаа цохиод, баруун нүд, хацар, цээж хэсэг рүү цохисон, 3 настай, 5 настай хоёр хүүхэд маань байсан. Өмнө 2017 билүү, 2018 онд намайг зодоод шүүх эмнэлэгт очиж үзүүлж байсан, тэгээд баривчилгаанд явж байсан. Ер нь өдөр болгон л архи, согтууруулах ундаа хэрэглэн, байнга хэл амаар доромжилж, гэрээсээ хөөж, энэ тэндээс барьж аваад цохиж, хоолойг маань боож заналхийлж, ил харагдах гэмтэлгүй дарамталдаг. 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр л миний биед гэмтэл учруултал зодсон, түүнээс биш тэгж аймар зодоод байдаггүй. Сарын тэмдэгийн цус уулгасан зүйл байхгүй, би юу гэж нөхөртөө тийм зүйл уулгах вэ дээ, нүдний доод хэсгээр, цээж, баруун хавирга өвдөж байна, маш их гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дэх тал/,
С.М-гийн сэжигтнээр өгсөн “...Тухайн өдөр архи, согтууруулах ундаа хэрэглэж байгаад 18 цагийн үед гэртээ очсон, хоёр хүүхэд гаднаасаа цоожлуулчихсан байж байсан. Намайг гэртээ ороод удаагүй байтал 18 цаг 30 минутын үед эхнэр С.Б орж ирээд, тэгэхээр нь би зөрж гараад машинаа хартал машин маань байхгүй байсан. Би гэр лүү ороод эхнэрээс “машин хаана байна” гэж асуутал “чи машинаар яах гээд байгаа юм бэ” гэж надад хэлсэн, тухайн үед би Хөвсгөл явж идэшээ бэлдэх гэж байсан юм, манай эхнэр “Хөвсгөл явж айлын мал хулгай хийж, хулгайн мах авч ирэх гээд байгаа юм уу” гэж манай гэр бүл, ээжийг маань ёс бус хэллэгээр доромжлон хэрүүл маргаан хийсэн. Би 0.33л “Хараа” архийг найз Сайнжаргалтай хувааж уусан, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр эхнэр С.Бтай хэрүүл маргаан үүсгэж, түүний баруун хацар нүүр хэсэг рүү баруун гараараа нэг удаа цохисон, уучлалт гуйх гэж 4-5 удаа гэртээ очсон боловч эхнэр С.Б хаалгаа тайлж өгөөгүй, би түүний биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дахь тал/,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмчийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 705 дугаартай “...1.С.Б-гийн биед баруун нүдний доод зовхи, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхи, баруун хацар, зүүн гарын бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Баруун нүдний доод зовхи, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхи, баруун хацарт цус хуралт нь мохоо зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр 1-2 хоногийн өмнө, зүүн гарын бугалгад цус хуралт нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, 3-6 хоногийн өмнө үүссэн байхаар байна. 3.Баруун нүдний доод зовхи, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхи, баруун хацар, зүүн гарын бугалганд цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,
Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан хохирогч С.Бгийн “...2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр манай нөхөр С.М миний биед халдаж намайг зодсон.” гэх өргөдөл /хавтаст хэргийн 10 дахь тал/,
Зөрчлийн хэргийн баримтууд /хавтаст хэргийн 6-25 дахь тал/,
С.М-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 74 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 48 дахь тал/,
Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хавтаст хэргийн 59-62 дахь тал/,
С.М-гээс 200.000 төгрөгийг С.Б-д 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр шилжүүлсэн тухай банкны баримт /хавтаст хэргийн 65 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн С.М-гээс сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгч С.Мг гэм буруутайд тооцох;
шүүгдэгч С.М нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг Элит хотхоны 9а-21 тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр С.Б-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;
хэргийн үйл баримтын талаарх, хохирогч С.Б-гийн “...унтах гээд хэвтэж байхад миний нуруу руу өшиглөөд, “яаж байгаа юм бэ” гэж хэлтэл намайг орон дээр унагаж байгаад дээр гарч суугаад намайг шууд зодож эхэлсэн, “чамайг алсан ч яадаг юм” гээд зодоод байсан, би “аллаа, болиоч” гэж зөндөө орилсон. Миний толгой руу 4-5 удаа цохиод, баруун нүд, хацар, цээж хэсэг рүү цохисон.” гэх,
С.М-гийн сэжигтнээр өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр эхнэр С.Б-тай хэрүүл маргаан үүсгэж, түүний баруун хацар нүүр хэсэг рүү баруун гараараа нэг удаа цохисон. ...түүний биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлгүүдээр болон Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Ч.Буянзаяагийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 705 дугаартай дүгнэлт “...С.Б-гийн биед баруун нүдний доод зовхи, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхи, баруун хацар, зүүн гарын бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт,
Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан хохирогч С.Бгийн өргөдөл, Зөрчлийн хэргийн баримтууд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэгдсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч С.М шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай бөгөөд шүүгдэгч С.М-гийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэрийнхээ эсрэг биемахбодийн болон сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн төдийгүй,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг агуулж байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг заасан байна.
Тухайлбал; 3.1.1-т “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд хамаарна” гэж,
хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг,
хуулийн 5.1.2-д “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг ойлгоно” гэж заажээ.
Гэр бүлийн хүчирхийлэл гэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний сэтгэл санаанд дарамт учруулсан, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, биемахбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлэх бөгөөд шүүгдэгч С.М-гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй,
Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой гэж үзлээ.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос С.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүх шүүгдэгчийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч С.М-д эрүүгийн хариуцлага оногдуулах;
Шүүх шүүгдэгч С.Мг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч С.М-гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Улсын яллагчаас “...шүүгдэгч С.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох” гэсэн,
шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүх Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэж болох талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заажээ.
Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял”-аас аль нэгийг сонгон оногдуулах бөгөөд шүүгдэгч нь оногдуулсан ялыг зөрчсөн эсэхээс үл хамааран шүүхээс хүлээлгэсэн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг зөрчсөн тохиолдолд шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах хууль зүйн үр дагавар үүснэ.
Иймээс улсын яллагчийн шүүгдэгч С.М-д “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох гэсэн санал, дүгнэлт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн зарчимтай агуулгын хувьд нийцэхгүйгээс гадна шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх үндэслэлд хамаарах тул шүүгдэгчид эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэх боломжгүй юм.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн тул түүнийг “эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх” тухайн шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших тул шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан,
шүүгдэгч С.М-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэж,
шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 7 /долоо/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.
Шүүх шүүгдэгч С.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.
Бусад асуудал;
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж хуульчилжээ.
Хохирогч С.Б нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэл гаргаагүй, мөн шүүхийн хэлэлцүүлгийн үед “одоогоор мөнгө, төгрөг нэхэмжлэхгүй” гэж мэдүүлснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдаж,
шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-г долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.М шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 7 /долоо/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ