Шүүх | Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
Хэргийн индекс | 171/2022/0074/э |
Дугаар | 2022/ШЦТ/97 |
Огноо | 2022-03-17 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Л.Э |
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/97
2022 3 17 2022/ШЦТ/97
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав,
улсын яллагч Л.Энхтайван,
хохирогч У.М, түүний өмгөөлөгч Х.Оюунбат,
шүүгдэгч С.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б-т холбогдох эрүүгийн 2225000640060 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, С.Б
Шүүгдэгч С.Б нь 2022 оны 1 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-23-177 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр У.М-ын нүүрэн тус газар нь цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ “...мэдүүлэг өгөхгүй.” гэв.
хохирогч У.М мэдүүлэхдээ “...Прокурор миний өгсөн мэдүүлгийг уншлаа, 2022 оны 1 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө 03.30-04.00 цагийн үед энэ асуудал болсон, би нөхөртөө цохиулснаас болоод үүдэн шүд ёзоороосоо гарч 485.500 төгрөгөөр эмчлүүлсэн. Би эмчилгээ хийлгэсэн талаар баримтаа цагдаад өгсөн боловч хэрэгт байхгүй байна. Манай нөхөр гараа атгаж байгаад 5-6 удаа цохисон, тухайн үедээ цагдаад хандаагүй миний буруу болсон байна. Надад учирсан гэмтлийг нөхөр Буяндэлгэр учруулсан, 500.000 төгрөгийг сая хүлээн авлаа, цаашид нэхэмжлэх зүйлгүй.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;
хохирогч У.М-ын “...Нөхөр бид хоёр өөрсдийн байр болох Уурхайчин баг 3-23-177 тоот байрыг зарахаар хүмүүст үзүүлж байсан. ...3-23-177 байранд тухайн шөнө 03 цаг 30 минутын үед очоод хаалгыг чагнахад согтуу эмэгтэй орилоод байсан, хэн гэдгийг нь мэдээгүй, “яагаад эмэгтэй хүн байгаад байна” гэж бодоод хаалга тогштол онгойлгохгүй байхаар нь “доод айлын чинь хүн байна, ус алдаад байна” гэж хэлээд нилээн нүдээд онгойлуулсан. Хаалга татаад үүдээр ортол эмэгтэй хүн ...үгийн зөрөө байхгүй шилэн хүзүүнээс шууд л дараад авсан, би бодохдоо нөгөө эмэгтэй өөрийгөө харуулахгүй гэсэн зорилготой байсан гэж бодсон. Тэр эмэгтэйгийн хувцаснаас барьж аваад өндийх гэсэн боловч чадаагүй, миний хувцаснаас татаад миний хоолой боогдсон, намайг том өрөө рүү чирээд орсон, тэр эмэгтэй “энэ авгайгаа аваач, алчихна шүү” гэж Буяндэлгэрт хандаж хэлсэн, тэгээд би Буяндэлгэр “байгаа л юм байна” гэж бодсон. Буяндэлгэр босож ирээд хэлэх хэлэхгүй үгээр хэлээд, гараараа толгой тархи, нүүр лүү цохисон. Би тэр эмэгтэйг хальт харахад хар хувцастай эмэгтэй харагдсан, намайг нөхөр зодож байхад тэр эмэгтэй хаалган дээр зогсож байгаад гараад явсан. Гараад зугтаах гэтэл Буяндэлгэр араас ирээд үүдний хэсэгт дахин 4-5 удаа цохисон, “алуулах юм байна” гэж бодоод гартал нөгөө эмэгтэй шатан дээр зогсож байсан, гарч яваад 2-34 дүгээр байрны тэндээс такси дуудаад найз Б.Баярсайханыд очиж хоносон. Тэдний гэрт байхдаа “цагдаад хэлэх ёстой юм байна” гэдгийг мэдээд цагдаагийн газарт дуудлага өгсөн /доод айлын чинь хүн байна, ус алдаад байна/ гэж хэлж орохдоо өөрийгөө хамгаалах зорилгоор утасныхаа видеог асаагаад орсон, уг бичлэгийг хэрэгт гаргаж өгсөн. Манай нөхөр 3 удаа надад гар хүрч зодож байсан, би Цагдаагийн газарт хандаж байгаагүй. 2020 оны намар 2 удаа, 2021 оны 4 дүгээр сард 1 удаа цохиж байсан, гэхдээ гэмтэл учирч байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25, 27 дахь тал/,
гэрч М.Э-н “...хаалга онгойлгож өгтөл намайг “юун хүн бэ” гэж хэлээд л өөдөөс дайрсан. Би тухайн эмэгтэйгийн хүзүүний орчмоос хувцаснаас нь зуураад доош нь суулгаад “Буяндэлгэрээ энэ хүн ээ аваарай” гэж хэлтэл Буяндэлгэр цаанаас гарч ирээд эхнэрээ түлхсэн, намайг бас хаалга руу түлхсэн. Буяндэлгэр эхнэрээ алгадаад байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/,
гэрч Д.Д-н “...Одоогоос 2 жилийн өмнө найз Мягмаржаргалын ярианаас сонсоход Буяндэлгэрт 2-3 удаа цохиулсан гэж байсан, би зодож байхыг нь хараагүй. 2022 оны 1 дүгээр сарын 05-ны үүрээр “нөхөртөө зодуулсан” гээд манай гэрт ирээд жаахан ярьж сууж байгаад эмнэлэг явсан.” гэсэн мэдүүлэг /хавтас хэргийн 31 дэх тал/,
С.Б-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...эхнэр Мягмаржаргалыг би гарынхаа араар нүүр хэсэг рүү нь хоёр удаа цохисон. Энхжаргалтай бүлэглэн эхнэрээ зодоогүй. Болсон асуудлын талаар манай эхнэр гар утсан дээрээ дуу хураагуурт бичсэн байна, би буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хавтас хэргийн 41-42, 48 дахь тал/,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмчийн 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 90 дугаартай “...У.М-ын биед 11, 21-р шүдний гэмтэл, 21-р шүдний хагас мултрал, нүүр, зүүн сарвуу, хүзүүнд зөөлөн эдэд 4 тооны цус хуралт, 2 тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. 11, 21-р шүдний гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, зөөлөн эдийн цус хуралт, зулгаралт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,
иргэн У.М-ын Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан гомдол /хавтас хэргийн 4 дэх тал/,
Зөрчлийн хэргийн баримтууд /хавтас хэргийн 1-33 дахь тал/,
хохирогч У.М-ын амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хавтас хэргийн 9-11 дэх тал/,
хохирогч У.М-аас гаргаж өгсөн бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтас хэргийн 12 дахь тал/, гар утасны бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтас хэргийн 13 дахь тал/,
хохирогч У.М-аас гаргаж өгсөн 6 ширхэг фото зураг /хавтас хэргийн 16-21 дэх тал/,
С.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 57 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 52 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн С.Б-ээс сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгч С.Б-ийг гэм буруутайд тооцох;
Шүүгдэгч С.Б нь 2022 оны 1 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-23-177 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр У.М-ын нүүрэн тус газар цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;
хэргийн үйл баримтын талаарх, хохирогч У.М-ын “...Буяндэлгэр босож ирээд хэлэх хэлэхгүй үгээр хэлээд, гараараа толгой тархи, нүүр лүү цохисон. ...гараад зугтаах гэтэл Буяндэлгэр араас ирээд үүдний хэсэгт дахин 4-5 удаа цохисон.” гэх,
гэрч М.Э-н “...Буяндэлгэр эхнэрээ алгадаад байсан.” гэх,
гэрч Д.Д-н “...М 2022 оны 1 дүгээр сарын 05-ны үүрээр “нөхөртөө зодуулсан” гээд манай гэрт ирээд жаахан ярьж сууж байгаад эмнэлэг явсан.” гэх,
С.Б-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...эхнэр Мягмаржаргалыг би гарынхаа араар нүүр хэсэг рүү нь хоёр удаа цохисон. ...би буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлгүүдээр,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 90 дугаартай “...У.Мын биед 11, 21-р шүдний гэмтэл, 21-р шүдний хагас мултрал, нүүр, зүүн сарвуу, хүзүүнд зөөлөн эдэд 4 тооны цус хуралт, 2 тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт, иргэн У.Мын Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан гомдол, зөрчлийн хэргийн баримтууд, хохирогч У.Мын амбулаториор эмчлүүлэгсдийн карт, гар утасны бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэгдсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай бөгөөд шүүгдэгч С.Б-ийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэрийнхээ эсрэг бие махбодын болон сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн төдийгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг агуулж байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг заасан байна. Тухайлбал; 3.1.1-т “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд хамаарна” гэж,
хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг,
хуулийн 5.1.2-д “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг ойлгоно гэж тус тус заажээ.
Гэр бүлийн хүчирхийлэл гэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний сэтгэл санаанд дарамт учруулсан, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлэх бөгөөд шүүгдэгч С.Бийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой гэж үзлээ.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос С.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүх шүүгдэгчийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг харгалзан шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.
Шүүгдэгч С.Б-т эрүүгийн хариуцлага оногдуулах талаар;
Шүүх шүүгдэгч С.Б-ийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч С.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед;
улсын яллагчаас “...шүүгдэгч С.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах.” дүгнэлтийг гаргав.
Шүүх шүүгдэгч С.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 7 /долоо/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.Б-т эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.
Бусад асуудал;
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.
Хохирогч У.М нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлээ мөрдөгчид өгсөн гэх боловч энэ тухай баримт хэрэгт хавсаргагдаагүй байна.
Шүүх хуралдааны үед шүүгдэгч С.Б хохирогчид 500.000 төгрөг төлж барагдуулж, хохирогч У.М “...би 485.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн, шүүх хуралдааны үед 500.000 төгрөгийг хүлээн авлаа, цаашид нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдаж,
шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ийг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.Б шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 7 /долоо/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг хуурцгыг хэрэгт хавсарган үлдээж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ