Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/103

 

2022         3            22                                     2022/ШЦТ/103

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж, Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг, шүүгч Ц.Алтангадас нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,    

улсын яллагч Г.Эрдэнэзул,

иргэдийн төлөөлөгч Л.Б,

шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Р.Цэрэнханд нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэнэзулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.А-д холбогдох эрүүгийн 2125000000291 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, Д.А

Шүүгдэгч Д.А нь 2021 оны 8 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн нутаг дэвсгэр Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн арын талбайд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Н.Д-ийн толгойн тус газарт автомашины данхрад төмрөөр цохиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Д.А мэдүүлэхдээ “...шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Н.Д-ийн “...Би 2021 оны 8 дугаар сарын 13-ны 20 цагийн үед найз Бямбахишигийн гэрт очиход Бямбахишиг, түүний дүү эмэгтэй нь нөхөр, хүүхдийн хамт, мөн найз Ширнэн нар байсан. Тухайн үед “хөдөөнөөс ирсэн дүү нар нь авч ирсэн” гээд бид нар айраг уусан...23 цагийн үед зүс таних Аюуш эхнэр Одноогийн хамт ирсэн. Тэгээд Бямбахишиг дэлгүүрээс 2.5л нэг пиво авч, бид нар хувааж уусан, хэсэг юм ярьж сууж байгаад Аюушийнд очиж айраг уухаар болж түүний машинд Аюуш, Одноо, би, Ширнэн нар суугаад явж байтал Аюушийн машин шаварт суусан бөгөөд би Ширнэнтэй урьдын асуудлаас болж маргалдсан, Ширнэн бид хоёр хоорондоо зодолдсон, Аюуш дундуур орж ирээд би түүнтэй зодолдсон. Тэгтэл Аюуш машинаасаа данхрад аваад намайг цохихоор нь би зүүн гараараа хаасан, дахиад цохихдоо миний толгой руу нэг удаа цохисон. ...би ухаан алдчихсан байсан, маргааш өглөө нь Бямбахишигийнд ухаан орж сэрсэн, миний толгойноос цус гарчихсан, дээгүүрээ цээж нүцгэн хэвтэж байсан, энэ үед Бямбахишиг, дүү нар нь, Аюуш, Одноо нар байсан. ...Д.А эмчилгээний зардал гэж эхнэр Одноогийн дансаар 2.000.000 төгрөг, Ширнэнгийн дансаар 2.000.000 төгрөг, эм тариа эмчилгээ, эмнэлэгт хэвтсэний зардалд 1.000.000 төгрөг нийт 5.000.000 төгрөг өгсөн. ...Миний толгой байнга өвдөж байна, гомдолтой.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 9-11, 13 дахь тал/,

гэрч Л.Ш-н “...бид гурав айраг ууж ойр зуурын юм ярьж сууж байгаад “Дуулга” дэлгүүр ороод 2.5л пиво авч Бямбахишигийн гэрт ууж байхдаа найз Аюуш руу залгаад...“хүрээд ир” гэхэд 22 цагийн үед найз Аюуш эхнэрийн хамт ирсэн. ...шөнө 00 цаг өнгөрч байхад Аюушийн эхнэрээр машиныг нь бариулаад Аюушийн гэрт очиж айраг уухаар явахдаа машин дотор бид хоорондоо бие биенээ хочлон тоглоом хийж дуудаж эхэлсэн бөгөөд Дашдоржийг “негр” гээд дуудсан чинь уурлаад байсан. Тэгээд бид хоёр хоорондоо маргалдаад, машинаа зогсоож буугаад заамдалцан, бие биенийхээ цамцны захаар хоолойгоо харилцан боож, би Дашдоржийн нүүр хэсэгт нэг удаа, миний нүүр лүү Дашдорж нэг удаа цохиж байхад Аюуш салгасан. Тэгтэл Дашдорж уурлаад Аюуш руу дайраад нэг удаа нүүр лүү нь цохисон, би салгасан, Аюуш машиндаа суухаар явж байхад Дашдорж Аюушийн араас зодох гээд дайраад байхаар нь би Дашдоржийг бариад тайвшруулахаар зогсож байхад...Аюуш машины тээшнээс төмөр багаж гаргаж ирээд Дашдоржийг цохих гээд дайраад ирэхээр нь би Аюушийг араас нь бариад авах үед тухайн багажаараа цохих гээд далайгаад Дашдорж гараараа хаасан. Тэр үед Дашдорж буцаад Аюуш руу дайрах үед Аюуш нөгөө багажаараа Дашдоржийн толгой руу цохисон, Дашдоржийн толгойноос цус гараад байсан болохоор бид түргэн тусламж дуудсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-19 дэх тал/,

гэрч Э.О-н “...Дашдорж Ширнэнгээс машины түлхүүр нэхээд хэрүүл маргаан болоод, хоорондоо зодолдсон. Манай нөхөр салгах гэтэл Дашдорж манай нөхрийн нүүр лүү цохисон, нөхөр уурандаа Дашдоржтой зодолдоод арай хийж салаад машиндаа сууж байтал манай машины цонхыг хагалахаар нь нөхөр уурандаа машинаас буугаад данхраадаа аваад Дашдоржийн толгой хэсэг рүү нэг удаа цохиход толгойноос нь цус гараад хэсэг зуур ухаан алдсан, нөхөр бид хоёр Дашдоржийг Бямбахишигийн гэрт оруулж хэвтүүлсэн...нийт 5.000.000 төгрөг Н.Дид өгсөн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21, 23 дахь тал/,

Д.А-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Дашдорж, Ширнэн хоёр гарч ирээд “уух юм дуусчихлаа, танай гэрт айраг байгаа гэсэн очиж ууя” гэж хэлэхээр нь манай эхнэр “дараа бол” гээд дургүйцэхэд Дашдорж “юун сүртэй юм” гэж хэлсэн. Дашдорж, Ширнэнгээс машины түлхүүрээ асуугаад хэрүүл маргаан үүсээд тэр хоёр хоорондоо зодолдохоор нь би дундуур нь орж салгах гэтэл Дашдорж “бид хоёрын асуудал чамд хамаагүй” гээд миний зүүн шанаа руу гараараа нэг удаа цохиж, цээж рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд би Дашдоржтой заамдалцчихаад салаад өөрийнхөө машинд сууж байтал Дашдорж ирээд миний машиныг гаднаас энд тэндгүй цохиод, машины цонх хагалахаар нь бууж очтол намайг дахиад цохихоор нь уурандаа машины данхрадаар толгойн тус газар нь нэг удаа цохиход толгойноос нь цус гараад түр зуур ухаан алдсан. Тэгээд ухаан алдаад босч ирэхээр нь би эхнэрийн хамт гэрлүүгээ явсан, Н.Дид учруулсан бэртэл гэмтэлд 5.000.000 төгрөг өгсөн. Би хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36, 42 дахь тал/,

Шинжээч эмч Ж.Г-н “...зүүн гарт нэг тооны няцарсан шарх гэмтлийн зэрэгт хамаарахгүй, тархины эдийн 1-р зэргийн гэмтэл няцрал, хуйхны няцарсан шарх хоёр нь хохирогчийн биед учирсан шалтгаант холбоотой гэмтэл юм.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Г-н 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 480 дугаартай “...Н.Дийн биед гавал тархины ил гэмтэл, гавлын хүнхрээ ясны цөмөрсөн хугарал, тархины эдийн няцрал 1-р зэрэг, хуйханд нэг тооны няцарсан шарх, зүүн гарт нэг тооны няцарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Зүүн хөлийн шагай хэсэгт гэмтэл тогтоогдоогүй. 4.Хуйхны няцарсан шарх нь унах үед үүсэх боломжгүй. 5.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. 6.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. 7.Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх байдлыг эдгэрэлтээс шалтгаалан тогтооно. 8.Гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд нэгэн зэрэг үүссэн байж болно.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

хохирогч Н.Д-ийн “намайг үл таних залуу зодчихлоо” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 15.40 цагт хүлээн авсан тэмдэглэл, түүний өргөдөл /хавтаст хэргийн 2, 3 дахь тал/,

Д.А-аас гаргаж өгсөн машины төмөр данхрадыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 4 дэх тал/,

Машины төмөр данхраданд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5, 6 дахь тал/,

шүүгдэгч Д.А эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас түүний  хувийн байдлыг тогтоосон баримтууд /хавтаст хэргийн 45, 48-55/,

“Эрдэнэт Лайт” ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 06/01 дугаартай “Д.А 2021 оны 4 дүгээр сараас ажиллаж байгаа ... сарын цалин сүүлийн 3 сарын дунджаар 2.061.100 төгрөг болохыг тодорхойлов.” гэсэн тодорхойлолт /хавтаст хэргийн 58/,

Д.А--аас гаргаж өгсөн хохирогчийн эмчилгээний зардалтай холбоотой баримтууд /хавтаст хэргийн 59-77/,

хохирогчийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн баримтууд /хавтаст хэргийн 90-99 дэх тал/,

Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн тогтоол /хавтаст хэргийн 147/,

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/227 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 188-191 дэх тал/,

Хохирогч Н.Д 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр тус шүүхийн [email protected] хаягаар ирүүлсэн “Нямдорж овогтой Дашдорж миний бие Аюуштай холбогдох шүүх хуралд өөрийн биеэр оролцохгүй, хохирол гомдолгүй тул хэргийг миний оролцоогүйгээр шийдэж өгнө үү.” гэсэн хүсэлт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн Д.А-аас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч Д.А-ийг гэм буруутайд тооцох;

Шүүгдэгч Д.А нь 2021 оны 8 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн нутаг дэвсгэр Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн арын талбайд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Н.Дийн толгойн тус газарт автомашины данхрад төмрөөр цохиж, түүний эрүүл мэндэд тархины эдийн 1-р зэргийн гэмтэл няцрал, хуйхны няцарсан шарх бүхий хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх, хохирогч Н.Д-ийн “...Би 2021 оны 8 дугаар сарын 13-ны 20 цагийн үед найз Бямбахишигийн гэрт очиход Бямбахишиг, түүний дүү эмэгтэй нь нөхөр, хүүхдийн хамт, мөн найз Ширнэн нар байсан. ...Ширнэн бид хоёр хоорондоо зодолдсон, Аюуш дундуур орж ирээд би түүнтэй зодолдсон. Тэгтэл Аюуш машинаасаа данхрад аваад намайг цохихоор нь би зүүн гараараа хаасан, дахиад цохихдоо миний толгой руу нэг удаа цохисон.” гэх,

гэрч Л.Ш-н “...би Дашдоржийн нүүр хэсэгт нэг удаа, миний нүүр лүү Дашдорж нэг удаа цохиж байхад Аюуш салгасан. Тэгтэл Дашдорж уурлаад Аюуш руу дайраад нэг удаа нүүр лүү нь цохисон, ...Аюуш машины тээшнээс төмөр багаж гаргаж ирээд Дашдоржийг цохих гээд дайраад ирэхээр нь би Аюушийг араас нь бариад авах үед тухайн багажаараа цохих гээд далайгаад Дашдорж гараараа хаасан. Тэр үед Дашдорж буцаад Аюуш руу дайрах үед Аюуш нөгөө багажаараа Дашдоржийн толгой руу цохисон, Дашдоржийн толгойноос цус гараад байсан.” гэх,

гэрч Э.О-н “...Дашдорж манай нөхрийн нүүр лүү цохисон, нөхөр уурандаа Дашдоржтой зодолдоод арай хийж салаад машиндаа сууж байтал манай машины цонхыг хагалахаар нь нөхөр уурандаа машинаас буугаад данхраадаа аваад Дашдоржийн толгой хэсэг рүү нэг удаа цохиход толгойноос нь цус гараад хэсэг зуур ухаан алдсан.” гэх,

Д.А-ийн “...Дашдорж ирээд миний машины гаднаас энд тэндгүй цохиод, машины цонх хагалахаар нь бууж очтол намайг дахиад цохихоор нь уурандаа машины данхрадаар толгойн тус газар нь нэг удаа цохиход толгойноос нь цус гараад түр зуур ухаан алдсан.” гэх мэдүүлгүүдээр,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 480 дугаартай дүгнэлт, хохирогч Н.Д-ийн “намайг үл таних залуу зодчихлоо” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 15.40 цагт хүлээн авсан тэмдэглэл, түүний өргөдөл, Д.Ааас гаргаж өгсөн машины төмөр данхрадыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, машины төмөр данхраданд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогчийн эмнэлэгт үзүүлсэн болон эмчилгээтэй холбоотой баримтууд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэгдсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

         Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь; “хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл” байдаг бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж буй нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

         Шүүгдэгч Д.А-ийн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч Н.Дийн толгойн тус газарт автомашины данхрад төмрөөр цохисны улмаас  түүний эрүүл мэндэд гавал тархины ил гэмтэл, гавлын хүнхрээ ясны цөмөрсөн хугарал, тархины эдийн 1-р зэргийн няцрал, хуйханд нэг тооны няцарсан шарх бүхий хүнд хохирол учруулсан үйлдэл нь шүүгдэгч өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

         Шүүх хуралдааны үед улсын яллагчаас “...Данхрад төмрийн хэлбэр хэмжээ, зориулалтыг өөрчлөөгүй байхад тусгайлан бэлтгэсэн гэж үзэж байгаа шалтгаан нь хохирогчийн буруутай үйл ажиллагаанаас болж шүүгдэгч уурлаж данхрад төмрийг машины тээш хэсгээс аваад эхний цохилтыг хаасаар байхад нь зорилгодоо хүрэхээр дахин толгой хэсэг рүү цохиж байгаа үйлдлийг бэлтгэсэн гэж үзэж байгаа. Шүүгдэгч нь данхрад төмрөөр буюу тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан.” гэж,

         шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...хуулийн тайлбар дээр зэвсэг, зэвсгийн чанартай зүйл гэж байгаа, уг данхрад төмөр нь анхны бүтцээрээ байгаа, үүнийг ямар нэгэн байдлаар аль нэг талыг нь ирлэж үзүүрлээгүй, хүний биед гэмтэл учруулахаар засаж тохируулаагүй тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, хүндрүүлж зүйлчилсэн нь буруу.” гэж мэтгэлцсэн болно.

Эрүүгийн хуульд “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэдэгт хүний биед гэмтэл, эд хөрөнгөнд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг хамааруулан ойлгохоор заасан бөгөөд шүүгдэгч Д.Аийн данхрад төмрийг өөрийн тээврийн хэрэгслийн багажнаас гаргаж ирээд хохирогчийн толгой руу цохисон үйлдлийг “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж дүгнэх үндэслэлгүй юм.

          Учир нь; шүүгдэгчийн дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн хэдий ч шүүгдэгч нь хохирогчийн биед хүнд хохирол учруулахдаа тухайн данхрадыг тусгайлан бэлтгэсэн буюу засаж тохируулсан, ирлэж үзүүрлэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, харин хохирогчийн толгойн тус газарт цохисон үйл баримт тогтоогдсон тул Эрүүгийн хуулийг тайлбарлан хэрэглэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн гэж үзэж шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Эрүүгийн хуулийн зорилго нь ...хүний эрх, эрх чөлөө ...хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалахад оршдог, харин эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилготой.

Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд, шүүгдэгч нь хохирогчийн эсрэг биемахбодийн хүчирхийлэл үйлдэж, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Л.Бадрах-Эрдэнэ “...хохирогч, шүүгдэгч аль аль нь буруутай үйлдэлтэй, хохирогчид зөвтгөх зүйл алга, харилцаанаас харилцаа үүсдэг гэж үзэж байна. Хохирогчид бас хариуцлага тооцох ёстой болов уу. Иргэн Аюуш гэм буруутай байна.” гэсэн дүгнэлтийг гаргасныг дурьдах нь зүйтэй.

Иймд шүүх шүүгдэгч Д.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Д.А-ид эрүүгийн хариуцлага оногдуулах;

Шүүх шүүгдэгч Д.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршиногэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагчаас “...шүүгдэгчид дөрвөн жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх.” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгч нь хохирогчид 5.000.000 төгрөг төлснийг, мөн энэ гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлснийг, шүүгдэгч нь бага насны дөрвөн хүүхэдтэй байдлыг, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/227 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлсэн зэргийг харгалзан арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү.” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргав.

          Шүүх шүүгдэгч Д.А-ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчид учирсан хохиролд 5.000.000 төгрөгийг төлсөн, хохирогч гомдол, саналгүй гэснийг, мөн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэрэг нөхцөл байдал болон эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн,...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоон  шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.А-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн.”, 1.4-т заасан “...хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн.”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,

6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж байна.  

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй.

Шүүгдэгч нь хохирогчид 5.000.000 төгрөг төлсөн болох нь хавтаст хэргийн 13 дахь талд авагдсан хохирогч Н.Дийн “...Д.А нь надад учруулсан бэртэл гэмтэлдээ эмчилгээний зардал гэж эхнэр Одноогийн дансаар 2.000.000 төгрөг, Ширнэнгийн дансаар 2.000.000 төгрөг зээлж шилжүүлсэн, мөн эм, тариа эмчилгээ, эмнэлэгт хэвтсэний зардал 1.000.000 төгрөг надад өгсөн. Нийт 5.000.000 төгрөг өгсөн.” гэсэн мэдүүлэг авагдсан, мөн хохирогч Н.Д 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр тус шүүхийн [email protected] хаягаар “Нямдорж овогтой Дашдорж миний бие Аюуштай холбогдох шүүх хуралд өөрийн биеэр оролцохгүй, хохирол гомдолгүй тул хэргийг миний оролцоогүйгээр шийдэж өгнө үү.” гэсэн хүсэлт ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад  төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдаж,

эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ирсэн 1 ширхэг данхрадыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,

шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Д.А-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

          2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Д.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулахгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-ийг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.А шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурьдсугай.  

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ирсэн 1 ширхэг данхрадыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.  

9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ЭНХТУНГАЛАГ

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Д.АРИУНЦЭЦЭГ

                                                  ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС