Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/104

 

 

2022         3            23                                     2022/ШЦТ/104

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунсайхан,

улсын яллагч Н.Дүүрэнжаргал,

шүүгдэгч Д.Ш, түүний өмгөөлөгч Х.С нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж,

хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Ш-т холбогдох эрүүгийн 2225000000120 дугаартай хэргийг 2022 оны 3 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;  

Монгол Улсын иргэн, Д.Ш

Шүүгдэгч Д.Ш нь 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг Хабитатын 173 тоотод иргэн Д.Ш-гийн цээжин тус газарт өшиглөж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, улмаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Д.Ш мэдүүлэхдээ “...мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн;

хохирогч Д.Ш-гийн “...2022 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн урд Хабитатын 173 тоот байшиндаа байж байхад хүргэн Д.Ш “Улаанбаатар хот руу явмаар байна, мөнгө олж өг” гэж хэлсэн. Би Д.Шт бага зэрэг уурлаж, “яагаад дандаа мөнгө өгнө гэж, та нар өөрсдөө мөнгө ол, надад олдохгүй” гэж хэлэхэд Д.Ш уурлаад намайг газар унагааж, цээжний зүүн тал руу гурван удаа өшиглөсөн. Тухайн үед охин Амарбаясгалан Шинэбаярыг надаас салгах гэсэн боловч дийлэхгүй байсан, би том эгч Түмэннастын утас руу залгаад “мөнгө байна уу” гэж асуухад “ирээд авчих” гэж хэлсний дагуу гэрээс ганцаараа гараад таксинд сууж Түмэннаст эгчийн гэрт очсон, намайг гэрээс гарах үед Амарбаясгалан, Шинэбаяр нар үлдсэн. Түмэннаст эгчийн гэрт байхад дүү Билгээ ирээд намайг хүнд зодуулсныг мэдэж эмнэлэгт үзүүлэхэд “зүүн талын 6 дугаар хавирга хугарчихсан байна” гэсэн, миний цээжний зүүн талаар их өвдөөд, амьсгалж, явж чадахгүй байна. Шинэбаяраас өөр хүн намайг цохиогүй. ...нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /хавтас хэргийн 11, 13 дахь тал/,

гэрч Б-н “...17.20 цагт ажлаасаа тараад Түмэннаст эгчийн гэрт очоод Энхээ ахтай уулзахад бие нь ядруу байдалтай харагдсан, ...Түмэннаст эгчийн гэрээс гарахад Энхээ ах гүйцэд амьсгалахгүй, явж чадахгүй байхаар нь яасан талаар асуухад “би цохиулчихсан, Шинэбаяр өглөө намайг цохисон” гэсэн, “яагаад Шинэбаяр таныг цохисон юм бэ” гэж асуухад “миний охиныг зовоогоод, хүнээс мөнгө нэхүүлээд байх юм аа гэж хэлэхэд намайг цохисон” гэсэн. Энхээ ахыг эмнэлэгт үзүүлэхэд “6 дугаар хавирга хугарсан, 9 дүгээр хавирга хугарсан байж магадгүй, 1 дэх өдөр дахиж зураг авахуулах шаардлагатай” гэж эмч хэлсэн. Энэ үед Энхээ ах надад “Шинэбаяр өнөөдөр өглөө олон удаа намайг өшиглөсөн” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтас хэргийн 15 дахь тал/,

гэрч Э.А-н “...2022 оны 2 дугаар сарын эхээр аав Д.Шг Орхон аймагт хүргэж өгөх гээд нөхөр Д.Шын хамт вагонд суугаад Орхон аймагт очсон. Нөхөр бид хоёр буцах зардалгүй аав Энхээгийн гэрт байж байхад манай нөхөр Д.Шыг хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод гэрээсээ хөөгөөд байсан тул Шинэбаяр аав Энхээтэй маргалдаад газар унагааж байгаад зүүн талын хавирга хэсэг рүү нь 2-3 удаа өшиглөсөн, би тэр хоёрыг салгасан. Аав Энхээг эгч Түмэннаст нь утсаар залгаж дуудсан тул бид гурав хамт гэрээс нь гараад салсан. Би өөрийнхөө гар утсыг Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах Урт цагааны гудамжинд явж байгаад танихгүй хүнд 20.000 төгрөгөөр зараад тэр оройноо вагонд сууж Улаанбаатар хотод ирсэн, үүнээс хойш аав Энхээтэй утсаар яриагүй. Харин аавын төрсөн дүү Билгээ миний утас руу залгаад “та нарыг цагдаад өгчихсөн шүү” гэж хэлсэн. Аав Энхээгийн зүүн талын хавирга хэсэг рүү хамтран амьдрагч Д.Ш 2-3 удаа өшиглөж гэмтэл учруулсан.” гэсэн мэдүүлэг /хавтас хэргийн 17 дахь тал/

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмчийн 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 168 дугаартай “...Д.Шгийн биед цээжний зүүн талын нэг хавирганы далд хугарал, цээжний зүүн тал, баруун мөрөнд цус хуралт, баруун гарын шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цээжний зүүн талын нэг хавирганы далд хугарал, цээжний зүүн тал, баруун мөрөнд цус хуралт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт /хавтас хэргийн 22-24 дэх тал/

Д.Ш-ын сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн “...2022 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хадам аав Энхээ намайг “гуйлгачин, гацаа, казак үндэстэн” гэж доромжилсон тул бид хоёр маргалдаад газар унагааж зүүн талын хавирга хэсэг рүү нь хоёр удаа өшиглөсөн. Тэр үед Амарбаясгалан бид хоёрыг салгаад хэрүүл, маргаанаа зогсоосон. Хадам аав бид хоёрыг дагаад “Улаанбаатар хот руу явна” гээд байхаар нь би “хэрэггүй, дүүтэйгээ уулз” гэж хэлээд явуулсан. Амарбаясгалан бид хоёр Уртцагаан гэх газарт явж байгаад танихгүй хүнд Амарбаясгалангийн гар утсыг 20.000 төгрөгөөр зарж, тэр орой нь Улаанбаатар хот руу вагонд сууж явсан, ...би хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг /хавтас хэргийн 5, 32 дахь тал/,

Шинжээч Ч.Буянзаяагийн “...Д.Ш-гийн биед үзлэг хийсэн үзлэгээр: Биеийн ерөнхий байдал дунд, ухаан санаа саруул, байрлал идэвхитэй, хүүхэн хараа хэлбэр хоёр талд дугариг, хоёр нүд гэрлийн урвалд оролцоно, хоёр нүдний алимны чичирхийлэлт илрэхгүй, дагзны булчингийн хөшилт илрэхгүй, хамар уруулын нугалаас хоёр талд ижил, хэл голын шугамаар, хоёр талын мөчдөд саа саажилтгүй. Ромбергийн сорилд тэнцвэртэй, хамар уруулын сорилд алдахгүй. Өнгөц ба гүний мэдэрхүй дээд мөчдөд хэвийн, шөрмөсний рефлекс дээд мөчдөд хэвийн. Цээжний уян хатан чанар алдагдсан болон хэсэг газрын үзлэгээр цээжний зүүн талд суганы арын шугамаар 7-9-р хавирганы түвшинд хөндлөн байрлалтай 8.0x7.1см, баруун мөрөн дээр 2.5x3.5см хэмжээтэй бүдэг ногоон хүрээтэй, хүрэнтсэн цус хуралтуудтай. Баруун гарын шууны гадна доод хэсэгт 5.0x3.8см хэмжээтэй талбайд 0.2см өргөнтэй, янз бүрийн урттай олон тооны зулгаралтуудтай байсан.” гэсэн мэдүүлэг /хавтас хэргийн 46-47 дахь тал/,

Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан иргэн Х.Билгээгийн “...миний төрсөн ах Д.Ш бусдад зодуулсан.” гэх өргөдөл /хавтас хэргийн 8 дахь тал/,

Д.Ш эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 36 дахь тал/, түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 39 дэх тал/,

Д.Ш-ын өмгөөлөгч Х.Сэргэлэнбатын “...Шинэбаяр нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй тул холбогдох эрүүгийн хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналыг Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлнэ үү.” гэсэн хүсэлт /хавтас хэргийн 55 дахь тал/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн Д.Шаас сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

         Нэг: Шүүгдэгч Д.Ш-ыг гэм буруутайд тооцох;

Шүүгдэгч Д.Ш нь 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн урд Хабитатын 173 тоотод иргэн Д.Ш-гийн цээжин тус газарт өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх, хохирогч Д.Шг-ийн “...Д.Ш уурлаад намайг газар унагааж, цээжний зүүн тал руу гурван удаа өшиглөсөн....Түмэннаст эгчийн гэрт байхад дүү Билгээ ирээд намайг хүнд зодуулсныг мэдэж, эмнэлэгт үзүүлэхэд зүүн талын 6 дугаар хавирга хугарчихсан байна гэсэн. Миний цээжний зүүн талаар их өвдөөд, амьсгалж, явж чадахгүй байна. Шинэбаяраас өөр хүн намайг цохиогүй.” гэх,

гэрч Б-н “...Түмэннаст эгчийн гэрээс гарахад Энхээ ах гүйцэд амьсгалахгүй, явж чадахгүй байхаар нь яасан талаар асуухад би цохиулчихсан, Шинэбаяр өглөө намайг цохисон гэсэн, ...Энхээ ахыг эмнэлэгт үзүүлэхэд 6 дугаар хавирга хугарсан, 9 дүгээр хавирга хугарсан байж магадгүй, 1 дэх өдөр дахиж зураг авхуулах шаардлагатай гэж эмч хэлсэн. Энэ үед Энхээ ах “Шинэбаяр өнөөдөр өглөө олон удаа намайг өшиглөсөн гэж хэлсэн.” гэх,

гэрч Э.А-н “...Нөхөр бид хоёр буцах зардалгүй аав Энхээгийн гэрт байж байхад манай нөхөр Д.Ш-ыг хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод, гэрээсээ хөөгөөд байсан тул Шинэбаяр аав Энхээтэй маргалдаад газар унагааж байгаад зүүн талын хавирга хэсэг рүү нь 2-3 удаа өшиглөсөн.” гэх,

Д.Ш-ын “...2022 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хадам аав Энхээ намайг “гуйлгачин, гацаа, казак үндэстэн” гэж доромжилсон тул бид хоёр маргалдаад газар унагааж зүүн талын хавирга хэсэг рүү нь 2 удаа өшиглөсөн.” гэх мэдүүлгүүдээр,  

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 168 дугаартай дүгнэлт, иргэн Х.Билгээгийн Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, яллагдагч Д.Ш-ын өмгөөлөгч Х.Сэргэлэнбатын “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэгдсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч Д.Ш шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

         Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заажээ.

          Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6 дахь заалтад зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан,

          шүүгдэгч Д.Ш-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд яллагдагч нь прокурортой хуульд заасны дагуу оногдуулах ялыг тохирсныг шүүх хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.

          Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул шүүх шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хоёр: Шүүгдэгч Д.Ш-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар;

Шүүх шүүгдэгч Д.Ш-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.

Шүүгдэгч Д.Ш нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

         Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагчаас “...шүүгдэгч Д.Ш-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” санал гаргасныг харгалзан шүүх шүүгдэгчид таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

         шүүгдэгч нь оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг түүнд анхааруулах нь зүйтэй.

         Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Хохирогч Д.Ш гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлээгүй бөгөөд түүний “...надад нэхэмжлэх зүйл байхгүй,” гэсэн мэдүүлэг хавтас хэргийн 13 дахь талд авагдсан байгаа тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  гаргуулах зардалгүй болохыг дурьдаж,

         шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Д.Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ш-ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Ш шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

          4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ш-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Д.Ш нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй,  иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.  

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ